Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 1011

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч С.Батгэрэл,

Хохирогч Г.О ,

Шүүгдэгч П.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт П-н У-т холбогдох эрүүгийн 2005030111691 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны ... сарын ...-ны өдөр Булган аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Б-д байцаагч ажилтай, ам бүл..., эхнэр ... хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо,... дугаар байрны ... тоот оршин суух хаягтай, /РД: / урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт П.У.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.У нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод хохирогч Г.О г зодож баруун чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн бугалганы цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч П.У нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн ___дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод хохирогч Г.О г зодож баруун чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн бугалганы цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Аюулгүй зэргийн үнэлгээ /хх-ийн 6 тал/,

 

Хохирогч Г.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн үед ажлаа тараад гэрийнхээ гадаа ирэхэд манай нөхөр У  таксинаас халамцуу бууж ирж таараад хамт Баянгол дүүргийн ... хороо ... тоот гэртээ орсон. Манай нөхөр буцаж гараад 10 орчим минутын дараа эргэж орж ирээд унтаж амрахгүй надаас утасны цэнэглэгч нэхээд олдохгүй байсан. Тэгээд намайг орон дээр сууж байхад миний хүзүүнд байсан монетон гинжийг тасдахаар нь би уурандаа араас нь толгой руу нь цохиод ор руу түлхээд унагасан. Тэгэхэд У  уурлаад босч ирээд намайг үснээс зулгаагаад  толгой руу 1 удаа цохиод би доошоо суухад гар руу 2 удаа өшиглөсөн. Манай хадам аав П байсан тул салгасан. Тэгээд би цагдаа дуудлаа гэхэд У  гараад явсан би 102-т дуудлага өгсөн. ...Надаас цэнэглэгч нэхээд уурлаад байсан. Дахиж гарч явах гээд байхаар нь би явуулахгүй амар гэхэд уурлаад маргаан үүссэн. Манай 2 хүүхэд нөгөө өрөөнд амарч байсан. Би нөхөртэйгээ 2009 онд танилцаад 2011 онд гэр бүлээ батлуулж байсан. Дундаасаа 3 хүүхэдтэй. Манай нөхөр надаас уучлалт гуйж бид 2 эвлэрсэн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 30-ны орой У  үснээс зулгаагаад толгой руу нэг удаа цохиод, гар руу 2 удаа өшиглөсөн. Өмнө намайг нэг удаа цохиж байсан. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас уучлалт гуйж сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11242 дугаартай “...Г.О гийн биед баруун чамархайн хуйхны, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт нь тухайн цаг хугацаанд үүсээгүй хуучин гэмтэл байна. Дээрхи бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт, /хх-ийн 21-22 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 54, 55 тал/,

 

Шүүгдэгч П.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 30-ны орой ажилаа тараад 2 найзтайгаа машиндаа 2 шил 0,5 литрийн архи хувааж уугаад найзыгаа гэрт буулгаад такси бариад гэртээ ирээд Баянгол дүүргийн ... р хороо ___ тоот гэртээ орсон. Эхнэр О-с таксины мөнгө нэхэхэд байхгүй гээд цалингийн карт, гар утасны цэнэглэгч асуухад байхгүй гээд эхнэртэйгээ муудалцсан. Тэгээд намайг гаргахгүй гээд миний хувцаснаас татаад куртик ураад эрхий хуруунаас татаад байхаар нь би толгой руу нь түлхэж унагаагаад нүүр рүү нь 1 удаа өшиглөчөөд гараад явсан. Тухайн үед манай аав хамт байсан болохоор би гэрийнх нь түлхүүрийг аваад гарч яваад 1-р хороололд гэрт нь очиж унтсан. ...Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн эхнэр Г.О гоос уучлалт гуйж эвлэрсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 тал/, хохирлын баримтууд /хх-ийн 19 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч П.О№н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах У  нь хувь хүнийхээ хувьд төлөв даруу зантай, бусадтай их нийтэч харьцаатай, дуу цөөтэй, элдэв муу зуршилгүй, хүнтэй маргалдаж муудаад байдаггүй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, сайн хань, сайн эцэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 34 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 35 тал/, цэргийн үнэмлэхийн дугаар /хх-ийн 37 тал/, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 38 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 39-41 тал/, бакалаврын дипломны хуулбар /хх-ийн 42-43 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 44-47 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50 тал/зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.У аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 16-17 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч П.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтээр шүүгдэгч П.У ын үйлдлийн улмаас хохирогч Г.О гийн биед баруун чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шуу, зүүн бугалганы цус хуралт  бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 11242 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч П.У нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч П.У нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...дугаар байрны ... тоотод хохирогч Г.О г зодож баруун чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шуу, зүүн бугалганы цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч П.У ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.О гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 14-15 дахь тал болон шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр “...Манай нөхөр надаас уучлалт гуйж бид 2 эвлэрсэн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж, хавтас хэргийн 54 дэх талд “...сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Иймд шүүгдэгч П.У аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч П.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч П.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг П.У т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч П.У ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгчид тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч П.У т мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.У т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шн овогт П.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.У-т 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.У-т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160-д заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч П.У нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч Г.О  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА