Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2017/00084

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

              Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 3 дугаар баг, Өвт, цех 6-65 тоотод оршин суух Боржигон овогтой Нямсүрэнгийн Сонинбаярын /РД:ЙБ84011327/ хүсэлттэй,

            Талийгаач Ш.Отгонжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Сонинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Хүсэлт гаргагч Н.Сонинбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Н.Сонинбаяр миний бие нь Ш.Отгонжаргалтай 2014 оны 06 дугаар сард гэр бүл болж охин С.Номинзулыг төрүүлсэн. Гэвч бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Манай нөхөр Ш.Отгонжаргал нь 2017 оны 1 сарын 15-ны өдөр өвчний учир нас барсан. Иймд намайг талийгаач Ш.Отгонжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Хүсэлт гаргагч Н.Сонинбаяр нь талийгаач Ш.Отгонжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

          Н.Сонинбаяр нь талийгаач Ш.Отгонжаргалтай 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс  2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтран амьдарч, тэдний дундаас 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин С.Номинзул төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, цахим үнэмлэхний хуулбар, талийгаач Ш.Отгонжаргалын нас барсаны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

       Түүнчлэн гэрч Дашдэлэг овогтой Жамъяннацагийн Өлзийорших “...Талийгаач  Ш.Отгонжаргал, Н.Сонинбаяр хоёр нь 2014 онд танилцаж нэг гэрт хамт амьдарч байсан. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Номинзул нь төрсөн. Ш.Отгонжаргал, Н.Сонинбаяр нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм.Талийгаач Ш.Отгонжаргал, Н.Сонинбаяр хоёр нь гэрлэлтээ батлуулаагүй байсан тул охин Номинзулыг ээж Сонинбаяраар овоглож байсан. Хүргэн Ш.Отгонжаргал 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан...” гэж, мөн Боржигон овогтой Намсрайн Бямбадолгор нь “Би эхээсээ зургуулаа. Миний төрсөн 4-н ах, ээж Шушмаагаар овоглодог. Харин миний дүү Бямбадулам бид хоёр аав Намсрайгаар овоглодог юм. Талийгаач Ш.Отгонжаргал ах нь 1981 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Талийгаач ах Ш.Отгонжаргал нь 2014 онд Н.Сонинбаяртай үерхэж 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Номинзул төрсөн. Талийгаач ах Ш.Отгонжаргал Н.Сонинбаяр нар нь нэг гэрт хамт амьдарч байсан. Гэхдээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Тийм учраас охин Номинзулын ээж Сонинбаяраар овоглож байсан. Манай ах Ш.Отгонжаргал 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Охин С.Номинзул нь Ш.Отгонжаргалын төрсөн ганц хүүхэд нь байгаа юм...” гэж, мөн Боржигон овогтой Шушмаагийн Нэргүй “Миний төрсөн дүү талийгаач Ш.Отгонжаргал ах нь 1981 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Талийгаач дүү Ш.Отгонжаргал нь 2014 онд Н.Сонинбаяртай үерхэж 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Номинзул төрсөн. Талийгаач дүү Ш.Отгонжаргал, Н.Сонинбаяр нар нь нэг гэрт хамт амьдарч байсан. Гэхдээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй гэхдээ хамт амьдарч байсан юм.Талийгаач Ш.Отгонжаргал, Н.Сонинбаяр хоёр нь гэрлэлтээ батлуулаагүй байсан тул охин Номинзулыг ээж Сонинбаяраар овоглож байсан. Манай дүү  Ш.Отгонжаргал 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Охин С.Номинзул нь талийгаач дүү Ш.Отгонжаргалын төрсөн ганц хүүхэд нь байгаа юм” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Н.Сонинбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

          1. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогтой Нямсүрэнгийн Сонинбаярын талийгаач Боржигон овогтой Шушмаагийн Отгонжаргалтай  /РД:ЙИ81122011/ 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Сонинбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                Б.САРАНТУЯА