Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2017/00086

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

             Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, “Улаан-Ам” гэх газар оршин суух Цагаан монголт овогтой Төмөрбатын Нангидын /РД:ЙБ45081000/ хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Нангид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Т.Нангид нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Т.Нангид миний бие нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Хүсэлт гаргагч Т.Нангид нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

          Т.Нангид нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар  ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрийн 101 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай бэлтгэлийн мал туугчдын дунд 1982 онд зарласан болзолыг дүгнэх тухай тогтоолын хуулбар,  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаартай 1984 оны хөдөлмөрийн аваргууд шалгаруулах тухай тогтоолын хуулбар, Т.Нангидын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

          Түүнчлэн Наваан овогтой Магвандоржийн Алтанхуяг нь “...Би 1981 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 3 дугаар бригадын няраваар ажиллаж байсан. Т.Нангид 1981 оны 01 дүгээр сараас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Т.Нангид төрийн одон медаль авч байгаагүй. Харин 1986, 1985 онд баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргийг авч байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ гэв...” гэж, мөн Рэнчиннямбуу овогтой Гимнайгийн Дондогсэрчин “...Би 1973 оны 06 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд бригадын даргаар ажиллаж байсан.  Т.Нангид 1981 оны 01 дүгээр сараас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1992 оны 06 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Т.Нангид төрийн одон медаль авч байгаагүй.Т.Нангид бод мал малладаг байсан.  Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.                                                              Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Т.Нангидын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                               

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан монголт овогтой Төмөрбатын Нангидыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Нангидын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

                                           ДАРГАЛАГЧ                            Б.САРАНТУЯА