Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/235           

 

Баймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч Б.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч А.Р- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Р-д холбогдох эрүүгийн 2013003930265 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт А-ы Р- нь 1969 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторчийн мэргэжилтэй, ажилгүй, Бүгд Найрамдах Казахстан Улсын Павлодар хотод оршин суух хаягтай, Баймгийн Бсумын 2 дугаар багт түр оршин суудаг, ам бүл 1, ганцаараа амьдардаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, N07120634 дугаар бүхий гадаад улсын паспорттой.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч А.Р- нь 2020 оны 11 дүгээр сарын 09-нээс 10-нд шилжих шөнө Баймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Х.Ж-ын хашаанд цоожтой байсан амбаарын цоожийг лоом ашиглан эвдэж 8 ширхэг ямааны арьс хулгайлж 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүгдэгч А.Р- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2013003930265 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

 1. Хохирогч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:

“...Тэгээд маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн үед босож цайгаа ууж дууссан дараа гэрээс гарч хашаанд байсан өөрийн амбаараас эд зүйл авахаар очсон юм. Очиход амбаарын цоож онгорхой, цоожны цүү махийсан, цоожийг эвдэж онгойлгосон байдалтай байсан болохоор хаалгыг онгойлгож амбаар дотор ороход урд өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр идшинд гаргасан 8 ямааны арьс хулгайлагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-рх/,

2. Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:

‘'Манай гэрт нэг их олон хүн ирдэггүй. Тухайн идэш гаргах өдөр манай гэрт нөхрийн хамаатнууд ирж идэш гаргах ажилд туслаад явсан. Тухайн идэш гаргах өдөр манай хашааны гадуур хөрш А.Р- гэх хүн ганцаараа явган явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-рх/,

3.Гэрч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Х.Ж-ынх идшинд үхэр гаргах гэж байгаа болохоор туслахаар гэрт нь очиход надад Х.Ж- эхнэрийн хамт өнгөрсөн шөнө манай хашаанд байсан амбаараас 8 ширхэг ямааны арьс хулгайлагдсан байна, та нар шөнө ямар нэгэн зүйл сонсоогүй юу гэхээр нь би өнгөрсөн шөнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 09-нээс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед манай гэрийн доод хэсэгт байдаг хөршийн гэрээс нүүрс хагалж байгаа юм шиг дуу чимээ гарч байсан гэж хэлсэн юм. Манай нохой бас нэлээн хуцсан байсан болохоор гадаа гарч харахад хэн нэгэн хүн явж байгаа юм шиг харагдсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-рх/,

4.Бсумын 4 дүгээр багт оршин суух иргэн А-ы Р-оос хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан лоом төмөр 1ширхэг, хулгайд алдагдсан 8 ширхэг ямааны арьсыг тус тус А.Р- гаргаж өгснийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн12-рх/, хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-ийн 13-рх/,

5. Шүүгдэгч А.Р-оос гаргаж өгсөн лоом төмөр болон ямааны арьснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14, 16-17-рх/,

6. Хулгайлагдсан 8 ширхэг ямааны арьсыг хохирогч Х.Ж-ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-рх/,

7. Хулгайн гэмт хэрэг үйлдэх үед хаалганы цоожийг эвдэхэд ашигласан 70 см урттай 1 ширхэг лоом төмрийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-рийн 24-рх/,

8. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, /8-11-рх/,

9. Хэргийг илрүүлсэн тухай цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 7-рх/,

10. Шинжээч Ч.Ж-гийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20/82 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоох дүгнэлт /хх-ийн 42-45-рх/,

11. Шүүгдэгч А.Р-ын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-рх/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

1. Шүүгдэгч А.Р-ын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч А.Р- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар 2020 оны 11 дүгээр сарын 09-нээс 10-нд шилжих шөнө Б аймгийн Бсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Х.Ж-ын хашаанд цоожтой байсан амбаарын цоожийг лоом ашиглан эвдэж хууль бусаар нэвтэрч 8 ширхэг ямааны арьс хулгайлж 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр идшинд гаргасан 8 ямааны арьс хулгайлагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-рх/,

- Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Тухайн идэш гаргах өдөр манай хашааны гадуур хөрш А.Р- гэх хүн ганцаараа явган явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-рх/,

- Гэрч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би өнгөрсөн шөнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 09-нээс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед манай гэрийн доод хэсэгт байдаг хөршийн гэрээс нүүрс хагалж байгаа юм шиг дуу чимээ гарч байсан гэж хэлсэн юм. Манай нохой бас нэлээн хуцсан байсан болохоор гадаа гарч харахад хэн нэгэн хүн явж байгаа юм шиг харагдсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-рх/,

-Бсумын 4 дүгээр багт оршин суух иргэн А-ы Р-оос хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан лоом төмөр 1 ширхэг, хулгайд алдагдсан 8 ширхэг ямааны арьсыг тус тус А.Р- гаргаж өгснийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн12-рх/, хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-ийн 13-рх/,

- Шүүгдэгч А.Р-оос гаргаж өгсөн лоом төмөр болон ямааны арьснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14, 16-17-рх/,

- Хулгайлагдсан 8 ширхэг ямааны арьсыг хохирогч Х.Ж-ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-рх/,

- Хулгайн гэмт хэрэг үйлдэх үед хаалганы цоожийг эвдэхэд ашигласан 70 см урттай 1 ширхэг лоом төмрийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-рийн 24-рх/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, /8-11-рх/,

- Хэргийг илрүүлсэн тухай цагдаагийн албан хаагчийн “А.Р-ын гэрт нь очиж асуухад өөрийн сайн дураараа хэргээ хүлээн зөвшөөрч, хулгайлж авсан 8 ширхэг ямааны арьс болон цоожийг эвдэхэд ашигласан лоомыг гаргаж өгснөөр хэргийг илрүүлж ажиллав.” гэх илтгэх хуудас /хх-ийн 7-рх/,

- Хулгайлагдсан 1 ширхэг ямааны арьсыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 25.000 /хорин таван мянга/ төгрөг гэж тогтоосон шинжээч Ч.Ж-гийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20/82 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоох дүгнэлт /хх-ийн 42-45-рх/,

- Шүүгдэгч А.Р-ын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-рх/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Х.Ж-ад хохирол учирсан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Р-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч А.Р-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ж-ад 200,00 төгрөг хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хулгайд алдсан гэх эд зүйлсийг хохирогчид биет байдлаар буцааж өгсөн, мөн хохирогч Х.Ж- ньБсумаас аймгийн төвд ирж буцсан гэх зардал 60,000 /хх-ийн 67/ нэхэмжилснийг шүүгдэгч А.Р- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлсөн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг хохирогч Х.Ж-ад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Р-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Р-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч А.Р- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/ зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч А.Р-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэргийн улмаас учирсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлд заасан гэмт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэх нөхцөл байдалгүйг авч үзэв.

Шүүгдэгч А.Р-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, мөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч А.Р-д оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Р-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

4. Бусад асуудлаар.

Тус хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч А.Р-оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт А-ы Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Р-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Р-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Р- нь хохирогч Х.Ж-ад учирсан хохирол болох 60.000 /жаран мянга/ төгрөгийг төлснийг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК