Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2017/00087

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

             Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр баг, “Зөрүүлэг” гэх газар оршин суух Наваан овогтой Магвандоржийн Алтанхуягийн /РД:ЙБ59080317/ хүсэлттэй

               Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч М.Алтанхуяг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                Миний бие нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992  оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн “Батзам” нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Хүсэлт гаргагч М.Алтанхуяг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            М.Алтанхуяг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар  сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд нярав, малчнаар байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 697 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн 1987 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай тушаалуудын хуулбарууд, М.Алтанхуягийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч Рэнчиннямбууд овогтой Гимнайгийн Дондогсэрчин нь “...Би 1973 оны 06 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд бригадын даргаар ажиллаж байсан.  М.Алтанхуяг нь 1981 оны 01 дүгээр сараас эхлэн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1992 оны 12 дугаар сарыг  хүртэл ажилтнаар ажиллаж байсан. М.Алтанхуяг нь төрийн одон медаль авч байгаагүй. Харин баярын бичиг, сайшаалын үнэмлэх авч байсан. Тухайн үед сайн малчин байсан. Адуу малладаг байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Боржигин овогтой Самдангийн Амарсайхан нь “...Би 1985 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд эмчилгээ тэжээлийн цехэд няраваар ажиллаж байсан. М.Алтанхуяг 1981 оны 01 дүгээр сараас эхлэн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1992 оны 12 дугаар сарын хүртэл ажилтнаар ажиллаж байсан. М.Алтанхуяг нь төрийн одон медаль авч байгаагүй. Харин баярын бичиг, сайшаалын үнэмлэх авч байсан. Тухайн үед сайн малчин байсан. Адуу малладаг байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.                                                                                                                           М.Алтанхуяг нь 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар  ажиллаж байсан гэх боловч дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар  сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд нярав, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Г.Алтанхуягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Наваан овогтой Магвандоржийн Алтанхуягийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд нярав, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Алтанхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.                                              

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.САРАНТУЯА