Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1044

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

иргэдийн төлөөлөгч Д.Оюунчимэг,

шүүгдэгч Б.С түүний өмгөөлөгч Б.Галхүү,

шүүгдэгч Р.О түүний өмгөөлөгч Л.Бурмаа, Г.Лувсансампил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын С, Б овогт Р-ийн О нарт холбогдох эрүүгийн 2005025791314 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 0000000000 тоотод оршин суух,

- урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ын С /РД: УХ00000000/.

2. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт 0000000000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Р-ийн О, /РД:00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.С, Р.О нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар зүйлийн 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 3 тоотод БНХАУ-ын иргэн хохирогч Б.Б /B/-д хутга зэвсгийн чанартай зүйл ашиглан бэлэн 600.000 төгрөг, 700.000 төгрөгийн үнэ бүхий Оппа маркийн гар утас зэргийг хүч хэрэглэн, довтолж дээрэмдэн авсан,

Мөн 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 3 тоотод БНХАУ-ын иргэн хохирогч Б.Б /B/-ийн толгой тус газарт хутга болон гараараа цохиж түүний биед зулайн урд хэсэгт шарх, зулгаралт, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/,

2. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 12-13/,

3. “Дамно” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн БГ2-20-881 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 60-61/,

4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Номинцэцэгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10068 дугаартай:

“...Б.Б-ын биед зулайн урд хэсэгт шарх, зулгаралт, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 53-54/,

5. Хохирогч Б.Б-ын /B/:

“...Би 2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нийг шилжих шөнө гэртэй ганцаараа байж байхад 02 цагийн үед хүн хаалга тогшихоор нь хэн бэ гэхэд О байна уу гэхээр нь юу О гэхэд, танайд байсан гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд хаалга тогшсон залуу ганцаараа байхаар нь хаалга онгойлготол цаанаас нь бас нэг залуу цуг хаалга татаад орж ирсэн. Манай байрны бүх өрөөгөөр орж үзээд пизда минь юу хийгээд байна. Ямар ажил хийгээд байна гэж байсан. Тэгтэл манай гэрт том пиво талаар нь байсныг хараад энийг чинь уучих уу, гэхээр нь би тэг тэг гэсэн. Тэгтэл тэр хоёр залуу пизда минь хар архи байна уу, хатуухан юм байна уу, гэхээр нь би байхгүй би гараад аваад ирэх үү гэж хэлэхэд тэр хоёр залуу пизда минь хаашаа явах нь вэ, суу газар суу гэхэд нь би газар суух гээд тонгойход сахалтай өндөр залуу нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд нүүрээ барьж байх хооронд бас миний эмзэг эрхтэн лүү өшиглөсөн. Тэр хооронд нөгөө намхан залуу нь гал тогооны өрөөнөөс хутга аваад над руу хүрч ирэхэд өндөр залуу нь намхан залуугаа хутгаа аваад ир би шаая гээд миний зүүн гарыг минь бариад чиний чигчий хуруу яасан юм, энэ хуруутай чинь адилхан тайрчих уу гэж байснаа миний гаран дээр хутгаар зүссэн. Тэгээд шууд хажууд байсан модон жижиг сандал аваад миний толгой руу цохиод байсан, нэлээн хэд цохисон. Би тоог нь сайн санахгүй байна. Би гараараа толгойгоо хааж байсан. Тэр хооронд намхан залуу нь утсаар яриад байсан. Утсаар ярихдаа нөгөөхийг чинь бариад авсан гэж утсаар ярьж байсан. Өндөр залуу нь мөнгө байна уу гээд байхаар нь мөнгө жоохон байна гэхэд тэр өндөр залуу нь гарга гэхээр нь би халааснаасаа 210.000 төгрөг байсныг гаргаж өгсөн. Тэгээд унтлагын өрөөнд ороод ийм жоохон мөнгө байхдаа яадаг юм гээд өндөр залуу нь хутганы ирээр нь толгой руу цохисон. Тэр хооронд намхан нь утсаар яриад энэ чинь мөнгө байхгүй юм байна шүү дээ гээд утсаар яриад байсан. Намайг өндөр сахалтай залуу нь шүүгээ ор зэргийг уудал гээд бүгдийг нь онгичуулсан. Мөнгө хаана байна гэж орилоод нэг хар өнгийн тэлээгээр ороолгоод байсан. Тэгснээ карт чинь хаана байна гээд сахалгүй намхан залуу нь миний Хаан банкны карт аваад гараад явсан. Нөгөө өндөр залуу нь хутгаа бариад цээжин дээр тулгаад хутганы бөгсөөр толгой руу цохиод байсан. Нөгөө карт авч гарсан залуу эргэж орж ирээд пизда минь энэ картанд чинь мөнгө байхгүй байна шүү дээ гээд орж ирээд толгой руу шидээд байсан. Би мөнгө байхгүй гэж хэлээ биз дээ гэсэн. Тэгээд миний гар утсыг аваад хурдан утсаар ярь бушуухан 25.000.000 төгрөг цуглуулж өг гээд өндөр нь миний утсыг надад өгсөн. Би өөрийн танил найз дүү Үргэн лүү залгасан. Тэгтэл Үргэн надад одоо мөнгө алга гэж хэлсэн. Мөн өөрийн танил Тулгаа гэх залуу руу залгаж асуухад шөнө хаанаас мөнгө олох билээ надад мөнгө байхгүй гэж байсан. Намайг нойлын өрөө рүү оруулж цусаа угаа гэсэн. Тэгээд би тонгойгоод цусаа угааж байхад араас нэг нь цохиод байсан. Тэгээд нойлын өрөөнөөс гарч ирэхэд өндөр сахалтай нь маргааш 1 цаг гэхэд 25.000.000 төгрөг бэлэн болгохгүй бол чамайг ална шүү гэсэн. Тэгтэл нөгөө намхан залуу нь миний утсыг үзээд дэлгэцэн дээр нь миний охины зураг байсныг хараад яасан хөөрхөн охин бэ, чиний охин уу гэхээр нь би тийм гэж хэлсэн. Тэгтэл намхан залуу нь миний утсыг үлдээх гэж байхад өндөр сахалтай залуу нь миний утсанд өөрийнхөө симийг хийгээд өөрийнхөө утсыг надад өгөөд 00000000 гэсэн дугаар үлдээгээд маргааш мөнгө бэлэн болгоод энэ дугаар луу залгаарай гээд бичиж үлдээгээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 27-29/,

6. Гэрч С.А-ийн:

“...Би 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байхад ажлын хамтрагч Б.Б нь 13 цаг өнгөрч байх үед би хүнд хутгалуулаад дээрэмдүүлсэн байна. Хэцүү байна хүрээд ирээч гэж над руу ярьсан. Би яваад очиход толгой гарандаа гэмтэл авсан нүүр нь хавдсан байсан. Тэгээд шууд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх 34/,

7. Гэрч Н.Бямбажавын:

“...Би 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг 30 минутын үед 3 дугаар эмнэлэгт эгчийгээ эргэчхээд явж байсан. Манай танил найз О С-гийн 80751661 гэсэн дугаараас залгаад О байна. Ажлаас өнөөдөр залгасан уу, өнөөдөр очиж чадсангүй гэж ярьсан. Чи хаана байгаа юм бэ гэж асуухад 10 дугаар хороололд Хенан гээд буудлын 302 тоот өрөөнд байна хүрээд ирээч гэхээр нь 30-аад минутын дараа яваад очсон. Тэгээд орой 23 цаг болж байхад Өлзийсайхан орж ирээд бид дөрөв юм ярьж суугаад О, С хоёр тасраад унтаад өгсөн. С тасарч унтахаас өмнө Өлзийсайханд утас цэнэглээд өгчих өглөө буудлаас гарахдаа авна гээд нэг хар өнгийн утас өгч байсан. Өлзийсайхан гэртээ харьсан би ч тэндээ унтаад өгсөн. Өглөө үүрээр цагдаа орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 40-41/,

8. Гэрч О.Ө-ны:

“...С нэг хар өнгийн гар утсанд өөрийн сим картаа хийж ашиглаж байсан. Тэр шөнө С тухайн гар утсанд өөрийн фейсбүүкийг оруулж ашиглаж байхаар нь би С-гийн гар утас юм байх гэж бодсон. Тэгээд би тэр зочид буудлаас гараад гэртээ харих гэж байтал С энэ миний гар утас байгаа юм чи цэнэглээд өгөөч гэсэн тэгээд би тэр гар утсыг нь аваад хартал Оппа загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх 30/,

9. Гэрч А.А-ийн:

“...Б руу залгаад А очсон уу гэж асуухад Өвөрмонгол Б та нарын дуудаж ирсэн залуучууд намайг зодоод хутгалаад, дээрэмдээд яваад өгсөн байна гэхээр нь яанаа гээд А руу яаралтай залга гээд мессеж бичсэн байсан. Тэгээд 15 цаг хүртэл хүлээсэн. Би найз Х-ийн гэрт хүүхдээ унтуулчхаад 10 дугаар хороолол руу Балжиннямын гэрт нь ороход А, Б, түүний компанийн гэх хүмүүс ирсэн байсан. Үсээ дээрээ боосон, шардуу царайтай, жижигхэн нүдтэй, 170 орчим өндөртэй хар цамцтай, жинсэн өмдтэй байсан. Нөгөө залууг нь С гэж дуудаад байсан. Баруун гар нь том жижиг, гадуураа ямар хувцастай байсныг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 43-45/,

10. Гэрч М.М-ийн:

“...би Баяраатай буудалд хэвтэж байхад А над руу залгаад нөгөө хоёр залуу чинь Өвөрмонгол Б-ыг хутгалаад дээрэмдсэн байна, хүрээд ир...” гэсэн мэдүүлэг /хх 46-47/,

11. Шүүгдэгч Б.С-гээс Монгол Улсын Ерөнхий прокурорт хандаж гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаарх хариу мэдэгдэх хуудас, прокурорын тогтоол,

12. Шүүгдэгч Б.С нь хөдөлмөрийн чадвараа 74 хувиар алдсан тухай түүний эрүүл мэндийн талаарх баримтууд, 

13. Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт,

14. Шүүгдэгч Р.О-ын 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эхнэр С.Г нь жирэмсэн болох нь үнэн гэх Өрхийн эмнэлгийн тодорхойлолт,

15. Хохирогч Б.Б /B/-ын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Миний бие хохирлоо бүрэн хүлээн авсан. Б.С, Р.О нарт гомдол, саналгүй” гэсэн хүсэлт болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.С, Р.О нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.С, Р.О нар нь хохирогч Б.Б /B/-д хутга зэвсгийн чанартай зүйл ашиглан бэлэн 600.000 төгрөг, 700.000 төгрөгийн үнэ бүхий О маркийн гар утас зэргийг хүч хэрэглэн, довтолж дээрэмдэн авсан, мөн хохирогч Б.Б /B/-ийн толгой тус газарт хутга болон гараараа цохиж түүний биед зулайн урд хэсэгт шарх, зулгаралт, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Б.С, Р.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.С-гийн өмгөөлөгч Б.Галхүү “Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Хохирогч Б.Б /B/-ийн мэдүүлэгт дурдагдсан түүнтэй утсаар ярьсан гэх хүнийг олж тогтоолгох ажиллагааг хийгээгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Р.О-ын өмгөөлөгч Л.Бурмаа “Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан тул хохирогчтой тухайн үед утсаар ярьсан хүнийг олж шалгуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Р.О-ын өмгөөлөгч Г.Лувсансампил “Өмгөөлөгч нарын дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С, Р.О нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.С, Р.О нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар зүйлийн 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 3 тоотод БНХАУ-ын иргэн хохирогч Б.Б /B/-д хутга зэвсгийн чанартай зүйл ашиглан бэлэн 600.000 төгрөг, 700.000 төгрөгийн үнэ бүхий Оппа маркийн гар утас зэргийг хүч хэрэглэн, довтолж дээрэмдэн авсан,

Мөн 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 3 тоотод БНХАУ-ын иргэн хохирогч Б.Б /B/-ийн толгой тус газарт хутга болон гараараа цохиж түүний биед зулайн урд хэсэгт шарх, зулгаралт, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл,

- “Дамно” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн БГ2-20-881 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Номинцэцэгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10068 дугаартай “...Б.Б-ын биед зулайн урд хэсэгт шарх, зулгаралт, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

- Хохирогч Б.Б-/B/-ын “...2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нийг шилжих шөнө гэртэй ганцаараа байж байхад 02 цагийн үед хүн хаалга тогшихоор нь хэн бэ гэхэд О байна уу гэхээр нь юун О гэхэд, танайд байсан гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд хаалга тогшсон залуу ганцаараа байхаар нь хаалга онгойлготол цаанаас нь бас нэг залуу цуг хаалга татаад орж ирсэн. Манай байрны бүх өрөөгөөр орж үзээд пизда минь юу хийгээд байна. Ямар ажил хийгээд байна гэж байсан. ...тэр хоёр залуу пизда минь хаашаа явах нь вэ, суу газар суу гэхэд нь би газар суух гээд тонгойход сахалтай өндөр залуу нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд нүүрээ барьж байх хооронд бас миний эмзэг эрхтэн лүү өшиглөсөн. Тэр хооронд нөгөө намхан залуу нь гал тогооны өрөөнөөс хутга аваад над руу хүрч ирэхэд өндөр залуу нь намхан залуугаа хутгаа аваад ир би шаая гээд миний зүүн гарыг минь бариад чиний чигчий хуруу яасан юм, энэ хуруутай чинь адилхан тайрчих уу гэж байснаа миний гаран дээр хутгаар зүссэн. Тэгээд шууд хажууд байсан модон жижиг сандал аваад миний толгой руу цохиод байсан, нэлээн хэд цохисон. Би тоог нь сайн санахгүй байна. ...Өндөр залуу нь мөнгө байна уу гээд байхаар нь мөнгө жоохон байна гэхэд тэр өндөр залуу нь гарга гэхээр нь би халааснаасаа 210.000 төгрөг байсныг гаргаж өгсөн. Тэгээд унтлагын өрөөнд ороод ийм жоохон мөнгө байхдаа яадаг юм гээд өндөр залуу нь хутганы ирээр нь толгой руу цохисон. ...Мөнгө хаана байна гэж орилоод нэг хар өнгийн тэлээгээр ороолгоод байсан. Тэгснээ карт чинь хаана байна гээд сахалгүй намхан залуу нь миний Хаан банкны карт аваад гараад явсан. Нөгөө өндөр залуу нь хутгаа бариад цээжин дээр тулгаад хутганы бөгсөөр толгой руу цохиод байсан. Нөгөө карт авч гарсан залуу эргэж орж ирээд пизда минь энэ картанд чинь мөнгө байхгүй байна шүү дээ гээд орж ирээд толгой руу шидээд байсан. Би мөнгө байхгүй гэж хэлээ биз дээ гэсэн. Тэгээд миний гар утсыг аваад хурдан утсаар ярь бушуухан 25.000.000 төгрөг цуглуулж өг гэсэн. Тэгээд нойлын өрөөнөөс гарч ирэхэд өндөр сахалтай нь маргааш 1 цаг гэхэд 25.000.000 төгрөг бэлэн болгохгүй бол чамайг ална шүү гэсэн. ...өндөр сахалтай залуу нь миний утсанд өөрийнхөө симийг хийгээд өөрийнхөө утсыг надад өгөөд 80751661 гэсэн дугаар үлдээгээд маргааш мөнгө бэлэн болгоод энэ дугаар луу залгаарай гээд бичиж үлдээгээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч С.А-ийн “...Б 13 цаг өнгөрч байх үед би хүнд хутгалуулаад дээрэмдүүлсэн байна. Хэцүү байна хүрээд ирээч гэж над руу ярьсан. Би яваад очиход толгой гарандаа гэмтэл авсан нүүр нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Н.Б-ын “...С тасарч унтахаас өмнө Ө-д утас цэнэглээд өгчих өглөө буудлаас гарахдаа авна гээд нэг хар өнгийн утас өгч байсан. Ө гэртээ харьсан би ч тэндээ унтаад өгсөн. Өглөө үүрээр цагдаа орж ирсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.Ө-ын “...С нэг хар өнгийн гар утсанд өөрийн сим картаа хийж ашиглаж байсан. ...С энэ миний гар утас байгаа юм чи цэнэглээд өгөөч гэсэн тэгээд би тэр гар утсыг нь аваад хартал Оппа загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч А.А-ийн “...Б руу залгаад А очсон уу гэж асуухад Өвөрмонгол Б та нарын дуудаж ирсэн залуучууд намайг зодоод хутгалаад, дээрэмдээд яваад өгсөн байна гэхээр нь яанаа гээд А руу яаралтай залга гээд мессеж бичсэн...” гэсэн мэдүүлэг,  

- Гэрч М.М-ийн “...би Б буудалд хэвтэж байхад  над руу залгаад нөгөө хоёр залуу чинь Өвөрмонгол Б-ыг хутгалаад дээрэмдсэн байна, хүрээд ир...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн амь биед, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгоогоор төгсдөг.

Тухайн хэргийн үйл баримтыг үзвэл шүүгдэгч Б.С, Р.О нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэх зорилгоор урьдчилсан үгсэн тохиролцон, санаа зорилгоороо нэгдэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилгоо хэрэгжүүлж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тус гэмт хэргийг үйлдсэн байх ба, гэмт хэргийг үйлдэхдээ үйлдэл оролцоогоор ижил оролцож, хохирогчийн гэрийн хаалгыг тогшиж, “О байна уу гэж гэрийн хаалгыг онгойлгуулж улмаар гэрт нь орж “пизда минь юу хийгээд байна, ямар ажил хийгээд байна” гэх зэргээр дарамталж улмаар хөлөөрөө эмзэг эрхтэн лүү өшиглөх, толгой руу нь гараараа болон хутгаар цохих, хутгаа аваад ир би шаая, чиний чигчий хуруу яасан юм, энэ хуруутай чинь адилхан тайрчих уу, мөнгө байна уу, банкны картаа өг, маргааш гэхэд 25.000.000 төгрөг бэлэн болгохгүй бол чамайг ална шүү” гэх зэргээр идэвхтэй хүч хэрэглэсэн үйлдлүүдийг хийж, хохирогчийн эд зүйлийг дээрэмдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогчийг дээрэмдсэн идэвхтэй үйлдэл нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байна. Мөн Эрүүгийн хуульд зааснаар “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Б.С, Р.О нар нь гэмт хэрэг үйлдэж хохирогч Б.Б-/B/-ыг дээрэмдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа зэвсэг буюу хутгыг хэрэглэж үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Б.С, Р.О нарыг бүлэглэн “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон”, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэд гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох нөхцөлийг хуульчилсан тул энэ зүйл, хэсгийг гэмт хэргийн зүйлчлэлд журамлан хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэв.  

Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, шүүгдэгч Б.С, Р.О нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм бурууг тогтоох боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Шүүгдэгч Б.С, Р.О нар нь хохирогч Б.Б-/B/-ыг дээрэмдэх үедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Б.Б нь эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 1.300.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Р.О, Б.С нар нь хохирлыг нөхөн төлсөн. Мөн хохирогчийн гар утсыг нь буцаан өгсөн байна. Иймд шүүгдэгч Б.С, Р.О нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.С, Р.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоох, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Б.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч Р.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.С-гийн өмгөөлөгч Б.Галхүү “Шүүхээс шүүгдэгч Б.С-г гэм буруутайд тооцсон тулд түүний эрүүл мэндийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Р.О-ын өмгөөлөгч Л.Бурмаа “Шүүгдэгч Р.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн ар гэрийн байдал зэргийг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Р.О-ын өмгөөлөгч Г.Лувсансампил “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Б.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгүүлж байсан бүртгэлтэй байна. Шүүгдэгч Р.О урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд нь бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцсон.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүгдэгч Б.С, Р.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба, шүүгдэгч Б.С, Р.О нар нь бүлэглэж санаатай гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал байгаа тул тэдэнд дээрх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.С, Р.О нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх нийт ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Р.О-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.С-ийн урьд цагдан хоригдсон 107 хоног, шүүгдэгч Р.О-ын 30 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005025791314 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг зохих журмын дагуу устгах, Эл жи /LG/ загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.С-д буцаан олгож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б-ын С, Б овогт Р-ийн О нарыг бүлэглэн “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг,

- Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарыг тус бүр 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарыг тус бүр 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоног буюу 3 сарын хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх нийт хорих ялыг 5 /таван/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарт оногдуулсан 5 /таван/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-гийн урьд цагдан хоригдсон 107 /зуун долоо/ хоног, шүүгдэгч Р.О-ын урьд цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгийг зохих журмын дагуу устгах, Эл жи /LG/ загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.С-д буцаан олгох, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р.О-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С, Р.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ

                                                            ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ

                                                             ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ

 

 

 

 ШҮҮГЧ