Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 940

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Товогт Ц-н П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000001472 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ...дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...хороо, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух хаягтай, /РД: / урьд

2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 134 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь заалтад зааснаар нягтлан бодогчийн ажил эрхлэх эрхлэхийг 3 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн,

2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 81 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар суллагдсан, Т овогт Ц.П.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.П нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Х-н толгой тус газар нь чулуугаар цохиж баруун зулайн няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.П-йг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Н.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хороололд дүү А-тай хамт таксинд явж байхад нэг ах гараа өргөж байхаар нь би авахад уг ах “эхнэрээсээ салчихсан юм аа, ээж дээрээ очих гэсэн юм” гэсэн. Би “мөнгө байгаа юм уу” гэхэд “ахад нь байгаа, утсаа өгч бай” гээд миний утсаар интернэт банк ороход 13.000 төгрөг байсан. Тэгээд “машинд суучих” гээд суулгахад гартаа чулуу барьчихсан байхаар нь би ахад “чулуугаа хая” гэхэд “за одоо хаялаа” гэсэн. Манай эхнэр Гандан дээр байна утасны цэнэглэгч аваад ир гэсэн байсан болохоор би ахаас “гандан дээр цэнэглэгч өгчихөөд явах уу” гэхэд тэг тэг гэхээр нь гандан ороход эхнэр явчихсан байсан. Тэгээд доошоо уруудаад явж байхад уг суусан ах “чи яаж яваад байгаа пизда вэ” гэхээр нь “ахаа та согтуу байна, таныг гэрт чинь хүргээд өгье” гэхэд А  боль л доо гэсэн. Тэгэхэд нөгөө ах хэрүүл өдөөд маргалдаад намайг цохих гээд байхаар нь “машинаас буу, мөнгө төгрөг авахгүй, явчих” гэхэд намайг заамдаад “ямар сэхүүн бацаан бэ, та нар амьдрал ойлгохгүй, лаларууд” гээд байсан. Тавьчих гэхэд тавихгүй байсан, би тавиач дээ гээд цаашаа мөр хэсэг руү нь түлхсэн. Миний толгой хэсэг рүү барьж байсан чулуугаараа цохьсон. Би уг ахыг цаашаа түлхэхэд уг ах хашаа налаад доошоо уначихсан. Би А г дуудаад гар утсаа өгөөд цагдаа дууд гээд дуудуулсан. Тэгэхэд газраас чулуу аваад миний гар хэсэгт цохьсон. А  бид 2 газар унагаагаад дарж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Уг хүн надад эмчилгээний зардал гаргаж өгнө гэсэн, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

 

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10657 дугаартай “...Н.Х-н биед баруун зулайн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн уйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 тал/,

 

Шүүгдэгч Ц.П-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байх үед хорооллын эцсээс Хан-Уул дүүргийн нутагт 19-ийн үйлчилгээний төв хүргүүлэхээр такси барьсан. Таксинд суугаад явж байсан чинь жолооч надаас илүү мөнгө нэхсэн. Тэгээд бид 2 маргалдсан, тухайн таксины жолооч намайг машинаас түлхэж газар унагаахад би газраас босохдоо чулуу аваад тухай жолоочийн толгойн тус газар чулуугаар 1 удаа цохьсон. ...Би өөрийн буруутай уйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас бусдын биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруутай үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 23-28 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 29 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 32 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 34 тал/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-ийн 35 тал/, Гэгээ экспресс сервис ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга /хх-ийн 50-62 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохихрол төлбөр төлсөн талаарх дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 81 дугаартай захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

                                                                                  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.П-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 10-11, 12-13 дахь талд тус тус авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ц.П нь хэрэг учрал болсон 2020 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Х-н автомашинтай таксигаар үйлчлүүлж явахдаа буруу замаар явсан, илүү мөнгө нэхсэн гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн толгой тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун зулайн няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10657 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.П нь хохирогч Н.Х-г чулуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах байх ба хохирогчийг цохиход гэмтэл учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.П-г хохирогч Н.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой тус газар нь чулуугаар цохиж баруун зулайн няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хавтас хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт авагдаагүй байна. Харин шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн дансны хуулга баримтаар шүүгдэгч Ц.П нь хохирогч Н.Х-н эмчилгээний зардалд буюу хохиролд тооцож 500.000 төгрөг нөхөн төлсөн болох нь тогтоогджээ.  

 

Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан буюу шүүгдэгч Ц.П-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол нөхөн төлөгдсөн байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч Ц.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, улсын яллагчийн санал болгосон 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.П-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ц-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Ц.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.П-д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Х-д хохиролд тооцож 500.000 /таван зуун мянга/-н  төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА