Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Т.Оюунжаргал,

иргэдийн төлөөлөгч Т.Б,

шүүгдэгч Д.Ч түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Ч-т холбогдох эрүүгийн 1905024571706 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 1, Ч дүүргийн 17 дугаар хороо 00 тоотод оршин суух,

-урьд 1998 онд Эрүүгийн хуулийн 90 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2-ын Б, Е-д зааснаар 25 жил, мөн Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын хөнгөнийг хүндэд нь багтааж 25 жилийн хорих ял оногдуулж, биеэр эдэлж байгаад 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Б овогт Д-ын Ч /РД: 0000000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Ч нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны 43 тоотод зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж хохирогч Д.Н-ийн хэвлий орчим хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч  мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр орцонд хоноод архи уусан байсан. Тэгээд Н-тай уулзаж ярилцъя гэж бодоод гэрийнх нь хаалгыг тогшсон. Н гарч ирээд яв чамтай ярих юм байхгүй гэж хэлсэн. Тэр үед цаана нь эрэгтэй хүний дуу гарч байсан тул айлгах гэж гудамжнаас олсон хутгаа гаргаж ирсэн. Н хутгалъя гэсэн санаа бодол байгаагүй. Тэр үед хутгалснаа сайн мэдээгүй шууд гараад явсан сүүлд утсаар ярихад хутгалсан гэсэн. Би уучлалт гуйсан цагдаагийн газар өөрийн биеэр ирээд буруугаа хүлээсэн. Хутга авч очсон нь миний буруу. Гэм буруугаа хүлээж байна...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

  1. Хохирогч Д.Н-ийн:

“...Би гэртээ Х, Х гэх 2 ачийнхаа хамт байж байхад гаднаас Э гэх миний танил хүн орж ирж цай уугаад сууж байтал дахиад гэрийн хаалга дуугарах чимээ гараад миний ач Х хаалга онгойлгоход гаднаас хуучин хамт амьдарч байсан Ч орж ирсэн. Тэгэхээр нь би чамтай ярих юм байхгүй гар гэж хэлсэн чинь гарахгүй байсан. Тэгээд наашаа дөхөөд байхаар нь гар цээж рүү түлхсэн чинь Ч зөрүүлээд миний гэдэс орчим гараараа цохих шиг болсон. Тэгээд дахиад цохих гээд дайрахаар нь түлхээд өөрөөсөө холдуулах үед Ч-ын баруун гарт гялалзсан өнгөтэй хутга байсан тэгэхээр нь би “энэ намайг хутгалчихсан байна” гээд түлхэж гаргаад тэгээд доошоо харсан чинь нил цус болчихсон байсан болохоор шууд цагдаа дуудаад дараа нь эмнэлэг дуудсан. 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 07 дугаар сар хүртэл 1 жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 00 дугаар тойргийн автобусны баруун талд 2 давхар тоосгон байшингийн 00 тоотод хамт амьдарч байсан түүнээс хойш хамт амьдрахаа больсон...” гэсэн мэдүүлэг /хх 32-34/,

  1. Насанд хүрээгүй гэрч Ц.Х-ын:

“...эмээгийн найз Ч орж ирсэн. Тэгэхээр нь би эмээг дуудсан чинь эмээ үүдэнд ирээд чамтай ярих юм байхгүй гээд Ч-ыг түлхсэн. Тэгсэн Ч хутга гаргаж ирээд эмээгийн гэдэс рүү нэг удаа дүрсэн. Эмээгийн найз босож ирээд боль гэсэн чинь Ч-ыг үүдний шкаф руу дахиж түлхээд хаалгаар гарангуут хаалгаа хаасан. Тэгээд эмээ 00-ын өрөөнөөс алчуур аваад шархан дээрээ тавьсан. Тэгээд газар цус дуссан байсан намайг арч гээд арчуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 20-21/,

  1. Гэрч Д.Э-ын:

“...Гэрт нь ороход Н хоёр ачтайгаа байсан. Тэгээд авчирсан юмаа Н-д өгчхөөд сууж байхад надад кофе аягалж өгсөн. Дөнгөж уух гээд сууж байтал хаалга тогшоод эрэгтэй ач хүү нь хаалга онгойлгож өгөхөд 160-165 см орчим өндөртэй бараан царайтай 50 гаруй насны ногоон фудболктой, саарал өмдтэй эрэгтэй орж ирсэн. Тэгсэн Н тэр эрэгтэйг хараад чи яв, гар, зайл гээд нөгөө эрэгтэйг хөөсөн тэгэхээр нь би босоод юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь нөгөө эрэгтэй надад “чамд хамаагүй хөгшөөн” гэж хэлэхэд Н түлхэж гаргаад хаалга хаасан. Н хаалгаа хаачхаад эргээд харсан чинь газарт цус дусчихсан байсан. Тэгсэн чинь Н новш чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 35-36/,

  1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-27/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 7030 дугаартай:

“...Д.Н-ийн биед хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархай хатгагдаж, хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 50/,

6. Шүүгдэгч Д.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хуучин хамтран амьдрагч байсан Н руу утсаар залгаж ярихад цаанаас нь эрэгтэй хүн хэн бэ гэсэн. Тэгээд би тэр өдрөө ганцаараа орцонд архи уугаад, орцондоо хоносон. Тэгээд маргааш нь 16 цагийн үед Нарантуяагийн гэр болох модны 2-т гэрт нь очсон. Тэгээд хаалгыг нь тогшиход ач нь хаалга тайлаад би гэрт нь орсон. Тэгээд Н шууд ирээд намайг гар гээд түлхсэн. Тэгэхэд гэрт нь Ш гэх зүс таних эрэгтэй орон дээр нь сууж байсан. Тэгээд би халаасанд байсан хутгаа айлгах гэж гаргаж ирэхэд Н намайг түлхэхэд хутганы үзүүр Нарантуяагийн гэдэс рүү орох шиг болсон. Тэгээд би сандраад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 71-72/,

7. Гэрч Ж.Т-ийн:

“...Би Ч-тай 2 жилийн өмнө хувийн байгууллагад ажилладаг байхдаа танилцаж хамтран амьдардаг болсон. Тэрнээс өмнөх амьдралын сайн мэдэхгүй. Д.Ч хувь хүнийхээ хувьд даруу төлөв зантай, их халамжтай, ажилсаг, хичээнгүй, бусадтай их нийтэч, шулуун шударга зантай, бусдад их тусархуу, хөдөлмөрч гэр бүлдээ анхаарал халамж сайтай сайн хүн...” гэсэн мэдүүлэг /хх 46-47/,

8. Шүүгдэгч Д.Ч-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг
шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг
шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд
заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Ч-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Ч нь хохирогч Д.Н-ийн хэвлийн тус газарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг дүгнэлтдээ “Хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.    

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ч-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Ч нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны 43 тоотод зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж хохирогч Д.Н-ийн хэвлий орчим хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 - Хохирогч Д.Н-ийн “...Тэгээд наашаа дөхөөд байхаар нь гар цээж рүү түлхсэн чинь Ч зөрүүлээд миний гэдэс орчим гараараа цохих шиг болсон. Тэгээд дахиад цохих гээд дайрахаар нь түлхээд өөрөөсөө холдуулах үед Ч-ын баруун гарт гялалзсан өнгөтэй хутга байсан тэгэхээр нь би “энэ намайг хутгалчихсан байна” гээд түлхэж гаргаад тэгээд доошоо харсан чинь нил цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг,

-Насанд хүрээгүй гэрч Ц.Х-ын “...Ч хутга гаргаж ирээд эмээгийн гэдэс рүү нэг удаа дүрсэн...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Д.Э-ын “...Н хаалгаа хаачхаад эргээд харсан чинь газарт цус дусчихсан байсан. Тэгсэн чинь Н новш чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 7030 дугаартай “...Д.Н-ийн биед хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархай хатгагдаж, хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Д.Ч нь хохирогчийг хутгалсан идэвхтэй үйлдэл нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байна. Мөн Эрүүгийн хуульд зааснаар “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Ч нь гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг буюу хутгыг
хэрэглэж үйлдсэн байна.

Иймд прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн
зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Д.Ч-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Н нь эмчилгээний зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Ч-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Ч-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг “Шүүгдэгч Д.Ч нь хохирогч Д.Н-тай хамтран амьдарч байсан бөгөөд түүнийг хутгалах санаа зорилго байгаагүй. Мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Д.Ч нь эрүүл мэндийн хувьд эмнэлгийн хяналтад байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг
шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн
бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл
байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба, шүүгдэгч Д.Ч нь санаатай гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн байх тул түүнд дээрх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Иймд эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч Д.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.Ч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний хувийн байдал буюу насны байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905024571706 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ын Ч-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Ч-ыг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан 5 /таван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ДАЛАЙХҮҮ

                                                 ШҮҮГЧ                             Л.ОЮУН

                                                 ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА