Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 1053

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд,

Иргэдийн төлөөлөгч П.Дашням,

            Хохирогч Д.Ө ,

Шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 09-29/ нарыг  оролцуулан тус  шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Э-н М-д холбогдох эрүүгийн 1905014081403 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах... байрны ... дүгээр орцны жижүүрийн байранд 62 настай хохирогч Д.Ө ыг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн,

Мөн Э.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... дүгээр орцонд жижүүрийн байранд 62 настай хохирогч Д.Ө ыг хүч хэрэглэн хүчиндэх явцдаа эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь халдаж биед нь эрүү, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал зүүн чихний дотор хэсэгт шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу сарвуунд цус хуралт, цээжинд зулгаралт, үтрээ, бэлгийн их бага уруул, хошногоны амсар хэсэгт шарх гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М г Хүчиндэх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...Баянгол дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүр Д.Ө-аас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед миний хүүгийн найз намайг хүчиндэн, зодсон...” гэх тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...Д овогтой Ө  миний бие 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоотод өөрийн төрсөн хүү болох Болдын найз зүс таних Ш  гэдэг залууд зодуулж хүчиндүүлсэн...” гэх хохирогч Д.Ө ын өргөдөл /хх-ийн 13 тал/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн “...Хаалгаар ороход гадна цоожтой жижүүрийн байр байна. Уг жижүүрийн байр руу хохирогчийн хүү Б.Б аар түлхүүрээр онгойлгуулж ороход 3м х 1.5м хэмжээтэй дотроо ор, ширээ, тавиур бүхий зохион байгуулалттай байна. Үзлэгийн үеэр жижүүрийн байрны дотор тал эмх замбараатай байх ба хохирогчийн амарч байсан гэх хөнжлийн даавуу, дэвсгэр даавуу олдоогүй. Жижүүрийн байранд 12 дугаар байрны хяналтын камерын хадгалах төхөөрөмж болон дэлгэц байна. Үзлэгээр криминалистикийн шинжээч 6 кадр зураг авч, N620918121483 дугаартай бичлэг хадгалах төхөөрөмжийг хураан авав. Хэргийн газраас хохирогчийн өмсөж байсан гэх шаргал өнгийн бор хүрээтэй эмэгтэй хүний цус мэт зүйлээр бохирлогдсон дотуур хувцсыг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 тал/,

 

            Эд мөрийн баримтаар шаргал өнгийн бор хүрээтэй эмэгтэй хүний цус мэт зүйлээр бохирлогдсон дотуур хувцас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

 

            Эд зүйл хүлээлгэсэн өгсөн “...хэргийг шалгах үед хураан авсан N620918121483 дугаартай бичлэг хадгалах төхөөрөмжийг хүлээлгэн өгөв...”, эмэгтэй хүний 1 ширхэг дотуур хувцсыг хохирогч Д.Ө ын төрсөн хүү Б  хүлээлгэн өгөв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18, 19 тал/,

 

            Си ди бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн цагаар 21:07:56 цагийн хооронд орцны жижүүрийн байрны хаалга нээгдэж эрээн өнгийн куртиктэй болон хар өнгийн куртиктэй, хөх жинсэн өмдтэй 2 эрэгтэй хүний гарч явж байгаа бичлэг харагдаж байна. Үүний араас хар өнгийн куртиктэй, 2 эрэгтэй хүн гадагшаа гарч байгаа бичлэг харуулав. ...Бичлэгийн цагаар 21:09:19 цагт хөх өнгийн ханцуйгаараа судалтай цамцтай эрэгтэй хүн жижүүрийн байр руу орж байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 23-30 тал/,

 

Хохирогч Д.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр 10 цагийн үед ороо засаад унтах гэтэл Б , Ш  нар архи уусан байдалтай ирсэн. Би хоол өгөөд ороо засаад унтуулах гэсэн чинь Ш  миний хөнжил рүү орж ирээд намайг боогоод дуугарч чадахгүй болгоод миний хувцас, турсик тайлаад хүчиндсэн. 5 цагийн үед Ш  гараад явсан. Би 6 цагийн үед хажуу талын 3 дугаар орцны Бааска гэх эмэгтэй дээр очоод утсаар яриулж цагдаа дуудсан. ...М гэнэт миний оронд орж ирээд миний хоолойг багалзуурдаж шахаад гараараа ам таглаад дарчихсан. Тэгтэл би дуугарч чадаагүй. М  миний амыг гараараа дараад миний түрсикийг тайлах гэхээр нь би болиулах гэсэн боловч дийлээгүй. Миний хоолойг боогоод миний зүүн талын чих рүү хоёр удаа баруун гараараа хүчтэй цохисон. Тэгээд миний бэлэг эрхтэн рүү хуруу болон гараа хийгээд дараагаар нь бэлэг эрхтнээ хийсэн. Мөн миний хоёр гарыг аймаар чанга барьчихаад намайг огт хөдөлгөөгүй. Тэгэхэд миний биеэс маш их хэмжээний цус гарсан. Би М-д “чи болиоч яасан ичдэггүй юм бэ гэж хэлэхэд М  “тэр ямар хамаатай юм пизда минь” гээд байсан. Тэр үед манайд манай хүү юу ч сонсохгүй унтаад байсан. Тэр үед миний хүү Б , М  бид гурваас өөр хүн байгаагүй. Манай хүү Б  нь их согтуу унтаж байсан болохоор энэ үйл явдал болж байх үед огт сэрээгүй. Тэгээд өглөө болоод манай бэр орж ирээд гайхаад “Хүүе ээ ээжээ юу болсон юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би М  намайг ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэр өдөр нөгөө орцны жижүүр болох М.Баасансүрэн цагдаа дуудсан. Тухайн үед би маш их айсан сандарсан байсан. Тэгээд цагдаа дуудах үед М  зугтаагаад яваад өгсөн. Дараа нь бэрээсээ сонсоход М-г цагдаад баригдсан гэж сонссон. Би баахан эмнэлгээр явж эмэгтэйчүүдийн эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн. Би хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэж, шинжилгээ өгснийг сайн мэдэхгүй байна. Манай бэр л намайг дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 37, 38-40 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би шүүгдэгчид гомдолтой байна. Энэ хэргээс болж их хохирсон. Надад хэлэх ч үг олдохгүй байна. Хохирол төлбөртэй холбоотой баримтуудаа олохгүй байгаа...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 22-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар байрны 3 дугаар орцонд жижүүрийн байран дээр байж байх үед 22 цагийн үед манай нэгдүгээр орцны жижүүр Д.Ө ын царай нь хөхөрчихсөн байдалтай манай гэрт орж ирээд “намайг манай хүүгийн найз Ш  нь цаг гаруй хүчиндчихлээ” гэж хэлэхээр нь би гэр рүү нь яваад орсон чинь хүү Б  нь шал согтуу унтаж байсан ба хувин дүүрэн цустай төмпөн харуулаад миний бие муу байна цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхээр нь би цагдаа болон түргэн дуудсан. Тэгтэл түргэн хүрч ирээд аваад явсан. Харин цагдаа нар ирээд камер шүүж үзэж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

 

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 22-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар байрны нэгдүгээр орцны гадна шон суулгахаар цемент хагалаад байж байтал 15-16 цагийн үед манай нутгийн 30 орчим насны танил М  ирээд ганц шил архи хувааж ууя гэхээр нь тэгье гээд 1 шил стандартын 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгтэл тэр надад найз нь 2 өдөр нойргүй явна унтчихмаар газар байна уу? гэж асуухаар нь би манай гэрт ороод унтчих гэж хэлээд гэртээ оруулаад унтуулсан. Тэгээд сэрээд босож ирээд дахиад нэг шил архи хувааж ууя гэхээр нь тэгье гэж хэлээд дахиад нэг шил архи хувааж уугаад 22 цагийн үед би тасраад унтаад өгсөн. Тэгтэл ээж 22 цагийн үед цагдаа дуудсан байсан. Би тасраад унтаад өгсөн байсан учир юу болсныг сайн мэдээгүй. Ээж  намайг бос гэж хэлээд би босоогүй. Тэгтэл би 12 цагийн үед сэргэсэн. Ээж 4 цагийн үед түргэн дуудаад үзүүлсэн гэсэн. Түргэн ирээд үзээд эм өгөөд явсан гэсэн. Ээж маань тухайн үед 3 дугаар орцны жижүүр эмэгтэйн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

 

Хохирогч Д.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн хэт авианы оношилгооны хуудас, томограффикийн шинжилгээний хуудас, өвчний түүхийн дэвтэр /хх-ийн 48-67 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3824 дугаартай “....Д.Ө ын үтрээ, шулуун гэдэсний арчдас наалдацанд эр бэлгийн эс илрээгүй. Д.Ө ын биед эрүү, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал зүүн чихний дотор хэсэгт шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу сарвуунд цус хуралт, цээжинд зулгаралт, үтрээ, бэлгийн их бага уруул, хошногоны амсар хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Бэлгийн замын халдварт өвчин дахин шинжлүүлэх шаардлагатай” гэх дүгнэлт /хх-ийн 72 тал/,

 

Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 23-ны өглөө Баянгол дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар байранд байрлах Зул СӨХ-ийн байр дээрх ажил дээрээ иртэл нэгдүгээр орцны жижүүр Д.Ө  нь хүүгийн найздаа хүчиндүүлсэн талаараа хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн 00000000 гэсэн дугаараас цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага өгсөн. Тухайн үед Д.Ө ын жижүүрийн өрөөг гаднаас нь хаалгаар нь харахад эмх замбараагүй байдалтай байсан ба хувин дотор цус байсан. Тэгэхээр нь би хүн оруулалгүй цагдаа дуудсан. Миний бие Д.Ө ад бүх талаараа туслахыг хичээдэг. Энэ хүнийг би ахмад настай учир тэргүүний ажилтан баярын бичиг, диплом зэргээр шагнаж ахмадын өдрөөр хөдөлмөрийн алдар тэмдэглэж байсан, цалин урамшуулал илүү олгож байсан гэх мэтчилэн. Мөн хэрэг гарах үед Д.Ө ын толгой тархийг үзүүлж эмчилгээ хийлгэх үед би 800.000 төгрөгийг хувиасаа гаргаж төлж байсан. Уг баримт нь хаана байгааг би сайн санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 144 тал/,

 

Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 23-ны өглөө би хадам ээж Д.Ө ын гэрт ортол “энийг хараа хувин дүүрэн цус, М намайг өчигдөр шөнө хүчиндчихлээ” гэж хэлэхээр гайхаад хартал хувингаар нил цус болсон байсан ба нүүр ам хөхөрчихсөн байх шиг байхаар нь би түүний хүү Б ыг хэд хэд өшиглөж сэрээгээд юу болсон талаар асуутал Б  юу ч мэдээгүй босож ирсэн. Тэгэхээр нь би Зул СӨХ-ийн даргад хэлээд утсаар ярьж цагдаа дуудсан. Тэгээд би цагдаа ирсний дараа хадам ээжийгээ авч яваад гэмтэл ороод зураг авахуулаад шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Би уг нь ээжид өөрт нь баримтуудыг өгсөн. Тэгтэл ээж маань олохгүй байна. Би яг хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Манай Зул СӨХ-ийн дарга бас ээжийг авч явж эмнэлгээр нэлээд явж эмчилгээ хийлгэсэн. Тэр баримтыг нь бас үзэж байгаад хэлье...” гэх мэдүүлэг /хх-ийн 146 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11634 дугаартай “...М-н биед тэмбүүгээр халдвар илэрсэн ба архаг цочмог эсэхийг нь шүүх биологийн лабораторид тогтоосонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 156-157 тал/,

 

Шинжээч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирүүлсэн материал нь одоогоор тэмбүү өвчнийг бусдад халдаах идэвхтэй халдвар илрээгүй тул эрүүл гэж дүгнэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159 тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 1077 дугаартай “...Э.М  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.М  нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.М  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 175-176 тал/,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 131-133 тал/,

 

2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах мөрдөгчийн тогтоол /хх-ийн 105/

 

Шүүгдэгч Э.М н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээ зөвшөөрч байна. Би тухайн өдөр хохирогчийн хүү болох Б тай Баянгол дүүргийн 12 дугаар байрны гадна 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Б ын амьдардаг жижүүрийн байранд орж 2 шил 0.75 литрийн хараа нэртэй архийг уугаад сууж байтал гаднаас жижүүр Б-н хүүхэд П орж ирээд сүүлийн архийг хувааж уусан. Тэрнээс хойш би юу болсон гэдгийг санахгүй байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-112, 170-171 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 97-101 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 128 тал/, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 736 дугаар “...Э-н М-н өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэлгүй байна...” гэх албан бичиг /хх-ийн 130 тал/, ялыг дүйцүүлэн хасах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 134 тал/, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 425 дугаар нээлттэй хорих ангийн хоригдол Э.М-н зан байдлын тодорхойлолт /хх-ийн 135 тал/, хорих ялаас хугацаанаас өмнө суллах шүүгчийн захирамж /хх-ийн 136-137 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.М г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 байрны 1 дүгээр орцны жижүүрийн байранд 62 настай хохирогч Д.Ө-ад хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэж, хохирогч Д.Ө ыг хүч хэрэглэн хүчиндэх явцдаа эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь эрүү, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал зүүн чихний дотор хэсэгт шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу сарвуунд цус хуралт, цээжинд зулгаралт, үтрээ, бэлгийн их бага уруул, хошногоны амсар хэсэгт шарх гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж холбогдох эрүүгийн 1905014081403 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Хэрэг учрал болсон 2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 байрны 1 дүгээр орцны жижүүрийн байранд буюу хохирогчийн гэрт шүүгдэгч Э.М , гэрч Б.Б  нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар хохирогчийн хүү Б.Б ыг согтуу унтсан байх хойгуур шүүгдэгч Э.М  нь хохирогч Д.Ө ыг хүчиндсэн үйл баримт нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Д.Ө  нь 62 настай, бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ байдлыг далимдуулан шүүгдэгч Э.М  нь хохирогчид хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, хүч хэрэглэх явцдаа эрүүл мэндэд нь халдан зодож, эрүү, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал зүүн чихний дотор хэсэгт шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу сарвуунд цус хуралт, цээжинд зулгаралт, үтрээ, бэлгийн их бага уруул, хошногоны амсар хэсэгт шарх гэмтэл учруулсан байна.

 

Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй харилцан хамаарал бүхий нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...Баянгол дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүр Д.Ө аас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед миний хүүгийн найз намайг хүчиндэн, зодсон...” гэх тэмдэглэл, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...Даваасамбуу овогтой Ө  миний бие 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоотод өөрийн төрсөн хүү болох Б-н найз зүс таних Ш  гэдэг залууд зодуулж хүчиндүүлсэн...” гэх хохирогч Д.Ө ын өргөдөл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 тал/, Си ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Ө ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би унтах гээд ороо засаад хэвтэж байтал М гэнэт миний оронд орж ирээд миний хоолойг багалзуурдаж шахаад гараараа ам таглаад дарчихсан. Би дуугарч чадаагүй, болиулах гэсэн боловч дийлээгүй. Миний хоолойг боогоод миний зүүн талын чих рүү хоёр удаа баруун гараараа хүчтэй цохисон. Тэгээд миний бэлэг эрхтэн рүү хуруу болон гараа хийгээд дараагаар нь бэлэг эрхтнээ хийсэн, мөн миний хоёр гарыг аймаар чанга бариад намайг огт хөдөлгөөгүй. Тэгэхэд миний биенээс маш их хэмжээний цус гарсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Б-н “...2019 оны 3 дугаар сарын 22-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар байрны 3 дугаар орцонд жижүүрийн байран дээр байж байх үед 22 цагийн үед манай нэгдүгээр орцны жижүүр Д.Ө ын царай нь хөхөрчихсөн байдалтай манай гэрт орж ирээд “намайг манай хүүгийн найз Ш  нь цаг гаруй хүчиндчихлээ” гэж хэлэхээр нь би гэр рүү нь яваад орсон чинь хүү Б  нь шал согтуу унтаж байсан ба хувин дүүрэн цустай төмпөн харуулаад миний бие муу байна, цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхээр нь би цагдаа болон түргэн дуудсан...” гэх мэдүүлэг, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн хэт авианы оношилгооны хуудас, томограффийн шинжилгээний хуудас, өвчний түүх, гэрч Л.Г-н “...2019 оны 3 дугаар сарын 23-ны өглөө Баянгол дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар байранд байрлах Зул СӨХ-ийн байр нь дээрх ажил дээрээ иртэл нэгдүгээр орцны жижүүр Д.Ө  нь хүүгийнхээ найздаа хүчиндүүлсэн талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.О-н “...хадам ээж Д.Ө ын гэрт ортол “энийг хараа хувин дүүрэн цус, М  намайг өчигдөр шөнө хүчиндчихлээ” гэж хэлэхээр гайхаад хартал хувингаар нил цус болсон байсан ба нүүр ам хөхөрчихсөн байх шиг байхаар нь би түүний хүү Б ыг хэд хэд өшиглөж сэрээгээд юу болсон талаар асуутал Б  юу ч мэдээгүй босож ирсэн... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3824 дугаартай “....Д.Ө ын биед эрүү, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн чихний дотор хэсэгт шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу, сарвуунд цус хуралт, цээжинд зулгаралт, үтрээ, бэлгийн их бага уруул, хошногоны амсар хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болсон үйл явдлыг нотолсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж ...хүчээр бэлгийн харьцаанд орсон бол” хүчиндэх гэмт хэрэгт тооцохоор, түүнчлэн мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” энэ гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцож хуульчилсан.

 

Шүүгдэгч Э.М  нь урьд энэ төрлийн /насанд хүрээгүй хүн хүчиндсэн/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 6 жил хорих ялаар шийтгүүлсэн болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон /хх-ийн 131-133 тал/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ХМШЗ/15 дугаартай шүүгчийн захирамжаар 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 1 жил 2 сар 19 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Энэ нь шүүгдэгч Э.М г хохирогч Д.Ө ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон хүн үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.  

 

Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 3824 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Ө ын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах эрүү, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн чихний дотор хэсэгт шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу, сарвуунд цус хуралт, цээжинд зулгаралт, үтрээ, бэлгийн их бага уруул, хошногоны амсар хэсэгт шарх бүхий хүндэвтэр гэмтэл учирсан, энэ нь шүүгдэгч Э.М н хохирогчид хүч хэрэглэж хүчиндсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Э.М н хохирогч Д.Ө ад хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, улмаар хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

 

Иймд шүүгдэгч Э.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн“, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11634 дугаартай “...М-н биед тэмбүүгээр халдвар илэрсэн ба архаг цочмог эсэхийг нь шүүх биологийн лабораторид тогтоосонгүй...” гэх дүгнэлт, шинжээч Б.Д-н “...одоогоор тэмбүү өвчнийг бусдад халдаах идэвхтэй халдвар илрээгүй тул эрүүл гэж дүгнэсэн...” гэх мэдүүлэг, бусад нотлох баримтаар шүүгдэгч Э.М  нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байсан, уг өвчнөө эмчлүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3824 дугаартай “...хохирогчийн бэлгийн замын халдварт өвчинг дахин шинжлүүлэх шаардлагатай” гэх дүгнэлт гарсан байх боловч мөрдөн шалгах ажиллагаа дахин хийгээгүй цаг хугацаа алдсан байна.

 

Одоо дээрх ажиллагааг хийлгэх нь үр нөлөө бага, тогтооход эргэлзээ бүхий, гэмт хэрэг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө гарсан, 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ө ын эрүүл мэнд болон бэлгийн эрх, эрх чөлөөний халдашгүй байдал зөрчигдсөн, биед нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3824 дугаартай дүгнэлтээр нотлогдсон болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг, мөн гэрч Л.Г, Н.О нарын мэдүүлэг, өвчний түүхээр хохирогч Д.Ө  нь эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авсан, үүнтэй холбоотой тодорхой зардал гарсан байна.

 

Гэвч хавтаст хэрэгт энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал, нотолсон баримт ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч гаргаж өгөөгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, гомдолтой талаар мэдүүлж байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг хохирогч Д.Ө ад тайлбарлаж байна.     

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.М  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тэрээр хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

 

   Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 3 дугаар сарын 23-нд шилжих шөнө болсон, тодруулбал хэрэг гарах үед 2015 оны Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт ороогүй байсан байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан.

 

Гэмт хэргийг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялын санкцтай байсан бол одоо мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр /2020 оны 1 дүгээр сарын 10 өдрийн/ 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хүндэрч хуульчлагджээ.

 

Иймд шүүгдэгч Э.М н бусдад хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэлд нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, хөнгөн ялын санкцтай буюу 2-8 жил хорих ял оногдуулсан заасан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Э.М д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол, хор уршгийг арилгаагүй зэрэг нөхцөл байдал болон улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн ялын саналыг харгалзан, шүүгдэгч Э.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан гэмт хэрэгт 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.М н биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоолоо.

 

Мөн шүүгдэгч Э.М  нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ХМШЗ/15 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас 1 жил 2 сар 19 хоногийн өмнө хяналтын хугацаа тогтоолгож суллагдсан байх боловч тэрээр хяналтын хугацаанд байхдаа 2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 62 настай хохирогч Д.Ө ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, энэ гэмт хэргийг үйлдэх явцад хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 19 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сар 10 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.М н биелэн эдлэх нийт хорих ялыг 6 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар тогтоов.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзаж шүүгдэгч Э.М д оногдуулсан 6 жил 3 сар 29 хоногийн хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч Э.М  нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 97 /ерэн долоо/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн цагдан хоригдсон дээрх хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.М д хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Э-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн хохирогчийн хүсэлт зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 5 /тав/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.  

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 заасныг баримтлан шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 19 /арван ес/-н хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хорих ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 6 /зургаа/ жил 3 /гурван/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.М-д оногдуулсан 6 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.М-н 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч Д.Ө нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

8. Хохирогч Д.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3, 14.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

                            

                    ШҮҮГЧ                                           М.ДАЛАЙХҮҮ

                                   

                     ШҮҮГЧ                                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ