Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1002

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Э.Э , Б.Х тэдгээрийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3109/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Э-Э , И овогт Б-Х нарт холбогдох эрүүгийн 2005021731473 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр .... аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын удирдлага мэргэжилтэй, .... менежер ажилтай, ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт, ...дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, /РД: / урьд ял шийтгэгдэж байгаагүй, З овогт Э.Э.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ...суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлал мэргэжилтэй, “...” ХХК-ийн “...” ... ажилтан, ам бүл ..., эх, эхнэр, хүүхдийн хамт, ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол ... дүгээр байрны ... тоотод оршин суудаг, /РД: / урьд ял шийтгэгдэж байгаагүй, И овогт Б.Х.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Э , Б.Х нар бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А хотхоны ... дугаар байрны гадна хохирогч Х.А ын биед халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд зовхи, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, баруун чамархай, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, нуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э , Б.Х нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Э.Э , Б.Х нар бүлэглэн хохирогч Х.А ын биед халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд зовхи, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, баруун чамархай, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, нуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 00 цагийн орчим Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...р байрны гадна сааданд иргэн Х.А  нь бусдад зодуулсан...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 5 тал/,

 

Хохирогч Х.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /1 хх-ийн 18-19 тал/,

 

Бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 23-26 тал/,

 

Хохирогч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед ажлаасаа тарж ирээд гэртээ байж байтал 00 цагийн үед цонхон дор архидаад хашгиралдаад дуулаад байсан. Манай бага хүү 1 ой гарантай унтаж байгаад цочиж сэрээд уйлсан. Тэгээд би цонхоороо толгойгоо гаргаад манай цонхны дор байдаг сааданд байсан... эрэгтэй хүнд хандаж “чимээгүй болооч ээ, хүмүүс амарч байна” гэхэд “чи юу гээд хуцаад байгаа юм, чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Хэн нь хэлснийг нь мэдэхгүй байна, харанхуй байсан, эрэгтэй хүн ямар ч байсан тэгж хариулсан. Тэгээд би “явахгүй бол цагдаа дуудлаа шүү” гэхэд өөр нэг эрэгтэй “чаддаг юм бол гараад ир, хөөе” гээд улам орилоод эхэлсэн. Тэгээд би эхнэртээ “цагдаа дуудчихаарай, би гарч тайлбарлаад ирье” гээд гараад очсон. Тэгээд сааданд зогсож байсан 4 эрэгтэйг “та хэдэд хүн үг хэлээд байна” гэхэд нүдний шилтэй эрэгтэй миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд би тэр намайг цохисон эрэгтэйн 2 гараас бариад автал эрээн цамцтай, бас махлагдуу биетэй 2 эрэгтэй миний хоёр гараас бариад арагшаа сандал руу түлхсэн. Тэгээд дээгүүрээ нүцгэн байсан эрэгтэй шууд нүүр рүү нүдээд эхэлсэн. Тэгээд би ноцолдсоор байгаад босоод ирсэн. Тэгсэн эрээн цамцтай эрэгтэй араас хоолойноос боогоод миний ухаан самуурсан. Тэгээд би газар унахгүйн тулд хайлснаас баруун гараараа зуураад, зүүн гараараа боосон гарыг нь тавиулах гэж оролдож байхад дээгүүрээ нүцгэн эрэгтэй миний нүүр нүдгүй дахиад гараараа цохиод эхэлсэн. Нилээн олон удаа цохисон. Намайг цохиод байхаар нь би нүцгэн биетэй эрэгтэйг болиулах гээд гараараа зуураад автал тэр эрэгтэй миний ам руу гараа хийгээд хойш нь татахаар нь би гарыг нь хазсан. Тэр нүцгэн биетэй эрэгтэй “одоо би чамайг ална гүйцээнэ” гээд байсан. Тэгсэн эхнэр Э хотхоны хамгаалагч дагуулаад ирсэн. Тэр хамгаалагч нэг нэгээр нь салгасан. Нэгийг нь салгах гэж байхад нэг нь ирээд зодоод байсан... Намайг ихэвчлэн нүцгэн биетэй махлагдуу эрэгтэй зодсон, эрээн цамцтай нь хоолойноос боогоод хөдөлгөөнгүй байлгаад байсан, хөдөлгөөнгүй байх хооронд нүцгэн биетэй эрэгтэй цохиод хажуугаар нь бас нүдний шилтэй эрэгтэй цохиод байсан. Яг хэн нь миний хаашаа цохисныг нарийн хэлж мэдэхгүй байна. Нүүр нүдгүй тал талаас цохиод байсан... Би Эм Би Жи Мед эмнэлэгт 7 хоног хэвтэж тархины хаван буулгах, цусан хангамж сайжруулах эмчилгээ хийлгэсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 30-31 тал/,

 

Гэрч С.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах А хотхоны 10 дугаар байрны 3 давхрын 14 тоот гэртээ амарч байхад сааданд хүмүүс шуугилдаад эсхүл хэрэлдээд байсан. Манай гэрт нэг настай хүүхэд байдаг тул манай нөхөр цонхоор та нар чимээгүй бай гэж хэлэхэд тэр залуучууд чаддаг юм бол гараад ир гэх мэтээр яриад хэрэлдээд байсан. ...Манай нөхөр гэрээс түрүүлж гарахаар нь би санаа зовоод араас нь гартал нүдний шилтэй согтуу өндөр залуу манай нөхрийг боогоод цохиж байсан, тэгээд би тэр чигтээ хамгийн ойрын пүүтэк рүү очиж хамгаалагч дагуулаад эргээд ирэхэд манай нөхрийг өндөр эрээн цамцтай залуу боочихсон, харин эхний боочихсон байсан залуу болон цээж нүцгэн залуу нар хоёр талаас нь манай нөхрийг ээлжилж зодоод, харин куртиктэй намхан залуу хажууд нь хараад зогсож байх шиг байсан. ...Ерөнхийдөө бол тэр хоёр залуу ээлжилж зодоод хамгаалагч нэгийг нь болиулах үед нөгөөх нь хүрч ирээд зодоод байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 37-39, 40 тал/,

 

Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эхлээд үл таних хүн Э  ахыг нүүрэн тус газар луу нь цохисон, тэгтэл Х ардаас нь тэвэрч аваад газарт унагасан. Тэгтэл хотхоны хамгаалагч хүрч ирээд тэр ахыг болон Х-г босгоод тэр үл таних ахыг хамгаалагч хойшлуултал тэр ах уурандаа гараа саваад Э  ах,Х нарын аль нэгийг цохичихсон. Тэгтэл Э  ах уурлаад тэр хүнийг нүүрэн тус газар луу нь хоёр удаа хүчтэй цохисон, тэгтэл нөгөө үл таних хүн бүүр уурлаад Э  ахтай зууралдтал Х тэр хүнийг дахиж ардаас нь тэврээд зууралдаад цуг уначихсан... Бид нар байрны гадаа шуугилдаад харин тэр ах гарч ирээд Э  ахыг цохисноос болоод ийм асуудал үүссэн...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 44-46 тал/,

 

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг өнгөрч байх үед пүүткэн дээр сууж байхад гаднаас эмэгтэй хүн орж ирээд “зодоон болоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр эгчийг дагаад очиход 10 дугаар байрны урд талын сааданд нэг эрэгтэй хүнийг цээж нүцгэн болон өндөр нүдний шилтэй залуу хоёр зодож байсан юм. Тэгээд очиж салгах үед цээж нүцгэн залуу бол ална гэж хэлээд дайраад, нэгийг нь салгахаар нөгөөх нь гүйж очоод зодоод байсан... Дөрвөн залуугийн хоёр нь идэвхтэй зодож цохиод, нэг өөр өндөр залуу хойноос нь боогоод саадны 50 см орчим өндөр дээрээс газарт татаж унагасан. Тэр үед анх очиход тэр хүнийг зодож байсан хоёр залуу дээрээс нь нэмж зодсон...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 47-48, 49 тал /,

 

Гэрч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө маркетингийн менежер Э ын хамт ажлаасаа гарсан. Улмаар Х, Э  бид 3 уулзсан. ...Бид нар явах гэж байхад тэр залуу нэг эмэгтэйтэй хамт гарч ирээд Э  ахын толгой руу гараараа нэг удаа цохисон.Х болиулах гээд тэр залууг тэвэрсэн. Тэр залуу Х г тэвэрч аваад цемент дээр унагаасан. ...Э  ах нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55-56 тал/,

 

Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дуудлага өгсөн гэх эмэгтэйтэй уулзаж юу болсон талаар асуухад хажуу талд нь зогсож байсан Х.А  гэх эрэгтэй нь бага зэрэг согтууруулах ундаа үнэртүүлсэн байдалтай, саадан дотор байсан гурван эрэгтэй рүү заагаад... энэ дөрвөн эрэгтэйд зодуулсан, нэг нь зугатаачихлаа гэсэн... Э.Э , Б.Х нар нь илүү согтолттой, гэрчүүдийн тайлбарласнаар ихэвчлэн зодсон гэсэн тул уг хоёр иргэнийг Бэгэр 120-д хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 59-60 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7315 дугаартай “...Х.А ын биед тархи доргилт, зүүн дээд зовхи, баруун хацрын дотор салстад язарсан шарх, баруун чамархай, баруун нүдний дээд, доод зовхи. баруун чих, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, нуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 хх-ийн 63- 64 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1163 дугаартай нэмэлт шинжээчийн “...1. Х.А ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7315 дугаартай дүгнэлтэд “...Хэсэг газрын үзлэгт: Баруун чамархай, баруун нүдний дээд доод зовхи, баруун чих, баруун хацрын хамарсан хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, хаван хавдартай. Доод уруулын баруун дотор хэсэгт 2x1 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн хацрын дотор салстад цайвар ногоон өнгийн өнгөр тогтсон салстад язарсан шархтай. Зүүн дээд зовхинд мэс заслын 2 оёдол бүхий шархтай, орчны эдэд хөхөлбөр өнгийн цус хуралттай. Нуруунд 6x5 см, баруун өвдөг шилбэнд 16x13 см, зүүн өвдөгт 2,5x2 см хүрэн өнгийн зулгаралттай гэж бичигдсэн ба дүгнэлтэд тусгахдаа бичиглэлийн алдаа гаргаж баруун хацрын дотор салстад шарх гэж бичсэн байна. 2. Х.А ын биед тархи доргилт, зүүн дээд зовхи, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, баруун чамархай, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, нуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон байна” гэх дүгнэлт /1хх-ийн 73-75 тал/,

 

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.А ын биед учирсан гэмтлүүд болох тархи доргилт, зүүн дээд зовхи, баруун хацрын дотор салстад язарсан шарх, баруун чамархай, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт гэмтлүүд нь унахад үүсэх боломжгүй, мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 83 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 7344 дүгээр “...Э.Э ын биед тархи доргилт, зүүн сарвууны шарх, баруун зүүн бугалга, зүүн мөр, баруун тохой, хэвлийн цэс хуралт, зүүн шагайн арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 86-87 тал/,

 

Шинжээч эмч Ж.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт гэмтлийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрөө өөртөө учруулах боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 91-92 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 7348 дугаар “...Б.Х-н биед баруун шагай, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 94-95 тал/,

 

 

Бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн “...Бичлэгийг тоглуулахад дээгүүрээ цээж нүцгэн эрэгтэй голд нь орсон байд А гурван эрэгтэй хүний дүрс харагдаж байв. Хоорондоо зууралдсан байдА дэлгэцнээс дүрс нь гарч орж буй бичлэг байв. Бичлэгийн 54 дэх секундэд дээгүүрээ цээж нүцгэн эрэгтэйн баруун гар хөдөлж буй дүрс байв. Уг үйлдлийг хийх үед дээгүүрээ цээж нүцгэн эрэгтэйн зүүн гар талд гадуураа бараан өнгийн хувцас өмссөн эрэгтэй зогсох ба цээж нүцгэн эрэгтэй гадуураа бараан өнгийн хувцас өмссөн эрэгтэйг цохиж буй мэт тохой нь хөдпөх ба энэ үйлдлийг 11 удаа хийв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-p хх-ийн 222-223 тал/,

 

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 224-228, 229-238 тал/,

 

            Хохирогч Х.А т хохирол төлбөрт тооцож 1.098.600 төгрөг төлсөн гэх Хаан банкны шилжүүлгийн баримт /2 хх-ийн 44 тал/,

 

Шүүгдэгч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Бид нар явах гээд би босоод юм яриад явж байтал араас хүн ирээд ар дагз руу нэг хүн ирээд маш хүчтэй цохисон. Тэр зуур юу болоод байгааг ойлгоогүй.Х болиоч гээд тэр эрэгтэй тэвэрч авсан. Бид нар цонхоор орилсон хүн гэдгийг мэдээгүй. ...Би нуруу руу нь гараараа цохисон. Мөн нүүр рүү нь 1-2 удаа цохисон. ...Бид нарын зүгээс ойлголцохыг хүсээд хялбаршуулсан журмаар хэргээ шийдье, хэн хэнийхээ хохирлыг барагдуулъя гэж хүсээд байхад хүлээн зөвшөөрөхгүй байгааг нь гайхаж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 108-109, 245-246 тал/,

 

Шүүгдэгч Б.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Нүдний шилний мөнгөө нэхэмжлэхгүй. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, гадаа архи ууж байсан нь бид нарын буруу, гэхдээ тэр хохирогч гэх эрэгтэй өөрөө гэрээсээ гарч ирээд амандаа нэг үг хэлж орилоод шууд Э  ахыг цохисон. ...Хохирогч согтуу байдА байсан. Хашгираад амандаа юм хэлээд ирэхэд нь би хэлсэн зүйлийг нь ойлгоогүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 132-133, 247-248 тал/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдон тогтоогдож байна.  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э ын хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э  ах байнга ажил хийж мөнгө олох хэрэгцээ байдаг тул гадуур ямар нэг байдлаар чөлөөт цагаа өнгөрөөж, зугаа цэнгэл хөөж явах зав байхгүй. Амьдралын төлөө зүтгэж төлөө зүтгэж яваа хөдөлмөрч, тэвчээртэй  хүн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 57 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 114 тал/, гэрлэлт бүртгэлгүйн талаарх лавлагаа /1 хх-ийн 115 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 116 тал/, жолоочийн лавлагаа /1 хх-ийн 117 тал/, Э.Э ын бакалаврын дипломын хуулбар /1 хх-ийн 118-119 тал/, Бүрэн дунд боловсролын үнэмлэх /1 хх-ийн 120-121 тал/, байнга асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /1 хх-ийн 122 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 124 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 127 тал/,

Шүүгдэгч Б.Х гийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч А.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х тай үерхэж эхэлсэн цагаас хойш хүнтэй маргалдаж хэрэлдэж байхыг харж байгаагүй, ямар нэгэн зүйлийг эв зүйгээр олдог. Муу зуршил байхгүй, хамт олонтойгоо гадуур гарахдаа айхтар уудаггүй, гэртээ ирээд унтдаг. Хамт олон дундаа нэр хүндтэй ажил төрөл гэр бүлийн асуудал гээд аливаа зүйлд хариуцлагатай ханддаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 61 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 136 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 137 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 138 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 139 тал/, Номин Трейдинг ХХК-ийн тодорхойлолт /1 хх-ийн 141 тал/, Бакалаврын дипломны хуулбар /1 хх-ийн 142-143 тал/, асап сангийн лавлагаа /1 хх-ийн 144-145 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 146 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 50-51, 52, 53-54 дэх талуудад авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхийн дүгнэлт:

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.Э , Б.Х , Х.А  нар нь хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ хянах чадвар буурсантай холбоотой хоорондоо үл ойлголцон маргалдан зодолдсон, улмаар Х.А ын эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд зовхи, зүүн хацрын дотор салстад язарсан шарх, баруун чамархай, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, нуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл, Э.Э ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн сарвууны шарх, баруун зүүн бугалга, зүүн мөр, баруун тохой, хэвлийн цэс хуралт, зүүн шагайн арьсны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Прокурорын шатанд Х.А т холбогдох хэргийг “...Х.А  нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг Э.Э ын биед гэмтэл учруулсан үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох аргагүй хамгаалалтын шинжтэй...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба энэхүү тогтоолтой хэргийн оролцогч нар танилцаад гомдол гаргахгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ. /2 хх-ийн 20-21 тал/

 

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэх шаардлагатай.                                                                                    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 7315, 1163 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтүүд болон шинээж, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Х.А ын биед тархи доргилт, зүүн дээд зовхи, баруун хацрын дотор салстад язарсан шарх, баруун чамархай, баруун нүдний дээд, доод зовхи. баруун чих, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, нуруу, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь нотлогдож байна. 

 

Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч нарын гэмт үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой буюу шүүгдэгч Э.Э ын хохирогч Х.А ын нүүр, бие хэсэгт олон удаагийн цохисон, шүүгдэгч Б.Х гийн хохирогчийн зүүн шанаа руу гараараа цохиж, араас нь хоолойноос боосон үйлдэл нь Э.Э , Б.Х нарыг гэмт үйлдэлд үйлдлээрээ санаатай нэгдэж, нэг цаг хугацаанд нэг санаа зорилготойгоор хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэж дүгнэх үндэслэл болно.

 

            Шүүгдэгч Э.Э , Б.Х нарыг бүлэглэн хохирогч Х.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай нийцсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийг журамласан нь буруу байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж тус тус хуульчилсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийг давхар журамлах шаардлагагүй.

 

Иймд шүүгдэгч Э.Э , Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Э , Б.Х нарын хэн хэн нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байгаа учир тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э , Б.Х , тэдгээрийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс нар нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул прокуртой ял тохиролцсон” гэж, улсын яллагч “...Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн байр суурьтай оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 18-19 дэх талд хохирол хор уршигтай холбоотой 1.098.600 төгрөгийн баримтыг гарган өгсөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирогч Х.А ын  “...1.098.000 төгрөг нөхөн төлсөн, надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх бичиг, Хохирогч Х.А т хохирол хор уршигт тооцож 1.098.600 төгрөг төлсөн Хаан банкны шилжүүлгийн баримтаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Э , Б.Х нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э , Б.Х нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт хуулинд заасны дагуу Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-д нийцнэ.

 

Шүүгдэгч Э.Э , Б.Х нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрч, ялын төрөл хэмжээний саналаа үйлдэж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын яллагчийн ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Э , Б.Х нарт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Э , Б.Х нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгч Э.Э , Б.Х нарт тайлбарлах нь зүйтэй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Э.Э , Б.Х нарт мэдэгдэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Э , Б.Х нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Э-Э , И овогт Б-Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э , Б.Х нарт тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э , Б.Х нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э , Б.Х нарт сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 4 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Э , Б.Х нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.А т хохирол хор уршигт тооцож 1.098.600 /нэг сая ерөн найман мянга зургаан зуу/-н төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э , Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА