Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2017/00085

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр баг, “Зөрүүлэг” гэх газар оршин суух Хууман овогтой Найдансүрэнгийн Жаргалын /РД:ЙБ67060202/ хүсэлттэй,

             Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Н.Жаргал нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                   Н.Жаргал миний бие нь 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худгийн моторчноор, мөн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Батзам” нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл тухайн үед хөдөлмөрийн дэвтэр аваагүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худгийн моторчноор, мөн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Хүсэлт гаргагч Н.Жаргал нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

         Н.Жаргал нь 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн худгийн моторчноор, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд  малчнаар тус тус  ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2015 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрийн 44 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн 1987 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

           Түүнчлэн Наваан овогтой Магвандоржийн Алтанхуяг нь “...Би 1981 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 3 дугаар бригадын няраваар ажиллаж байсан. Н.Жаргал нь 1987 оны 8 дугаар сараас эхлэн худгийн моторчноор ажиллаж байгаад 1988 оноос тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. Н.Жаргал нь бог мал малладаг байсан. Шагнал урамшуулал авч байгаагүй. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ..” гэж, мөн Боржигин овогтой Самдангийн Амарсайхан “...Би 1985 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд эмчилгээ тэжээлийн цехэд няраваар ажиллаж байсан. Н.Жаргал 1987 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн “Агуйтын” худгийн моторчноор ажиллаж байгаад 1988 оноос тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. Н.Жаргал нь бог мал малладаг байсан. Баярын бичиг, сайшаалын үнэмлэх авч байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.                                                                   Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Н.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хууман овогтой Найдансүрэнгийн Жаргалыг 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн худагт моторчноор, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд  малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

 

                                           ДАРГАЛАГЧ                            Б.САРАНТУЯА