| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0006/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/09 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/09
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч, хяналтын прокурор Б.Б,
Шүүгдэгч С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох 2013003780268 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөтлөгч-хөгжимчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын **дугаар багийн 222 тоотод оршин суудаг, ам бүл 7, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Х-ы Г- /Г-/, регистрийн дугаар БМ...............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Г- нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 10 дугаар багт байрлах өөрийн гэртээ эхнэр А.Б-ийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Г- нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 10 дугаар багт байрлах өөрийн гэртээ эхнэр А.Б-ийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Х.Г- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1. Эрүүгийн 2013003780268 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
- Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 16-21-рх/
“Миний бие 2017 оны 06 дугаар сараас эхлэн Х овогтой Г- гэх залуутай гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлж өсгөж байна. Манайх тус сумын 10 дугаар багт оршин суудаг юм. Нөхөр болох Х.Г- нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Миний бие аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “А” үйлчилгээний төвд худалдагчаар ажиллаж байгаад түр хугацаагаар амарч байна. Нөхөр маань гэр бүл болсноос хойш удалгүй намайг хардаж, ямар нэгэн шалтгаангүйгээр хэрүүл маргаан гаргаж амгалан тайван байдлыг алдагдуулж ирсэн. Би хоёр хүүхэдтэй болохоор нөхрөө уучилж ирсэн. Ингээд өнгөрсөн жил 2019 оны 12 дугаар сараас надад гар хүрч шалтгаангүйгээр зоддог болсон. Үүнээс хойш хэд хэдэн удаа зодсон. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нөхөр маань намайг гэрт байж байхад хэрүүл гаргаж зодсон. Тухайн үед миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Дараа нь өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед би хадам ах болох Сайлауханы гэрт нь очиж нэг аяга цай уугаад, буцаж гэрт очиход Х.Г- гаднаас орж ирж байсан ба чи тэнээд хаашаа яваад ирж байгаа юм бэ гэж надтай хэрүүл хийхээр нь би хадмынд очиж нэг аяга цай уугаад ирлээ гэж хэлээд хүүхдээ хөхүүлж сууж байхад Х.Г- нь миний хажууд хүрч ирээд миний толгой, баруун талын нүд, баруун талын хавирга орчмоор гараараа хүчтэй цохиж зодсон.” гэх мэдүүлэг,
- Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 22-24-рх/
“А.Б- нь миний охин юм. Харин Х.Г- нь түүний нөхөр болдог. Тэд 2017 онд гэр бүл болж байсан. Одоогоор 2 хүүхэдтэй, Х.Г- нь тодорхой эрхэлсэн ажилгүй. А.Б- маань дэлгүүрт худалдагчаар ажилладаг. Энэ хугацаанд Х.Г-ын архи ууж байсныг огт хараагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгсэн мөртлөө эрүүл байхад А.Б-ийг цохиж зодсон байсан. А.Б- нь урьд өмнө Х.Г- зодсон талаар хэлж байгаагүй. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нөхөр болох А бид хоёр хөдөө явж байсан ба А.Б-ийг нөхөр нь Х.Г- зодсон талаар сонсож мэдээд хөдөөнөөс ирсэн. Тухайн үед А.Б-ийн зүүн талын нүд нь хөхөрч, хавдсан байсан. Мөн биеэр нь энд тэнд хөхөрсөн байсан. А.Б- нь Х.Г- урьд өмнө цохиж зодсон талаар огт хэлж байгаагүй. Урьд өмнө хэд хэдэн удаа зодсон юм шиг байсан. Чухам хэзээ, хаана зодсон талаар мэдэхгүй. А.Б-ээс асуухад Х.Г- нь хэд хэдэн удаа цохиж зодсон талаар хэлсэн. Гэвч цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулсан зүйл байхгүй. Хэзээ хэдэн удаа зодсон эсэхээ А.Б- өөрөө ч санахгүй байна.” гэх мэдүүлэг,
- Гэрч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 29-30-рх/
“Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны үед Ногооннуур суманд оршин суудаг охин болох Н-гийн гэр лүү зочилж яваад 2020 оны 10 дугаар сарын сарын сүүлчээр ирсэн. Намайг гэрт ирэхэд бэр болох А.Б- байгаагүй. Х.Г- тэр хоёр хоорондоо маргалдаж, төрхөм рүү явсан байсан. Тэгээд би Х.Г-аас асуухад тодорхой зүйл хэлээгүй. Бид хоёр өөрсдөө учраа олно гэхээр нь би оролцоогүй. Ингээд А.Б- ирэхгүй байхаар нь хүү болох Х.Г-аас тодруулж асуухад 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.Б-тэй хэрэлдэж, улмаар түүнийг зодсон. Тэгээд А.Б- яваад өгсөн гэж хэлсэн. Ингээд би хүү болох Х.Г-ыг дагуулж, А.Б-ийнд очиж уучлалт гуйж түүнийг дагуулж ирсэн. Одоогоор тэд хамт амьдарч байна. Х.Г-, А.Б- нар нь надтай хамт амьдарч байгаад тусдаа гарсан. Одоогоор бид нар хамт амьдарч байна. Урьд нь Х.Г- А.Б-ийг зодсон эсэхийг сонсож мэдээгүй. Урьд өмнө надад энэ талаар ямар нэгэн зүйл хэлж байгаагүй. Тэд нар тусдаа гарч амьдарна гэхээр нь миний санаж байгаагаар 2020 оны 03 дугаар сард юм шиг байна тусдаа гарч, манай хашаанд байрлах зуны байшинд амьдардаг болсон. Харин миний нүдэнд харагдахаар зодолдож, хэрүүл маргаан гарч байгаагүй. Ямар нэгэн асуудал болсон талаар Х.Г-, А.Б- нар хэлж байгаагүй.” гэх мэдүүлэг,
- Гэрч А.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 26-27-рх/
“Аймгийн төвд очоод аавын гэрт сууж байхад 14 цагийн орчим байх над руу эгч А.Б- залгаж манай гэрт ир гэж хэлсэн бөгөөд би гэрт нь яваад очиход эгч А.Б-ийн нүүр хэсэг нь хөхөрсөн сууж байсан. Юу болсон талаар асуухад эгчийн нөхөр нь Х.Г- “юманд цохиж авсан” гэж хэлсэн. Тэгээд Х.Г- гараад явсны дараа эгчээс асуухад “хойд талын гэрт яагаад очсон юм бэ, гэртээ сууж байхгүй” гэж хэлээд Х.Г- цохисон гэж хэлсэн. Дээрээс нь Х.Г- намайг энэ тэндхийн залуучуудтай нийлүүлж хэлсэн. Тэгээд би ч гэсэн өөдөөс нь юм яриад хэрэлдэхэд Х.Г- намайг цохичихсон гэж хэлсэн. ...Урьд өмнө эгч нөхөртөө зодуулсан талаар надад хэлж байгаагүй. Тухайн өдөр хүргэн ах маань эрүүл байсан юм.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 10-р сарын 26-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн “Иргэн А.Б-ийн биед тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд хавантай,хөх ягаан туяатай, цус хуралттай, баруун нүдний гадна ирмэгт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бүслүүр орчим хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шилбэний ар талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.Бүх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад түр нөлөөлөх болно. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн, гэмтэл нь цөм нэг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-рх/,
- Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дээрх гэмтлүүдийг ялгаж салгах боломжгүй. Дээрх гэмтлүүд үүсэхэд тархины доргилт хамт үүсдэг. Уг гэмтлүүдийг тархины доргилтоос салгах боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-рх/,
-Шүүгдэгч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 41-42-рх/
“2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед гаднаас гэрт орж ирэхэд эхнэр А.Б- байгаагүй. Тэгэхээр нь би А.Б-ийн утас руу залгаж хаана байна гэж асуухад манай хамаатны ахынд байна, одоо очлоо гэсэн. Тэгж байтал А.Б- удалгүй орж ирсэн бөгөөд миний уур хүрээд чи тэнээд хаашаа яваад ирж байна гэж хэлэхэд миний өөдөөс маргалдаж хэрэлдсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд түүний баруун талын хацар луу нэг удаа алгадаж авсан. Тухайн үед түүний баруун талын нүдний тус газар миний гар хүрсэн байсан ба хөхөрч хавдсан. Мөн би түүний баруун гарын бугалга, бүслүүр хэсгээр гараараа базаж авсан ба тус газраар хөхөрсөн байсан. Ингээд А.Б- надад уурлаад хэрэлдэж гэр лүүгээ яваад өгсөн. Дараа нь бид хоёр учраа олж би А.Б-ээс уучлалт гуйж, дахиж ийм асуудал гаргахгүй гэж ам тангараг өгсөн юм. Одоогоор бид хоёр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж асуудал гаргахгүй, эхнэр хүүхдүүдээ бодоод сайхан амьдрах болно. ...Энэ үйл явдлаас өмнө хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2020 оны 10 дугаар сарын эхээр А.Б- бид хоёр маргалдаж хэрэлдэж, улмаар түүний зүүн талын нүд рүү миний гар хүрч хөхөрч байсан. Түүнээс биш өөр байдлаар байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үзүүлээгүй.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 536 дугаартай “БМ.............. регистрийн дугаартай, Х- овогтой Г- нь Ө сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/232 дугаар захирамжийн холбогдох хэсгээр газар эзэмшдэг байна.” гэх албан бичиг /хх-ийн 52/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/1716 дугаартай “Х.Г- /БМ............../ нь өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд Ө сумын 6-р баг, Хөх толгой 3-4 тоот хаягт байрлах Ү-0213003577 улсын бүртгэлийн дугаартай, өвлийн сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.” гэх албан бичиг /хх-ийн 59-р хуудас/,
- Шүүгдэгч Х.Г- болон хохирогч А.Б- нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60/,
- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 37 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаартай албан бичиг /хх-ийн 63-64/,
- 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон “РД:БМ.............., овог:Х-, эцэг/эх/-ийн нэр:Х-, нэр:Г-, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Ө, төрсөн огноо:1990/11/05, хаяг:Баян-Өлгий, Ө, 10-р баг, Х, ***гудамж, ***тоот, хүчинтэй хугацаа:2035-11-05, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.Г- нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 10 дугаар багт байрлах өөрийн гэртээ эхнэр А.Б-ийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хадмынд очиж нэг аяга цай уугаад ирлээ гэж хэлээд хүүхдээ хөхүүлж сууж байхад Х.Г- нь миний хажууд хүрч ирээд миний толгой, баруун талын нүд, баруун талын хавирга орчмоор гараараа хүчтэй цохиж зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-21-рх/,
- Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед А.Б-ийн зүүн талын нүд нь хөхөрч, хавдсан байсан. Мөн биеэр нь энд тэнд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-рх/,
- Гэрч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд А.Б- ирэхгүй байхаар нь хүү болох Х.Г-аас тодруулж асуухад 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.Б-тэй хэрэлдэж, улмаар түүнийг зодсон. Тэгээд А.Б- яваад өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-рх/,
- Гэрч А.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Юу болсон талаар асуухад эгчийн нөхөр нь Х.Г- “юманд цохиж авсан” гэж хэлсэн. Тэгээд Х.Г- гараад явсны дараа эгчээс асуухад “хойд талын гэрт яагаад очсон юм бэ, гэртээ сууж байхгүй” гэж хэлээд Х.Г- цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-рх/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 10-р сарын 26-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн “...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-рх/,
- Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дээрх гэмтлүүдийг ялгаж салгах боломжгүй. Дээрх гэмтлүүд үүсэхэд тархины доргилт хамт үүсдэг. Уг гэмтлүүдийг тархины доргилтоос салгах боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-рх/,
-Шүүгдэгч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь миний уур хүрээд түүний баруун талын хацар луу нэг удаа алгадаж авсан. Тухайн үед түүний баруун талын нүдний тус газар миний гар хүрсэн байсан ба хөхөрч хавдсан. Мөн би түүний баруун гарын бугалга, бүслүүр хэсгээр гараараа базаж авсан ба тус газраар хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-рх/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба Х.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
Шүүгдэгч Х.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Шүүгдэгч Х.Г- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Г-ын үйлдлийн улмаас хохирогч А.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10-р сарын 26-ны өдрийн 463 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч Х.Г-ын хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Гэмт хэрэг гарахад гэр бүлийн гишүүдийн бие биедээ хүндэтгэлгүй хандаж байгаа хандлага нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд прокуророос шүүгдэгч Х.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч А.Б- нь ямар нэгэн нэхэмжлээгүй тул шүүгдэгч Х.Г- нь хохирогчид төлөх төлбөргүй байна. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах албанд гудамж талбай цэвэрлэх ажил хийлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Х-ы Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах албанд гудамж талбай цэвэрлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК