Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 340

 

       Д.А-, Б.А-, Д.С-, Б.Ш-,

       Д.О- нарт холбогдох эрүүгийн

                                                                               хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Дэлгэрмөнх,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 218 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор А.Дэлгэрмөнхийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр Д.А-, Б.А-, Д.С-, Б.Ш-, Д.О- нарт холбогдох эрүүгийн 201501000143 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Ажим овогт Д-ийн А-, 1987 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч, охины хамт Баянзүрх дүүрэгт оршин суух,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 506 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар уг хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан /РД: /,

            2. Боржигин овогт Б-ын А-, 1980 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Гялалзсан бүрд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 8, эх, хүүхэд, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД: /,

            3. Партизан овогт Д-ын С-, 1978 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Женко тур” ХХК-ийн Цонжин болдог жуулчны баазын ажилтан, ам бүл 7, эх, хүүхэд, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух,

            - 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотын 2 дугаар дунд шүүхээр тус улсын Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 264 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 1, 4 дэх заалт, 27 дугаар зүйл, 52 дугаар зүйл, 53 дугаар зүйл, 64 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлд заасны дагуу хулгайн хэргээр 1 жил хорих, 1000 юаниар торгох, улсын хилээр зайлуулах ялаар тус тус шийтгүүлсэн,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.9, 113.2.10-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан /РД:/,

            4. Тангад овогт Б-ын Ш-, 1987 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 4-ний 263 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан /РД:/,

            5. Боржигон овогт Д-ийн О-, 1981 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух,

          - 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотын 2 дугаар дунд шүүхээр тус улсын Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 264 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 1, 4 дэх заалт, 27 дугаар зүйл, 52 дугаар зүйл, 53 дугаар зүйл, 64 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлд заасны дагуу хулгайн хэргээр 1 жил хорих, 1000 юаниар торгох, улсын хилээр зайлуулах ялаар тус тус шийтгүүлсэн /РД:/,

            Д.О- нь 2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 19,26 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, мөн конвенцийн жагсаалтад орсон тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,34 гр “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,

            Б.Ш- нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Д.О-гээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 1,28 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар Палас”-ын орчимд өөрийн өмсөж явсан хөхөвч /левчик/-ндээ хууль бусаар хадгалсан,

            Д.С- нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 5 ширхэг уутанд савласан нийт 5,69 гр бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн гар цүнхэндээ хадгалсан,

            Д.А-, Б.А- нар нь 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.О-гийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 0,7 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

             Мөн Б.А- нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д.О-гийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 7,3 гр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Д.О-, Б.Ш-, Д.С-, Б.А-, Д.А- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд “...прокурор 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай яллах дүгнэлтдээ “Д.О-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар, Б.Ш-, Д.С- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.А-, Д.А- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж байжээ.

Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Прокурор 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай яллах дүгнэлтдээ “Д.О-, Б.Ш-, Д.С-, Б.А-, Д.А- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоожээ. Ингэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай тэмдэглэлд яллагдагч нарын гарын үсэг зурагдсан байх боловч 2018 оны 1 дүгээр сарын хэдний өдрийн, хэд дугаартай яллах дүгнэлтийн хувийг 2018 оны 1 дүгээр сарын хэдний өдөр яллагдагч нарт гардуулан өгсөн нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан шаардлага хангагдаагүй байна.

Эдгээрийг зөвтгүүлэх шаардлагатай ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүхийн шатанд шийдвэрлэх бүрэн боломжтой. Яллах дүгнэлтийн хувийг прокурор би гардуулан өгсөн бөгөөд тэмдэглэлд гардуулан өгсөн он, сар, өдөр, дугаар тавигдсан, яллагдагч нар гардан авахдаа гарын үсгээ зурж, он, сар, өдрөө өөрсдөө тодорхой бичсэн байгаа. Харин доторх тавигдаагүй өдөр, дугаарыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжтой байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нар яллах дүгнэлтийн хувийг прокуророос гардан авсан, мөн он, сар, өдөр, гарын үсгээ зурсан талаараа мэдүүлдэг.

Иймд эдгээрийг дахин гүйцэтгэх шаардлагагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Д.А-, Б.А-, Д.С-, Б.Ш-, Д.О- нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл муутай болжээ.

            Прокуророос Д.О-г 2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 19,26 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, мөн конвенцийн жагсаалтад орсон тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,34 гр “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,

            Б.Ш-ыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Д.О-гээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 1,28 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар Палас”-ын орчимд өөрийн өмсөж явсан хөхөвч /левчик/-ндээ хууль бусаар хадгалсан,

            Д.С-г 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 5 ширхэг уутанд савласан нийт 5,69 гр бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн гар цүнхэндээ хадгалсан,

            Д.А-, Б.А- нарыг 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.О-гийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 0,7 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,

            Мөн Б.А-г 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д.О-гийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 7,3 гр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэж тэдгээрийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1. Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,

- 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгчийн нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял хэрхэн хөнгөрсөн, эсхүл эрх зүйн байдал нь хэрхэн дээрдсэн талаар тодорхой хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байна.

2. Хавтаст хэрэгт авагдсан “Яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай” прокурорын тэмдэглэлүүдээс үзэхэд прокурор А.Дэлгэрмөнх нь яллагдагч Д.А-, Б.А-, Д.С-, Б.Ш-, Д.О- нарт хэдний өдрийн, хэд дугаартай яллах дүгнэлтийн хувийг гардуулан өгсөн нь тодорхой бус байх бөгөөд энэ талаар прокурор нь тус шүүх хуралдаанд “би яллагдагч нарт 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай яллах дүгнэлтийн хувийг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн биеэр гардуулж өгсөн” гэсэн тайлбарыг өгчээ.

Прокурор дээрх ажиллагаатай холбогдуулан оролцогч нарын хэн аль нь ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй ба шаардлагатай тохиолдолд шүүх хуралдаанаар явцад уг асуудлыг шалгаж, тодруулах боломжтой юм. 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой байх тул энэ тухай прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Д.А-, Б.А-, Д.С-, Б.Ш-, Д.О- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 218 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.А-, Б.А-, Д.С-, Б.Ш-, Д.О- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                         Н.БАТСАЙХАН