Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2017/00082

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

          Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 3 дугаар баг, Өвтийн 1-8 гудамж, 113 тоотод оршин суух Хөх овогтой Удвалын Оюунбилэгийн /РД:ЙБ68031204/ хүсэлттэй,

             Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч У.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч У.Оюунбилэг нь шүүхэд гаргасан хүсэлтболон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                 Миний бие нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Халуун усанд” ажилтнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Халуун усанд” ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Хүсэлт гаргагч У.Оюунбилэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

         У.Оюунбилэг нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Халуун усанд” үйлчлэгч ажилтнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн 1987 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай тушаалуудын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч Боржигин овогтой Доржсүрэнгийн Оюунчимэг нь “...Би 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 8 жилийн сургуульд дотуур байранд жижүүрээр ажиллаж байсан. Намайг анх ажилд ороход У.Оюунбилэг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн халуун усны газар ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед би дотуур байрны сурагчдыг 7 хоногийн 3, 5 дахь өдөр усанд оруулдаг байсан тул би сайн мэднэ. У.Оюунбилэг нь 1984 онд ажилд орж байсан гэдэг юм яг хэдэн сарын хэдний өдөр ажилд орсоныг нь би сайн мэдэхгүй байна.Төрийн одон медаль авч байгаагүй. Харин сум орон нутгийн баярын бичиг, сайшаалын үнэмлэх авч байсан...” гэж, мөн Нанзад овогтой Базардарийн Насантогтох нь “...Би 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 8 жилийн сургуульд дотуур байранд жижүүрээр ажиллаж байсан. У.Оюунбилэг нь 1984 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн халуун усны газар ажилтнаар 1989 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Тухайн үед би дотуур байрны сурагчдыг  7 хоногийн 3, 5 дахь өдөр усанд оруулдаг байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.               У.Оюунбилэг нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Халуун усанд” үйлчлэгч, ажилтнаар ажиллаж байсан гэх боловч дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Халуун усанд” үйлчлэгч ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

        Хүсэлт гаргагч У.Оюунбилэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                               

ТОГТООХ нь:

              1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөх овогтой Удвалын Оюунбилэгийг 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Халуун усанд” үйлчлэгч, ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

                   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч У.Оюунбилэг нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

               3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.                                              

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.САРАНТУЯА