Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 339

 

      Б.О-, Д.П-, А.М- нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагва, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч Б.О-ы өмгөөлөгч Н.Цэрэндулам, Б.Энхтүвшин,

шүүгдэгч Д.П-ийн өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагва, шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Д.П-ийн өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О-, Д.П-, А.М- нарт холбогдох эрүүгийн 2014260005328 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Харагчууд овогт Б-ын О-, 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            2. Боржигон овогт Д-ийн П-, 1984 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй,

            - Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2568 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 27 хоногийн ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2006 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /РД:/,

            3. Шарав овогт А-ийн М-, 1980 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            Б.О- нь Д.П-той бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгайд өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Баттулгатай “нялх хүүхэд байхад гэрт тамхи татлаа” гэж маргалдаж, улмаар Б.Баттулгын нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж, тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүнийг алсан,

            Мөн Б.О- нь 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгайд өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Д.П-, А.М- нартай бүлэглэн зөрчиж Б.Баттулгын нүүр, толгойн газар нь гараараа цохиж хүч хэрэглэж түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

            Д.П- нь Б.О-той бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгайд Б.О-ы гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Баттулгыг “намайг цохилоо” гэж түүний нүүр лүү гараараа 3-4 удаа цохиж тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүнийг алсан,

            Мөн Д.П- нь 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгайд Б.О-ы гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Б.О-, А.М- нартай бүлэглэн зөрчиж Б.Баттулгын нүүрэн тус газар нь гараар цохиж, хүч хэрэглэж түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

            А.М- нь 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгайд Б.О-ы гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Б.О-, Д.П- нартай бүлэглэн зөрчиж Б.Баттулгын цээжин тус газар нь өшиглөн хүч хэрэглэж түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.О-, Д.П- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 20.16 дугаар зүйлийн 1, А.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.О-, Д.П-, А.М- нарт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.М-ад холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.О-, Д.П- нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, А.М-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар А.М-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар Б.О-, Д.П- тус бүрийг 13 жилийн хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Б.О-ы цагдан хоригдсон 591, Д.П-ийн цагдан хоригдсон 516 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан шаргал өнгийн орны болон хөнжлийн даавуу 2 ширхэг, “Улаанбаатар” нэртэй архины шил 1 ширхэг, “Боргио” нэртэй шар айрагны хуванцар бор сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.М- нь 563 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагва нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Б.О-, Д.П- нарт авсан цагдан хорих, А.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжэг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдолдоо: “...миний бие талийгаач Б.Баттулгыг цохиж, зодох санаа зорилго байгаагүй. “Гэрийн өрх битүү байна, миний найз гарч тамхиа тат, бас нялх хүүхэд байна” гэж хэлэхэд “Би хаана тамхи татахаа заалгахгүй пизда минь” гээд над руу дайрсан. Би талийгаачийг аргадаж тайвшруулах гэсэн боловч улам ихээр хараал урсгаж, намайг хэд хэдэн удаа цохихоор нь би түүний хамар, ам тус газар нь 2 удаа цохисон нь үнэн. Талийгаачийн хамар, аманд нь учирсан гэмтлийг хөнгөн гэмтэлд хамаарна гэж шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Миний бие талийгаачтай ийнхүү маргалдсанаас хойш 2-3 цагийн дараа А.М- нь талийгаачийг “агсам тавьлаа” гэж өшиглөсөн. Тэгэхэд талийгаач шалан дээр толгойгоороо маш хүчтэй унаж, улмаар ухаан алдан эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Хэрэв А.М- нь талийгаачийг өшиглөж унагаагаагүй бол талийгаач амь насаа алдахгүй байх байсан. Иймд А.М-ын үйлдлийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.О-ы өмгөөлөгч Н.Цэрэндулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Гэмт хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй. Чухам хэний цохилтын улмаас талийгаач амь хохирсон талаар хууль зүйн хувьд бүрэн тогтоож чадаагүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо нотлох баримтаар заавал тогтоогдсон байх ёстой. Б.О- нь талийгаачийн нүүр, уруул орчимд 2-3 удаа цохисон болохыг өөрөө болон гэрчүүдээс мэдүүлдэг. Б.О-ы дээрх үйлдлээс хойш 1-3 цагийн хугацаанд талийгаач бусадтай маргалдах үйлдэл хийгээд л яваад байсан байдаг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн материалаар хийсэн дахин шинжилгээний 392 дугаартай дүгнэлтэд “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 1156 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2016 оны 1220 тоот дүгнэлтийн 1-д өмнөх 1156 тоот дүгнэлтийн 5, 6-тай санал нийлэхгүй байна. 2-д талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлийн үед идэвхтэй үйлдэл хийх боломжгүй, уг гэмтлийг авсан даруйдаа үхэлд хүргэнэ... дээрх гэмтлийг толгойн хэсэгт цохих, доргилтын улмаас үүсгэгдэнэ” гэх дүгнэлтийг гаргасан байдаг.

“Талийгаачийг хамгийн сүүлд өшиглөсөн хүний үйлдлийн улмаас талийгаач орны урд тал руу нүүр толгойн хэсгээрээ унаад, хурхирч эхэлсэн” гэдгийг хэрэг болоход хамт байсан гэрч Одонтуяа, О-цэцэг, Шинэбаяр нар тодорхой мэдүүлдэг. Энэ үйлдлээс хойш талийгаач дахиж босч ямар нэгэн үйлдэл хийгээгүй.

Шүүх эмнэлгийн шинжээч М.Энхбаяр нь 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “...цээжинд өшиглөх үед тархинд доргилт үүсэх боломжтой...” гэж мэдүүлсэн ... талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь цохилт доргилтын улмаас үүснэ гэдгийг шүүх эмнэлгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байдаг.

Тухайн хэрэг маргаан гарах үед байсан гэрч нарын мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтын хэмжээнд бүрэн үнэлээгүй. Тухайлбал Гэрч Д.Одонтуяагийн “...эхлээд талийгаач Баттулга гэрт тамхи татсан, “манайх нялх хүүхэдтэй, өрхөө бүтээсэн битгий тамхи тат” гэж О-ыг хэлэхэд талийгаач уурлаж О-ы нүүрэн тус газарт 1 удаа цохиж авсан. О- эргүүлээд Баттулгын нүүр хамар хэсэгт 2-3 удаа цохисон... хамгийн сүүлд М- талийгаачийг 1 удаа толгойн хэсэгт өшиглөж авсан... талийгаач орны урд руу унаад дахиж босоогүй...” гэсэн мэдүүлдэг. /1хх-ийн 31-33/,

Гэрч Б.О-цэцэгийн “...Отгоо Баттулгатай маргалдаж байгаад Баттулгын уруул руу 1 удаа гараараа цохисон... үүнээс хойш маргалдаж байгаад сууцгаасан зодолдоогүй. Хэсэг хугацааны дараагаар Баттулга дахин маргаан гаргахад тэр ах Баттулгыг сууж байхад нь нэлээн хүчтэй толгой руу нь өшиглөсөн. Тэгсэн чинь Баттулга уначихсан. Тэгж өшиглөж унагаачихаад 40-50 минут орчим сууж байгаад гараад яваад өгсөн. Ойролцоогоор 06 цаг болж байсан байх...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 35-37/,

Гэрч Б.Шинэбаярын “...Отгоо талийгаачийн нүүрэн тус газарт 2-3 удаа хурдан цохиод авсан. Тэрнээс дахиж Отгоо цохиогүй. Сүүлд танихгүй залуу уурлаад Баттулгын цээжин тус газар нь хүчтэй 1 удаа өшиглөөд авсан чинь талийгаач урагшаа урд талаараа орны урд тонгойгоод гэрийн шалан дээр унасан... дахиж босоогүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28-30/  зэрэг авагдсан. Тухайн хэрэг гарахад байсан гэрчүүд гэмт этгээдүүдийн оролцооны талаар тодорхой мэдүүлсээр байхад шүүх үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж чадаагүйд гомдолтой байна.

Б.О-ы хувьд бусдын амь насыг хохироох санаа, зорилго байгаагүй. Харин ч Баттулгатай сайн найз нөхдийн холбоотой байсан. Б.О-ыг бүлэглэж бусдын амь насыг хохироосон гэж яллах дүгнэлт үйлдснийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.О- нар бүлэглэн талийгаачийн амь насыг хохироох талаар үгсэж тохиролцсон асуудал бол огт байхгүй.

Мөрдөн байцаалтын шатанд уг гэмт хэргийн хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг зөрчсөн байдаг.

Б.О- нарт холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хэд хэдэн удаа гарсан ба дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Шүүх дээрх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шинжээчийн удаа дараагийн дүгнэлтийг үндэслэсэн байдаг.

Иймд Б.О- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.П-ийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

1. Б.О-, Д.П- нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, бүлэглэж үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

- гэрч Д.Одонтуяа, Б.О-цэцэг нарыг нүүрэлдүүлэн байцаасан “...О-ыг цохиж зодолдсоны дараа П- 5-10 минутын дараа хоорондоо зодолдсон. Түүний дараа 20-30 минутын дараа М- талийгаачийг өшиглөсөн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 170/,

- гэрч Д.Одонтуяа, Б.Шинэбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаасан “...О-ыг талийгаачтай зодоон хийсний дараа П- 20-30 минутын дараа талийгаачтай маргалдаж зодоон хийсэн. Үүний дараа 5-10 минутын дараа М- талийгаачийг өшиглөсөн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 173/-ээс үзэхэд О-, П- нар нь хамт нийлээд бүлэглэн талийгаач Баттулгыг зодоогүй, цаг хугацааны хувьд тус тусдаа зодоон болсон талаар гэрчүүд мэдүүлсээр байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

2. Хохирогчийн үхэлд хүргэсэн “тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл” бүхий гавал тархины битүү гэмтэл нь О-ы эхэлж зодсон цаг хугацаанд үүссэн гэмтэл үү эсвэл П-ийн дараа нь зодсон гэх үйлдлээс үүссэн үү гэдгийг нарийвчлан тогтоолгүй хоёулаа л ямар нэгэн байдлаар зодсон, хоёулаа л гэм буруутай гэж хавтгайруулан ял шийтгэл оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэх нотолбол зохих байдлыг тогтоолгүй шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль бус эргэлзээ бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3. А.М- нь талийгаачийн цээжн тус газар өшиглөсөн бөгөөд өшиглөсний улмаас талийгаач нь орны урагшаа нүүрээрээ газар унасан гэх үйл баримтын талаар:

- гэрч Д.Одонтуяа “...М- уурлаж босч ирээд талийгаачийн толгой руу буюу баруун талын чих рүү 1 удаа өшиглөчихөөд буцаад суучихсан. Тэгтэл талийгаач нэг өндийж ирснээ буцаад орон дээр суугаад доошоо сөхрөөд нүүрээрээ урагшаа уначихсан...”,

- гэрч Б.О-цэцэгийн “...М- босч ирээд талийгаачийн гэдэс юм уу цээж хэсэгт нь өшиглөчих шиг болсон. Тэгтэл талийгаач эвхрээд урагшаагаа орон дээрээс уначихаад огт хөдлөхгүй хурхирч байгаа юм шиг дуу гаргаад байсан...”,

- гэрч Б.Шинэбаярын “...М- гэнэт уурлаж босч ирээд ... талийгаачийн цээж рүү 1 удаа хүчтэй өшиглөөд авахаар нь ... хартал талийгаач орны өмнө эвхрээд уначихсан байсан...” гэх гэрч нарын мэдүүлгүүдийг шүүх хэрхэн яаж дүгнэсэн, үгүйсгэсэн талаар үндэслэлээ заагаагүй байна.

4. Анхан шатны шүүхээс Б.О-, Д.П- нар талийгаачийг зодсоны улмаас үхэлд хүрэх гэмтэл авсан болохыг шинжээчийн 2043, 1156, 392 дугаар дүгнэлтээр нотлогдсон гэж үзсэн нь дараах шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

- 2043 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Т.Номинцэцэг “...талийгаачийн тархинд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох, унах үед үүсэх боломжтой. Доргиход гэдэг үг бол цохиулсанаас юм уу, унах үед доргиж таарна, тэгэхээр 1 ойлголт юм... толгойн тус газраараа биү бол үүсэх боломжгүй. Газар толгойгоороо унасан үед доргилтын улмаас үүсч болно...” /1хх-ийн 73-74/,

- 1156 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Б.Ариунзулын “...тархины доргилт цохилтоос болж үүссэн. Ер нь доргилт, цохилт 2-с болж үүссэн байхад толгойн аль ч хсэгт цохисон үүснэ. Мөн хэдэн удаа нь хамаагүй, 1 удаагийн хүчээр ч үүснэ. Доргилт гэдэг нь савж унах үед мөн үүснэ” /1хх-ийн 95-96/,

Шинжээч Б.Ариунзулын “...тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралт нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд заавал толгойн тус газарт цохиж байж үүсэхгүй байж болно. Өөрөөр хэлбэл тухайн гэмтлийг авсан тохиолдолд тодорхой клиник шинж тэмдэг илэрнэ. Тухайлбал маш хүчтэй толгой өвдөх, нүд гялбах, ухаан алдах, татах комд орох зэрэг клиник шинж тэмдэг илэрдэг ба орчинтойгоо идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж хязгаарлагдана. Цээжин хэсэгт хурдатгалтайгаар цохиход тархины савалт үүсэхэд тархинд зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт үүсэх боломжтой”,

- шинжээчийн 392 дугаартай “...тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь гавал болон нүүрний аль ч хэсэгт үйлчлэхэд үүсэх боломжтой. Хүний биеийн анатомын хэллэгээр толгойг гавлын болон нүүрний хэсэг гэж ангилах ба эрүү нь нүүрний хэсэгт хамаарна. Задлан шинжилгээний тэмдэглэлд баруун зулай хэсгийн хуйхны дотор гадаргууд 1.5х2 см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай гэсэн байх бөгөөд хуйхны цус хуралт болон тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь хамт 1 үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт,

392 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч М.Энхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...талийгаачийн толгойн хэсэгт хүчтэй цохилт, доргилт авснаас тархины судас гэмтсэн. Талийгаачид учирсан ... гэмтэл нь нэг удаагийн болон хэд хэдэн удаагийн давтан хүч үйлчилсэн байхыг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг зэргэс үзэхэд О-, П- нар талийгаачийг зодсоны улмаас үхэлд хүрсэн гэж дүгнэлт хийсэн. Шүүх хэт нэг талыг барьж хэргийн бодит байдалтай нийцээгүй эргэлзээ бүхий шийдвэр гаргасан.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг зөв тогтоож өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагва давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.О-, Д.П- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу талийгаачийн буяны ажлын зардлыг бүрэн төлж барагдуулаагүй. Тэдний хувьд хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх үндэслэлгүйгээр хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Амь хохирогч Б.Баттулгыг үхэлд хүргэсэн гэмтлийг Б.О-, Д.П- нар учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Шүүгдэгч Б.О-, Д.П- нарын зүгээс хохирлыг бүрэн барагдуулаагүй, амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйгаагүй, мөн өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Ийм байхад анхан шатны шүүхээс тэдэнд хөнгөн ял шийтгэл оногдуулсан...” гэв.

Шүүгдэгч Б.О-ы өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь гэмт үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх үүнийг тогтоолгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог нарийвчлан тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэний цохилтын улмаас амь хохирогч нас барсан нь тодорхой бус, эргэлзээтэй байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад буюу шинжээчийн дүгнэлт, тайлбар зэрэгт үндэслэн шүүгдэгч А.М-ыг амь хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвын мөрдөн байцаалт болон шүүх хэлэлцүүлэгт өгсөн “...2014 оны 10 дугаар сарын 29-ний шөнө талийгаач хүү маань найз Шинэбаярын хамт гэртээ унтах гэж байх үед найз охин нь утсаар ярьсан ... тэгээд “Би найз охиноо гэрт нь хүргэж өгөөд ирье” гэж хэлээд найз Шинэбаярынхаа хамт автомашинтайгаа гарч яваад гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө О-ы гэрийнх нь гадаа манай хүүгийн автомашин зогсож байхаар нь ... гэрт нь ортол миний хүү зуухны хойно дээл нөмөрчихсөн хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод үзтэл хүү маань өөрийн ухаангүй, өмдөндөө шээж, баачихсан бүх бие нь хөрчихсөн хэвтэж байсан... түргэний эмч ирж үзээд шууд гэмтлийн эмнэлэгт хүргээд хэвтүүлсэн. Тэндээ ухаан орохгүй байж байгаад нас барсан... би эдгээр хүмүүст гомдолтой байна. Оршуулгын зардлаас төлөгдөөгүй үлдэглэл 1.250.000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /3хх-ийн 94-95, 6хх-ийн 84/,

            - гэрч Б.Шинэбаярын “...22 цагийн үед найз Баттулгын хамт 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны буудал дээр очоод автомашинтайгаа О-цэцэгийг хүлээгээд сууж байсан чинь ирээгүй... тэгсэн О-цэцэг нь би гэр лүүгээ явж байна, чи араас хүрээд ир гэж Баттулгад утсаар хэлсэн. Тэгээд бид хоёр ... колонкийн ... талаас очиж О-цэцэгийг аваад тэндээсээ Баттулга О- гэх найзтайгаа яриад гэр лүү нь явсан. Тэдний гэрт ороод замдаа авсан савтай Боргио пиво уугаад сууж байтал удаагүй О- ... П-ийн хамт ороод ирсэн. Тэгээд гадаа автомашин дотор О-, Баттулга, П- бид дөрөв нөгөө том пиво уугаад юм яриад суусан... тэгээд О-, П- хоёр автомашинтайгаа гарч яваад... нэг танихгүй залуугийн хамт буцаад ороод ирсэн. Ирэхдээ гаднаас 1 шил архитай ирсэн... Тэгтэл Баттулга гэрт тамхи татсан чинь О- “Гэрт битгий тамхи татаад бай, нялх хүүхэд байхад гараад тат” гэж хэлтэл Баттулга “Битгий хуцаад бай, хэзээ ийм болчихсон юм чи, гөлөг минь” гээд гэхэд О- уурлаад “Чи муу бацаан давраад байгаа юм уу” гээд дайраад Баттулгыг дарж аваад дээрээс нь нүүр, уруул, ам хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохиод авсан... П- том аягаар цай уугаад сууж байхад Баттулга гаднаас орж ирээд түүний цайг аваад уусан. Тэгэхдээ маргааны шинжтэй зүйл яриад ерөөсөө чимээгүй болохгүй байхаар нь О- гэнэт уурлаад түүний гартаа барьсан аягатай цай руу нь өшиглөхөд аяга нь хагарахдаа, хэлтэрхий нь П-ийн хөмсөгний дээд талд оноод зүсчихсэн. Тэгээд гарсан цусыг нь маарлаар боогоод байж байтал П- гэнэт “Баттулга намайг цохиод авлаа” гээд Баттулгыг гэрийн зүүн талын орон дээр сууж байхад нь дайраад “Муу банди минь яаж байна, алаад өгнөө” гээд дээрээс нь дараад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь очоод салгасан чинь Баттулгын уруул хэсэг язарчихсан хамраас нь цус гараад “Та нар нийлээд намайг зодож байгаа юм уу” гээд хашхираад байсан... Баттулга зүүн талын орон дээр суугаад дуугүй болохгүй агсраад байсан чинь О-, П- хоёртой хамт орж ирсэн залуу гэнэт уурлаад “Чи айлын гэрт хамаагүй ингэж болохгүй” гээд түүний цээж хэсэг рүү 1 удаа маш хүчтэй өшиглөөд авсан чинь Баттулга чимээгүй болоод нам суугаад гэрийн шалан дээр хэвтээд өгсөн... Баттулга газар унаад хэвтэж байснаа хурхираад унахаар нь унтаж байна гэж бодоод сэрээгээгүй. Зодоон дандаа орон дээр болсон. Тэрээр О-ы гэрт очихоос өмнө хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан шинж харагдаагүй...” /1хх-ийн 28-30, 2хх-ийн 32-33, 194, 3хх-ийн 102-103/,

            - гэрч Б.О-цэцэгийн “...Би Баттулга гэх залууг ... мэддэг болоод 3-4 жил болж байна. Саяхнаас үерхэж эхэлсэн... 01 цаг болж байхад Орбитын эцсийн тэнд байх колонкоос гэр лүүгээ хүргүүлэх зорилготой утас руу нь залгаж дуудсан. Тэгээд удалгүй өөрийнхөө автомашинаар Шинэбаяртай цуг ирсэн. Бид гурав уулзаад О-ы гэрт очихоор болсон... гэрт нь очоод байж байтал гаднаас О-, П- хоёр нэлээн уучихсан байдалтай ирсэн ба бид нар гэрт нь ороод сууж байхад ... О-, П- хоёр гарч яваад 04 цаг өнгөрч байхад нэг танихгүй ахтай хамт орж ирсэн ба 0,75 литрийн 1 шил архи авч ирснийг нь бид нар бүгдээрээ хувааж ууцгаасан юм... Баттулга гэрт тамхи татсан чинь О- “Гараад тат” гэхэд Баттулга уурлаад түүнийг 1 удаа нүүр лүү нь цохиод авсан. О- зөрүүлээд уруул руу нь 1 удаа цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаж аваад зодолдоод байсан... Баттулга О-той зодолдсоны дараа хамар амнаас нь цус гарсан... мөн Баттулга агсарч босч ирээд П-той барилцаж аваад орон дээр ноцолдсон... П- О- хоёр Баттулгатай маргаж, ноцолдож барьцалдаж аваад хоорондоо цохилцсон. Гэхдээ би хаана нь цохисон эсэхийг нь харж чадаагүй... М-ын хувд цохиж барьцалдаж аваагүй, харин урд хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгтэл Баттулга орны урд эвхрээд унасан. Түүнээс хойш огт босоогүй, хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийгээгүй, унтаж байгаа юм шиг хурхираад байсан...” /1хх-ийн 35-37, 2хх-ийн 35, 3хх-ийн 101/,

            - гэрч Д.Одонтуяагийн “...гэртээ хүүгийнхээ хамт амарч байхад шөнө гаднаас О-цэцэг, Баттулга, Шинэбаяр нар орж ирээд манайд хонох талаар ярьж байсан. Удалгүй араас нь манай нөхөр О-, П- хоёр ороод ирсэн. Тэгснээ тэр хоёр Өвөрхангай явах талаар хэлж яриад буцаад гараад явсан... 1 цагийн дараа О-, П- хоёр бас нэг найзынхаа хамтаар орж ирсэн. Ирэхдээ 1 шил архи авч ирснийгээ ууцгаасан... Баттулга тамхи татсан чинь манай нөхөр “Гэрийн өрх бүтээчихсэн байна, хүүхэд байхад наад тамхиа гараад татчих” гэж хэлэхэд Баттулга уурлаад “Чи ямар арчаагүй зантай юм, ганц тамхи татахад юу болдог юм” гэж байснаа манай нөхрийг нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгсэн чинь манай нөхөр эргүүлээд Баттулгын нүүр, хамар хэсэгт нь 1 удаа цохиод авсан чинь бусад найз нар нь босож ирээд тэр хоёрыг салгасан. Баттулга маш их уурлаад “Чи намайг зодлоо” гээд агсам тавиад, хамраас нь цус гарчихсан байсан... хажуунаас нь П- “Яах гэж ингээд байгаан, битгий зодолдоод байгаач” гэж хэлтэл Баттулга уурлаад агсарч байснаа П-той зууралдаад орон дээр зодолдоод эхэлсэн. П- уурлаад хэд хэдэн удаа цохиж авсан, хаана нь цохисныг мэдэхгүй... тэгээд П- цай уугаад сууж байсан чинь Баттулга гаднаас орж ирээд П-оос аягатай цайг нь өгчих гээд аваад уусан. Тэгсэн манай нөхөр ахиж уурлаад ууж байсан цайтай гар луу нь өшиглөсөн чинь аяга нь унаад хагарахдаа П-ийн хөмсгийг нь зүсчихсэн... тэгтэл манай нөхөр, П- хоёртой хамт орж ирсэн залуу гэнэт босоод “Айлын гэрт зүгээр байж чадахгүй агсам согтуу тавиад байх юм” гээд орон дээр сууж байхад нь 1 удаа өшиглөөд авсан чинь Баттулга шууд уначихсан...” /1хх-ийн 31-33, 2хх-ийн 34, 3хх-ийн 104/,

            - гэрч Д.Ширэндэвийн “...намайг очиход О-ы гэрийн гадаа талийгаачийн автомашин байсан, бас нэг өөр автомашин зогсож байсан. Гэрт ороход талийгаач гэрийн хоймор талд орны урдуур ертөнцийн зүгээр баруун тал руу толгой хэсэг нь харчихсан гар нь тохойгоороо дээш нугаларсан татаад байсан ба сонин сонин дуугараад хурхирч байгаа мэт хэвтэж байсан... талийгаачийг харахад дээд уруул нь дотроо хавдсан бололтой уруул нь хатчихсан цус болчихсон ... өмдөндөө шээчихсэн байсан...” /1хх-ийн 34/,

            - гэрч Б.Энхтуяагийн “...2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай эмнэлэгт Баттулга гэх 26 настай эрэгтэй хүн ирж хэвтсэн. Хүлээн авах тасгаас ирснийг 11 цаг 18 минутад хүлээн авч эмчилгээ хийж эхэлсэн. Өвчтөний биеийн байдал маш хүнд, ухаангүй комийн байдалтай ирсэн. Ком гэдэг нь өвчтөн ухаангүй байхыг хэлдэг. Эрхтэн систем тархины системийн үйл ажиллагаа бүрэн алдагдсан байсан. Өвчтөний толгойг компьютерт, хэвлийг эход, цээжийг рентген зураг авахуулж харуулахад ... тархины хүнд гэмтэл, тархины хүнд зэргийн эдийн няцрал САК буюу цус харвалтууд, тархи хавантай онош тогтоогдсон. Гэхдээ тархины гавал ясны хугарал цууралт байгаагүй... Өвчтөн манай тасагт хүргэгдэж ирээд яаралтай мэс засалд орох шаардлага байгаагүй ба 4 цаг болоод нас барсан...” /1хх-ийн 45-46/,

            - гэрч Д.Одонтуяа, Б.О-цэцэг нарыг нүүрэлдүүлэн байцаасан “...О-ыг цохиж зодолдсоны дараа буюу 5-10 минутын дараа П-той зодолдсон. Түүний дараа буюу 20-30 минутын дараа М- талийгаачийг өшиглөсөн...” /3хх-ийн 170/,

            - Б.О-ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...талийгаач гэрт тамхи татаад байхаар нь би “...хүүхдийн дэргэд тамхи татлаа...” гэхэд “...яагаад хориод байгаа юм...” гээд намайг цохиод авсан. Тэгээд бид хоёр барилцаж авсан. Би орон дээр дарж унагаагаад хамар, уруул хэсэгт нь 1-2 удаа цохисон... салсаныхаа дараа ... үгээр идээд байхаар нь би уурандаа аягатай цай руу нь өшиглөсөн чинь аяга хагараад П-ийн хөмсгийг оносон... П- талийгаачийг орон дээр унагаагаад цохиж байсан, хаана нь цохисныг хараагүй... харин М- талийгаачийг орон дээр сууж байхад нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд талийгаач эвхрээд унасан...” /1хх-ийн 136-137, 183, 248, 2хх-ийн 148, 179-188/,

            - Д.П-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...О- талийгаачтай “Гэрт тамхи татлаа” гээд маргалдаад эхэлсэн. Тэр хоёр хоорондоо барилцаж аваад зөндөө ноцолдсон... салсныхаа дараа талийгаач “найзыгаа хөөлөө” гээд дахиад яриад эхэлсэн. Тэгэхэд О- талийгаачийг 1 удаа өшиглөхөд цай ууж байсан аяга нь үсрээд миний хөмсгийг оносон... М- талийгаачийг “Чи яагаад далчигнаад байгаа юм” гээд 1 удаа өшиглөөд унагаасан. Тэгэхэд талийгаач орны урд урагшаа газар эвхрээд унасан. М-, О- нараас өөр хүн талийгаачтай маргаагүй муудалцаагүй...” /1хх-ийн 130-131, 181, 248, 3хх-ийн 175, 192, 5хх-ийн 101/,

            - А.М-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...талийгаач гэрт тамхи татахад О- “Гэрээс гарч тат” гээд маргалдаж эхэлсэн. Талийгаач эхлээд О-ыг 1 удаа цохиод авахад О- уурлаад түүний толгойн хажуу тал, дагз нүүр орчим нь 3-4 удаа цохиж авсан... П- уурлаад талийгаачийн толгой руу 1 удаа өшиглөөд, 2-3 удаа өвдөглөсөн... талийгаач нь О- руу дайраад байхаар нь би гэнэт уур хүрээд “Чи одоо айлд арай дэндэж байна” гэж хэлээд орон дээр сууж байхад нь цээж орчимд нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд талийгаач орон дээрээс унаагүй, газар савж унасан зүйл байхгүй...” /1хх-ийн 133-134, 185, 248, 2хх-ийн 184, 187, 3хх-ийн 127, 177, 196, 4хх-ийн 56, 5хх-ийн 102/ гэсэн мэдүүлгүүд,

            - шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 939, 940, 941 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 48, 50, 52/

            - хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-21/,

            - талийгаач Б.Баттулгын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2043 дугаартай “Талийгаачийн биед тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, баруун зовхи дээд уруул, баруун эгэм хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 1,2 промиллийн спиртийн агууламж илэрсэн байна. Хөнгөн зэргийн согтолттой. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцралын улмаас амьсгал зүрх судас зогсож нас баржээ” гэх /1хх-ийн 67-71/,

- хавтас хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1156 дугаартай “...харин хүзүү, цээжинд үүссэн цус хуралтууд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ч нэг механизмаар үүсгэгдээгүй тусдаа үүсгэгдсэн байж болох тул гэмтлийн зэргийг салгаж тогтоох боломжтой. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Баруун зовхи, дээд уруул, хуйх, баруун эгэм, цээжинд үүссэн цус хуралт нь шинэ гэмтэл болно. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал нь өвчний улмаас үүсээгүй, гэмтлийн шалтгаантай байна. Задлан шинжилгээний бичлэг болон фото зургаас үзэхэд зүүн талын 7, 8 дугаар хавиргад хугарал тогтоогдохгүй байна. Цогцосны задлан шинжилгээ нь мэргэжлийн шинжээч шинжилж, фото зургаар бэхжигдсэн, клиник эмнэлэгт хийгдсэн багажийн шинжилгээ болох рентген шинжилгээнээс илүү бодит шинжилгээ болно. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл болох тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, тархины эдийн няцрал нь талийгаачийн толгойн хэсэгт хатуу мохоо зүйлийн цохилтын хүч үйлчилснээс үүсэх бөгөөд цохилтын хүч баруун дээд доод зовхи, дээр уруул хуйханд үйлчилсэн байна... уг гэмтэл нь үүсгэгдсэн даруйдаа үхэлд хүргэхгүй хэсэг хугацаанд амьд байх боломжтой гэмтэл болно. Амьд байх хугацааг нарийн тогтоох боломжгүй...” гэх /1хх-ийн 87-90/,

- хавтас хэргийн материалаар дахин хийсэн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаартай “...шинжээчийн 1156 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь гавал болон нүүрний аль ч хэсэгт хүч үйлчлэхэд үүсэх боломжтой. Хүний биеийн анатомын хэллэгээр толгойг гавлын болон нүүрний хэсэг гэж ангилах ба эрүү нь нүүрний хэсэгт хамаарна. Задлан шинжилгээний тэмдэглэлд баруун зулай хэсгийн хуйхны дотор гадаргууд 1,5х2см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай гэсэн байх бөгөөд хуйхны цус хуралт болон тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь хамт нэг үйлчлэлээр үүссэн байх боломжтой... талийгаачийн баруун эгэмний түвшинд 7х1,7см хөх ягаан өнгийн цус хуралттай гэж тэмдэглэсэн байх бөгөөд энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун эгэмд учирсан цус хуралт гэмтлийн улмаас тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал үүссэн гэж үзэх боломжгүй. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд уг гэмтлийг авахаас өмнө талийгаачийн тархинд өөр ямар нэгэн гэмтэлтэй байсан гэхээр зүйл тогтоогдохгүй байна. Дээрх гэмтлийг авснаас хойш хэсэг хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Идэвхтэй хөдөлгөөн гэдэгт хүн ярих, тодорхой зорилго чиглэлтэй үйлдэл хөдөлгөөн хийх зэргийг хамааруулж ойлгоно...” /5хх-ийн 137-140/ гэх дүгнэлтүүд,

            - шинжээч Т.Номинцэцэгийн “...талийгаачийн тархинд толгойд учирсан тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн гаралтай үүсчээ. Учир нь тархины кеслогийн шинжилгээ нь тархийг бүтнээр бэхжүүлж шалгаж үзэхэд өвчин эмгэгийн гаралтай өөрчлөлт илрээгүй. Тархины гадаргад амьсгал зүрс судалсны төв байрладаг учраас амьсгал зүрх зогсож нас барсан байна... зөөлөн бүрхүүлийн цус харвалт гэмтэл үүссэнээс хойш идэвхтэй хөдөлгөөн амьд явах хугацаа хувь хүн бүрт харилцан адилгүй байдаг учраас нарийн тогтоох боломжгүй... энэ гэмтэл нь мохоо зүйлүүдийн цохих, цохигдох, унах үед үүсэх боломжтой... цохиулснаас юм уу унах үед доргиж таарна. Тэгэхээр нэг ойлголт юм... талийгаачид өвчний эмгэг байгаагүй. Гавлын орон суурь яс гэмтэлгүй бүрэн хатуу хальсны дээр доод цус хуралтгүй байсан... баруун зовхи нь дээд уруул баруун эгэм, хуйхны цус хуралт нь хөнгөн зэргийн гэмтэл ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь шинэ буюу 1-3 хоногт үүссэн байх боломжтой юм. Мөн талийгаач тухайн үеэр хөнгөн зэргийн согтолттой байсан... ер нь дээрх гэмтлүүдийг нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэлтэд тусгасан байгаа... цээжинд өшиглүүлэх үед үүсэхгүй...” /1хх-ийн 73-74, 3хх-ийн 99-100, 167-168/,

            - шинжээч Б.Ариунзулын “...Задлан шинжилгээний бичлэгээс үзэхэд талийгаачийн тархины 2 тал бөмбөлөг нэлэнхийдээ зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралттай, уг цус хуралтын дор жижиг бичил голомтлог тархины эдийн няцрал үүссэн байсан. Эд эсийн шинжилгээгээр микроскопт илэрсэн. Харин нүдээр задлан шинжилгээгээр харагддаггүй. Тиймээс тархи тэр хэсэгт бичил няцрал байсан гэх хэлэхэд бэрхшээлтэй. Харин хуйхан доод баруун зулай хэсэгт цус хуралттай байдаг. Тиймээс хүч энд үйлчилсэн байх боломжтой. Тархины доргилт, цохилтоос болж үүссэн. Ер нь доргилт цохилт хоёроос үүссэн болохоор толгойн аль ч хэсэгт цохисон үүснэ. Мөн хэдэн удаа нь хамаагүй нэг удаагийн хүчээр ч үүснэ. Гэмтлийн гаралтай тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалтын улмаас нар барсан... ийм гэмтэл авсан хүн ухамсарт ухаан хадгалагдаж, үйлдэл хөдөлгөөн хийгээд явах боломжтой. Цаг хугацааны хувьд нарийн тодорхойлох боломжгүй. Тархи хавагнах байдлаас биеийн байдал хүндэрдэг. Иймд хүн бүрт тархи хавагнах байдал янз бүр байдаг...” /1хх-ийн 95-96, 2хх-ийн 36, 192, 3хх-ийн 96-98, 165-166/,

            - шинжээч М.Энхбаярын “...талийгаачийн толгойн хэсэгт хүчтэй цохилт, доргилт авснаас тархины судас гэмтсэн, тархи нь өөрөө хайрцаг дотор байдаг. Тэгээд тархийг цохих үед судас нь гэмтэнэ, тархи нь цалгиж гавлын ясанд очиж цохигдсонтой холбоотой тархины эдийн няцрал үүсдэг. Харин цээжинд өшиглөх үед энэ гэмтлийн авах боломжгүй, толгойн хэсэгт цохих үед энэ гэмтлийг авах боломжтой. Мөн тархины бүрхүүлийн хэсэгт цус харвах үед ямар нэгэн судас гэмтэнэ, судас гэмтсэнээс болж ямар хугацаанд цус хуралт үүсэж байгаагаас нас барах хугацаа нь хэлбэлзэнэ... энэ хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой. Энэ бүгдийг 1220 тоот шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр заалтад үгүйсгэсэн байсан учраас санал нийлэхгүй байна. Талийгаачид учирсан тархины бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн болон хэд хэдэн удаагийн давтан хүч үйлчилсэн байхыг үгүйсгэхгүй. Талийгаачид учирсан гэмтэл нь гавлын ясны хугарал байхгүй учир хэдэн удаагийн үйлчдлээр ямар хүч үйлчилсэн гэдгийг тогтоох боломжгүй. Цээжинд өшиглөх үед тархинд доргилт үүсэх боломжтой. Харин тархины эдийн няцрал, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт үүсэх боломжгүй. Талийгаачийн баруун эгэмд учирсан гэмтэлтэй холбоотой цус харвасан гэж үзэхгүй... талийгаач эхний цохилтыг авсны дараа цээжин тус газар нь өшиглөсөн цаг хугацаа амьдралын чухал эрхтнийг дарангуйлах цаг хугацаатай давхцаж болно. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцахад талийгаачийн уруул хөмсөгт цус хуралт, няцралт үүссэн мөн нүд нь хөхөрсөн байсан. Тиймээс нүүрний хэсэгт цохилт авсан байсан... талийгаачийн хуйхны баруун дээд зулай хэсэгт хүч үйлчилсэн байна...” /5хх-ийн 164-166/ гэсэн мэдүүлэг зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

Б.О-, Д.П-, А.М- нар нь 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгай тоотод /Б.О-ы гэрт/ бусадтай нийлэн архидан согтуурч, улмаар Б.Баттулгатай “Гэрт тамхи татлаа, агсам тавьлаа, өөдөөс цохилоо” гэх зэрэг шалтгаанаар маргалдан, түүнийг ээлж дараалан зодож биед нь тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, баруун зовхи дээд уруул, баруун эгэм хуйханд цус хуралт бүхий гэмтлийг учруулсан байх ба Б.Баттулга нь тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас амьсгал зүрх судас зогсож нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Амь хохирогч Б.Баттулгыг үхэлд хүргэсэн тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь А.М-ын “цээжин тус газарт нь өшиглөсөн” үйлдлийн улмаас үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй ба харин Б.О-, Д.П- нарын “толгойн тус газарт нь цохисон” үйлдлийн улмаас үүссэн байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ Б.О-, Д.П- нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь амь хохирогч Б.Баттулгыг үхэлд хүргэсэн гэмтэл нь түүний толгойн тус газарт мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд Б.О-, Д.П- нарын олон удаагийн цохих үйлдлийн улмаас үүссэн болох нь тогтоогдож байх тул тэднийг дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам болон шүүгдэгч Д.П-ийн өмгөөлөгч Б.Тэнгис нар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.О-, Д.П- нар нь хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй...” гэж тус бүрдээ гэм буруугийн талаар маргах боловч амь хохирогч Б.Баттулга нь тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас барсан нь Б.О-, Д.П- нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Б.О-, Д.П-, А.М- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх болсон хөнгөн хууль гэдэг нь гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Прокуророос Б.О-, Д.П- нарыг “Хүнийг бүлэглэж алсан” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт, мөн Б.О-, Д.П-, А.М- нарыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж  бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн субьектив санаа зорилго зэргийг харгалзан үзээд прокуророос Б.О-, Д.П-, А.М- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгдэгч А.М-ын үйлдлийн улмаас амь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба түүний гэмт үйлдэл тухайн цаг үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна.

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-т  “Хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” этгээдийг арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.11-т “Хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” этгээдийг арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Үүнээс үзэхэд 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хорих ялын дээд, доод хэмжээ нь багассан байна.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-, Д.П- нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэргийг, шүүгдэгч А.М-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсон байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар А.М-ыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-, Д.П- нарын гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тэдэнд оногдуулах хорих ялын хэмжээг хуульд нийцүүлэн тогтоож, уг ялыг “нээлттэй” хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагвын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож, нотлогдоогүй, тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөв хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-, Д.П- нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар тус бүр ял шийтгэл оногдуулахдаа, Эрүүгийн хуулийн зохих заалтыг баримтлаагүй орхигдуулсаныг шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах замаар зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, гэм буруу, ял шийтгэлийн талаар тус бүр маргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагва, шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Д.П-ийн өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

- 4 дэх заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар Б.О-, Д.П- тус бүрийг 13 (арван гурван) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар Б.О-, Д.П- тус бүрийг 13 (арван гурван) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагва, шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Д.П-ийн өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                                   Ц.ОЧ

                                                                                                     Н.БАТСАЙХАН