Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1046

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч Г.С , Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Цовогт Г-н С, Ц овогт Д-н О нарт холбогдох эрүүгийн 2005031911756 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эцэг, эх, дүүгийн хамт, ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суудаг /РД: / урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Г-н С.

2. Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., эх, ахын хамт, ... сумын ... дүгээр баг, ...гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч ...дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух, /РД: /, Ц  овогт Д-н О.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.С той бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн гадна авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч Э.Г-н өмчлөлийн 00-00 улсын дугаартай “Тоёота краун” загварын тээврийн хэрэгслийн баруун толийг хугалж, урд нүүр хагалж, баруун урд хаалганы салхины хаалтыг хугалж шууд зардал болох 730.000 төгрөгийн хохирол, хохирогч А.Ж-н өмчлөлийн 00-00 улсын дугаартай “Тоёота краун” загварын тээврийн хэрэгслийн баруун толийг хугалж, зүүн толийг хагалж шууд зардал болох 550.000 төгрөгийн эд зүйлсийг тус тус гэмтээж нийт 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.О-тай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн гадна авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч Э.Г-н өмчлөлийн 00-00 улсын дугаартай “Тоёота краун” загварын тээврийн хэрэгслийн баруун толийг хугалж, урд нүүр хагалж, баруун урд хаалганы салхины хаалтыг хугалж шууд зардал болох 730.000 төгрөгийн хохирол, хохирогч А.Ж-н өмчлөлийн 00-00 улсын дугаартай “Тоёота краун” загварын тээврийн хэрэгслийн баруун толийг хугалж, зүүн толийг хагалж шууд зардал болох 550.000 төгрөгийн эд зүйлсийг тус тус гэмтээж нийт 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.С , Д.О нарыг бүлэглэн “Эд хөрөнгө устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Г.С, Д.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн гадна авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч Э.Г-н өмчлөлийн 00-00 улсын дугаартай “Тоёота краун” загварын тээврийн хэрэгслийн баруун толийг хугалж, урд нүүр хагалж, баруун урд хаалганы салхины хаалтыг хугалсан, хохирогч А.Ж-н өмчлөлийн 00-00 улсын дугаартай “Тоёота краун” загварын тээврийн хэрэгслийн баруун толийг хугалж, зүүн толийг хагалж, тэдгээрт бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, илтгэх хуудас /хх-ийн 7-8 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Д.О , Г.С  нар машины арын хэсэгт дээр очиж зууралдаж байгаад уг машины зүүн талд гарч зүүн талын толь болон хаалга цонх хэсэг дээр Д.О 3-4 удаа гараараа цохиход хажуу талаас Г.С  зүүн талын хаалга руу 1 удаа өшиглөнө. О тээврийн хэрэгслийн баруун талд очиж толь руу Г.С ын хамт ээлжлэн 2-3 удаа өшиглөнө. Энэ үед хажуу талаас урт куртиктэй эмэгтэй хүн гарч ирээд салгана. ...Ингээд О зогсоол дээр байсан саарал өнгийн Тоёота краун маркийн тээврийн хэрэгслийн нүүр рүү 2-3 удаа өшиглөн, баруун талаар нь тойрч очин толийг нь гараараа цохиж харагдах ба энэ үед Г.С  тээврийн хэрэгслийн нүүр рүү 1 удаа өшиглөхөд зогсож байсан залуу түүнийг татан газар унагана... ” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-18 тал/,

Хохирогч А.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота краун маркийн машинаа Баянгол дүүргийн 18 дугаар, Гурван билэг дэлгүүрийн баруун талд байрлах, Бродвэй, рестораны гадаа зогсоол дээр байршуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цагийн үед машин дээрээ ирэхэд баруун талын толь сууртайгаа хугарсан, зүүн талын толь гаднах, хавтас нь хагараад дотроос нь цахилгааны утас нь унжсан байдалтай байсан. Шилэн дээр шил арчигчийн завсар ирсэн цагдаа дугаараа үлдээсэн байхаар нь залгаад цагдаагийн хэлтэс дээр очиж уулзсан. Машинаас алдагдсан эд зүйл байгаагүй. ...Би машинаа Кости Эстимейт ХХК үнэлгээ хийлгэхэд 640.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Би 650.000 төгрөгийг бүрэн хүлээж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Хохирогч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед гэртээ амар ч байхад танихгүй дугаараас залгаад цагдаа байна, 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мөн үү, таны машиныг согтуу хүмүүс хоорондоо зодолдоод толийг тань хугалсан байна гэсэн. Би Гурван билэг дэлгүүрийн гадна талын зогсоол дээр байсан, машин дээр ирэхэд 2 цагдаа зогсож байсан. Машинаа харсан чинь баруун талын толийг сууртай нь хугалсан, баруун талын борооны ус зайлуулагч урд нүүрийг цөмөлсөн байсан. Машинаас алдсан зүйл байхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Уг залуучууд надад 1.020.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр О-н төрсөн өдөр болоод манай найз залуу С , У , У , М  нарын хамтаар 3, 4 дүгээр хороололд зам дагуу байдаг караокед орж 2 цаг авч суусан. 3 шил 0.75 литрийн архи уусан. ...Бид нар 04 цагийн үед гарсан. Зам дагаад явж байтал манай найз залуу С , О нар хоорондоо муудалцаж, маргалдсан. Хоорондоо зууралдаж, ноцолдож байгаад Тоёота краун маркийн машины толийг хугалсан. Цаашаа дахин ноцолдож байгаад дахин өөр Краун маркийн машины толь хугалсан. Тэгээд цагдаа нар удалгүй ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

Гэрч М.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай найз залуу О-н төрсөн өдөр болж, найз С, Э, У, С  нарын хамтаар  Билэг их дэлгүүрийн баруун талд байрлах караокед 23 цагийн үед орсон. 3 цаг дуулж, 3 ширхэг архи, ус, ундаа захиалж уусан. 03 цагийн үед У, С  хоёр түрүүлж яваад бид 4 араас нь гарсан. ...С, О хоёр хоорондоо юм ярьж зогсож байгаад маргалдаад эхэлсэн. Тэр хоёр бие биенийгээ өшиглөөд цохиод байсан. Зогсоол дээр байсан машины толийг тэр хоёр зууралцаж байгаад санаандгүй хагалсан. Дахиад хоорондоо зууралцаж байгаад дахиад 1 краун машины толийг санаандгүй хугалсан. ...Хажуугаар явж байсан 3 ахыг дуудаж тэр хоёрыг салгасан. Тэд нар 102-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

“Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №23933 дугаартай “...Toyota crown 00-00 тээврийн хэрэгслийн баруун толь 250.000 төгрөг, зүүн толь 300.000 төгрөг, шууд зардал 550.000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн...640.000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 45-47 тал/,

“Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №23935 дугаартай “...Toyota crown 00-00 тээврийн хэрэгслийн баруун толь 250.000 төгрөг, урд нүүр 450.000 төгрөг, баруун урд хаалганы салхины хаалт 30.000 төгрөг, шууд зардал 730.000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 830.000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 53-55 тал/,

Хохирогч Э.Г-н “...1.020.000 төгрөг авсан...” гэх бичиг /хх-ийн 87 тал/,

            Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 88, 97, 98, 99 тал/,

            Шүүгдэгч Г.С ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед өөрийн найз О-н төрсөн өдөр болж, найз У , М , найз охин Э , О-н найз охин У  нарын хамтаар 3, 4 дүгээр хороолол Соёл лоунже караокед орсон. ..3 шил 0.75 литрийн архи аваад уусан. Би тухайн үед тасарсан байсан тул юу ч санахгүй байна. ...хохирогч Э.Г, А.Ж нарын эзэмшлийн толь болон нүүр хэсэг, борооны ус зайлуулагч зэрэг эд зүйлийг устгаж, гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн найз О-н хамтаар Э.Г, А.Ж нараас уучлалт гуйн эвлэрч, 1.670.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр нийлээд хохирол төлбөр 1.670.000 төгрөг төлсөн. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний төрсөн өдөр болж найз охин У , найз С , У , М , Э  нарын хамтаар орой 23 цагийн үед 3, 4 дүгээр хороололд караокед орсон. Эхлээд 2 шил 0.75 литрийн архи захиалж уугаад дараа нь дахиад 1 шил 0.75 литрийн архи аваад ууж байсан гэдгээ санаж байна. Түүнээс хойш юм санахгүй байна. ...Би тухайн үед өөрийн найз С ын хамтаар хохирогч Э.Г, А.Ж нарын эзэмшлийн тээврийн хэрэгслийн толь болон нүүр, борооны ус зайлуулагч зэрэг эд зүйлийг устгаж, гэмтээн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Гурван билэг их дэлгүүрийн гадаах хяналтын камерыг үзсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Найз С ын хамтаар хохирогч Э.Г, А.Ж нараас уучлалт гуйж хохирлын 1.600.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр нийлээд хохирол төлбөр 1.670.000 төгрөг төлсөн. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С-ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах С  хувь хүнийхээ хувьд даруу төлөв зантай бусадтай их хөгжилтэй, нийтэч, олон танилтай, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, шударга, бусдад тусархуу, ажилсаг, гэр бүлдээ халамжтай, сайн ах...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 83 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 85-86 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 тал/,

Шүүгдэгч Д.О ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.О хувь хүнийхээ хувьд сэргэлэн зантай, шударга, бусдад их тусархуу, ажилсаг хөдөлмөрч, элдэв муу зуршилгүй, гэр бүлдээ халамж сайтай, сайн хүү...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 76 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 78 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 79-81 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                   

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.С , Д.О нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 39-40, 41-42 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.С , Д.О нар нь хохирогч Э.Ганбатын өмчлөлийн 00-00 улсын дугаартай “Тоёота краун” загварын тээврийн хэрэгслийн баруун толийг хугалж, урд нүүр хагалж, баруун урд хаалганы салхины хаалтыг хугалсан, хохирогч А.Ж-н өмчлөлийн 00-00 улсын дугаартай “Тоёота краун” загварын тээврийн хэрэгслийн баруун толийг хугалж гэмтээсэн үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч Г.С , Д.О нарын үйлдлийн улмаас хохирогч Э.Г-д 730.000 төгрөгийн хохирол, хохирогч А.Ж-д 550.000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №23933, №23935 дугаар тайлангуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ. 

Шүүгдэгч Г.С , Д.О нарын хохирогч Э.Г-н эзэмшлийн автомашины эд анги болох баруун толь, урд нүүр, баруун урд хаалганы салхины хаалт, хохирогч А.Ж-н эзэмшлийн автомашины эд анги болох баруун, зүүн толийг хугалж гэмтээж буй үйлдэл, хохирогч нарын эд хөрөнгөнд учирсан хохирол хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь хохирогч нарт хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд эд хөрөнгийг гэмтээж буй нь шууд санаатай ба хохирогч нарын өмчид хууль бусаар халдсан үйлдэлд хамаарна.

Иймд шүүгдэгч Г.С , Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г-д 830.000 төгрөгийн хохирол, хохирогч А.Ж-д 640.000 төгрөгийн хохирол учирсан тус тус тогтоогдож байна.

Хавтас хэргийн 21-22, 98 дэх талуудад хохирогч А.Ж “...Би 650.000 төгрөгийг бүрэн хүлээж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, хавтас хэргийн 25-26, 97 талуудад хохирогч Э.Г “...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 1.020.000 төгрөгийг хүлээн авч, хохирлоо бүрэн төлүүлсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Г.С , Д.О нараас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.С , Д.О нар нь Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.С , Д.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Г.С , Д.О нарт танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.С , Д.О нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.С , Д.О нарт мэдэгдэх нь зүйтэй.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт тул хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.С , Д.О нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Г-н С , Ц овогт Д-н О нарыг “...Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Д.О нарт тус бүр 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Д.О нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт сануулсугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.С, Д.О нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Г, А.Ж нарт хохирол хор уршигт тооцож 1.670.000 /нэг сая зургаан зуун далан мянга/-н төгрөг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА