Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 05

 

Р.*******оогийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч Р.*******оо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******аа

Нарийн бичгийн дарга: Э.Баасандэмбэрэл нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишигийн даргалж шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Р.*******оогийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 03 дугаарсарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.*******оо анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Доод харганы Улаан нүүр гэх өвөлжөөнд 1976 оноос хойш одоог хүртэл нутаглаж байна. Би энэ өвөлжөөг 40-60 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээтэй юм. 1996 онд миний дүү ******* хөдөө гарч цуг нутаглаж байгаад 2009 онд нас барсан. Би хадлангийн талбайг хувааж авахаар заасан. 2016 оны 8 сард дүү ******* нь хуваарьт талбайгаас хадлан авсан. ******* 2016 оны өвөл өөрийн малаас гадна хүргэн *******ын малыг авчирч бэлчээрийн даацыг хэтрүүлж байна. Энэ талаар манай хүргэн *******нямыг хэлэхэд хэл амаар доромжилж муудалцсан байсан. ******* нь хүргэн ах *******тайгаа ирээд өвс хадчихаад явдаг. Зуны цагт засаг захиргааны шийдвэр гараагүй байхад дураараа нүүж голын булангийн өвсийг малаараа талхлуулдаг. Энэ намар ******* өвөлжөөнд ирэхдээ олон малтай болсон байхаар нь хониор нь ороод үзтэл хурга, ишиг голдуу байсан. ******* би талыг нь худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд дараа нь бэр *******аатай ороод уулзтал Тоогоо бид хоёр хэдэн хурга, ишиг худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд би хүргэн *******тай утсаар ярихад хонь, үхрээ 10 дугаар сарын 15-ны өдөр хүргээд авна гэсэн боловч аваагүй юм. Одоо бэлчээр байхгүй боллоо мал нь эхнээсээ унаж байна. Иймд *******ын 350 толгой малыг зайлуулж *******аас миний эзэмшлийн өвөлжөөг чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******аа нь анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Доод харганы Улаан нүүр гэх энэ өвөлжөөнд 1993 оноос хойш өвөлжиж байсан. Хүү ******* маань 2016 онд сангийн далай гэх газар зусаж байгаад Улаан нүүрийн өвөлжөөндөө ирж өвөлжсөн. Би төрийн банкнаас 5.000.000 төгрөгийн, хүү ******* 2.500.000 төгрөгийг зээл авсан бөгөөд хүргэн *******аас 340 орчим толгой ишиг, хурга худалдаж авсан. Миний хань тэр зэргийн мал авчих хөрөнгө үлдээсэн. Тэгээд *******оо ахын өвөлжөөнд малчинтайгаа малаа маллуулах гэж тууж ирсэн юм. Манай малчин хуваарьт газрыг хадсан хадлантай байгаа. *******оо ах мал тооллогын хүмүүсийг ирэхэд манай малыг ширхэг бүрээр нь тоолж өгөөрэй гэж байгаад нэг бүрчлэн тоолуулсан. Би хүүтэйгээ хамт хөдөө өвөлжиж байгаа, цас зуд ихтэй учир хэдэн мал минь өвс тэжээлгүй бол эхнээсээ үхэж үрэгддэг.

Манай хүү *******ыг сургуульд суугаагүй ном сураагүй учраас сургуулиас гаргасныг *******оо ах мэдэж байгаа. Манайх хүүгээ мал дагуулж малчин болгохоор хөдөө гаргасан юм. Манай нөхөр бид хоёр үйлдвэрт ажиллаж байгаад хөдөө гарсан юм. Тухайн үед манайх цөөхөн хэдэн малтай байсан. Тэгээд манай нөхөр тэр өвөлжөөнд малын хашаа барьсан. Одоо овоо хэдэн малтай болсон. Хадлан хадсан талаар мэдэхгүй байна. Манайх айлуудаас хамгийн сүүлд нүүдэг. Би энэ өвөлжөөнөөс хүүгээ явуулж чадахгүй. Яагаад гэвэл миний хүү ч гэсэн газар эзэмших гэрчилгээтэй, татвараа цаг хугацаанд нь төлдөг болохоор бид нар нүүхгүй. Бид нар Улаан нүүрийн өвөлжөөнд байх эрхтэй гэж бодож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар Р.*******оогийн нэхэмжлэлтэй С.*******т холбогдох Өвөлжөөний газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Р.*******оо давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч Р.*******оо миний бие нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихгүй байх явдал юм. Тус сумын Оргих багийн иргэн Р.*******оо миний бие Доод харганы Улаан нүүрийн өвөлжөөнд 1976 оноос өнөө жил хүртэл 40 гаруй жил нутаглаж яваа ба 1990 онд нэгдэл тарж өвөлжөө хашааг ягаан тасалбар буюу эрхийн бичгээр худалдаж авсан юм. С.******* нь хүргэн ******* манай өвөлжөөнд олон малтай өвөлжихөөр ирсэн Тэгэхээр нь бэлчээрийн даац хэтэрнэ чи малаа аваарай гэхэд би малынхаа хүч таргыг сайжруулж байгаад авмаар байна та надад жаахан хугацааг өгөөч гэхээр нь 10 дугаар сарын 15 гэхэд малаа аваарай гэж хэлсэн боловч малаа аваагүйгээр барахгүй утасаа авахаа байсан. ..... За ингээд багийн засаг дарга, байгаль орчны улсын байцаагч нарт 2-3 удаа өргөдөл хүсэлт өгсөн боловч дорвитой арга хэмжээ аваагүй учраас шүүхэд хандсан юм. Миний нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. .... Энэ нь Иргэний хуулийн 43, 85, 102, 107, 108, 109 дүгээр зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 29 тоот шийдвэрийг анхан шатны шүүхэд буцааж хэргийг дахин хэлэлцүүлэх боломжийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.*******оо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзээд давж заалдах гомдол гаргасан. Энэ маргаан ******* ******* бид 3-ын дунд болсон. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхэд С.*******ыг ээж нь төлөөлж орж ирдэг, *******ыг энэ хэрэгт огт оролцуулдаггүй. ******* л өвөлжөө, малын бэлчээрийг хүндрүүлж байгаа гол хүн байдаг. Би *******ыг анхан шатны шүүхэд гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Тэр өдөр нь *******ыг шүүхэд дуудаж авчираад бид 3 нүүрэлдсэн. Шүүгч *******аас надтай ярьсан ярианы талаар асуусан. ******* хариулахдаа олон малын хүч таргыг ахиулах гэж бодоод малаа аваачсан гэж байсан. ******* надаас танай өвөлжөө өвс сайн гарсан байна, малынхаа хүч таргыг нэмэгдүүлье гэхэд нь би 10 дугаар сарын 15 гээд малаа аваарай гэхэд ******* за гэж хэлээд явсан. Намар 9 сар болоход надтай тийм зүйл яриагүй тэр олон малыг хүргэн нь ээждээ худалдсан гэж худлаа ярих болсон. Би *******аатай яриад байх зүйлгүй, гол нь *******, ******* хоёртой л ярих зүйл байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай хүргэн ******* хэдэн малаа өсгөж худалддаг. Намар хүргэн маань дахиж хэдэн мал зарна гэхэд нь би худалдаж авсан юм. Нөхөр маань нас барснаас хойш миний бие тааруу Улаан нүүрт өвөлжилгүй хэдэн жил болсон. Манай өвөлжөө бол 2 айлын өвөлжөө гэдэг юм байна лээ. Энэ жил Улаан нүүрт өвс сайн гарсан учраас өвөлжөөндөө өвөлжье гэтэл ийм асуудал гарсан. Манайх 9 сарын 10-ны үед Тээлээс нүүж ирсэн. Миний мал манай хүргэний малтай хамт байдаг. Би малаа авч Улаан нүүрийн өвөлжөөндөө өвөлжье гэж шийдсэн. Түүнээс биш хүргэн маань Улаан нүүрт өвөлжье гэж сэдсэн зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Р.*******оо нь анх шүүхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутагт байрлах Доод харганы Улаан нүүрийн өвөлжөө-ны эзэмшигчээр өөрийгөө тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өвөлжөөний газар чөлөөлүүлэх шаардлага гэж тодорхойлж, иргэний хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн удаа дараагийн тайлбар, анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан түүний тайлбараас үзэхэд тэрээр Тосонцэнгэл сумын Оргих багийн нутагт байрлах Доод харганы Улаан нүүрийн өвөлжөө-ний эзэмшилийн талаар маргаагүй, харин өвөлжөөний хамтран эзэмшигч өвөлжөөний бэлчээрийн даац хэтрүүлэн ээж болон хүргэний олон мал бэлчээрлүүлсэн гэж хариуцагч С.*******тай бэлчээр ашиглах талаар маргаан үүсгэсэн байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт Бэлчээр ашиглах эсэх талаар гарсан маргааныг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын засаг дарга шийдвэрлэнэ.

Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг ... зохих шатны засаг дарга шийдвэрлэхээр, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт дээрх албан тушаалтаны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан эсхүл шүүхээр шийдвэрлүүлэхээр заажээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар зохигчид газар ашиглах маргааны талаар дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж, шийдвэрлүүлэх Газрын тухай хуулийн 52.10, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэсэн эсэх нь тодорхой бус, дээрх журмуудыг хэрэглэх боломжтой байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтанд нийцээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн 090400941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч С.*******оод буцаан олгосугай

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР