Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1047

 

 

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

            шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

            улсын яллагч С.Оюунжаргал,

   шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-н Р-д холбогдох эрүүгийн 2003005130458 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр ... дүгээр гудамжны ... тоотод оршин суудаг, /РД: / урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овгийн Б.Р.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1.19 хувийн согтолттой үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Горькийн 1 дүгээр гудамжинд “Тоёота приус” маркийн 00-00 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч 64 настай Д.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Р-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

               Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

 

               Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5-6, 7-8, 9-10 тал/

 

               Эрх бүхий албан тушаалтны “...хяналтын төхөөрөмжийн заалт 1.19 %...” гэх тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

              

               Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 14 тал/,

 

               Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 10 минутын үед би Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Горькийн нэгдүгээр гудамжинд ертөнцийн зүгээр баруун талд нь блокон хашаа налаад зүүн тийш хараад зогсож байтал гудамжны хойд талаар нэг машин тойрч гарч ирэнгүүтээ нэг зогтусаад шууд намайг чиглээд хурдтай ирээд намайг машиныхаа урд хэсгээр мөргөсөн. Би тэр машины дээгүүр даваад газар унасан. Намайг газар унахад зогсохгүй шууд цаашаа хашааны булан тойроод яваад өгсөн. Энэ үед гудамжинд машин засаж байсан залуу намайг ирээд босгосон. Намайг босгосны дараа намайг мөргөдөг залуу ирээд миний биеийг асууж байсан. Дараа нь намайг газраас босгодог танихгүй залуу гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. ...Энэ ослоос болж миний зүүн хөл гэмтсэн. Осол болох үед ямар ч машины хөдөлгөөн байгаагүй, гадаа үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,       

              

               Хохирогч Д.Б-н өвчний түүх /хх-ийн 22-29 тал/,

 

               Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 32-34 тал/,

              

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12609 дугаартай “...Д.Б-н биед зүүн хөлийн шаант ясны дээд булууны шахагдсан хугарал, зүүн дунд чөмөгт ясны доод булуунд хугарал, зүүн өвдөгний урд болон арын чагтан холбоосны суналт, зүүн өвдөгний гадна холбоосны суналт, гуяны хоёр толгойт булчингийн төгсгөл хэсгийн суналт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруу, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46-48 тал/,

 

               2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн “...00-00 УНЛ улсын дугаартай автомашины бүрэн бүтэн байдлыг тогтоох зорилгоор Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд оруулах гэсэн боловч удаан хугацаанд түр саатуулах хашаанд байрласан, зам тээврийн осол гаргасан шалтгаантай учир асаж явах боломжгүй, асахгүй байсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 51 тал/,

 

               Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 209 дугаартай “...Тоёота приус маркийн 00-00 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 56 тал/,

 

               Цагдаагийн Ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/3021 дугаартай “...Б-н  Р  нь жолоочийн нэгдсэн санд бүртгэлгүй байна...” гэх албан бичиг /хх-ийн 68 тал/,

 

               Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 83, 84 тал/,

 

    Шүүгдэгч Б.Р гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 00-00 УНЛ дугаарын автомашиныг янзалсан. Тухайн автомашиныг анх худалдаж авахад таван бул нь байхгүй эвдэрсэн байсан. Тэр өдөр 5 бул худалдан авч угсраад янзалсан. Тухайн үед над дээр хүн ирээгүй бөгөөд би дэлгүүрээс 200 граммын “Хараа” нэртэй архи худалдан авч талыг нь уусан. Ойролцоогоор 100 грамм архи уусан. Би машинаа угсарч дуусаад шалгах гээд хашаанаасаа гараад зүүн гар тийш эргээд жаахан явж байгаад зам дээр хүн байхыг харалгүй, зүүн гар тал руугаа харж явж байгаад явган зорчигчийг мөргөсөн. Би хүн гарч ирж байгааг огт хараагүй. Замын эсрэг талд портер зогсож байсан бөгөөд би түүнийг харж байсан. Би зүүн гар тийш эргэсэн гудамжаар эргэх гэтэл хөөе гээд хүн орилохоор нь шууд зогсоод хартал тэнд байсан хүмүүс хүн мөргөчихлөө гээд орилоод байсан. Би шууд цагдаа дуудсан. Тэнд байсан манай найз мөргүүлсэн хүнийг авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийгээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Миний автомашиныг ачаад аваад явсан байсан. Явган зорчигчийг гэмтэлд үзүүлэхэд уул нь хугаралгүй гэсэн боловч хүүхдүүд нь хувийн эмнэлэгт үзүүлж хэвтүүлсэн гэсэн. Тэгээд зүүн хөл нь хугарсан байна гэсэн. ...Би 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр явдаггүй автомашин худалдаж авсан. Ер нь манай хашаанд л байж байдаг. Унаж ашигладаггүй. Би эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Гомдол саналгүй болгосон. Би жолооны курст суудаг боловч төгсөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 тал/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Р нь ааш авирын хувьд дөлгөөхөн, хүний үгэнд оромтгой, ажилсаг, амьдралын төлөө ажилладаг хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/, гэрч Ү.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Р нь гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найртай, ямар нэгэн дарамт шахалтгүй амьдардаг хүн. Хааяа баяр ёслолын үеэр архи уучихаад байдаг. Байнга уудаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60 тал/, оршин суур хорооны тодорхойлолт /хх-ийн 62 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 63 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэх тодорхойлолт /хх-ийн 66 тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй талаар лавлагаа /хх-ийн 69 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэсэн болно. 

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Мөн дээрх гэмт хэргийг согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д тус тус заасан заажээ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Р нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Горькийн 1 дүгээр гудамжинд “Тоёота приус” маркийн 00-00 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 1.19 хувийн согтолттой байсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байх ба үүний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Б ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Энэ нь Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрх бүхий албан тушаалтын 1.19 хувийн согтолттой гэх тэмдэглэл, хохирогч Д.Б , шүүгдэгч Б.Р нарын мөрдөн шалгах өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12609 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 209 дугаартай магадлагаа, Цагдаагийн Ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/3021 дугаартай “...Б-н Р  нь жолоочийн нэгдсэн санд бүртгэлгүй байна...” гэх албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал”-ыг зам тээврийн осол гэж тодорхойлсон ба дүрмийн 2.1а-д “жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх үүрэгтэй” гэж, 2.7а-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Гэтэл шүүгдэгч Б.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атал согтуугаар /1.19%/ өөрийн эзэмшилд байх 00-00 УНЛ улсын дугаартай Тоёото Приус загварын суудлын автомашиныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Горькийн 1 дүгээр гудамжинд жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байх тул түүнийг дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзнэ.   

 

Мөн шүүгдэгч Б.Р гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Д.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12609 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-48 тал/-ээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 заасан гэмт хэргийн шинж хангагдсан гэж байна.    

 

Иймд шүүгдэгч Б.Р г “Согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Б.Р нь согтуугаар, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж хүсч автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь санаатай боловч хохирол, хор уршгийг болгоомжгүйгээр учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.   

Хохирогч Д.Б нь хавтас хэргийн 31-33 дахь талд 1.495.140 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хавтас хэргийн 83 дахь талд “...1.500.000 төгрөг бэлнээр хүлээн авсан тул гомдол, саналгүй...” гэжээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Р-гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Р нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг Б.Р-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ

Иймд шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан хуулинд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Р-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Б-н Р г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Р-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Д.Б т 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Р д сануулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА