| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0016/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/16 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/16
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч Б.А,
улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.С,
шүүгдэгч А.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х овогт А-н Х-ад холбогдох 2013003710003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, М.х овогт А-н Х-, регистрийн дугаар БВ............., 1987 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Б сумын ***дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х- нь 2020 оны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхэн үед тус аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Нөрөөлөг” гэх зуслангийн “Х” гэх газраас Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын 12-д заасан нэн ховор ургамал болох Вансэмбэрүү /банздоо/ цэцгийг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу хууль бусаар хадгалсан ургамлын үнийг 5 дахь нэмэгдүүлсэнтэй тэнсэх хэмжээгээр нөхөн төлсөн байгаа. Иймд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
Эрүүгийн 2013003710003 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Иргэн А.Х- нь сумын захиргаанд ургамал олж авч, хадгалж байгаа талаар бидэнд мэдэгдээгүй, хадгалж байх талаар ямар нэгэн тусгай зөвшөөрлийг сумын захиргааны эрх бүхий албан тушаалтнаас хүсээгүй. Миний бие Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж-ын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гаргасан №10 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
2. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж-ын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №10 дугаартай “Цагдаагийн газарт хураагдсан ургамал нь Монгол улсын засгийн газрын 1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтаар Нэн ховор ургамлын жагсаалтад болон Монгол Улсын ургамлын Улаан ном /1997/-Д орсон Вансэмбэрүү банздоо /Saussurea inbolucrata/ байна. Уг Вансэмбэрүү банздоо ургамлыг түүж бэлтгэсэн цаг хугацаа нь харагдах байдлаар үзэхэд муудаагүй шинээр түүж бэлтгэсэн ба цаг хугацааг он сар өдрөөр нарийвчлан тогтоох боломжгүй байна. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тогтоолоор Вансэмбэрүү банздоо /Saussurea inbolucrata/ экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 79.000 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-ийн 46/,
3. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед миний бие “Т” захад наймаа хийж зогсож байхад манай дүү болох А.Х- нь гялгар уутанд хийсэн зүйл авч ирж түр орхиод гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 33/,
4. Гэрч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Манай сумын нутаг дэвсгэрт Монгол А- нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэсэг болох Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар оршдог бөгөөд тус уулын ойр Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Нөрөөлөг” гэх газрын орчим “Х” гэх газар уулын хэцүү хадтай газруудад нэн ховор цэцэг болох Вансэмбэрүү цэцэг нь маш цөөн тоогоор ургадаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
5. Шинжээч И.Ж-ын өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн ургамал нь хугалж авсан байдА- байсан. Гэхдээ ямар байдлаар яаж тасалж авсныг нарийн тогтоох боломжгүй. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тогтоолоор Вансэмбэрүү банздоо /Saussurea inbolucrata/ экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 79.000 төгрөг гэж үнэ тогтоосон байдаг ба ширхгээр үнэ тогтоохгүй. Харин хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,
6. Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр вансэмбэрүү /банздоо/ цэцгийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол. /хх-ийн 22-23, 24/,
7. Мөрдөгчөөс 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 13-18/,
8. Шүүгдэгч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие өнгөрсөн зун 8 дугаар сард Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Цагаан хавцал” гэх газраас мал хариулж яваад уулын бэл морин замын хажуугаар уг ургамлыг олж аваад гэртээ хадгалж байсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,
9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1587 дугаартай “А.Х- /БВ............./ нь Ү-************ тоот улсын бүртгэлийн дугаартай, Б сумын 4-р багт байрлА-, /гудамж, тоот бүртгэгдээгүй байна/ 108 м.кв талбайтай хувийн сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. гэх албан бичиг /хх-ийн 64/,
- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БВ............., овог:М.х, эцэг /эх/-ийн нэр:А-, нэр:Х-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 187/04/19, төрсөн газар:Баян-Өлгий, Б, хаяг:Баян-Өлгий, Б, 2-р баг, Б, улсын бүртгэлийн дугаар:******, хүчинтэй хугацаа:2032/04/19, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/,
- Баян-Өлгий аймгийн Б сумын 2 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдрийн “Б сумын 2-р багийн иргэн А- овогтой Х- ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Урьд р нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. 2020 оны байдлаар адуу 5, үхэр 3, хонь 40, ямаа бүгд 108 толгой мал тоолуулсан. Ам бүл 6 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Урьд өмнө ямар нэгэн хэрэгт ороогүй, төлөв даруу зантай болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 70-71/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, холбогдох байгууллагаас хяналтаа сул тавьсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч А.Х- нь 2020 оны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхэн үед Баян-Өлгий аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Нөрөөлөг” гэх зуслангийн “Х” гэх газраас Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын 2-д заасан нэн ховор ургамал болох Вансэмбэрүү /банздоо/ цэцгийг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Иргэн И.Х- нь сумын захиргаанд ургамал олж авч, хадгалж байгаа талаар бидэнд мэдэгдээгүй, хадгалж байх талаар ямар нэгэн тусгай зөвшөөрлийг сумын захиргааны эрх бүхий албан тушаалтнаас хүсээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
- Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж-ын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №10 дугаартай дүгнэлт /хх-ийн 46/,
- Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед миний бие “Т” захад наймаа хийж зогсож байхад манай дүү болох А.Х- нь гялгар уутанд хийсэн зүйл авч ирж түр орхиод гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 33/,
- Гэрч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Нөрөөлөг” гэх газрын орчим “Х” гэх газар уулын хэцүү хадтай газруудад нэн ховор цэцэг болох вансэмбэрүү цэцэг нь маш цөөн тоогоор ургадаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
- Шинжээч И.Ж-ын өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн ургамал нь хугалж авсан байдА- байсан. Гэхдээ ямар байдлаар яаж тасалж авсныг нарийн тогтоох боломжгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,
- Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр вансэмбэрүү /банздоо/ цэцгийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол. /хх-ийн 22-23, 24/,
- Мөрдөгчөөс 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 13-18/,
- Шүүгдэгч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие өнгөрсөн зун 8 дугаар сард Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Цагаан хавцал” гэх газраас мал хариулж яваад уулын бэл морин замын хажуугаар уг ургамлыг олж аваад гэртээ хадгалж байсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Вансэмбэрүү банздоо нь улаан номонд орсон нэн ховор ургамалд бүртгэгдсэн байна. /хх-ийн 46/.
Монгол А-н нурууны улсын тусгай хамгаалА- газар нутгийн хэсэг болох Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар орших Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Нөрөөлөг” гэх газрын орчим “Х” гэх газар нь улсын тусгай хамгаалтай газарт ордог болох нь Монгол Улсын их хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Нэн ховор ургамал түүсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалын хавсралтын 7-д зааснаар 1кг Вансэмбэрүү банздоо /Saussurea inbolucrata/ цэцгийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 79.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч А.Х-ын түүж, хадгалсан гэх 180 грамм Вансэмбэрүү банздоо /Saussurea inbolucrata/ цэцгийн экологи-эдийн засгийн үнэ болох 71.100 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн 1009000013040 тоот дансанд төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч А.Х-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Х-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Ө-ий болон шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-ы “...ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэж гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-т зааснаар шүүхээс шүүгдэгч А.Х-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 180 грамм Вансэмбэрүү банздоо /Saussurea inbolucrata/ цэцгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Х- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч А.Х- нь бусдад төлөх төлбөргүй тул хэрэгт битүүмжилсэн Бүгд Найрамдах Солонгос улсад 2010 үйлдвэрлэгдсэн “Самсунг С1” маркийн 75,000 төгрөгийн үнэтэй гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Х-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.х овогт А-н Х- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч А.Х-ад тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч А.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 180 грамм Вансэмбэрүү /банздоо/ цэцгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч А.Х-ын эзэмшлийн Бүгд Найрамдах Солонгос улсад 2010 үйлдвэрлэгдсэн “Самсунг С1” маркийн 75,000 төгрөгийн үнэтэй гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК