Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2013003920007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, био технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын ***дугаар багт оршин суудаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, С.т.ж овогт Б-ын Б-, регистрийн дугаар БА.............

   Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой 18-19 цагийн хооронд тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн *****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг туслах замаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад гол замаар ирж явсан “шаркс” маркийн улсын дугааргүй мотоциклийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж мөргөж, авто осол гаргасны улмаас хохирогч А.Х-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.  Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.

Эрүүгийн 2013003920007  дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хохирогч А.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед өөрийн эзэмшлийн “Шаркс” маркийн мотоциклээр Алтай сумын иргэн Ү- гэх хүний байшингийн доод талд машины төв замаар явж байхад миний зүүн гар талаас хар ногоон өнгийн УАЗ-46 маркийн тээврийн хэрэгсэл миний унаж явсан мотоциклийн зүүн талын хэсэг рүү хүчтэй мөргөхөд мотоциклтой газар унасан. Би уХ алдаад сэрсэн чинь Б.Б- гэдэг залуу миний хажууд зогсож байсан ба “та зүгээр үү” гэж сандарсан байдалтай харагдсан. Би тэгээд Б.Б-ад: “намайг босгооч миний зүүн талын хөл нэг л биш, нэлээн өвдөж байна” гэсэн чинь Б.Б- надыг машинаар нь сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн. Тэгээд эмч нар үзэж “таны хөл хугарсан байна, яаралтай аймгийн мэс заслын тасагт хүргүүлэх шаардлагатай” гэж хэлсэн. Тэр өдрийн шөнийн 03 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машинаар хүргэгдэж ирсэн. Нэгдсэн эмнэлгийн эмч нар зөвлөлдөж надад: “таны зүүн талын хөл 2 хэсэг яс нь хугарсан гэмтэл ил харагдаж байгаа бөгөөд манай эмнэлгийн зүгээс таны зүүн талын дунд чөмгөнд мэс засал хийх боломжгүй, таныг яаралтай Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт шилжүүлж байна” гэж явуулсан. Би Улаанбаатар хотод 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явж 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Намайг Улаанбаатар хотоос ирсний дараа 1.000.000 төгрөгийг миний Х банкны данс руу шилжүүлж өгсөн. Эмчилгээний зардалд нийт 4.500.000 төгрөг гарсан ба үүнийг жолооч Б.Б- нь 4.000.000 төгрөгийг миний Х банк дахь ***** тоот дансанд бэлэн шилжүүлж, 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад Б.Б-аас цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болсон. Ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29, 39-43-рх/,

2. Гэрч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед нөхөр Б.Б-ын хамт Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хадам аав Б-ын гэрээс гараад нөхөр Б.Б-ын машинтай явж байх үед Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А- гэх хүний гэрийн хойд талд байрлах цэнхэр өнгийн төмөр хашааны зүүн хойд булангаар эргэх үед бидний машины урдаас мотоцикл унасан хүн гарч ирээд мөргүүлсэн юм. Энэ үед нөхөр машинаа зогсоогоод машинаас буусан. Миний бие мөн буугаад очиход манай сумын А.Х- гэх залуу байсан ба мотоциклынхоо хажуу талд зүүн талын хөлөө бариад хөл өвдөөд байна гэж хэлж байсанд миний бие нөхөр Б.Б-ын хамт сумын төвийн эмнэлэг рүү аваад явсан. Тэрээр сумын төвийн эмнэлэгт очиход эмч нар үзээд яаралтай аймгийн төв рүү аваад яв гэж хэлээд уг А.Х- гэх залууг сумын төвөөс аймаг руу явах машинаар явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-рх/,

3. Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-рх/,

4. Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23-рх/,

5. Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 487 дугаар: “....иргэн А.Х-ы биед авто ослын гэмтэл, зүүн талын дунд чөмгөний ил хугаралт, зүүн талын нарийн, бүдүүн шилбэний хэсгийн шархнууд зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд мөргөгдөх, савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба тухайн хэрэг учрал болсон цаг хугацаандаа үүссэн гэмтэл болно. Иргэн А.Х-ы биед үүссэн гэмтэл амь биед аюултай гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 3.1.20 дахь заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт удаан нөлөөлөх болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54-рх/,

6. Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн 19 дугаартай ослын дүгнэлт/хх-ийн 60-61-рх/,

7. Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн 20 дугаартай ослын дүгнэлт /хх-ийн 63-64-рх/,

8. Мөрдөгчийн: ”...зам тээврийн осол гарахад жолооч Б.Б-ын замын хөдөлгөөний дүрмийн 5.9-д гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа зорчигч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг, мөн дүрмийн 12.1-д тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмээр тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг, мөн дүрмийн 12.2-д харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэснийг, 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа /хх-ийн 33-34-рх/,

9. Хохирогч А.Х-ы эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарсан тухай эмчийн тодорхойлолт, эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 55, 91-92-рх/,

10. Хохирогч А.Х-д учирсан хохирлын баримт /хх-ийн 95-115-рх/,

11. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой 18-19 цагийн үед эхнэр Н-гийн хамт Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах миний аав Б-ын гэрээс гараад миний 53-94 БӨТ улсын дугаартай, УАЗ-469 маркийн машинтай хадам дүү Яын гэр лүү явж байх үед Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А- гэх хүний гэрийн хойд талын цэнхэр өнгийн төмөр хашааны зүүн хойд булангаар эргэж гол зам руу орох үед миний машины урдаас мотоцикл унасан хүн гарч ирээд мөргүүлсэн. Энэ үед би машинаа зогсоогоод машинаас эхнэр Н- хамт буугаад очиход манай аав Б-ын хамаатны залуу болох А.Х- гэх залуу байсан ба мотоциклынхоо хажуу талд зүүн талын хөлөө бариад “хөл өвдөөд байна, намайг яаралтай эмнэлэгт хүргээд өг” гэж хэлж байсан. Миний бие эхнэр Н-гийн хамт түүнийг хоёр талаас нь дэмнэж босгоод миний машинд суулгаж, сумын төвийн эмнэлэг рүү яаралтай аваад явсан. Тэрээр сумын төвийн эмнэлэгт очиж, эмч нарт үзүүлэхэд яаралтай аймгийн төв рүү аваад яв гэж хэлээд А.Х-ыг сумын төвөөс аймаг руу явах машинаар явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-рх/,

12. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

 - Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “улсын дугаар *****БӨТ, марк:UAZ, модель:31514, арал дугаар:30149034, үйлдвэрлэсэн он: 2003, өнгө:Бор ногоон, овог:Б-, нэр:БА-, регистр:БА............, хаяг: Баян-Өлгий, Алтай сум, 4-р баг Чихэртэй, утас:95285537” гэх лавлагаа /хх-ийн 85/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/21 дугаартай “Б.Б- /БА............/ нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 79/,

-  2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр олгосон “РД:БА............, овог:С.т.ж-, эцэг /эх/-ийн нэр:Б-, нэр:А-, яс үндэс: Казах, хүйс: Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Алтай, төрсөн огноо: 1992/08/15, хаяг: Баян-Өлгий, Алтай сум, 4-р баг, Чихэртэй, хүчинтэй хугацаа:2037/08/15, хэд дэх:3” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80/,

- Шүүгдэгч урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 88/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой 18-19 цагийн хооронд тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн *****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг туслах замаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад гол замаар ирж явсан “шаркс” маркийн улсын дугааргүй мотоциклийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж мөргөж, авто осол гаргасны улмаас хохирогч А.Х-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

- Хохирогч А.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Нэгдсэн эмнэлгийн эмч нар зөвлөлдөж надад: “таны зүүн талын хөл 2 хэсэг яс нь хугарсан гэмтэл ил харагдаж байгаа бөгөөд манай эмнэлгийн зүгээс таны зүүн талын дунд чөмгөнд мэс засал хийх боломжгүй, таныг яаралтай Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт шилжүүлж байна” гэж явуулсан. Эмчилгээний зардалд нийт 4.500.000 төгрөг гарсан ба үүнийг жолооч Б.Б- нь 4.000.000 төгрөгийг миний Х банк дахь ***** тоот дансанд бэлэн шилжүүлж, 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад Б.Б-аас цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болсон. Ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29, 39-43-рх/,

- Гэрч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А- гэх хүний гэрийн хойд талд байрлах цэнхэр өнгийн төмөр хашааны зүүн хойд булангаар эргэх үед бидний машины урдаас мотоцикл унасан хүн гарч ирээд мөргүүлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-рх/,

- Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-рх/,

- Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23-рх/,

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 487 дугаар: “...Иргэн А.Х-ы биед үүссэн гэмтэл амь биед аюултай гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 3.1.20 дахь заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54-рх/,

- Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай ослын дүгнэлт/хх-ийн 60-61-рх/,

- Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай ослын дүгнэлт /хх-ийн 63-64-рх/,

- Мөрдөгчийн: ”...зам тээврийн осол гарахад жолооч Б.Б-ын замын хөдөлгөөний дүрмийн 5.9, 12.1, 12.2, 12.3-т заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна.” гэх магадалгаа /хх-ийн 33-34-рх/,

- Хохирогч А.Х-ы эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарсан тухай эмчийн тодорхойлолт, эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 55, 91-92-рх/,

- Хохирогч А.Х-д учирсан хохирлын баримт /хх-ийн 95-115-рх/,

- Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А- гэх хүний гэрийн хойд талын цэнхэр өнгийн төмөр хашааны зүүн хойд булангаар эргэж гол зам руу орох үед миний машины урдаас мотоцикл унасан хүн гарч ирээд мөргүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-рх/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Х-ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч К.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 487 дугаар дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54-рх/, хохирогч А.Х-ы амбулаториор эмчлүүлэгсдийн карт /х-ийн 91-92-рх/ зэргээр тогтоогдсон.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч А.Х-д 4.018.444 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед 4.500.000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогч А.Х-ы нотариатаар батлуулсан баримт /хх-ийн 96-рх/, мөн “ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх” мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б- урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 88 дугаар хуудас/ тогтоогдож байна.

            Прокурор М.П-гийн шүүх хуралд гаргасан саналыг шүүхээс харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

Харин шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-т зааснаар шүүхээс шүүгдэгч Б.Б-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн рентген зураг 7 ширхэг, 3D рентген зураг 2 ширхгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Б.Б-ын №02787441 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхгийг өөрт нь буцаан олгож, №1236917 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.т.ж овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ад тэнссэн хугацаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн рентген зураг 7 ширхэг, 3D рентген зураг 2 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

8. Шүүгдэгч Б.Б-ын №02787441 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхгийг өөрт нь буцаан олгож, №1236917 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК