Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/237 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  М.Ф,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид: Х.Б, Д.А, Х.А,

Шүүгдэгч Г.А-, Т.А-, Х.М-, М.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 3, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-ы А-, Ш.с овогт Т-н А-, Т овогт М-ын Х-, И овогт Х-гийн М- нарт холбогдох эрүүгийн 2013000970252 дугаартай хэргийг хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын харьяат, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, химийн багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, тодорхой эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Г-ы А-, регистрийн дугаар БИ.......

2. Монгол улсын харьяат, 1975 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит 3/20 айлын 118 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /Баян-Өлгий аймгийн Тирлик зах дээр жимс, ногоо зардаг/, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Ш.с овогт Т-н А-, регистрийн дугаар БЭ..........

3. Монгол улсын харьяат, 1979 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг, Цагаан эргийн 5-3 тоот, одоо Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх орон сууцны 5 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /Баян-Өлгий аймгийн Тирлик зах дээр жимс, ногоо зардаг/, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт М-ын Х-, регистрийн дугаар ББ.............

4. Монгол улсын харьяат, 1984 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар баг, 7-2 тоотод оршин суух аягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байрлах “Лашын” нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг/, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, И овогт Х-гийн М-. Регистрийн дугаар БА..............

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Г.А- нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт дахь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын химийн шинжээчээр түр тушаалтайгаар ажиллаж байх хугацаанд 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сар хүртэлх хооронд жимс, ногоо импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүдээс шинжилгээний дүн, /хариуг/ эерэг, сөрөг байдлаар гаргана гэж иргэн Б.Б-, Х.А- нарыг мөнгө өгөхийг шаардсан, улмаар Т.А-ээс нэг удаагийн үйлдлээр 200.000 төгрөг, Х.М-гаас үргэлжилсэн үйлдлээр 650.000 төгрөг, М.Х-аас үргэлжилсэн үйлдлээр 650.000 төгрөгийг тус тус дансаар болон бэлэн хэлбэрээр хахуульд авч, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй,

- Шүүгдэгч Т.А- нь ОХУ-аас өөрийн оруулж ирсэн барааны шинжилгээний хариуг сайн гаргуулан авах зорилгоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт дахь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын химийн шинжээчээр ажиллаж байсан Г.А-д 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэг удаагийн үйлдлээр 200.000 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн,

- Шүүгдэгч М.Х- нь өөрийн хамаарал бүхий компанийн ОХУ-аас оруулж ирсэн барааны шинжилгээний хариуг сайн гаргуулан авах зорилгоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт дахь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын химийн шинжээчээр ажиллаж байсан Г.А-д 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн үйлдлээр 650.000 төгрөгийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн,

- Шүүгдэгч Х.М- нь өөрийн хамаарал бүхий компанийн ОХУ-аас оруулж ирсэн барааны шинжилгээний хариуг сайн гаргуулан авах зорилгоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт дахь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын химийн шинжээчээр ажиллаж байсан Г.А-д 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн үйлдлээр 650.000 төгрөгийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие Т.А-ээс 200.000 төгрөг, Х.М-гаас үргэлжилсэн үйлдлээр 650.000 төгрөг, М.Х-аас үргэлжилсэн үйлдлээр 650.000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч Т.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр нэг удаагийн үйлдлээр нийт 200.000 төгрөг өгсөн. Шинжилгээний хариу эерэг гарсан байсан. Тэгээд надаас 200.000 төгрөг асуусан. Өөрийн биеэр өгөх гэхэд мөнгө байхгүй байсан тул дансаар өгсөн. Мөнгө авсны дараа шинжилгээний хариуг өөрчилсөн. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

3. Шүүгдэгч М.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ирж байгаа барааны чанарыг сайн гаргаж өгнө гэхээр нь мөнгө өгсөн. Мөнгө өгөх юм бол сайн гаргаж өгдөг. Өгөхгүй бол барааг устгалтад оруулчихдаг учир өгсөн. 3 удаагийн үйлдлээр 650.000 төгрөг өгсөн. Өөрийнхөө үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

4. Шүүгдэгч Х.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Нийт 650.000 төгрөг өгсөн. Нэг удаа 200.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Бусдыг нь бэлэн болон бэлэн бусаар өгч байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2013000970252 дугаартай хэргээс: /гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05, 06 дугаар сараас эхлэн Г.А- нь шинжилгээний хураамжийг өөрийнхөө хувийн дансанд авдаг болсон ба шинжилгээний хариуг гаргахгүй санаатайгаар удааж иргэдээс хахууль, шан харамж авдаг, нэхдэг талаар яриа сонсогдож эхэлсэн. Тухайн мэдээллийн мөрөөр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шалгалтыг явуулан дуусгасан талаар газрын даргын зөвлөлийн хуралд тайлан тавьсан ба тухайн шалгалтаар Г.А-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад хилээр жимс, ногоо импортлогч иргэдээс шинжилгээний дүнгээр хясан боогдуулж мөнгө төгрөг нэхсэн, авсан асуудлууд нотлох баримттайгаар тогтоогдсон. Г.А- нь Цагааннуур боомтоор жимс, ногоо импортлогч иргэдийг тухайн жимс, ногоог хилээр нэвтрүүлэхэд шинжилгээний дүн муу гарсан гэж айлган хясан боогдуулж, зарим гарсан шинжилгээний дүнг сайн болгож гарган гэж фейсбүүкийн мессенжер, гар мессежээр айлган сүрдүүлж мөнгө, төгрөг авсан. Г.А- нь дээрх замаар иргэн ахуйн нэгжтэй хувийн харилцаа тогтоож өөрийнхөө Хаан банкны дансаар шинжилгээний хураамжийг хувийн дансанд авсан, ажил тасалсан, шинжилгээний хураамж дутаасан олон зөрчлийн улмаас Г.А-тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж албан тушаалаас нь чөлөөлсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-рх/,

2. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.А- нь ажиллах хугацаандаа иргэдээс хээл, хахууль авсан үйлдэл гаргасан тул байгууллагын дотоод хяналтын баг тухайн үйлдэлд хяналт шалгалт явуулсан ба тодорхой төрлийн материалыг бүрдүүлэн шалгах ажиллагаа явуулсан газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн даргын шийдвэрээр чөлөөлөн ашиг сонирхлын үүднээс бусдаас хясан боогдуулах замаар авлига авсан байж болзошгүй үйлдлийг танай байгууллагад шалгуулахаар явуулсан.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 67-68-рх/,

3. Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Г.А-д ямар нэг байдлаар мөнгө төгрөг өгч байсан удаа байхгүй ба “Лашын кашмер” ХХК-ны эзэн Х.М- нь надтай худ ургийн холбоотой ба миний дээжийн хариу төлбөр төлөөгүй тул гараагүй байна, та мөнгө байвал Г.А- шинжээчид дээжийн төлбөр 30.000 төгрөгийг гаргаад өгөөч гэж хэлсэн ба би Г.А-тай уулзаад Х.М-гийн шинжилгээний хариуны мөнгийг би чам руу дансаар шилжүүлж болох уу гэж асуусан ба тэр надад дансаа өгөхөөр нь өөрийнхөө данснаас шинжилгээний төлбөр гэж 30.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тухайн өдөр банкны сүлжээ ажиллахгүй байсан тул дансаар хийхээс өөр аргагүй болсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97-рх/,

4. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.А- миний ОХУ-аас оруулж ирсэн 4 төрлийн хүнсний ногоо, жимсэнд шинжилгээ хийсэн ба шинжилгээний дээжийн зардал гэж 28.500 төгрөгийг хий гэхээр нь би боомт дээр байх Хаан банк дээр очоод уг шинжилгээний мөнгийг хийе гэсэн чинь банк хаасан байхаар нь Г.А-д ирээд банк хаасан байна гэж хэлсэн чинь тэр надад миний данс руу хийчих гэж хэлээд өөрийнхөө Хаан банкны данс өгч байсан ба одоо уг дансыг санахгүй байна. Би түүний явуулсан дансанд 30.000 төгрөг хийсэн. Түүний дараа хилээр нэг удаа нэвтэрч бараа оруулж ирсэн чинь Г.А- надад би чамд тус болоод байгаа шүү, чи намайг мартчихаа юу гэж хэлээд намайг сайн дураараа мөнгө өгөхийг шаардсан ба тухайн үед мөнгөний тоо хэлээгүй, би танд яагаад мөнгө өгөх ёстой гэж хэлсэн чинь би чамд туслаад байгаа шүү гэж хэлээд надаас мөнгө авах гээд шаардаад байсан. Цагааннуур боомтоос Өлгий сум руу явж байхад миний 94916362 дугаарт 94976364 дугаараас 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “...ингэж зугтаж яваарай за, 2 удаа тусалж байхад танихаа байсан уу дараа нь ирэхэд ингэж танихгүй явахыг чинь харна” гэсэн утгатай мессежийг казах хэлээр бичиж намайг дарамталж сүрдүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-83-рх/,

5. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны сүүлээр 2019 оны сүүл хүртэлх хугацаанд жимс, ногоо оруулж ирэх болгонд Г.А- шинжилгээ хийдэг ба шинжилгээний хариуг үзүүлэн мөнгө өгөх юм бол тэнцэхээр гаргаж өгнө, өгөхгүй бол устгалд оруулан торгууль оногдуулна гэж дарамталдаг байсан. Надаас нэг удаа 100.000 төгрөг өгөхийг шаардаж өөрийнхөө дансны дугаарыг өгсөн ба миний 99425741 дугаарт өөрийнхөө дугаар гэсэн дугаараас Хаан банкны дансны дугаар явуулсан ба тэр дансны дугаарт 100.000 төгрөг хий гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-74, 124-рх/,

6. Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай эхнэр Х.М- ОХУ-аас бараа оруулах бүрт Г.А- мөнгө төгрөг өгөхийг шаардаад түүний гар утсанд мессеж, фейсбүүкт чат бичиж, түүнээс шинжилгээний хариуг сайн, муу гаргана гэж хэд хэдэн удаа мөнгө авсан байлаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-129-рх/,

7. Гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.А- нь бусдыг шантаажилж хахууль авсан байж болзошгүй үйлдлийг тодруулах зорилгоор шалгалтын ажиллагаа явуулж байх хугацаанд гадаад худалдаа импортлогч иргэн Б болон түүний хажууд байсан нэг зүс таних иргэнтэй уулзахдаа бид нар ОХУ-ын талаас нэг газраас жимс ногоо авдаг ба бидэнтэй хамт тэр газраас жимс ногоо авсан иргэдийн жимс ногооны шинжилгээний хариу сөрөг гараад асуудалгүй явчих юм, харин миний оруулж ирсэн жимс ногоог Г.А- эерэг гаргаад байна. Тухайн үед тэр хүн надад өөрийнхөө утаснаас нэг мессеж үзүүлж байсан ба тэр мессежийг Г.А- уг хүн руу явуулсан гэх ба мессежийг казах хэлээр явуулсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70-рх/,

8. Гэрч Т.Н-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Байгуулагдаад 7-8 жил үйл ажиллагаа явуулж байгаа “Асылхазына” ХХК-ийг байгуулан хүнсний дэлгүүр болон жимс, жимсгэнийн бөөний худалдааг эрхэлж байна. Би Г.А-д ямар нэгэн эд зүйл өгч байсан удаа байхгүй. Харин миний эхнэр М.Х- нь тус боомтоор гарч бараа оруулж ирж байсан ба түүний жимс, ногоонд шинжилгээ хийхдээ муу гарч байна, та мөнгө өгөхгүй бол энэ жимс, ногоог устгана гэх ба мөнгө өгөхгүй бол олон цагаар хүлээлгээд хариу чинь гарахгүй байна, яаж гаргахыг би мэднэ гэж түүнийг дарамталж байгаад хэд хэдэн удаа мөнгө авч байсан гэсэн. Миний эхнэр М.Х- түүнд яг хэдэн төгрөг өгч байсныг мэдэхгүй байна. Тэгэхдээ түүнд мөнгө өгч байж гарлаа хүнээс мөнгө нэхээд дарамтлаад байдаг сонин хүүхэд байна гэж хэлж байсан. Эхнэр М.Х- энэ миний оруулж ирсэн жимс, ногоонд худлаа шинжилгээ хийгээд намайг юм мэдэхгүйг далимдуулан мөнгө нэхээд байна, бидэнтэй хамт нэг газраас авсан жимс, ногооны хариу зүгээр гарах юм гэж хэлээд түүний ажилладаг Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл өгч мэдээлэн гэж байсан. Би уг боомтоор нэвтэрч байхад ямар нэгэн албан хаагч болон шинжилгээ явуулсан шинжээч мөнгө нэхэж байсан удаа байхгүй. Миний эхнэр М.Х-аас Г.А- нь шинжилгээний хариугаар дарамталж байгаад хахуульд мөнгө шаардаж авч байсан гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121-рх/,

9. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, илтгэх хуудас /1-р хх-ийн 41-57-рх/,

10. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод химийн шинжээчээр ажиллаж байсан Г.А-гийн Хаан банкны 5845322942 дугаартай данс болон түүнийг ажиллаж байх хугацаанд лабораторийн шинжилгээний хураамжийн тооцоонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

11. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод химийн шинжээчээр ажиллаж байсан Г.А-гийн Хаан банкны 5845322942 дугаартай дансанд Т.А-ийн Хаан банкны 5180022052 дугаартай данснаас гүйлгээ хийгдсэн болон лабораторийн шинжилгээний хураамжийн тооцоо төлж байсан талаарх баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

12. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод химийн шинжээчээр ажиллаж байсан Г.А-гийн Хаан банкны 5845322942 дугаартай дансанд гүйлгээ хийгдсэн болон “Асылхазына” ХХК-аас лабораторийн шинжилгээний хураамжийн тооцоо төлж байсан талаарх баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

13. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод химийн шинжээчээр ажиллаж байсан Г.А-гийн Хаан банкны 5845322942 дугаартай дансанд Х.М-гийн Хаан банкны 5180552312 дугаартай данснаас гүйлгээ хийгдсэн болон “Лашын кашмер” ХХК-аас лабораторийн шинжилгээний хураамжийн тооцоо төлж байсан талаарх баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

14. Шүүгдэгч Г.А-гийн Х.Ж-, Х.А-, М.Х-, Х.М- нартай мессеж бичиж, фейсбүүк хаягаар чаталсан гэх бичмэл нотлох баримтын хуулбар болон түүний орчуулга /1-р хх-ийн 131-143-рх/,

15. Шүүгдэгч Г.А-гийн Хаан банкны 55845322942 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/1-р хх-ийн 179-195, 242-250-рх/,

16. Шүүгдэгч Г.А-гийн ажиллаж байх хугацаанд Цагааннуур боомт дахь лабораторийн шинжилгээний хураамжийн тооцооны материалд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 140-143-рх/,

17. Монгол Улсын шадар сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаар тушаалын “Лабораторид дээж хүлээлгэн өгөх, авах, шинжилгээний дүнг олгох, төлбөр барагдуулах үйл ажиллагаанд мөрдөх журам” /2-р хх-ийн 133-135-рх/,

18. Шүүгдэгч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр Г.А- миний оруулж ирсэн сонгинын хариуг муу байна гэж хэлээд намайг хилээр гаргахгүй байсан ба би түүний 2 давхарт байдаг ажлын өрөөнд ороход шинжилгээний хариу чинь муу байна гэж хэлээд надад мөнгө хэрэг болоод байна, та 200.000 төгрөг өгчих гэж хэлэхээр надад бэлэн алга гэж хэлсэн чинь нэг данс өгөхөөр нь тэр данс руу нь хяналт а...у гэх утгаар шилжүүлэг хийсэн. Түүнд уг 200.000 төгрөгийг шилжүүлж өгсний дараа тэр надад шинжилгээний хариу чинь сайн гарлаа гэж хэлээд явуулсан. Би тухайн өдөр Г.А-д өөрийн сайн дураар уг 200.000 төгрөгийг өгөөгүй, харин Г.А- миний оруулж ирсэн барааны шинжилгээний хариуг сайн гаргана гэж хэлээд надаас мөнгө нэхсэн тул түүний хэлсэн мөнгөн дүн болох 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Би Г.А-д уг 200.000 төгрөг зээлсэн удаа байхгүй ба түүний асууснаар 200.000 төгрөгийг өгсөн. Би тухайн үед 2 тонн сонгино авсан байсан ба тэр сонгиныг хилээр оруулан ирж аймагт зарсны дараа надад ямар нэгэн хүн уг сонгиныг муу байна гэж ирсэн болон мэргэжлийн байгууллагаас сонгино муудсан байна гэж ирж байсан удаа байхгүй, тэр сонгиныг бүгдийг нь зарсан.” гэх мэдүүлэг /З-р хх-ийн 04-07-рх/,

19. Шүүгдэгч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.А- нь надаас 3 удаагийн үйлдлээр 650.000 төгрөгийг бэлнээр нэхэж авсан. Тэр манай оруулж ирсэн барааны нитрат муу байна, мөнгө өгөх юм бол сайн болгож гаргаж өгье гэж хэлээд дарамталж байгаад авдаг байсан. Түүнд мөнгө өгөхгүй юм бол торгууль тавьж устгал хийнэ гэдэг байсан. Би түүнд эхний удаа 200.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сард ажил дээр нь байхдаа өгөх талаар хэлсэн ба Г.А- Өлгий сумд орж ирээд манай “Султан” жимсний дэлгүүр дээрээс ирж авсан. Дараагийн удаа өгсөн 300.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сард өгсөн ба Тирлик зах дээр байдаг дэлгүүрээс ирж авч байсан. 3 дахь удаагийн 150.000 төгрөгийг манай “Султан” нэртэй дэлгүүрээс ирж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 59-61-рх/,

20. Шүүгдэгч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны зун 06 дугаар сард би ОХУ-ын талаас тарвас оруулж ирсэн ба тэр үед Г.А- уг тарваст шинжилгээ хийсэн ба шинжилгээ гарч байна гэж хэлээд хахуульд мөнгө өгвөл хариуг сайн гаргаж өгнө гэж хэлж мөнгө өгөхийг шаардсан ба би түүнд 200.000 төгрөгийг өгсөн. Г.А- нь эерэг болон сөрөг байдлаар дүгнэлтийг гаргадаг ба түүнд мөнгө өгвөл шинжилгээг сайн гаргаж өгдөг. Харин түүнд мөнгө өгөхгүй байвал муу гаргаж жимс ногоог устгалд оруулан торгууль оногдуулдаг. Түүнээс хойш Г.А- миний оруулж ирсэн жимс, ногооны шинжилгээг муу гаргаж хурааж устгана гэж сүрдүүлэн надаас нийтдээ бэлнээр болон дансаар 650.000 төгрөгийг авсан." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 34-38-рх/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн 2013000970252 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.А-, Х.М-, М.Х-, Т.А- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.А- нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт, шүүгдэгч Т.А-, Х.М-, М.Х- нар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Цагааннуур боомт дахь химийн шинжээчээр ажиллаж байсан шүүгдэгч Г.А- нь нийтийн албан тушаалтанд хамаарах этгээд биш болох нь Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 486 дугаартай “Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д: “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон ба мөн хуулийн 4.1.2-т: “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан. Цагааннуур боомт дахь химийн шинжээчийн албан тушаал нь “ТҮ-6”-д хамаарах ангилал, зэрэглэлийн албан тушаал байх тул Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэхээргүй байна” гэх албан бичгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.А-гийн үйлдлийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд  “Хээл хахууль авах” гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдэл хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба тус зүйлийн 1-д” Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Хахууль өгөх гэмт хэргийн объектив тал нь төрийн болон хувийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд байдаг ба хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн хоёр талын ашиг сонирхлоор асуудлыг хууль бусаар шийдвэрлүүлсний улмаас нийгмийн шударга ёс зөрчигдөж, тэр хэмжээгээр нийгэмд хуулийг дээдлэх, шударга ёсыг хангах зарчим алдагддаг нийгмийн хор аюулаар илрэх гэмт хэрэг учраас уг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2-д “хахууль өгөх” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоосон ба шүүгдэгч Х.М-, М.Х-, Т.А- нарын үйлдэлд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлжээ.

Гэтэл Г.А- нь өөрийн эрхэлж буй албаны эрх, нөлөөг урвуулан ашиглаж, хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийж, иргэн Х.М-, М.Х-, Т.А- нараас хахууль өгөхийг шаардсан болох нь тогтоогдсон ба түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бусдаас хахууль авч, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Г.А-, Х.М-, М.Х-, Т.А- нарт холбогдуулан үйлдсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бусдаас хахууль авч, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   

Шүүгдэгч Х.М-, М.Х-, Т.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.А-, Х.М-, М.Х-, Т.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д ”энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 1.3 дугаар зүйлийн 1-д ”эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бусдаас хахууль авч, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х.М-, М.Х-, Т.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх”  гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт дээрх зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.А-,  Т.А-, Х.М-, М.Х- нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.М-, М.Х- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5-т заасан “өөрийгөө илчилсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...жирэмсэн эмэгтэй, ....-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Г.А-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

2. Харин шүүгдэгч М.Х-, Х.М- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн Тайлбар хэсэгт:

- “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж,

Мөн шүүгдэгч нар өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ хуулийн байгууллага шалгаж эхлэхээс өмнө сайн дураараа илчилж, уг гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байсныг харгалзан үзлээ.

Харин шүүгдэгч Т.А-ийн хувьд хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзэхэд хэргээ өөрөө сайн дураар илчлэн ирж байсан нь тогтоогдоогүй ба хуулийн байгууллага хэргийг шалгах явцад тогтоогдсон үйл явдал харагдаж байх тул түүнийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

 3. Шүүгдэгч Т.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул түүний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.

Шүүгдэгч Т.А- нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Т.А-ийг тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт бөгөөд шүүгдэгч Г.А- нь гэмт хэрэг үйлдэх замаар Х.М-, М.Х-, Т.А- нараас 1500.000 төгрөг авч, түүнийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан байх тул уг 1500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон ашиг гэж үзэж, Г.А-гийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, улсын орлогод оруулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.А-, Х.М-, М.Х-, Т.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн СД 1 ширхгийг хадгалж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Г-ы А-г “Бусдаас хахууль авч, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Т.А-, М.Х-, Х.М- нарыг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

- Шүүгдэгч М.Х-, Х.М- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус чөлөөлсүгэй.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд 2 /хоёр/ жил хугацаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А- нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Г.А-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Т.А-ийг тэнссэн хугацаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хэргийн хамт ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3-д зааснаар шүүгдэгч Г.А-гийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлого 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

11 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.А-, Т.А-, М.Х-, Х.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК