Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1032

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч С.Батгэрэл /томилолтоор/,   

шүүгдэгч О.Ц, Ж.О, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт О-ын Ц, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж овогт Ж-ны О, Б овогт Б-ийн Б.А нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008017131544 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 2, эгчийн хамт х дүүргийн 00 дугаар хороо, х дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, И овогт О-ын Ц /РД: ДБ000000/.

            2. Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Г аймгийн Е сумын 0 дугаар баг, 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Х дүүргийн 0 дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж-р овогт Ж-ны О, /РД: 000000000/.

            3. Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Т аймгийн х сум ам бүл 7, эцэг, эх, ах нарын хамт С дүүргийн 00 дугаар хороо 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Б.А, /РД: 00000000/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 Шүүгдэгч О.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван шарын автобусны буудлын урд талд хохирогч М.М-ын гээсэн 932.000 төгрөгийн Самсунг А-51 загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын зүүн талд 932.000 төгрөгийн Самсунг А-51 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авч, ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхэд Б.А-ийг зориуд хүргэсэн,

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын зүүн талд 932.000 төгрөгийн Самсунг А-51 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авч, ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч М.М-ын:

“...2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн орчим таван шарын урд талын автобусны буудал орчмоос улсын дугаарыг нь харж чадаагүй цагаан өнгийн приус 30 маркийн автомашинд суугаад Лабораторийн автобусны буудал дээр буухдаа өөрийн Самсунг А-51 загварын гар утсаа гээж буусан байна. Би гар утсаа 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сайн компьютерс гэдэг газраас 1.080.000 төгрөгөөр авч байсан. Имей дугаар нь 000000000000000000000000. Худалдаж авсан үнээрээ үнэлж байна... ” гэсэн мэдүүлэг /хх 13/,

2. Гэрч Ш.Н-ийн:

“...Би 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр фейсбүүк хуудсаар гар утас худалдан авахаар зар хайж байтал Б.А А гэх фейсбүүк хаягтай хүн Самсунг А-51 маркийн гар утас зарна гэсэн зар байсан. Тэгээд тухайн хүнтэй холбогдож 2019 онд үйлдвэрлэгдсэн Пи смарт загварын гар утас бэлэн 290.000 төгрөгөөр сольж авсан. Тухайн үед би гадаад улсаас ирээд удаагүй байсан болохоор гар утсанд өөрийн төрсөн эцэг А.Ш-ийн нэр дээр бүртгэлтэй скайтелын дугаарыг ашиглаж байсан. 88462997 гэсэн юнителийн дугаартай Б.А А гэх фейсбүүк хаягтай эрэгтэй хүүхэд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 21/,

3. Гэрч Б.Т-ний:

“...Би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд таван шарын автобусны буудлын урд талд Ц, О, Д, Б.А нарын хамт явж байсан. Бид хоорондоо ноцолдож тоглож байхад Цог-Очир нь гар утас олчихлоо гээд гүйж ирсэн. Тэгээд утсыг нь ломбарданд тавина гээд хорооллын эцсийн нэг ломбард орсон. Өргөө кинотеатрын зүүн талд байдаг ломбард бөгөөд ямар нэртэй байсныг санахгүй байна. Тэгээд ломбарданд Цог- Очирын олсон СамсунгА-51 маркийн гар утсыг тавина гээд О, Ц нар орсон. Тэгсэн О, Ц нар гарч ирээд энэ утсыг авахгүй байна. Хайрцаг сав, баталгаа нь байхгүй гэж байна гээд Б.А-ийн утсыг тавъя оронд нь энэ Самсунг А-51 маркийн гар утсыг ав гээд Б.А, О, Ц нар ломбарданд ороод Б.Аийн Самсунг Эс-8 загварын гар утсыг ломбарданд тавьсан. Олсон утсыг өөрийнхөө утасны оронд Б.А авсан...” гэсэн мэдүүлэг /хх 43/,

4. Гэрч Б.Далайцэрэнгийн:

“...Би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд 5 шарын автобусны урд талд Цог-Очир, О, Б.А нарын хамт явж байсан. Тэгээд тэндээс Цог-Очир, О хоёрыг унаанд суулгаад Баянзүрх дүүргийн Сансарын түнелийн тийш явуулах гэж байсан, тэдний хоёрынх Сансарын түнелийн тийш байдаг юм. Ингээд зогсож байхад Ц гар утас оллоо гээд гүйгээд ирсэн. Тэгсэн О наад утсыг чинь ломбарданд тавьчихъя гээд авсан. Б.А нь Ц-ын олсон Самсунг А-51 маркийн гар утсыг авсан. Б.А нь манай дүү бөгөөд Ц-ын олсон Самсунг А-51 маркийн гар утсыг фейсбүүк зарын дагуу Хуавэй маркийн гар утсаар сольж зарсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 45/,

5. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн гаргасан гар утсыг 932.000 төгрөгөөр үнэлсэн

үнэлгээний тайлан /хх 23/,

6. “Скайтел” ХХК-аас ирүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20/6245 дугаартай албан бичиг /хх 30/,

7. “Юнител” ХХК-аас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05-01/4099 дугаартай албан бичиг /хх 35/,

8. Шүүгдэгч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн орчим 5 шарын автобусны буудал дээр Цог-Очир, О, Тэмүүжин, Далайцэрэн нарын хамт явж байгаад Цог-Очир, О, хоёрын гэр нь нэг зүгт байсан тул автобусанд суулгаж өгөхөөр зогсож байсан. Тэгтэл Цог-Очир гэнэт гар утас оллоо гээд гүйгээд ирсэн. Гар утсыг үзтэл Самсунг А-51 маркийн гар утас байсан. Ингээд О уг гар утсыг ломбарданд тавиад ууя гэх санааг гаргасан ба Цог-Очир би олсон юм чинь өөрөө барина гэж хэлэхэд О наад гар утсаа барьж яах гээд байгаа юм, ломбарданд тавья гэж хэлсэн. Ингээд хоорондоо ярилцаад уг гар утсыг ломбарданд тавихаар болж 5 шарын автобусны буудлаас шууд такси хорооллын Өргөө кинотеатрын орчим байрлах ломбард руу гар утсыг аваад Цог-Очирын хамтаар ломбард руу орсон. Тэгтэл ломбардны хүн гар утасны хайрцаг сав байхгүй болохоор гар утсыг авахгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 71/,

  1. Шүүгдэгч О.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай найзууд намайг автобусанд суулгаж өгөхөөр 5 шарын автобусны буудлын хотын төв рүү явах хэсэгт автобус хүлээж зогсож байх үед түцний хажууд газар шороон дээр самсунг а-51 маркийн гар утас байсан..." гэсэн мэдүүлэг /хх 77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Ц, Ж.О, Б.А нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.Ц-ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч  Ж.О-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.А-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” тус тус гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Ц, Ж.О, Б.А нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Шүүгдэгч О.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван шарын автобусны буудлын урд талд хохирогч М.М-ын гээсэн 932.000 төгрөгийн Самсунг А-51 загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын зүүн талд 932.000 төгрөгийн Самсунг А-51 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авч, ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэхэд Б.А-ийг зориуд хүргэсэн,

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын зүүн талд 932.000 төгрөгийн Самсунг А-51 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авч, ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч М.М-ын мэдүүлэг,

-Гэрч Ш.Н-ийн мэдүүлэг,

-Гэрч Б.Т-ийн мэдүүлэг,

- Гэрч Б.Д-ийн мэдүүлэг,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн гаргасан гар утсыг 932.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан,

- “Скайтел” ХХК-аас ирүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20/6245 дугаартай албан бичиг,  

- “Юнител” ХХК-аас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05-01/4099 дугаартай албан бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч О.Ц нь тухайн үед гээгдэл эд хөрөнгийг бусдын эд хөрөнгийг гэдгийг мэдсээр байж завшиж байгаа нь шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Ж.О нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдэхэд Б.А-ийг зориуд хүргэсэн, шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглаж байгаа үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Ц-ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч  Ж.О-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.А-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч О.Ц, Ж.О, Б.А нар нь хохирогч М.Мөнхбатад 932.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Иймд тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.Ц-ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.Ц, Ж.О, Б.А нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүргэгдээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Ц-ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч О.Ц-ын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

Шүүгдэгч Ж.О-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, шүүгдэгч Б.А-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүхийг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.О, Б.А нарт “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.

Шүүгдэгч Ж.О, Б.А нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдгээрт анхааруулах нь зүйтэй.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008017131544 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт О-ын Ц-ыг “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

- шүүгдэгч Ж овогт Ж-ны О-ыг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн” гэмт хэрэг үйлдсэн,

- шүүгдэгч Б овогт Б-ийн Б.А-ийг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.О, Б.А нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тэдэнд анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-т оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Ц, Ж.О, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ц, Ж.О, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

                                       

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.ДАЛАЙХҮҮ