Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/13 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т,

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т-н Н-ад холбогдох 2013003860005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1971 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар баг, Уужимд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Т-н Н-, регистрийн дугаар БИ..........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******- нь А.Б-ы эзэмшлийн улсын дугааргүй “Башан” маркийн хар өнгийн мотоциклийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт байрлах Хүн эмнэлгийн хашаанаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явж унаж хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.  Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.

Эрүүгийн 2013003860005 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Тээврийн хэрэгсэлд /мотоциклд/ үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/,

2. Эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 21-22/,

3. Хохирогч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2020 оны 08 дугаар сараас 11 сар хүртэл Сагсай сумын ХААН банкны засварын ажилд туслах ажилчнаар ажил хийсэн ба манай ХААН банкны засвар хийсэн компани Улаанбаатар хотоос ирсэн юм. Сая 11 дүгээр сарын эхээр ХААН банкны ажил дуусаад Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс бид нарын цалинг өгөхгүй явах гэж байгааг сонсоод миний бие 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө буюу өнөөдөр 10 цагт гэрээсээ өөрийн улсын дугааргүй хар өнгийн “Башан” маркийн мотоциклийг унаж ирээд Хүн эмнэлгийн хашаад тавьсан юм. Тэгээд нөгөө Улаанбаатар хотоос ирсэн хүмүүстэй манай сумаас цуг ажилласан Х.А-, С.Ө- нарын хамт өдөржин уулзаж байгаад орой 16 цаг өнгөрч байхад ажил дуусаад мотоциклээрээ явах гэж тавьсан газар луу очсон чинь миний мотоцикл алга болсон байсан юм. Тэгээд таньдаг мэддэг хүмүүсээс асуусан чинь хэн ч хараагүй гэхээр нь хулгайд алдсан байна гэж цагдаад хандаж байгаа юм.” гэх мэдүүлэг/хх-ийн 30/,

4. Гэрч С.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...А.Б- бид хоёр 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сумын ХААН банкны засварын ажил хийсэн юм. Уг засварын ажлыг Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс хариуцсан хийлгэж байсан ба ажил дусаад уг хүмүүс бид нарын мөнгийг өгөхгүй Улаанбаатар хот руу явах гэж байна гэж сонсоод өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны 13 цагийн үед ХААН банк руу ирэх үед А.Б- болон Х.А- нар явж байсан юм. Тэгээд бид нар ХААН банкны засварын ажил хийлгэсэн хүмүүстэй уулзаад 16 цагийн үед би гэр лүүгээ явсан юм. Бахытжан бид хоёр уулзах үед мотоциклгүй явган явж байсан гэхдээ би гэрээсээ ирж байх үед эмнэлгийн хашаанд Х.А- болон А.Б- нарын мотоцикл байсныг би харсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

5. Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...А.Б- бид хоёр 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сумын ХААН банкны засварын ажил хийсэн юм. Уг засварын ажлыг Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс хариуцсан хийлгэж байсан ба ажил дуусаад уг хүмүүс бид нарын мөнгийг өгөхгүй Улаанбаатар хот руу явах гэж байна гэж сонсоод өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагийн үед ХААН банк руу өөрийн 0717 бөз улсын дугаартай “Мустанг” маркийн мотоциклээр ирээд эмнэлгийн хашаанд оруулаад тавьсан юм. Тэгээд А.Б- болон С.Ө- бид гурав нөгөө хүмүүстэй уулзалт хийгээд орой 16 цагийн үед эмнэлгийн хашаанд байсан мотоциклээр яваад өгсөн юм. Тэгээд орой манай гэрт А.Б- миний мотоцикл алга болчихлоо гэж цагдаад дагуулаад ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

6. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Миний бие Сагсай сумын 1 дүгээр хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажилладаг ба 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 08 цагт ажил руу яваад орой 18 цагийн үед гэрт ирэх манай нөхөр болох *******- нь согтуу хар өнгийн мотоцикл авч ирж тавьсан байна. Тэгээд би гайхаад юу нь мотоцикл болох талаар асуухад гадаа байсан мотоциклийг унаад ирсэн талаар хэлсэн юм. Тэгээд би маргааш эзэн нь авах байх гэж бодоод тэр чигээр нь хаясан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

7. “Ачид билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-21/07 тоот дугаартай нэмэлт дүгнэлтэнд: “Башан” маркийн угсарсан мотоцикл 2020 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 55-58/,

8. Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Би уг танилтайгаа уулзахаар очсон боловч түүнийг явсан байхаар нь түүнтэй уулзаж чадаагүй юм. Тэгээд би нэлээд согтуу явж байсан ба эмнэлгийн хашаанд 2 мотоцикл байхаар нь би уг хоёр мотоциклийн хар өнгийн “Башан” маркийн улсын дугааргүй мотоциклийг унаж гэр лүүгээ яваад очсон. Гэртээ очоод уг мотоциклийг хашаан дотор тавиад гэртээ ороод унтчихсан байсан. ...Би тухайн үед согтуу явж байсан бөгөөд гэрт очиж мөнгө авч ирээд дэлгүүрээс архи худалдаж авч уух гэсэн ба согтуу байсан болохоор хурдан гэр лүүгээ очоод ирэх бодлоор уг мотоциклийг унаад явсан. Гэвч гэртээ очоод хашаан дотор уг мотоциклоо тавиад гэртээ ороод унтчихсан байсан.” /хх-ийн 68-69/ гэх мэдүүлэг,

 

9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/,

- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн Засаг даргын “Тус сумын 5-р багийн иргэн *******- 1971 онд төрсөн БИ......... регистрийн дугаартай.Ам бүл 5. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг бүрэн бус дунд боловсролтой. Иргэн *******- нь өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож гаагүй, төлөв даруу зантай томоотой хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн мөн болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 78/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/27 дугаартай “*******- /БИ........./ нь өнөөдрийн байдлаар Сагсай сумын 5 дугаар багт байрлах, 494,8 м.кв талбайтай, Г-0209000131 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 120 м.кв талбайтай Ү-0209000197 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.” гэх албан бичиг /хх-ийн 75/,

- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 178 дугаартай “улсын дугаар 9183 БӨТ, марк:Hyundai, модель:Excel, арал дугаар:KMHVF31JPPU728589, үйлдвэрлэсэн он:1993, өнгө:Хөх саарал, овог:Т-, нэр:Н-, регистр:БИ........., хаяг: Баян-Өлгий, Сагсай сум, 5-р баг, Уужим, утас:99424915” гэх лавлагаа /хх-ийн 95/,

- Шүүгдэгч *******- нь Хас банк, Голомт банк, Төрийн банканд харилцах, хугацаагүй болон зээлийн дансгүй болохыг тодорхойлсон албан бичиг /хх-ийн 91-93/,

- Төрийн банкны Сагсай сумын тооцооны төвийн захирлын 20201 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5-р багийн иргэн Д овогтой Б /БИ74030101/ Сагсай сумын Төрийн банканд өнөөдрийн байдлаар 9,132,581.37 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ба хамтран зээлдэгч нь *******- /БИ.............../ болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 105/,

- “Инвест Өлгий” хадгаламж зээлийн хоршооны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Тус Хадгаламж зээлийн хоршооны гишүүн *******- нь 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн байдлаар нийт- 2 546 693 төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна.”  гэх лавлагаа /хх-ийн 108/,

- Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дугаар шийтгэвэр /хх-ийн 85-86/,

- 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон “РД:БИ........., овог:Т, эцэг/эх/-ийн нэр:Т-, нэр:Н-, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1971-11-01, хаяг:Баян-Өлгий, Сагсай, 5-р баг, Уужим, хүчинтэй хугацаа:0000-00-00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76/ зэрэг болно.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, багийн иргэдийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлыг хангалттай зохион явуулдаггүй, хууль сурталчлах ажил хангалтгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч *******- нь А.Б-ы эзэмшлийн улсын дугааргүй “Башан” маркийн хар өнгийн мотоциклийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт байрлах Хүн эмнэлгийн хашаанаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явж унаж хэрэглэсэн болох нь:

- Тээврийн хэрэгсэлд /мотоциклд/ үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/,

- Эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 21-22/,

- Хохирогч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд таньдаг мэддэг хүмүүсээс асуусан чинь хэн ч хараагүй гэхээр нь хулгайд алдсан байна гэж цагдаад хандаж байгаа юм.” гэх мэдүүлэг/хх-ийн 30/,

- Гэрч С.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...А.Б- бид хоёр уулзах үед мотоциклгүй явган явж байсан гэхдээ би гэрээсээ ирж байх үед эмнэлгийн хашаанд Х.А- болон А.Б- нарын мотоцикл байсныг би харсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

- Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд орой манай гэрт А.Б- миний мотоцикл алга болчихлоо гэж цагдаа дагуулаад ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

- Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 08 цагт ажил руу яваад орой 18 цагийн үед гэрт ирэх манай нөхөр болох *******- нь согтуу хар өнгийн мотоцикл авч ирж тавьсан байна юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

- “Ачид билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-21/07 тоот дугаартай нэмэлт дүгнэлтэнд: “Башан” маркийн угсарсан мотоцикл 2020 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 55-58/,

- Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би тухайн үед согтуу явж байсан бөгөөд гэрт очиж мөнгө авч ирээд дэлгүүрээс архи худалдаж авч уух гэсэн ба согтуу байсан болохоор хурдан гэр лүүгээ очоод ирэх бодлоор уг мотоциклийг унаад явсан. Гэвч гэртээ очоод хашаан дотор уг мотоциклоо тавиад гэртээ ороод унтчихсан байсан.” /хх-ийн 68-69/ гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******-ын бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, автомашин эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч А.Б-д учирсан хохирлыг биет байдлаар төлж өгсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч *******- нь бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч *******- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж түүнд нийгмээс тусгаарлахгүйгээр, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******-ын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоолоо. 

 

4. Бусад асуудлаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч *******-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Төлек овогтой Т-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт гудамж талбай цэвэрлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК