Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1019

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

Улсын яллагч Г.Намжил,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт Б-Б-т холбогдох эрүүгийн 2005030351647 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” сууц өмчлөгчдийн холбоонд жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... аймгийн ... сум ... дүгээр баг, .. гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, /РД: /, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  дугаар байрны подволийн ... тоотод Х.Ө-г “эхнэртэйгээ хардлаа” гэх шалтгаанаар түүний биед халдаж, толгойн тус газарт нь заазуурын ар хэсгээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун зулайд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  дугаар байрны подволын ... тоотод Х.Ө биед халдаж, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “баруун зулайд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Х.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр намайг ажил тараад гэртээ орох гэж байхад Б  надтай таараад аяга шөл уугаач гэж хэлээд гэртээ оруулсан. Намайг гэрт нь ороход аяга шөлтэй хоол хийж өгсөн. Би тэрийг нь идээд байж байхад Б ын гар утас дуугарсан тэгтэл манай эхнэр залгаж байсан. Манай эхнэрт намайг энд байна гэж хэлсэн, тэгэхээр нь би чи яах гэж манай эхнэрт намайг энд байна гэж хэлж байгаа юм бэ? Чи яагаад бууны нохой хийгээд байгаа юм бэ? гэж хэлсэн. Намайг Б  би хэлсэн ч яадаг юм гээд гараараа нэг удаа цохисон. Би тэр үед хойшоо орон дээр унасан. Гэтэл гэртээ байсан нэг бариул байхгүй заазуураар миний баруун дагз орчим нэг удаа цохисон. Би нөгөөх заазуураас нь салах гээд байж байхад тэнд явж байсан хоёр хүн салгасан. Тэгээд би гэртээ ороод цагдаад дуудлага өгсөн. ...Би архи уусан байсан. Б  архи уугаагүй байсан.  ...Бид хоёрт ямар нэг өр, авлага өс хонзон байхгүй. Би дүгнэлттэй танилцсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...баримтаар 46.950 төгрөгийн хохирол гарсан. Тус гарсан зардлаа авмаар байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40, 41-43 тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай “...бариулгүй заазуур нэг ширхэгийг хураан авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тайлбар, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 23, 46 тал/,

 

Эргүүлийн офицерийн “...үл ялих шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь заазуураар гэмтэл учруулаад зугтсаныг олж тогтоон шалгуулахаар жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

 

Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн хэрэг гарсан өдөр манай нөхөр Ө гаднаас хамар нь цус болсон, толгойн ар хэсгээс нь цус гарсан байдалтай  орж ирээд танай Б  намайг заазуурдчихлаа гэж хэлсэн. Удахгүй цагдаа дагуулаад ороод ирсэн. Б  болон Ө-г аваад явсан. ...Манай нөхөр Ө согтуу, Б  эрүүл байсан. Яг юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна. Ө  Б тай утсаар яриад намайг хэллээ гэх шалтгаанаар маргасан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дуудлага лавлагааны хуудас, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 20-21 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12084 дугаартай “...Х.Ө-н биед баруун зулайд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зулай хэсэг гэдэг нь толгойн орой хэсэг буюу дээд зулай дагз орчим хамаарна. Х.Ө нь гадна талдаа хугаралттай байх бөгөөд хугарал нь шинэ хуучин аль болохыг зургийн шинжилгээгээр тогтоох боломжтой бөгөөд зураг ирүүлээгүй тул дүгнэлтэд тусгах боломжгүй байсан. Х.Ө нь үзлэгээр ирэхэд зулайн ар дагз хэсэгт 4 см мэс заслын оёдол бүхий шарх гэмтэлтэй ирсэн бөгөөд оёдол тавьсан учир ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой талаар дүгнэлт гаргах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

 

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 45 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 70, 71 тал/,

 

Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэртээ хоол хийгээд сууж байтал Ө  гэх хүн орж ирсэн бөгөөд би 2 аяга хоол хийж өгөөд сууж байхад өдөөд, хэл ам хийгээд байсан. Тэгж байгаад гараад явсан. Дараа нь гэрт эргэж орж ирээд намайг эхнэртэйгээ утсаар яриад согтуу байгаа талаар хэлсэн гээд уурлаад байсан.  Тэгээд би ороо хураагаад буруу хараад хэвтэж байхад араас хүзүүн дээр хазсан. Тэгэхээр нь би эргэж хараад шанаа нь дээр нь цохиод авсан. Өөдөөс дайраад байхаар нь ишгүй мохоо заазуур гартаа барьж байгаад ар хэсгээр нь толгойн ар дагз хэсэгт нэг удаа цохисон. ...Би эрүүл байсан бөгөөд харин Ө  согтуу орж ирсэн. Хэрүүл хийж байхад нэг хүн орж ирээд Ө ийг манай гэрээс хөөж гаргасан. ...Бид хоёрт ямар нэгэн өр авлага, өс хонзон байхгүй. Би өөрөөр гар хүрсэн зүйл байхгүй. Нэг удаа шанаа хэсэгт цохисон. Мөн ишгүй заазуураар толгойн дагз хэсэгт 1 удаа цохисон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 52-57 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 тал/,  асад сангийн лавлагаа /хх-ийн 60-63/, Далд сууц СӨХ-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 64 тал/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 65 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 11-12, 13-14 дэх талуудад авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлгээр шүүгдэгч Б.Б ын цохисон үйлдлийн улмаас хохирогч Х.Ө биед “баруун зулайд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл” учирсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2...4 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 12084 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Б.Б ын хохирогч Х.Ө цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  дугаар байрны подволийн ... тоотод Х.Ө биед халдаж, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “баруун зулайд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ө ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол   учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...баримтаар 46.950 төгрөгийн хохирол гарсан. Тус гарсан зардлаа авмаар байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэж мэдүүлжээ.

 

 Тэрээр хавтас хэргийн 45 дахь талд 53.550 төгрөгийн 4 ширхэг баримт гарган өгсөн байх ба хавтас хэргийн 71 дэх талд “..эмчилгээний зардалд 65.000 төгрөг авсан...” гэж бичгээр хүсэлтээ гаргасан байна.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б аас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... .3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... .3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Б т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Б т мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9.8 см урттай, 2 см урт иштэй, ямар нэгэн бариулгүй заазуур мэт төмөр зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... .4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариулгүй заазуур мэт төмөр зүйлийг устгасугай.

 

5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Ө-т хохирол хор уршигт тооцож 65.000 /жаран таван мянга/-н төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА