Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1029

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч Ш.А, түүний өмгөөлөгч Б.Баатарбилэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2156/,

шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0170/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Халх овогт Т-н Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626021397 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх, 36.2 дугаар зүйлийн 1-3, 5-6 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Т-н Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Ч-г цагаатгасугай.

 2. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.2  дэх хэсэгт заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал Т.Ч-н гадаад паспортыг тухайн хэрэгт хавсаргахаар тогтсугай.

 

4. Хохирогч Ш.А-н гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Ч-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” болон “Хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БОЛОРТУЯА