Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/234

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч С.С- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С-д холбогдох 2013003980267 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1998 оны 03 дугаар 02-ны өдөр Б аймгийн Д сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, Б аймгийн Ө сумын 6 дугаар баг, Хөх толгой, 28 гудамж, 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М.х овогт С-ий С-, регистрийн дугаар БЖ............

Шүүгдэгчийн холбогдсон хэрэгийн:

Шүүгдэгч С.С- нь Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн иргэн И.Е-ын 2020 оны 09 дүгээр сарын эхээр тус аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тирлик зах дотор байрлах “Ай серик-2” цайны газарт орж үйлчлүүлээд гарч явахдаа орхиж яваад гээгдүүлсэн гэх “Самсунг А51” маркийн гар утсыг нь олж авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

Эрүүгийн 2013003980267 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Шүүгдэгч С.С-аас хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/,

2. Мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10/

3. Хохирогч И.Е-ын Мобиком ХХК-иас Самсунг А51 маркийн гар утсыг худалдаж авсан баталгааны хуудас /хх-ийн 12-13/,

4. Хохирогч И.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2020 оны 09 дүгээр сарын эхээр байх тодорхой өдрийг нь санахгүй байна. Аймгийн “Тирлик” захад 13 цагийн орчим ажилчдадаа хоол авах гээд явж байгаад тус захад байрлах цайны газар орж, хоол захиалсан. Тэгээд өөрөө тэндээс хоол идээд тооцоогоо хийгээд гарахдаа ширээн дээр 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Мобикомын салбараас 1.000.000 төгрөгөөр худалдан авсан хар хөх өнгийн, шар гэртэй Самсунг-А51 маркийн гар утсаа орхиод гарсан байсан. Би гар утсаа тус цайны газарт ширээн дээр орхиод гарсан гэдгээ даруй мэдэж буцаад цайны газарт орж сууж хоол идсэн ширээн дээр утсаа хайхад байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

5. “Мөнх-Эстимейт” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин К.Е-ын 2020 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн №20/42 дугаартай хөрөнгийн хохирлын үнэлгээний дүгнэлтээр: “2020 оны 05 дугаар сарын сүүлээр худалдаж авсан, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, ашиглаж байсан Самсунг-А51 маркийн гар утас нь 2020 оны 09 дүгээр сарын байдлаар Ө суманд 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгийн ханштай байна” гэх /хх-ийн 26-27/,

6. Шүүгдэгч С.С-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2020 оны 09 дүгээр сарын эхээр байх тодорхой өдрийг нь санахгүй байна. Аймгийн “Тирлик” зах дээр явж байгаад “Ай серик 2” цайны газарт хоол идэхээр орсон. Тус цайны газарт ороод суутал ширээн дээр гадна талдаа шар өнгийн гэртэй самсунг маркийн андройд гар утас байсан. Би хоол идэж дуустал энэ утсыг хэн нэгэн ирж аваагүй. Тэгээд би хоолныхоо тооцоог хийгээд ширээн дээр байсан гар утсыг өмднийхөө халаасанд хийгээд гараад явсан. Тухайн үед тус гар утасны цэнэг нь бага байсан тул утас унтарчихсан. Утас нээлттэй байх үед скайтелын дугаараас залгаж байсан ба цэнэг нь дуусаад унтарчихсан. Улмаар би утсыг гэр лүүгээ авч яваад гэртээ ирээд утсыг хадгалчихсан. Тэгээд 5-6 хоногийн дараа тус утсанд цэнэглэгч аваад цэнэглээд асааж өөрийнхөө 85181921, 85181928 гэсэн 2 дугаарыг хийж ашиглаж байсан юм. Дараа нь цагдаагийн газраас намайг дуудаж уг гар утсыг хаанаас олсныг тодруулж асуух үед болсон явдлыг хэлээд, уг гар утсыг хүлээлгээд өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.С-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хялбар аргаар мөнгө, эд хөрөнгөтэй болох шунахай сэдэлт, нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас И.Е-ын гээгдүүлсэн “Самсунг А51” маркийн гар утсыг олж аваад, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 650.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид гар утсыг нь биет байдлаар буцааж өгсөн хх-ийн 28/, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй

 

3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.С-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч С.С-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Уг гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.С- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч С.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

  1. Шүүгдэгч М.х овогт С-ий С-ыг “Гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК