Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 1051

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Анхбаяр,

иргэдийн төлөөлөгч М.М,

хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

шүүгдэгч Б.А түүний өмгөөлөгч Б.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Б-ын А-д холбогдох эрүүгийн 2005000001416 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 05-ны өдөр ХХХХХ төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, ХХХХХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 байрны 00 тоотод оршин суух,

- урьд Барилгын цэргийн тусгай шүүхийн 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 203 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109-б, 168-б-д тус тус зааснаар 4 жилийн хорих ял,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Л овогт Б-ын А /РД: 00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18/б байрны 3 давхарт иргэн Д.М-ийг таарамжгүй харьцааны улмаас марган улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж, түүнд “цээжний зүүн талд хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэсний уруудах хөндлөн гэдэсний зааг хэсгийг нэвт гэмтээсэн шарх, гэдэсний агуулагдахуун гадагшлалт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан энэ гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл /хутга/ хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М мэдүүлэхдээ: “...Миний бие шүүгдэгчээс өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хор уршгийн зардал болон сэтгэл санааны хохиролд нийтдээ 20 сая төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Д.М-ийн:

“...би 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн орчимд өөрийн найз Т-ийн хамт 18/б дугаар байрны машин гардаг хэсгийн хажууд байрладаг улаан өнгийн манаачийн пүткэнд лаазтай пиво уугаад сууж байсан юм тэгтэл пүткэнд А гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай орж ирэхээр нь би мэнд мэдээд найзынхаа хамт сууж байсан орны доод хэсэгт хаалганд талд суусан юм. Тэгээд би А-д хандаж та өдий насалчхаад жоохон охидууд гэрээрээ оруулж гаргаад болиоч гэж тоглоомоор хэлтэл чамд ямар хамаатай юм бэ банди минь гэж хэлээд над руу дайрч эхлээд босоод ирсэн тэгтэл манай найз Төрөө шууд А-ыг түлхээд пүткнээс гаргачихсан юм. Тэгтэл пүткний хаалга онгорхой байсан учир гадаа гарсан А нь би чамайг хутгалж ална чам шиг банди нарыг олон үзэж байсан гэх утгатай зүйлс яриад эхэлсэн. Тэгэхээр нь би эндээс зайл гэж хэлтэл А яваад өгчихсөн юм. Орцныхоо 3 давхарт гараад ирэхэд А манай гэрийн үүдэн дээр намайг хүлээгээд зогсож байхаар нь би А-д хандаж хоёулаа нэг байрны хүмүүс учраас маргалдаад хэрэггүй байх гэж хэлээд гар барих гээд урдаас нь яваад очиход миний гарыг түлхээд чамайг ална гэж орилохоор нь би урдаас нь хэрэлдээд эхлэхэд манай эхнэр бид хоёрын дундуур орж ирээд болиоч гэж хэлээд хоёр тийш нь түлхсэн юм. Миний хувьд А-аас зайгаа аваад байж байтал миний эхнэрийг хана руу саваад түлхчихсэн юм тэгэхээр нь би урдаас нь 1 алхахад шууд гүйж ирээд миний суган доогуур ороод цээж болон хэвлий хэсгийн газрууд руу цохих шиг болсон тэгэхээр нь би А-ыг цааш түлхэхэд манай эхнэр ардаас нь татсан юм тэгтэл А шууд хойшоо ухарч намайг харж байснаа шатаар буугаад гүйчихсэн, намайг хутгалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 19-22/,

Гэрч У.М-ийн:

“...манай нөхөр гадаа пиво уугаад сууж байхаар нь би гэр лүүгээ дагуулаад дотогш ороод 3 давхарт гарч ирэхэд 28 тоотын ах үүдэндээ хаалгаа түлхүүрдээд зогсож байгаад шууд бид хоёрыг хараад банди минь би чамайг хутгалж ална гээд байсан тэгээд хүрээд ирэхээр нь би нөхрөө яах гээд байгаа юм бэ настай хүнтэй битгий муудалц гээд цааш гэр лүүгээ алхахад араас хөөш гээд намайг татахад манай нөхөр М тэр ахыг бариад авсан тэгээд тэр ах доогуур баруун гараараа элэгдээд байх шиг байсан би салгаад нөхөртэйгөө гэртээ орж ирэхэд манай нөхөр намайг хутгалчихсан юм шиг байна гээд гэдэснийхээ зүүн хэсэгт гараа тавиад хувцсаа тайлахад зүүн хавирганы доод хэсэгт 1 ширхэг зүүн цавины дээд хэсэгт 1 ширхэг, баруун гуяны хойд дотор хэсэгт хоёр ширхэг хутганы мөртэй байсан. Тэр ах 4 удаа манай нөхрийг хутгалсан байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 23-27/,

Гэрч Н.Б-ын:

“...Оройн 22 цагийн орчимд ажлынхаа өрөөнд сэрээд коридорт гартал манай өрөөний үүдний коридорт манай байгууллагын хамгаалагч Б ахын найз А гэх эрэгтэй шалан дээр унтаж байсан. Тэгээд би Б ахаас А энд юугаа хийж унтаж байгаа юм бэ гэж асуухад түрүүн согтуу ирээд тасраад унтаад өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд би Б ахыг нэг шил архи аваад ир гэж мөнгө өгч явуулаад авчирсан архийг нь Б ах болон унтаж байсан А-ыг сэрээгээд бид гурав хувааж ууж байх явцад А “би өчигдөр шөнө гэртээ орох гэж байгаад нэг эрэгтэй хүнтэй маргалдаад нөгөө эрэгтэй хүн маань миний хоолойноос боохоор нь биедээ авч явж байсан тонгорог хутгаар гуянд нь 2 удаа шаачихсан” гэж хэлхээр нь би А “нөгөө хүний чинь амь насанд халгүй биз дээ” гэхэд А “үгүй ээ би хэмжээ аваагүй хутгаар гуя руу нь бүтэн дүрсэн” гэж надад хэлсэн. Тэгээд тэр тухай яриа дуусаад би болон А бид хоёр архиа ууж дуусгаад тасраад манай ажлын өрөөний үүдэнд шалан дээр унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,

4. Гэрч Г.Т-ын:

“...би 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчимд Б
дүүргийн 00-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 байрны 00 тоот болох
М-ийн гэрт нь орж 3-4 ширхэг 0.5 литрийн лаазтай пиво хувааж ууж байгаад
эхнэр нь ирчихээр нь эхнэр гэрт ирчихсэн юм чинь гарч ууя гэж хэлэхээр нь гэрээс
нь гараад байрны доор байдаг пүтк рүү ороод харин М дэлгүүр явж хүн тус
бүрийн 2 ширхэг лаазтай пиво авч ирээд түүнийг нь уугаад сууж байтал зүс таних
манай байранд амьдардаг эрэгтэй хүн пүткэн дотор орж ирээд сууж байсан. Тэр хүн болон М нар гэнэт маргалдаад эхлэхээр нь би шууд тэр хоёрыг салгаад зүс таних хүнийг пүткнээс гаргаад хаалгаа хаасан. Тэгээд М дэлгүүр орохоор явсан би гэртээ ороод шууд амарсан...” гэсэн мэдүүлэг /хх 32-33/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын
26-ны өдрийн шинжээчийн 10817 дугаартай:

“...Д.М-ийн биед цээжний зүүн талд хэвлийн хөндий рүү хатгагдаж
зүсэгдсэн нэвтэрсэн нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэсний уруудах хөндлөн гэдэсний зааг хэсгийг нэвт гэмтээсэн шарх, гэдэсний агуулагдахуун гадагшлалт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 39-41/,

6. Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 14/,

7. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...гэрээсээ гарахдаа халаасандаа хийсэн байсан хутгаа халааснаасаа
баруун гараараа аваад гурав, дөрөв удаа хохирогчийн бие рүү чичсэн...” гэсэн мэдүүлэг /хх 53-54/,

8. Барилгын цэргийн тусгай шүүхийн 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 203 дугаар Таслан шийдвэрлэх тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоол,

9. Хохирогч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд шинээр гаргаж өгсөн эм тариа болон эмчилгээ хийлгэсэн төлбөр, өмгөөлөгчийн зардал, хохирогчийн эхнэр У.М-ийн цалингийн тодорхойлолт, банкны зээлийн төлбөрийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг
шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг
шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд
заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А нь хохирогч Д.М-ийн хэвлийн тус газарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаж байгаа хохирол төлбөрт тооцогдох хэсгийг шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн асуудал дээр хэлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтад хэрэг байх үед прокурорын зүгээс хохирогчийн эрх ашгийг хамгаалах талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байхад улсын яллагч хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаж байгаа хохирол төлбөрт тооцогдох хэсгийг гаргуулах тухай дүгнэлт гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгч Б.А нь төлөхөө илэрхийлж байгаа тул нэхэмжилсэн хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж дүгнэлтдээ “Хохирогч Д.М нь шүүгдэгчийг “банди минь” гэж хэлснээс болж энэ хэрэг гарсан гэж үзэж байна. Гэхдээ шүүгдэгч Б.А нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хорио цээрийн дэглэм тогтоогоогүй бол хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлчих боломж Б.А-д байсан. Түүний эхнэр хүүхдүүд нь гадаад улсад ажиллаж амьдардаг тул шүүхээс тогтоож өгсөн хохирлыг төлөхөд бэлэн байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.   

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.А-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18/б байрны 3 давхарт иргэн Д.М-ийг таарамжгүй харьцааны улмаас марган улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж, түүнд “цээжний зүүн талд хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэсний уруудах хөндлөн гэдэсний зааг хэсгийг нэвт гэмтээсэн шарх, гэдэсний агуулагдахуун гадагшлалт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан энэ гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн болох нь:

- Хохирогч Д.М-ийн “...би чамайг хутгалж ална чам шиг банди нарыг олон үзэж байсан гэх утгатай зүйлс яриад, ...3 давхарт гараад ирэхэд А манай гэрийн үүдэн дээр намайг хүлээгээд зогсож байхаар нь ...нэг байрны хүмүүс учраас маргалдаад хэрэггүй байх гэж хэлээд гар барих гээд урдаас нь яваад очиход, ...шууд гүйж ирээд миний суган доогуур ороод цээж болон хэвлий хэсгийн газрууд руу цохих шиг болсон тэгэхээр нь би А-ыг цааш түлхэхэд манай эхнэр ардаас нь татсан юм тэгтэл А ...намайг хутгалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч У.М-ийн “...3 давхарт гарч ирэхэд 28 тоотын ах үүдэндээ хаалгаа түлхүүрдээд зогсож байгаад шууд бид хоёрыг хараад банди минь би чамайг хутгалж ална гээд байсан,  ...М тэр ахыг бариад авсан тэгээд тэр ах доогуур баруун гараараа элэгдээд байх шиг байсан би салгаад нөхөртэйгөө гэртээ орж ирэхэд манай нөхөр намайг хутгалчихсан юм шиг байна гээд гэдэснийхээ зүүн хэсэгт гараа тавиад хувцсаа тайлахад зүүн хавирганы доод хэсэгт 1 ширхэг зүүн цавины дээд хэсэгт 1 ширхэг, баруун гуяны хойд дотор хэсэгт хоёр ширхэг хутганы мөртэй байсан. Тэр ах 4 удаа манай нөхрийг хутгалсан байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Н.Б-ын “... А би өчигдөр шөнө гэртээ орох гэж байгаад нэг эрэгтэй хүнтэй маргалдаад нөгөө эрэгтэй хүн миний хоолойноос боохоор нь биедээ авч явж байсан тонгорог хутгаар гуянд нь 2 удаа шаачихсан” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.Т-ын “...Тэр хүн болон М нар гэнэт маргалдаад эхлэхээр нь би шууд тэр хоёрыг салгаад зүс таних хүнийг пүткнээс гаргаад хаалгаа хаасан. Тэгээд М дэлгүүр орохоор явсан би гэртээ ороод шууд амарсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын
26-ны өдрийн шинжээчийн 10817 дугаартай “...Д.М-ийн биед цээжний зүүн талд хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэсний уруудах хөндлөн гэдэсний зааг хэсгийг нэвт гэмтээсэн шарх, гэдэсний агуулагдахуун гадагшлалт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

-Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Б.А нь хохирогчийг хутгалсан идэвхтэй үйлдэл нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байна. Мөн Эрүүгийн хуульд зааснаар “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг буюу хутгыг
хэрэглэж үйлдсэн байна.

Иймд прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн
зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль
бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан
этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Хохирогч Д.М нь эмчилгээний зардал, эм тарианы төлбөр, машины бензиний зардал, эмнэлэгт байх хугацааны хоол хүнсний зардал, хувь хүнээс авсан 3 ширхэг уурагны төлбөр, эхнэр У.М-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх сахиур хийж байх хугацаанд цалингүй чөлөө авсан тул түүний 3 сарын цалин, өмгөөлөгчийн зардал, банкны зээлийн төлбөр, хагалгааны дараах уут сард 10 ширхэг, жилд нийт 120 ширхгийн зардал зэрэгт 10.309.460 төгрөгийг, сэтгэл санааны хохиролд 9.690.540 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн болно.

Иймд хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 1.500.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр, 

- мөн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн банк иргэн Д-ийн М нарын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээг үндэслэж шүүгдэгч Б.А-аас барьцааны зээлийн гэрээний төлбөр болох 1.840.000 төгрөг нэхэмжилсэн нь энэ хэрэгт хамааралгүй үндэслэлээр,  

- мөн хохирогч Д.М сэтгэл санааны хохиролд 9.690.540 төгрөг нэхэмжилсэн нь холбогдох нотлох баримтгүй байх бөгөөд хэрхэн тооцож гаргах талаар хуулийн зохицуулалтгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хохирогч Д.М-ийн дээрх нэхэмжлэлээс түүний эмчилгээ, эм тарианы болон бусад зардалтай холбоотой нийт 6.969.460 төгрөгийн нэхэмжлэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарах тул шүүгдэгч Б.А-аас гаргуулж түүнд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Хохирогч Д.М цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч
Б.А-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж “Хохирогчид учирсан хохирлыг төлөх бүрэн боломжтой байсан боловч хорио цээрийн дэглэм тогтоосон нөхцөл байдлаас болоод төлж амжаагүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон түүний эрүүл мэндийн байдлыг харгалзаж түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг
шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн
бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл
байдал тогтоогдоогүй.

Иймд эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу “гэрээсээ хутга авч гарч, хохирогчийг гэртээ орохыг хүлээж түүнийг хутгалж, хүний эрүүл мэндэд халдаж биед нь хүнд хор уршиг учруулж байгаа хохирлын шинж чанар, мөн урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Мөн шүүгдэгч Б.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 93 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.  

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг багасгах өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.й

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005000001416 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж
ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Б-ын А-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.А-ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-аас 6.969.460 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгож, хохирогч Д.М нь цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ДАЛАЙХҮҮ

                                                                          ШҮҮГЧ                              Ц.ДАЙРИЙЖАВ

                                                                          ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЧИМЭГ