| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/002156/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/230 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/230
БӨаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч, хяналтын прокурор Б.Б,
Хохирогч Ш.К,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч С.Д-д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, БӨ ймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох 2013003610256 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдөр БӨаймгийн Улаанхус суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, БӨаймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суудаг, эхнэр болон хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт С-ийн Д-, регистрийн дугаар БК...............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Д- нь БӨ аймгийн Ө сумын 10-р багт байрлах өөрийн гэртээ 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ш.К-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Д- нь БӨаймгийн Ө сумын 10-р багт байрлах өөрийн гэртээ 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ш.К-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Д- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
2. Хохирогч Ш.К- мэдүүлэхдээ: “Миний бие нөхрөө уучилсан, одоо ямар нэгэн гомдол саналгүй, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1. Эрүүгийн 2013003610256 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
- Хохирогч Ш.К-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 8-12-рх/
“ ...Өнөөдөр буюу 2020 оны 10-р сарын 13-ны өдөр би 6-р багт байрлах сонгуулийн ухуулгын байранд сууж байхад нөхөр маань халамцуу ирсэн. Би уг нь мөнгө олох гэж хэдэн өдөр сонгуулийн ухуулгын ажилд явсан юм. Ингээд нөхөр маань согтуу ирэхээр нь дагуулж гэртээ очиход 2 хүүхэд маань сургуулиас ирээгүй байсан. Тэгээд би нөхөрт хандаж, 2-лаа явган явж хүүхдүүдээ дагуулж ирье, чи согтуу байна. Машинаар явж болохгүй гэж хэлээд гал түлэх гээд зуухны хажууд зогсож байхад машины түлхүүрийг авна гэж надтай маргалдаж, улмаар миний куртикний халаасанд байсан машины түлхүүрийг булааж авч, миний үснээс хүчтэй зулгаасан. Тэгэхэд би газар унасан ба миний нүүр рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Тэгж байтал охин 13 настай Д.К салгаж аваад, Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тухайн үед би нэг хэсэг ухаан алдсан байсан. ...Би тухайн өдөр буруу зөрүү мэдүүлэг өгсөн байж магадгүй. Харин С.Д- нь удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, Цагдаагийн байгууллагад баривчлагдаж байгаагүй. С.Д- нь хааяа архи ууж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг болохоор Цагдаагийн байгууллагад дуудлага өгч эрүүлжүүлэгдэж байсан. ...Эндээс 2-3 жилийн өмнө нэг удаа маргалдаж байхад С.Д- нь миний нүүр рүү нэг удаа алгадсан, түүнээс биш байнга зодоогүй” гэх мэдүүлэг,
- Насанд хүрээгүй гэрч Д.К-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 16-рх/
" Манайх Ө сумын 10-р багт оршин суудаг юм. 2020 оны 10-р сарын 13-ны өдөр 17 цагийн үед би 6 настай Н, 1 настай дүү нарын хамт гэртээ байж байхад гаднаас аав, ээж хоёр орж ирсэн. Тухайн үед аав болох С.Д- нэлээн халамцуу архи уусан байсан. Тэгээд ээж гал түлэх гээд үүдний өрөөнд явж байсан ба би дүү нарын хамт өөр өрөөнд сууж байсан. Тэгсэн орилсон мэт ээжийн дуу гарахаар нь гүйгээд очиход аав С.Д- нь ээж Ш.К-г газар унагааж авсан байдалтай үснээс нь зулгааж, баруун талын хацар луу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би салгаж авч байхад ээж ухаан алдчихсан. Тэгэхээр нь би салгаж аваад цагдаа дуудсан. Харин аав маань цагдаа нар ирэхээс өмнө зугтаагаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 10-р сарын 16-ны өдрийн 438 дугаартай шинжээчийн “Иргэн Ш.К-н биед тархины доргилттой, нүүрний баруун талд хавантай, духны баруун талд хавдартай, зулайнд хавдартай, баруун өгзгөнд цус хуралттай, эрүүний баруун талд хавдартай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Бүх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-рх/,
- Шүүгдэгч С.Д-ий согтуурлын хэмжээг драйгер аппарат үлээлгэн шалгахад амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ 2.82 хувь гарч согтууруулах ундааны үйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон тэмдэглэл /хх-ийн 37-рх/,
- Шүүгдэгч С.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 26-27-рх/
“...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр согтуу халамцуу байсан учраас маргалдаж, эхнэрээ зодсон. Одоо дахиж эхнэрээ цохиж зодохгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Эхнэрээсээ уучлалт гуйж бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- БӨаймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1567 дугаартай “С.Д /БК.............../-ий нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 35-р хуудас/,
- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 37 дүгээр хуудас/,
- БӨаймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 45-46-р хуудас/,
- 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр олгосон “РД:БК..............., овог:Х, эцэг/эх/-ийн нэр:С, нэр:Д-, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Ө , Улаанхус, төрсөн огноо:1987/03/10, хаяг:Баян-Ө , Ө , 6-р баг, Хөх толгой, 11 гудамж, 16 тоот, хүчинтэй хугацаа:2032-03-10, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба С.Д- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
Шүүгдэгч С.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Шүүгдэгч С.Д- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Д-ий үйлдлийн улмаас хохирогч Ш.К-н биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10-р сарын 16-ны өдрийн 438 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч С.Д-ий хохирогч Ш.К-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Гэмт хэрэг гарахад гэр бүлийн гишүүдийн бие биедээ хүндэтгэлгүй хандаж байгаа хандлага, шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд прокуророос шүүгдэгч С.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ш.К-н нь ямар нэгэн нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Д- нь хохирогчид төлөх төлбөргүй байна. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Д-ий үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК