Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1048

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Б.Солонго,

Шүүгдэгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н овогт С-н П-т холбогдох эрүүгийн 2005032491748 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр ... хүүхдүүдийн хамт, ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суудаг, /РД:/,

Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 01- ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Новогт С-н П.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н-н овогт С-н П нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод  хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж жирэмсэн болохыг мэдсээр байж хохирогч Ж.Б ийн нүүр, толгой хэсэг рүү нь 2 удаа цохиж, түүний биед тархи доргилт, дээд уруулд шарх, дух, зүүн доод зовхи, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Пүрэв-Очирыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч С.П нь эхнэр буюу Ж.Б ийг зодож, эрүүл мэндэд тархи доргилт, дээд уруулд шарх, дух, зүүн доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд: Баянгол дүүргийн цагдаагийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 тал/,

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

 

Хохирогч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед гэртээ байсан чинь нөхөр С.П бага зэргийн архи үнэртүүлсэн байдалтай ирсэн. Нөхөр хоолоо идэж дуусаад “би гарлаа” гээд байхаар нь би “битгий гар маргааш ажилтай юм чинь” гэж хэлээд хаалгаа түгжсэн чинь гарна гээд өөрт байх нэг хувь түлхүүрээ гаргаж ирээд хаалга онгойлгох гээд байсан. Боль гэсэн чинь нөхөр гараа атгаж байгаад миний уруул руу нэг, толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Би цагдаад дуудлага өгөх гэсэн чинь утас булааж аваад өгөхгүй байсан. Тэгэхээр би цонхоороо орилсон чинь гадаа гудамжинд явж байсан хүн та хаалганыхаа дугаарыг хэлчих гэсэн, тэгээд би хэлсэн. Удалгүй цагдаа нар хүрч ирсэн. ...Би 3 сартай бие давхар. Хэрэг гарcаны дараа ЭХО-д үзүүлсэн. Ураг хэвийн, ямар нэг өөрчлөлтгүй гэсэн. ...Нөхөр бид хоёр сайн харилцаатай байгаа, бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-15, 16 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч П.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цаг байсан байх аав П бага зэрэг архи уучихсан гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирээд байж байгаад аав ээжид хүүхдэд юм авч өгье, хоёулаа дэлгүүр орно гэж хэлсэн. Ээж уурлаад аавыг гаргахгүй гэсэн чинь аав уурлаад ээжийн толгой нүүр хэсэг рүү хоёр гурван удаа цохисон. Тэгээд ээж цонхоор орилоод удалгүй цагдаа нар ирсэн. Хэрэг гарсны дараа аав ээжээс уучлалт гуйж тэр хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12721 дугаартай “...Ж.Б ийн тархи доргилт, дээд уруулд шарх, дух, хамар, зүүн доод зовхи, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 24-25 тал/,

 

Аюулгүй зэргийн үнэлгээ /хх-ийн 46-47 тал/,

 

Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх-ийн 53-61 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 95, 96 тал/,

 

Шүүгдэгч С.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би ажлаа тараад орой гэртээ харих замдаа 100 грамм архи аваад ганцаараа уугаад гэртээ орсон. Орсон чинь эхнэр Б  хоолоо хийсэн байсан. Би хоолоо идэж дуусаад гарч дэлгүүр орох уу гэж эхнэрээс асуусан чинь эхнэр гэрийн хаалга түгжээд дэлгүүр оруулахгүй гэсэн. Тэгээд гэрт хэрүүл болоод эхнэр намайг удам угсаагаар доромжлоод байхаар нь би гараараа нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохисон. Эхнэр цагдаа дуудах гэхээр нь би эхнэрийн гар утсыг нь аваад өөрт нь өгөөгүй. Тэгсэн эхнэр цонхоор шагайж хүмүүсээ цагдаа дуудаад өгөөч гэсэн. Цагдаа ирээд намайг аваад явсан. Бид хоёр цуг явж эмнэлэгт үзүүлсэн. Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.П нь зан байдлын хувьд төлөв даруу, аливаа зүйлийг хийвэл хийсэн шиг хийдэг. Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө зүтгэдэг, хөдөлмөрч эхнэр хүүхдүүдээ халамжтай залуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39-40, 41 тал/, иргэнийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 48 тал/, түр оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 49 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-51 тал/, гэрлэлт бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 52 тал/, шүүгдэгч С.П-н худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 62-90 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Харин нэгэнт яллагдагчаар татагдвал зохих этгээд болох нь тодорхой этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулж, гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарах тул цаашид анхаарвал зохихыг тэмдэглэж, нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгийн нийцэж байх ба хэргийн үйл баримтыг хангалттай тогтоосон, шүүгдэгч С.П-н гэм буруутай үйлдлийн улмаас түүний эхнэр хохирогч Ж.Б ийн биед тархи доргилт, дээд уруулд шарх, дух, хамар, зүүн доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирчээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Ж.Б ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээч эмчийн 12721 дугаар дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.П, хохирогч Ж.Б  нар гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд буюу эхнэр нөхөр байх ба гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч 3 сартай жирэмсэн байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, жирэмсний хяналтын карт баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн” гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Шүүгдэгч С.П нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэнэ.

 

            Иймд шүүгдэгч С.П-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 14-15, 96 дахь талд “...бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэж мэдүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч С.П-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч С.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг С.П-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.П-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгчид тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч С.П-т мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.П-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт С-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-г 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.П-т сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч С.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Б гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА