| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/24 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/24
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгч С.А- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох 2013004190016 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, регистрийн дугаар БВ........., Н овогт С-ы А, 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Б сумын ***дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2-т зааснаар 252 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 250 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж бүхий 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А- нь Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд тус сумын иргэн Х.Ш-ийг чулуугаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Хохирогчид төлөх ёстой хохирлоос 500,000 төгрөг үлдсэнийг төлж өгнө.” гэв.
Эрүүгийн 2013004190016 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Хохирогч Х.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн “SHINERAY” маркийн мотоциклээрээ дэлгүүр орохоор явж байтал тус сумын 2 дугаар багийн иргэн С.А- болон түүний эхнэр, мөн зүс таних Т- гэх залуу замд зогсож байсан. С.А- нь учиргүй над руу зогс хэмээн орилж чулуу аван шидэх үед түүний шидсэн чулуу миний жолоодож явсан мотоциклийн зүүн талын дохио гэрэлд онож уг гэрэл хагарсан. Тэгэхэд би зогсож түүнд юу болов гэж хэлээд мотоциклээс буух үед тэрээр над руу дахиад чулуу авч шидэхэд уг шидсэн чулуу нь надад оноогүй бөгөөд би түүний хажууд дөхөж очих үед тэрээр над руу 3 дахь удаа чулуу шидсэн. Түүний шидсэн уг чулуу миний дух хэсэгт онож цус гарсан. Тэрээр над руу чулуу шидэж, чамайг ална гэх мэтээр орилж байх үед түүний хажууд зогсож байсан эхнэр нь болон Т- гэх залуу түүнийг болиулах гэсэн боловч тэдэнд хүч өгөхгүй байсан. Тэгээд би сумын эмнэлэгт очиж үзүүлж, эмч нар чулуу оносон хэсэгт оёдол тавьж өгсөн. ...С.А- надад учруулсан бүх хохирлыг буюу нийт учирсан 853100 төгрөгийг төлж өгсөн. Одоо С.А- бид хоёрын хооронд хохирлын талаар маргаан байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 29-30, 32/,
2. Гэрч К.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай нөхөр машины дэргэд зогсож байтал гудамжнаас нэг мотоциклтэй хүн өнгөрөхөөр манай нөхөр нөгөө насос авч ирэхээр ирж яваа хүн гэж бодоод “наашаа” гээд хашхирсан. Тэгтэл уг мотоциклтой залуу зогсоод чи гудамжинд орилдог хэн юм бэ, яагаад чулуу шидээд байгаа юм бэ гэж манай нөхөр лүү ирэхэд тэр хоёр хоорондоо заамдалцсан. Тэгж байтал Ж- тэр хоёрыг салгасан ба тэр мотоциклтой залуу манай нөхрийг чи миний толгойг хагалчихлаа гэж хэлээд эмнэлэг рүү явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36,38/,
3. Гэрч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...С.А- машины гадаа зогсож байсан ба намайг очиход К.К- машинаас бууж ирсэн. С.А- надад би хүнээр машины дугуйг хийлдэг насос захиж хэлчихсэн. Насосыг аваад ирэхээр машины дээр байгаа запас дугуйг сольж хийлж тавья гэж хэлсэн. С.А-ы хэлсэн хүнийг ирэх хүртэл бид хоёр машины гадаа зогсож байхад замын нөгөө талаас нэг мотоцикл ирж байсныг хараад С.А- уг мотоциклийг нөгөө насос авч ирж байгаа хүн юм байна гэж бодоод “зогс” гэж орилсон. Тэгээд уг мотоциклтой залуу өнгөрч яваад зогсож мотоциклээ тавьчхаад бидний хажууд ирээд бидэнд “хэн орилсон бэ” гэж асуухад С.А- түүнд “би орилсон” гэж хэлээд түүн рүү ойртож очиход нөгөө мотоциклийн жолооч болох Х.Ш- яагаад чулуу шидэж байгаа юм бэ гэж хэлсэн С.А-ыг гараараа цохих шиг болоход С.А- түүнийг заамдаж авсан ба тэр үед Х.Ш- ч түүнийг заамдаж барьж авсан. Уг үйл явдал болох үед гадаа харанхуй болсон байсан болохоор Х.Ш-ийн С.А-ы биед аль хэсэгт гараараа хэдэн удаа цохисон эсэхийг тодорхой анзаарч хараагүй. Тэгээд би тэдний хажууд очиж болиулж салгаж, С.А-ыг К.К- холдуулж авч явсан. “ гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
4. Аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаартай “...Иргэн Х.Ш-ийн биед тархины битүү гэмтэл, тархины доргилттой, баруун ба зүүн нүдэнд доод зовхинд хөх ягаан цус хуралттай, хавантай, духны дунд хэсэгт урагдсан оёдол тавьсан зөв бус хэлбэргүй, урагдаж няцарсан шархтай, хавантай гэмтэл тогтоогдлоо. ... 4. Иргэн Х.Ш-ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/,
5. Шүүгдэгч С.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/
6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 84-87/,
- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 88-93/,
- Баян-Өлгий аймгийн Б сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Б сумын 2 дугаар багийн иргэн С- овогтой А- ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт Худгийн салаа гэх газарт мал маллаж амьдардаг. С.А- нь урд өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдоогүй, даруу төлөв зантай. Адуу 6, хонь 20, ямаа 130, нийт 156 толгой мал тоолуулсан болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 100/,
- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай “С- овогтой А-ы /БВ95021712/ нэр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна.” гэх тодорхойлолт /хх-ийн 102/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/85 дугаартай “С.А- /БВ........./-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 75/,
- 2020 оны 6 дугаар сарын 16-ний өдөр олгосон “РД:БВ........., овог:Н, эцэг /эх/-ийн нэр:С-, нэр:А-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Б, төрсөн огноо:1995/02/17, хаяг:Баян-Өлгий, Б, 2-р баг, Б, хүчинтэй хугацаа:2040/02/17, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76/,
- Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 78/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч С.А- нь Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд тус сумын иргэн Х.Ш-ийг чулуугаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Х.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Түүний шидсэн чулуу миний дух хэсэгт онож цус гарсан. ...Эмнэлэгт очиж үзүүлж, эмч нар чулуу оносон хэсэгт оёдол тавьж өгсөн. ...С.А- надад учруулсан бүх хохирлыг буюу нийт учирсан 853100 төгрөгийг төлж өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 29-30, 32/,
- Гэрч К.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгж байтал Ж- тэр хоёрыг салгасан ба мотоциклтой залуу манай нөхрийг чи миний толгойг хагалчихлаа гэж хэлээд эмнэлэг рүү явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36,38/,
- Гэрч А.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд уг мотоциклтой залуу өнгөрч яваад зогсож мотоциклээ тавьчхаад бидний хажууд ирээд бидэнд “хэн орилсон бэ” гэж асуухад С.А- түүнд “би орилсон” гэж хэлээд түүн рүү ойртож очиход нөгөө мотоциклийн жолооч болох Х.Ш- яагаад чулуу шидэж байгаа юм бэ гэж хэлсэн... “ гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
- Аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаартай “...Иргэн Х.Ш-ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/,
- Шүүгдэгч С.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Түүнд учирсан хохирлын үлдсэн 500000 төгрөгийг төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Х.Ш-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А-ы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ш-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Х.Ш-ийн “Х.Ш- би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б сумын иргэн С.А-д зодуулж хохирсон. Энэхүү үйл явдалтай холбоотой надад учирсан хохирлыг бүгдийг нь С.А- төлж өгсөн. Одоо С.А- бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол санал байхгүй. Тийм учраас уг хэргийг ойрын хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэх баримт /хх-ийн 122/ өгсөн боловч шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч Х.Ш-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдааны товыг мэдлээ, хөдөө мал дээр байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна, надад учирсан хохирлоос үлдсэн 500000 төгрөгийг төлж өгөхөөр болж хоорондоо тохиролцсон.” гэх тайлбар болон шүүгдэгч С.А- нь энэхүү хохирол болох 500000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт төлж өгөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.А-аас 500000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ш-т олгохоор шийдвэрлэв.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.А-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, үлдсэн хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.А- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.А-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4.Бусад асуудлаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.А- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч С.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт С-ы Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-ыг 550 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч С.А- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч С.А-аас 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Х.Ш-т олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК