Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгч Ш.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.ш овогт Ш-н Б-т холбогдох 2013001380103 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Х овогт Ш-н Б-, регистрийн дугаар БЗ......................, 1974 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Н сумын *** дүгээр багийн малын эмч ажилтай, Баян-Өлгий аймгийн Н сумын 1 дүгээр баг, Б гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б- нь Баян-Өлгий аймгийн Н сумын 8 дугаар багийн иргэн Ш овогтой Б-ийн 2019 онд тоолуулсан ямааны ноолуурын урамшуулал болох 1.500.000 мянган төгрөг нь түүний Х банкны ***** тоот дансанд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү..” гэв.

Эрүүгийн 2013001380103 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хохирогч Ш овогтой Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие тус сумын 8 дугаар багт эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Би 2019 оны жилийн эцэст малын тооллогод ямаа 250, хонь 30, адуу 1-ийг тус тус тоолуулсан ба 2020 оны Улсын Их Хурлын 32 дугаар тогтоол, Засгийн газрын 167 дугаар тогтоолын дагуу ноолуурын урамшуулалд хамрагдаж тухайн үед Асгат багийн засаг даргад бүх материалыг бүрдүүлж өгсөн боловч одоо хүртэл ноолуурын урамшууллын мөнгийг авч чадаагүй байна. Тэрээр Н сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс хөдөө аж ахуйн тасгийн дарга К.У-, мэргэжилтэн К.Д- нарт ирж данс шалгуулахад таны данс зөв бүртгүүлсэн байна гэж миний дансыг шалгаж өгсөн боловч одоог хүртэл миний дансанд ноолуурын урамшууллын мөнгө орж ирээгүй байна. Надад ноолуурын урамшуулалд 1.500.000 мянган төгрөг орж ирэх ёстой. Би энэ оны 05 дугаар сарын сүүлээс энэ оны 10 дугаар сар хүртэл тус сумын Х банк болон Төрийн банканд олон удаа очиж өөрийн дансыг шалгуулсан боловч миний ноолуурын урамшууллын мөнгө орж ирээгүй. Одоо миний ноолуурын урамшууллын мөнгө ямар дансанд орсныг шалгаж, миний ноолуурын урамшууллын мөнгийг авсан иргэнийг олж тогтоож, хуулийн дагуу арга хэмжээ авч миний хохирлыг барагдуулж өгнө үү. Миний гэр сумын төвөөс 80 км Асгат гэх газарт байдаг. Би 2020 оны 05 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл сумын төвд нийт 12 удаа энэ ноолуурын мөнгийг хөөцөлдөж ирсэн. Миний гэр Н сумаас хол, гэрт надаас өөр мал хариулдаг хүн байхгүй. Би тус сумын иргэн Ш овогтой Б-ийн дансанд гүйлгээ андуурагдан орсон байх гэж Ш.Б-ээс сэжиглэж байна, өөр сэжиглэж байгаа хүн байхгүй. Би 2020 оны 06 дугаар сарын эхээр Ш овогтой Б-ээс “Миний ноолуурын урамшууллын мөнгө андууран таны дансанд орсон юм биш үү гэхэд Ш овогтой Б- таны ноолуурын урамшууллын мөнгө андуурч миний дансанд ороогүй, би өөрийн ямааны ноолуурын урамшууллын мөнгийг авсан, надад ноолуурын урамшуулалд 1.500.000 /нэг сая таван зуун/ мянган төгрөг орж ирсэн” гэж хэлсэн. ...Би дансны дугаарыг тус сумын 8 дугаар багийн Засаг дарга Д.Е-, тус сумын Хүнс хөдөө аж ахуйн тасгийн дарга К.У- нарт өгсөн. Тухайн үед би Х банкны 5187137774 дугаартай данс бүртгүүлсэн болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/,

2. Гэрч К.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие тус сумын 6 дугаар багт нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Би тус сумын Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтнээр ажиллаад 1 жил 3 сар болж байна. Манай тасгийн дарга К.У- надад аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирсэн бичгийн дагуу тус сумын 6,7,8 дугаар багийн малчин ард иргэдийн 2019 онд тоолуулсан ямааны урамшуулалд хамрагдсан малчдын Х банк, Төрийн банкны дансны дугаар, регистрийн дугаарыг бүртгэлд авч бүртгэж, бүртгэсэн дансны дугаар болон малчин иргэдийн регистрийн дугаарын хамт 2020 оны 05 дугаар сарын эхээр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар луу файл хэлбэрээр явуул гэхээр тус гурван багийн иргэний дансны дугаарыг бүртгэсэн юм. Би бүртгэл хийсэн тус сумын 8 дугаар багийн иргэн Ш овогтой Б- ноолуурын урамшууллын мөнгө орж ирээгүй байна гэж надад хэлээгүй. Би тус сумын 6, 7, 8 дугаар багийн иргэдийн дансны дугаар болон регистрийн дугаарыг бүртгэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар луу файлаар явуулсан нь үнэн. Дараа нь 2020 оны 05 дугаар сарын сүүлээр жирэмсний амралт авч 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр ажилд орсон юм. Би амралтанд байгаа үед энэ оны 10 дугаар сарын сүүлд яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, манай гэрт оройн 18 цагийн үед тус сумын 8 дугаар багийн иргэн Ш овогтой Б- ирж миний ноолуурын урамшууллын мөнгө одоо хүртэл миний дансанд орж ирээгүй байна гэхээр би тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн руу залгаж тодруулж асуухад одоо ажил тарсан байна, маргааш лавлаж өгье гэсэн. Дараа нь би дахиж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнээс асуугаагүй. ...Би бүртгэсэн багийн иргэдийн регистрийн дугаар болон дансны дугаарыг тухайн багийн засаг дарга, Х банк, Төрийн банк болон тухайн иргэдийн өөрийн утас руу залгаж асууж бүртгэсэн юм. ...Тус сумын 8 дугаар багийн иргэн Ш овогтой Б-ийн дансны дугаарыг тус сумын 8 дугаар багийн Засаг дарга Д.Е-аас авч бүртгэсэн юм. Харин тус сумын 1 дүгээр багийн иргэн Ш овогтой Б-ийн дансны дугаарыг би бүртгээгүй, манай тасгийн дарга К.У- бүртгэсэн. ...Би тус сумын багийн Засаг дарга болон, манай тасгийн дарга К.У-гийн өгсөн дансны дугаарыг бүртгэсэн. Өөр надад энэ хоёр иргэний дансны дугаарыг сольж бичих санаа зорилго байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

3. Гэрч К.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие тус сумын Хүнс хөдөө аж ахуйн тасгийн даргаар 11 дэх жилдээ ажиллаж байна. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Н сумын ямаа тоолуулсан иргэдийн регистрийн дугаар Х банк, Төрийн банкны дансны дугаарыг бүртгэж явуул гэсэн бичгийн дагуу тус сумын иргэдийн дансны дугаарыг бүртгэж аймгийн Хөдөө аж ахуйн газар луу явуулсан. Манай сумын ямаа тоолуулсан иргэдийн дансны дугаарыг Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Х.Ц-, К.Д- бид гурав бүртгэсэн юм. Би тус сумын 1,2,3 дугаар багийн иргэдийг, Х.Ц- 4,5,6 дугаар багийн иргэдийг, К.Д- 6,7,8 дугаар багийн иргэдийн дансны дугаарыг бүртгэсэн. Тэр үед Х.Ц-, К.Д- нарын бүртгэсэн иргэдийн дансны дугаарыг би файлаар нэгтгэж аваад аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар луу явуулсан. Х.Ц- бид хоёр бүртгэсэн багаас ямар нэгэн зөрчил гараагүй. Бүх малчны ноолуурын урамшууллын мөнгө нь өөр өөрсдийн дансанд орсон. Бүх малчин иргэдийн ямааны урамшуулал нь 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр орж дууссан байсан. Тус сумын 8 дугаар багийн иргэн Ш овогтой Б- нь ямааны урамшууллын мөнгө орж ирээгүй байна гэхээр би Ш.Б-т сумын Х банканд очиж лавлаж асуугаарай гэж удаа дараа тус сумын банк руу явуулсан юм. Тэрээр Ш.Б- надад ямааны урамшууллын мөнгө миний дансанд орж ирээгүй байна гэж нийт 6 удаа ирсэн. Хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын эхээр ирж асууж явсан. ...Тус сумын 8 дугаар багийн иргэн Ш овогтой Б-ийн дансны дугаарыг К.Д- бүртгэсэн. ...Би бүртгэсэн багийн иргэдийн дансны дугаарыг тухайн багийн Засаг дарга, Төрийн банкны дарга нараас авч бүртгэж, зарим иргэдийн дансны дугаарыг утсаар асууж авсан. Манай тасгийн ажилчин К.Д- руу би зарим иргэдийн дансны дугаарыг мессенжерээр явуулсан. Би К.Д- руу явуулсан иргэдийн дансны дугаарын дотор Ш овогтой Б-ийн дансны дугаар хамт   явсан. Би К.Д-д Ш овогтой Б-ийн 5187137774 дугаартай дансны дугаар өгсөн юм. Тухайн үед Ш.Б-ийн дансны дугаарыг Ш.Б-ийн эхнэр нь Ш.К-гаас утсаар асууж авсан байсан. ...Тус сумын 1 дүгээр багийн иргэн Ш овогтой Б-ийн дансны дугаарыг би бүртгэсэн юм. Би Ш овогтой Б-ийн ******дансны дугаарыг сумын Төрийн банкнаас авч бүртгэсэн. Өөр хэний дансанд хэдэн төгрөгийн урамшуулал орсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28- 29/,

4. Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие Н сумын 9 дүгээр багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Миний төрсөн дүү Ш.Б- нь 2019 оны жилийн эцэст 250 ямаа тоолуулсан боловч өнөөдөр хүртэл ноолуурын урамшууллын мөнгө нь ороогүй байна. Миний дүү Ш.Б-т ноолуурын урамшуулалд 1.500.000 мянган төгрөг орж ирэх ёстой. Ш.Б- нь уг ямааны урамшууллын мөнгийг 2020 оны 05 дугаар сараас өнөөдөр хүртэл хөөцөлдөж сумын Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон сумын Х банканд олон удаа очиж тухайн банканд байгаа өөрийн 5187137774 тоот дугаартай дансыг шалгуулсан боловч ноолуурын урамшууллын мөнгө нь ороогүй байна. Тэрээр миний дүү Ш.Б- 2020 оны 11 дүгээр сард миний гар утас руу залгаж одоо хүртэл миний ноолуурын урамшууллын мөнгө миний Х банканд байгаа дансанд ороогүй байна. Та аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт очиж миний дансны дугаарыг шалгуулж өгчих гэхээр би 2020 оны 11 дүгээр сард аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт очиж дүү Ш.Б-ийн дансыг шалгуулахад Ш овогтой Б-ийн ноолуурын урамшууллын 1.500.000 мянган төгрөг нь тус сумын 1 дүгээр багийн иргэн Ш овогтой Б-ийн дансанд орсон байна гэж надад албан тоот бичиж хариу өгсөн. ...Миний дүү болох Ш-н Б-ийн ямааны ноолуурын урамшууллын мөнгө болох 1.500.000 төгрөгийг төрөөс олгохдоо Шерикбай Б-ийг Ш овогтой Б-ийн Х банкны данс руу андуурч гүйлгээ хийгдсэн байсан ба Ш- Б-ийн Төрийн банкны дансанд нь өөрийнхөн ямааны мөнгө болох 700.000 гаруй мянган төгрөгийг орсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас өөрийн биеэр очиж тодруулж авсан. ...Миний дүүгийн ямааны ноолуурын мөнгийг Ш- Б- 5 дугаар сард авч хувьдаа ашиглаж байгаад өнгөрсөн 11 дүгээр сард манай дүүд буцааж 1.500.000 төгрөгийг өгсөн талаар дүүгээсээ сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,  

5. Гэрч Д.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай багийн иргэдийн дансны дугаарыг бүртгэсэн өдөр амралтын өдөр байсан ба 8 дугаар багийн зарим иргэдийн дансны дугаарыг утсаар асууж бүртгүүлсэн юм. Манай багийн иргэн Ш овогтой Б-ийн гэрийн утсыг К.У-д өгсөн юм. Ш.Б-ийн дансны дугаарыг К.У- утсаар асууж авсан. Дараа нь К.Д-д өгч бүртгүүлсэн гэсэн. ...Манай багийн иргэн Ш.Б- энэ зуун миний гар утас руу залгаж та сумын Х банканд очиж миний ноолуурын урамшууллын мөнгө орсон байна уу, мэдэж өгөөрэй гэхээр би сумын Х банканд 3-4 удаа очиж лавлаж асуусан. Дараа нь энэ оны 11 дүгээр сард Ш.Б- миний ноолуурын урамшууллын 1.500.000 /нэг сая таван зуун/ мянган төгрөг тус сумын 1 дүгээр багийн иргэн Ш овогтой Б-ийн дансанд андууран орсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

6. Шүүгдэгч Ш.Б-ийн өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:“...Миний бие 2019 оны эцсээр 132 ямаа тоолуулсан. Надад хэдэн төгрөгийн ноолуурын урамшуулал орох байсан талаар мэдээгүй юм. 2020 оны 05 дугаарын сарын 27-ны өдөр ноолуурын урамшуулал болох 1.500.000 төгрөг орж ирсэн юм. Дараагаар нь миний бие 2020 оны 07 дугаар сард Цагааннуур тосгоны Төрийн банкны тооцооны төвд очиж хүүхдүүдийн мөнгө авахаар очиход уг тооцооны төвийн теллер нь танд 786.000 төгрөгийн ноолуурын урамшуулал орж ирсэн байна гэж хэлсэнд миний бие “надад өөр хүний ноолуурын урамшуулал орж ирсэн юм байна” гэж дотроо бодоод ямар нэгэн хүнд хэлээгүй, эзэн нь гарч ирэх юм бол өөрт нь өгнө гэж бодоод явж байсан юм. Тэрээр 2020 оны 10 дугаар сарын сүүлээр манай сумын К.Д- гэх хүн над руу залгаж “таны дансанд Ш овогтой Б- гэх хүний ноолуурын урамшуулал болох 1.500.000 төгрөг таны дансанд орсон байна” гэж хэлсэн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ш овогтой Б-ийн хохирлыг барагдуулж уучлалт гуйсан, надад ямар нэгэн санал гомдол байхгүй гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

7. Шүүгдэгч Ш.Б-ийн Х банк, Төрийн банкны депозит дансны хуулга /хх-ийн 49-56/

8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

 - Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хүнс хөдөө аж ахуйн газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/380 дугаартай “Тус аймгийн Н сумын 8 дугаар багийн иргэн малчин Ш овогтой Б-ийн 2020 онд тоолуулсан ямааны ноолуурын урамшуулал болох 1,500,000 /нэг сая таван  зуун мянга/ төгрөг нь тус сумын 3 дугаар багийн иргэн Ш овогтой Б-ийн Х банкны ***** тоот дансанд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гүйлгээ андуурагдан орсон нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 47/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/22 дугаартай “Ш.Б- /БЗ............/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 41/,

-  2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр олгосон “РД:БЗ............, овог:Х, эцэг /эх/-ийн нэр:Ш-, нэр:Б-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Н, төрсөн огноо:1974/05/26, хаяг:Баян-Өлгий, Н, 1-р баг, Б, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/,

- Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 43/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Б- нь Баян-Өлгий аймгийн Н сумын 8 дугаар багийн иргэн Ш овогтой Б-ийн 2019 онд тоолуулсан ямааны ноолуурын урамшуулал болох 1.500.000 мянган төгрөг нь түүний Х банкны ***** тоот дансанд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж хувьдаа завших гэмт хэрэг үйлдсэн нь:

- Хохирогч Ш овогтой Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2020 оны 06 дугаар сарын эхээр Ш овогтой Б-ээс асуусан, миний ноолуурын урамшууллын мөнгө андууран таны дансанд орсон юм биш үү гэхэд Ш овогтой Б- таны ноолуурын урамшууллын мөнгө андуурч миний дансанд ороогүй, би өөрийн ямааны ноолуурын урамшууллын мөнгийг авсан, надад ноолуурын урамшуулалд 1.500.000 /нэг сая таван зуун/ мянган төгрөг орж ирсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/,

- Гэрч К.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тус сумын 8 дугаар багийн иргэн Ш овогтой Б-ийн дансны дугаарыг тус сумын 8 дугаар багийн засаг дарга Д.Е-аас авч бүртгэсэн юм. Харин тус сумын 1 дүгээр багийн иргэн Ш овогтой Б-ийн дансны дугаарыг би бүртгээгүй манай тасгийн дарга К.У- бүртгэсэн. ...Би тус сумын багийн засаг дарга болон манай тасгийн дарга К.У-гийн өгсөн дансны дугаарыг бүртгэсэн. Өөр надад энэ хоёр иргэний дансны дугаарыг сольж бичих санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

- Гэрч К.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тус сумын 1 дүгээр багийн иргэн Ш овогтой Б-ийн дансны дугаарыг би бүртгэсэн юм. Би Ш овогтой Б-ийн ******дансны дугаарыг сумын Төрийн банкнаас авч бүртгэсэн. Өөр хэний дансанд хэдэн төгрөгийн урамшуулал орсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28- 29/,

- Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний дүү болох Ш-н Б-ийн ямааны ноолуурын урамшууллын мөнгө болох 1.500.000 төгрөгийг төрөөс олгохдоо Шерикбай Б-ийг Ш овогтой Б-ийн Х банкны данс руу андуурч гүйлгээ хийгдсэн байсан ба Ш- Б-ийн Төрийн банкны дансанд нь өөрийнхөн ямааны мөнгө болох 700.000 гаруй мянган төгрөгийг орсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас өөрийн биеэр очиж тодруулж авсан. ...Миний дүүгийн ямааны ноолуурын мөнгийг Ш- Б- 5 дугаар сард авч хувьдаа ашиглаж байгаад өнгөрсөн 11 дүгээр сард манай дүүд буцааж 1.500.000 төгрөгийг өгсөн талаар дүүгээсээ сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

- Гэрч Д.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Дараа нь энэ оны 11 дүгээр сард Ш.Б- миний ноолуурын урамшууллын 1.500.000 /нэг сая таван зуун/ мянган төгрөг тус сумын 1 дүгээр багийн иргэн Ш овогтой Б-ийн дансанд андууран орсон байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

- Шүүгдэгч Ш.Б-ийн өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:“... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ш овогтой Б-ийн хохирлыг барагдуулж уучлалт гуйсан, надад ямар нэгэн санал гомдол байхгүй гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, шүүх хуралдааны тэмдэглэл/,

7. Шүүгдэгч Ш.Б-ийн Х банк, Төрийн банкны депозит дансны хуулга /хх-ийн 49-56/,

8. Шүүгдэгч Ш.Б-ийн ***** тоот дансны 2020 оны 05 дугаар сарын 27-ноос 2020 оны 06 дугаар сарын 07-ны хоорондох депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Алдаатай гүйлгээ завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Б-т 1500000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид хохирлоо төлж барагдуулсан тул шүүгдэгч Ш.Б-ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ш.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар:

Уг гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болно.

Шүүгдэгч Ш.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Ш-н Б-ийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Ш.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК