| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 106/2020/0918/Э |
| Дугаар | 1006 |
| Огноо | 2020-12-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 1006
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,
улсын яллагч Д.Агар,
иргэний нэхэмжлэгч М.Э,
хохирогч Н.Н, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0257/,
шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Балжмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2594/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт А-Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2005023810327 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч эрүүгийн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ... ажилтай, ам бүл ... нөхөр ... хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, дүүрэг ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:/ Х овогт А.Н.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Н нь согтуурсан үедээ 2020 оны 7 дугаар сарын 23-ны 16 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэмтлийн эмнэлгийн урд замд 00-00 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно“ гэсэн заалтуудыг зөрчин урсгал сөрж 00-00 УНТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн жолооч Н.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, М.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Н нь согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Э-с мэдүүлсэн: “...Би 130.000 төгрөгийг хохирол төлбөрт тооцож авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Н-гийн мэдүүлсэн: “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай дүү хоолонд орьё гээд явж байсан. Өөдөөс урсгал сөрөөд их хурдтай автомашин ирж байсан. Чигээрээ явсаар байгаад мөргөсөн. Би хөл дээрээ гишгэх гэтэл болохгүй байсан. Цагдаа дуудсан, цагдаа маш хурдан ирсэн. Нөхөр нь мэдэж байгаа. Би эрүүл мэндээрээ хохирсон. Надад автомашинтай холбоотой хохирлыг төлж барагдуулсан. Эмчилгээний зардал төлөөгүй. Эмчилгээний зардалд 1.017.520 төгрөг, машины эд анги солиулсан 765.000 төгрөг, нийт 1.782.520 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н-ийн мэдүүлсэн: “...Би 10 жил автомашин жолоодож байна. Би хоёр хөлөөрөө машин барьдаг. Тухайн үед сандраад хаазаа гишгэчихсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу, би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. Хохирол төлбөрт 1.950.000 төгрөг төлсөн байгаа. Одоо баримттай хохирлыг бүрэн төлнө...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд хохирогч, шүүгдэгч нараас гаргаж өгсөн: “ Хохирол, хор уршигт тооцож 2.500.000 төгрөг нөхөн төлсөн. Хойшид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх Хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт,
Эрүүгийн 2005023810327 дугаартай хэргээс:
Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 9 тал/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 13-14 тал/,
Драйгер багаж үлээлгэн согтуурал шалгасан гэрэл зураг /хх-ийн 12 тал/,
Хохирол төлсөн талаарх “...2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 0000 УНТ улсын дугаартай автомашины хохирлыг барагдуулсан. Хохирол барагдуулах 1.951.000 төгрөгийг дансанд хүлээн авав...” гэсэн баримт /хх-ийн 15 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.Э-гийн “...2020 оны дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 00 минутын үед би танил эгч Н.Н гийн 00-00 УНТ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн автомашины урд суудалд суугаад бид хоёр 3 дугаар эмнэлгийн хорооллын зам буюу Гэмтлийн эмнэлэг рүү явдаг замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байтал өөдөөс нэг машин хурдтай урсгал сөрж орж ирсэн. Манай машин баруун гар тал руугаа шахаад зогстол шууд орж ирээд мөргөсөн. Мөргөчихөөд унтраахгүй хаазлаад байсан. ...130.000 төгрөгөөр томограффикийн зураг харуулсан. Би эмчилгээнд зарцуулсан мөнгөө төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,
Томографикад харуулсан хохирлын баримт /хх-ийн 34 тал/,
Хохирогч Н.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн орой 16 цаг 00 минутын үед би 00-00 УНТ улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн автомашин жолоодоод танил дүү Энхжавхлангийн хамт 3-р хорооллын урд зам буюу Гэмтлийн эмнэлэг рүү явдаг замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байтал нэг машин хурдтай урсгал сөрөөд яваад байсан. Тэгэхээр нь би баруун гар тал руугаа шахаад зогссон чинь шууд орж ирээд миний машины урдаас мөргөсөн. Миний машиныг мөргөчихөөд зогсохгүй яваад байсан. ...Би гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь баруун хөлийн тойг хэсэг нь болохгүй байна гээд миний хөлөнд боолт хийж өгсөн. ...Баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээжин цус хуралттай байсан. Осол болсоноос хойш баруун өвдөгний гөлтгөн боолтыг 8 дугаар сарын 15-ны өдөр салгаж аваад бэхэлгээ зүүсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч баруун өвдгөндөө хагалгаа хийлгэж оёдол хийлгэ гэсэн. Би хагалгаанд орох гэтэл мөнгө байхгүй тул орж чадаагүй. ...Жолооч миний автомашинд учирсан хохирлыг төлсөн. Эрүүл мэндэд учирсан хохирлыг төлөөгүй. Гомдолтой байна. Би халтуур хийж хоёр өнчин хүүхдээ тэжээж хичээл сургуульд нь зөөж амьдрал ахуйгаа залгуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 40-50 тал/,
2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хас Үнэлгээ ХХК-ийн “...Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний “...нийт дүн 1.311.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 57-58 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8724 дугаартай “...М.Э-гийн биед тархи доргилт, цээжинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8723 дугаартай “...Н.Н-гийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээжинд цус гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 66-68 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1079 дугаартай “...2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8723 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Н.Н гийн биед баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, баруун өвдөг зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээжинд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл авсан хүнд өвдөх, тухайн хэсэгт хавдах, халах, улайх, өвдөг, үений хөдөлгөөн хязгаарлагдах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Н.Н-гийн биед учирсан гэмтэл нь осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 80-83 тал/,
Мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 146 дугаартай “...Тоёота приүс-20 маркийн 00-00 УНЭ улсын дугаартай автомашины жолооч А овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчидог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 3.7 жолоочид дараахь зүйлийг хориглоно: согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 71 тал/,
Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар, томографийн шинжилгээний хуулбар /хх-ийн 86-87 тал/,
Шүүгдэгч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад Гэмтлийн эмнэлгийн тэр хавьд найз Х-н грашид хүн тус бүр 3 лаазтай пиво уусан. Тэндээс гараад өөрийн эзэмшлийн 00-00 УНЭ улсын дугаартай автомашинаа жолоодоод Г урд суудалд миний хажууд суугаад бид хоёр Х-н грашийн үүднээс хөдлөөд гэр рүүгээ харих гээд Гэмтлийн эмнэлгийн зүүн урд талын замаар баруунаас зүүн чиглэлтэй явж байгаад урд машин явж байхаар нь гүйцэж түрүүлэх санаатай эсрэг урсгал руу орсон. Би хоёр хөлөөрөө хааз, тоормос гишгэдэг болохоор сандраад тоормосоо гишгэх гэж байгаад хааз нь дээрээ гишгээд өөдөөс ирж байсан машиныг мөргөсөн. ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг драйгер үлээлгэж шалгахад 2.66 хувийн согтолттой байсан. Би хохирогчийн машинд учруулсан 1.951.000 төгрөгийг төлсөн. Эмчилгээний төлбрөийг нь өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 тал/,
Мөн шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор жолооны үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 97 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 98 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 99 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 101 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 102, 104 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 103 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.
Мөн дээрх гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заажээ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Н нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны 16 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн урд замд 00-00 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2,66 хувийн согтолтой байсан, мөн урсгал сөрсөн, үүний улмаас 00-00 УНТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч Н.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч М.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь хангалттай нотлогдож байна.
Энэ нь Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, драйгер үлээж шалгасан гэрэл зургийн 2,66 хувийн согтолтой, иргэний нэхэмжлэгч М.Э, хохирогч Н.Н, шүүгдэгч А.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8724 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8723 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1079 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2 дугаар зүйлд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ”, мөн зүйлийн 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж заасан.
Гэтэл шүүгдэгч А.Н нь 00-00 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно“ гэсэн заалтуудыг зөрчиж, 2,66 хувийн согтолтой байхдаа буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн урсгал сөрж зам тээврийн осол гаргасан байх тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2 дугаар зүйлийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч М.Э- гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсныг хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын гаргасан дүгнэлтүүд буюу Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8723, 8724 дугаартай, мөн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1079 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоосон байна. /хх-ийн 62-62, 66-68, 80-83 тал/
Иймд шүүгдэгч А.Н ийн дээрхи үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн, мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч А.Н нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гарган, бусдад эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.Н-ийг “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 510 дугаар зүйлд “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, үүрэгтэй талаар заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 1.311.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч М.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан эрүүл мэндийн хохирлын хор уршигт тооцож 1.017.520 төгрөг, мөн машины эд анги солиулсаны 765.000 төгрөг, 1.782.520 төгрөг нэхэмжилсэн. Иргэний нэхэмжлэгч М.Э нь 130.000 төгрөгийн баримттай хохирол хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж оролцсон.
Хохирогчийн автомашинд нийт дүн 1.311.000 төгрөгийн хохирол, эрүүл мэнд, бусад зардалд нийт 1.017.520 төгрөг хохирол, нийт 2.328.520 төгрөгийн хохирол хохирогч Н.Н-д энэ гэмт хэргийн улмаас учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирлын талаарх баримт, “Хас Үнэлгээ” ХХК-ийн “...Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний гаргасан тайлан зэргээр тогтоогдож байх ба шүүгдэгч А.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.951.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй хохирол болох 377.520 төгрөгийг шүүгдэгч А.Н-ээс гаргуулж, хохирогч Н.Н-д олгохоор шийдвэрлэлээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Н нь “...миний биед учирсан баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал гэмтэл нь заавал мэс засал хийгдэх шаардлагатай, би одоо хүртэл шулуун чиг баригчтай явж байна. Мөнгөгүй улмаас хагалгаанд орж чадахгүй байгаа...” гэж мэдүүлж байгааг харгалзаж цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Н нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүхээс гэм буруутайд тооцож хохирол гаргуулсан шийдвэртэй холбогдуулж шүүгдэгч А.Н нь хохирогч Н.Н-д хохирол төлөх хүсэлт гаргаж, төлөгдөөгүй үлдсэн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалд тооцож 2.500.000 төгрөгийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд төлж, холбогдох баримтыг шүүхэд гарган өгсөн учир шүүгдэгч А.Н-ээс гаргуулах хохирол төлбөргүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн байх ба 14-16 насны насанд хүрээгүй 2 хүүхэдтэй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан хуулинд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч А.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тайлбарлаж байна.
Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 000000 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр тогтлоо.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Н.Н-д хохирол, хор уршигт тооцож нийт 4.451.000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга/-н төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Э-д 130.000 /нэг зуун гучин мянга/-н төгрөг тус тус нөхөн төлсөн, тэдгээр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Н-т сануулсугай.
7. Хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч А.Н-ийн жолоочийн B ангиллын 000000 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА