Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2017/00081

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр баг, “Зөрүүлэг” гэх газар оршин суух Бууран овогтой Санжаасүрэнгийн Сүхбаатарын /РД:ЙБ60060814/ хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч С.Сүхбаатар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            С.Сүхбаатар миний бие нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Хүсэлт гаргагч С.Сүхбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

        С.Сүхбаатар нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 609 дугаартай архивын лавлагааны хуулбар, С.Сүхбаатарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт тайлбар зэргээр тогтоогдож байна.

         Түүнчлэн гэрч Хууман овогтой Пүрэвсүрэнгийн Оюунгэрэл нь “...Би 1974 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан.  С.Сүхбаатар нь 1985 оны 01 дүгээр сараас эхлэн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1992 оныг дуустал  ажиллаж байсан. С.Сүхбаатар нь төрийн одон медаль авч байгаагүй. Харин Бат-Өлзий сумын 80, 90 жилийн ойн медалиар шагнагдаж байсан. Хонь малладаг байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Насрайж овогтой Донойгийн Рагчаа нь “...Би 1970 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. С.Сүхбаатар 1978 онд цэрэгт татагдаж 1981 онд цэргээс халагдаж ирсэн. 1985 оны 01 дүгээр сараас эхлэн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1992 оныг дуустал ажиллаж байсан. С.Сүхбаатар нь төрийн одон медаль авч байгаагүй. Хонь малладаг байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.                                       С.Сүхбаатар нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дуустал, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан энэ хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх боловч дээрх хугацаа нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар нөхөн олгосон байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

      Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийгхангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч С.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                            

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бууран овогтой Санжаасүрэнгийн Сүхбаатарыг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дуустал, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.                                              

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ                                            Б.САРАНТУЯА