| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/00219/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/233 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Фарида |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/233
Баймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч, Баймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,
Шүүгдэгч И.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б-эд холбогдох 2013003690259 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Б” ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, Б аймгийн Ө сумын 10 дугаар багт түр оршин суух хаягтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.ж овогт И-ы Б-, рд:БЙ........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч И.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 13 цагийн үедӨ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ойлголцох маргааны улмаас иргэн Х.С-ийг заамдаж авч машинаас буулгаад улмаар түүний дух руу нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Б- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
Эрүүгийн 2013003690259 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Хохирогч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...миний бие 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед өөрийн эзэмшлийн 98-38 БӨТ улсын дугаартай “Сүзүки Сивик” маркийн цагаан өнгийн машинаарааӨ сумын 13 дугаар баг “Эмпати” сургуулиас төв рүү орж ирж байхад “Петровис’ ШТС-ийн хажууд нэг 15-63 УНЯ улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлж шахаж миний машины урд зогсож жолооч нь болох залуу машинаасаа бууж ирээд миний машины жолооч талын хаалгыг онгойлгож машины түлхүүрийг шууд татаж сугалж аваад: “толь руугаа яагаад хардаггүй юм бэ, яагаад хурдан явдаггүй юм бэ” гэж хэрүүл маргаан үүсгэсэн. Би түүнд: “би чамайг анзаараагүй, би явдаг эгнээгээрээ явж байсан” гэж хэлсэн. Улмаар тэрээр намайг заамдаж авч машинаас буулгаж аваад зогсож байх үед түүний эхнэр бололтой нэг эмэгтэй хар хөх өнгийн “Витз” маркийн машинаар хүрч ирээд машинаа миний машины нөгөө талд тавьж машинаасаа бууж ирээд биднийг салгаж надад: “та машиндаа ороод сууж бай, би таны машины түлхүүрийг авч өгье” гэж хэлэхээр нь би машиндаа орж суусан.
Тэгэхэд нөгөө жолооч эхнэртээ машины түлхүүрийг өгөхгүй цагдаагийн газарт дуудлага өгч байхаар нь би машинаасаа буугаад гар утсаараа тэдний машины зургийг авч байхад уг жолооч надад хүрч ирээд гарыг минь мушгиж газар унгаан эхнэртээ өөрийнхөө жолоодож явсан машиныг замаас гаргаад тавь гэж хэлсэн. Эхнэр нь түүний унаж явсан машиныг жолоодож замаас гаргаж тавьсан. Тэр үед би босож түүний эхнэрийнхэн машиныг хөдөлгөхгүйн тулд машин руу нь гүйхэд нөгөө залуу миний гараас барин намайг түлхэж, “приус-20’ маркийн машин руу шахах үед би баруун нуруу хэсгээрээ түүний машины жолооч талын толийг мөргөхөд уг толь нь суурь хэсгээрээ хугарсан. Тэр үед намайг газарт унгаан чулуу авч дух руу нэг удаа цохисон. И.Б- надад учирсан хохирол болох 176.850 төгрөгийг төлж өгсөн. Надад өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42/,
2. Гэрч У.Үнзилагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...миний бие 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд ажлаас буугаад явган ирж байх замд буюу “Петровис” ШТС-ын хажууд манай нөхөр Х.С-ийг үл таних эрэгтэй хүн заамдаж аван машин руугаа түлхэж шахаж байсан. Тэр үед уг залуугийн машиныхан жолооч талын толь нь суурь хэсгээр хугарах шиг болсон. Тэр үед уг залуу манай нөхрийг газарт унгаан чулуу авч түүний дух орчимд нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
3. Гэрч А.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...би Х.С- гэх хүнийг таньдаггүй бөгөөд тэрээр 2020 оны 10 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна, манай дэлгүүрт ирж дэлгүүрийн гадна талд байрлах хяналтын камерын бичлэгийг шүүж үзмээр байна гэхээр нь би түүнд камерын бичлэгийг үзүүлсэн. Тэрээр надад 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай дэлгүүрийн урд замын нөгөө талд бусдад зодуулсан гэж хэлсэн бөгөөд уг хяналтын камераас тухайн өдрийн бичлэгийн 13 цагийн үеийн хэсгийг үзэж гар утсаараа камерын дэлгэцээс бичлэг хийж бэхжүүлж авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,
4. Шүүх шинжилгээний албаны шинжээч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 445 дугаартай: “...Иргэн Х.С-ийн биед тархины доргилттой, даралттай, дагзанд хавдартай, духны баруун талд битүү хавдартай, баруун хавирга орчим хөх ягаан цус хуралттай, зүүн өвдгөнд хөх ягаан цус хуралттай, цээжинд хөх ягаан цус хуралттай, зүүн хацар орчим зулгарсан, шархтай, хүзүүгээр багалзуурдсан цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Х.С-ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос гаргаж өгсөн СД бичлэг болон СД бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 30-рх/,
6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-рх/,
7. Эм худалдаж авсан гэх хохирлын Е баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын хүснэгт /хх-ийн 20-23, 37-рх/,
8. Шүүгдэгч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 33-34/
“Би гудамжинд машинаар явж байхад нэг тээврийн хэрэгсэл намайг шахаж зам тавихгүй байсан юм. Тэр үед би тэр жолоочтой очоод яагаад зам тавьж өгөх байгаа юм бэ гэхэд тэр жолооч намайг хэл амаар доромжилсон юм. Тэгээд бид хоёр хоорондоо маргаж ноцолдсон ба тэр залуу миний эхнэрийг түлхэх үед эхнэр маань приус маркийн тээврийн хэрэгслийн тольд хүрээд хагалсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Би Х.С-ийн эмчилгээнд гарсан гэх 176.850 төгрөгийг төлж өгч хохиролгүй болгосон. Одоо хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй болно. Би Х.С-ийг зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа болно.” гэх мэдүүлэг,
9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Иргэн И.Б- /БЙ......./-ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 75/,
- Шүүгдэгч И.Б-ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76/,
- 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олгосон РД:БЙ......., овог:Ш.ж, эцэг /эх/-ийн нэр:И, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1990/05/03, төрсөн газар:Б, Толбо, хаяг: У, С, 0-р хороо, О хороолол, хд 0 байр, 00 тоот, бүртгэлийн дугаар: 831394450207, хүчинтэй хугацаа:2035/05/03, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77/,
- БаймгийнӨ сумын 10 дугаар багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10/69 дугаартай “Ө сумын 10 дугаар багийн түр оршин суугч И овогтой Б нь / БЙ......./ тоот регистрийн дугаартай. Ам бүл 6. Өндөр настан эцэг эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. И.Б- төлөв даруу зантай иргэн ба урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 80/,
- Баймгийн Автотээврийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 140 дугаартай “И овогтой Бийн /БЙ......./ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй болно” гэх тодорхойлолт /хх-ийн 83/,
- Шүүгдэгч И овогтой Б /БЙ......./-ийн ХААН банкан дахь дансны хуулга /хх-ийн 86-89/,
- ХААН банкны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 26/741 дугаартай “И овогтой Б-ийн /БЙ......./ нь манай банканд харилцах, хугацаагүй болон зээлийн дансгүй болно” гэх тодорхойлолт /хх-ийн 85/,
- Б” ХХК-ийн 2020 оны 12 дугар сарын 08-ны өдрийн 12 дугаартай “БаймгийнӨ сумын иргэн И овогтой Б/РД:БЙ......./ нь Б ХХК-д худалдааны төлөөлөгч албан тушаал дээр, үндсэн 420000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн цалинтайгаар 2020 оны 03 дугаар сараас тогтвор, суурьшилтай ажиллаж байгаа нь үнэн болно.
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч И.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 13 цагийн үедӨ сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ойлголцох маргааны улмаас иргэн Х.С-ийг заамдаж авч машинаас буулгаад улмаар түүний дух руу нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 39-42/ мэдүүлэг, гэрч У.Үнзилагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 43-44/ мэдүүлэг, гэрч А.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 53/ мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны шинжээч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 445 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос гаргаж өгсөн СД бичлэг болон СД бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 30-рх/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-рх/, эм худалдаж авсан гэх хохирлын Е баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын хүснэгт /хх-ийн 20-23, 37-рх/, шүүгдэгч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 33-34/ мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, дээрэлхэж дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Х.С-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 445 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Б-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Х.С-ийн “Миний бие И.Б-ээр эмчилгээнд гарсан зардлаа бүрэн төлүүлж авсан. Хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болно. Хоорондоо учраа ололцож түүнийг уучилсан, гомдолгүй.” гэх хүсэлт /хх-ийн 96/-г үндэслэн шүүгдэгч И.Б-ийг хохирогч Х.С-эд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч И.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч И.Б- урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч И.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4.Бусад асуудлаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч И.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн СД бичлэг 1 ширхэг, рентген зураг 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.Б-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.ж овогт И-ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Б-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч И.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн СД бичлэг болон рентген зургийг хэргийн хамт хадгалсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч И.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК