| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/08 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/08
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч Б.А,
Улсын яллагч, хяналтын прокурор Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б,
Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-т холбогдох 2013004120269 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, ам бүл 7, эцэг, эх, дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.б овогт Т-ы Б-, регистрийн дугаар БЗ............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах өөрийн гэртээ 2020 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01-02 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т овогт Б- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах өөрийн гэртээ 2020 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01-02 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1. Эрүүгийн 2013004120269 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
- Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 23-26-рх/
“.... Миний нөхөр Т.Б-ийг найз болох М.Т-, Н.Е- нар дуудаад гэрээс 21 цагийн үед гарсан юм. Тэгээд би унтах гээд шөнийн 12 цагийн үед нөхөр лүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан ба фейсбүүк мессенжерээр М.Т- рүү манай нөхөр хажууд чинь байна уу, байвал над руу чат мессеж бичээч гэхэд М.Т- над руу нөхөр чинь миний хажууд байна, бид нар хөзөр тоглож байна, удахгүй очих болно гэхээр нь би орондоо хүү Б.А-тэй цуг унтаж байхад манай нөхөр Т.Б- гаднаас 01 цаг 30 минутын үед согтуу орж ирсэн. Тэгээд бид хоёр хэрэлдээд нөхөр маань намайг орон дээр сууж байтал миний цамцнаас намайг заамдаж чамд би хаагуур явсан талаараа тайлбарлах албатай юм уу, би чиний хүүхэд биш, чамд хамаагүй гээд миний зүүн талын хацар руу нударгаараа 2-3 удаа зодсон. Тэгэхээр нь би Т.Б-ийг хойш нь түлхээд гадуур хувцсаа өмсөх гэж байтал хадам ээж А.А- унтлагын өрөөнд орж ирээд юу болоод байгаа юм, чи боль гэж Т.Б-т хэлсэн ба ээжийнхээ үгэнд орохгүй намайг чи авгай минь манайхаас зайл гээд ахиад миний толгой, нуруу, гуя руу гар хөлөөрөө ээлжилж зодсон ба миний баруун гарыг хоолойгоор татсан. Тэр үед би баруун гараа татаж авах гээд хүчтэй татах үед миний гарыг тавьсан. Тэгээд цагдаад дуудлага өгөх гэхэд А.А- цагдаа битгий дууд хэрэггүй гээд миний гар утсыг аваад байж байтал Т.Б- дахиад ирж намайг зодоод газарт хүчтэй унагаасан. Тэр үед хадам ээж А.А- өөрөө цагдаад дуудлага өгчихлөө гэхэд Т.Б- намайг зодохоо больсон. 10-15 минутын дараа цагдаа нар ирээд Т.Б- бид хоёрыг дагуулаад цагдаагийн газарт ирж, болсон асуудлын талаар би гомдол гаргасан юм.” гэх мэдүүлэг,
- Гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 31-рх/
“Би тус өдөр 22 цагийн үед найз Т.Б-ийн гэр лүү найз Ж.Н-, Ж.А-ын хамт очсон ба би тэдний гэрийн үүдний коридорын цонхыг тогшиж Т.Б-ийг дуудаж гаргаад гадна гараад ир Ж.Н-, Ж.А- бид 3 хамт явж байна, танай гудамжинд жаахан хөзөр тоглоё гээд гэрээс нь дагуулж гараад миний машинд суугаад бид 4 хамт хөзөр тоглосон. Тэгээд хөзөр тоглоод байж байхад Т.Б-ийн эхнэр 23 цаг 30 минутын үед над руу манай нөхөр Т.Б- хаана байна, хурдан гэртээ ир гэж мессенжерээр чат бичихээр нь би за тэгье гэж бичсэн. Шөнийн 01 цагийн үед Т.Б-ийг гэр лүү нь оруулчхаад гэр гэртээ харьсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Би Т.Б- эхнэрээ зодсон талаараа маргааш нь над руу утсаар залгаж хэлсэн ба би зүгээр үү гэхэд цагдаад мэдүүлэг өглөө, зүгээр байх гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
- Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 33-34-рх/
“2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 02 цагийн үед Өлгий сумын 13 дугаар багт байрлах гэртээ амарч байх үед миний нөхрийн гар утас руу Т.Б-ийн ээж залгаж Т.Б-, С.А- хоёр зодолдож байна, та хоёр хүрээд ирээч гэж хэлсэн юм. Тэгээд нөхөр С- бид хоёр хувцсаа өмсөөд гэрээсээ гарч яваад Өлгий сумын 6 дугаар багт байрлах Т.Б-ийн аав Т-ы гэрт очиж гэрт нь ороход бүгдээрээ сууж байсан. Юу болсон талаар С.А-ээс асуухад нөхөр Т.Б- намайг зодсон гэж хэлсэн ба удалгүй цагдаа нар орж ирээд Т.Б-, С.А- нарыг аваад явсан юм. Урд өмнө зодож цохиж байсан талаар мэдэхгүй юм.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 618 дугаартай шинжээчийн “Иргэн С.А-ийн биед тархины доргилттой, тархины даралттай, зулайд хавдартай, дагзанд хавдартай, зулайд зүүн талд хавдартай, баруун нүд доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүд доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдэнд цус харвалттай, доод эрүүний зүүн талын хавдартай, баруун бугалганд цус хуралттай, баруун тохойд хөх ягаан цус хуралттай, баруун гуяны дотор хөх ягаан туяатай цус хуралттай, ар нуруунд баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн талын даланд хөх ягаан цус хуралттай, баруун шуунд хөх ягаан цус хуралттай, баруун мөрний дээд хэсэгт хөх ягаан цус хуралттай, баруун мөрний доод хэсэгт хөх ягаан цус хуралттай, цээжний зүүн талд хөх ягаан цус хуралттай, зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно. Иргэн С.А-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл үүсээд 1-10 хоног болсон шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадварт нөлөөлөхгүй гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-рх/,
- Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 46-рх/
“...уурандаа болоод эхнэрийнхээ хацар руу гараараа хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/1713 дугаартай “Т.Б- /БЗ........./ нь өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд Өлгий сумын 6-р баг, Хөх толгой 3-4 тоот хаягт байрлах Ү-0213003577 улсын бүртгэлийн дугаартай, өвлийн сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.” гэх албан бичиг /хх-ийн 59-р хуудас/,
- Шүүгдэгч Т.Б- болон хохирогч С.А- нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50, 55/,
- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 60 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч Т.Б- болон хохирогч С.А- нарын хүүхдүүд болох Амире, Амина нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 53-54/,
- 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БЗ........., овог:Ж.б, эцэг/эх/-ийн нэр:Т-, нэр:Б-, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Ногооннуур, төрсөн огноо:1990/11/05, хаяг:Баян-Өлгий, Ногооннуур, 2-р баг, Чихтай, хүчинтэй хугацаа:2019-07-28, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах өөрийн гэртээ 2020 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01-02 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....миний зүүн талын хацар руу нударгаараа 2-3 удаа зодсон. ...ахиад миний толгой, нуруу, гуя руу гар хөлөөрөө ээлжилж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26-рх/,
- Гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т.Б- эхнэрээ зодсон талаараа маргааш нь над руу утсаар залгаж хэлсэн ба би зүгээр үү гэхэд цагдаад мэдүүлэг өглөө, зүгээр байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-рх/,
- Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Юу болсон талаар С.А-ээс асуухад нөхөр Т.Б- намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-рх/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 618 дугаартай шинжээчийн “...Иргэн С.А-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-рх/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба Т.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
Шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Шүүгдэгч Т.Б- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч С.А-ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11-р сарын 27-ны өдрийн 618 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч Т.Б-ийн хохирогч С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Гэмт хэрэг гарахад гэр бүлийн гишүүдийн бие биедээ хүндэтгэлгүй хандаж байгаа хандлага, шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд прокуророос шүүгдэгч Т.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С.А- нь ямар нэгэн нэхэмжлээгүй тул шүүгдэгч Т.Б- нь хохирогчид төлөх төлбөргүй байна. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах албанд гудамж талбай цэвэрлэх ажил хийлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.б овогт Т-ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах албанд гудамж талбай цэвэрлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ цагаар тогтоосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК