Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 1055

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Б.Солонго,

өсвөр насны шүүгдэгч Б.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Ц.А , тэдгээрийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3109/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 2005025551545 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ирээдүй цогцолборын ... дүгээр сургуулийн ... ангийн сурагч, ам бүл ..., эцэг, эх, ... дүүгийн хамт, ... дугаар хороо Өнөр хотхон, , ... дүгээр байрны ...тоотод оршин суух, /РД:/ урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өсвөр насны шүүгдэгч Б овогт Б-н Б нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрэн хорооллын сагсны талбай орчим хохирогч Ч.Т-н нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, түүний биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б  нь хохирогч Ч.Т гийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, түүний биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

Хохирогч Ч.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх баримт, томограффикт харуулсан зураг /хх-ийн 8-12 тал/,

 

Хохирогч Ч.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Эрин хорооллын сагсны шийдэн дээр тоглож байтал хажуу талын шийдэн дээр манай найз Э  нэг хүүхэдтэй маргалдаад байхаар нь би очоод яагаад байгаа юм бэ аятайхан тоглооч гэж хэлсэн. Тэгтэл Э тай маргалддаг хүүхэд чи яасан гэнээ, яах гээд байгаа юм гэж хэлээд миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохисон. Намайг цохичихоод зугтаасан. Би цохиулаад манараад үлдсэн. Дүгнэлттэй танилцсан, миний биед учирсан гэмтлийг зөв тогтоосон байна. Эмчилгээний зардлаа бүрэн барагдуулж авмаар байна. ...293.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 293.000 төгрөгийг манай ээж Бадамцэцэгийн данс руу шилжүүлсэн. Дахин эмнэлэгт үзүүлж, зургаа авхуулмаар байна... гэх мэдүүлэг /хх-17-18, 19-21 тал/,

 

Гэрч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрин хорооллын гадна талын сагсны шийдэн дээр байрны дүү нартай хамт сагс тоглож байтал танихгүй нэг хүүхэд ирээд хамт сагс тоглоё гээд хамтдаа сагс тоглосон. Сагс тоглож байгаад би газраас бөмбөг авах гэтэл нөгөө танихгүй хүүхэд бөмбөг өшиглөсөн. Би тэгэхээр нь аятайхан байгаач гэтэл чи намайг таньж байна уу гэсэн. Тэгэхээр нь би чи хэн юм гэтэл удахгүй таньдаг болно гэсэн. Би яваад өнхөрч байсан бөмбөгөө аваад буцаад шийд рүү иртэл нөгөө хүүхэд намайг дэгээдээд унагаасан. Би босож ирээд тэр хүүхдэд аятайхан тоглож чадахгүй бол боль гэж хэлээд хоорондоо маргалдаад зогсож байтал Т  ирээд яагаад байгаа юм бэ аятайхан бай гэтэл нөгөө хүүхэд ямар ч юм хэлэлгүйгээр Т гийн зүүн шанаа руу нь цохиод зугтаасан. Нүүр рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр хэд сагс тоглож байгаад Б ээ нэг танихгүй хүүхэдтэй муудалцаад бие бие рүүгээ бөмбөг шидээд духаараа хоорондоо тулаад байсан. Тэгтэл өөр газраас нэг хүүхэд гүйж ирээд Б ээ рүү дайрсан чинь Б ээ цаашаа бай гээд түлхсэн. Нөгөө хүүхэд Б  рүү гараа далайтал Б ээ тэр хүүхдийг гараараа хацар руу нь нэг удаа савж цохичихоод Б ээ зугтаагаад гүйсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 9533 дугаартай “...Ч.Т гийн биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

 

Нас тоолсон “...гэмт хэрэг гарах үед 16 нас 5 сар 5 хоногтой байсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 50 тал/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Эрин хорооллын сагсны шийдэн дээр найзууд болох П, Г бид гурав танихгүй гурван хүүхэдтэй сагс тоглож байтал тэр гурван хүүхдийн нэг нь намайг наадах чинь чадахгүй, оруулахгүй, наадах чинь угаасаа суга гээд байсан. Би самбараас бөмбөг аваад залаад явж байтал намайг дэгээдсэн. ...Би нөгөө хүүхдийг зөрүүлээд дэгээдсэн, тэгээд тэр хүүхэд духаараа миний духанд тулгаад намайг гараа хойш нь 2, 3 удаа түлхэхээр нь би өөдөөс юм хэлэлгүйгээр мангасдсан. Бид хоёр салаад байж байтал нэг хүүхэд гүйж ирээд пизда минь яагаад байгаа бацаан бэ гээд миний цээж рүү түлхэхээр нь гараараа цохих гэж байгаа юм шиг далайхаар нь би сандраад тэр хүүхдийг хацар руу 1 удаа цохисон чинь тэр хавиар хүмүүс бид нарыг салгасан. ...Эмчилгээний зардал 293.000 төгрөг дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б  нь өрөвч зөөлөн сэтгэлтэй худал ярьдаггүй, сурдаг, сургууль дээрээ сурлага спортоор тэргүүлдэг нэр хүнд сайтай сурлага сайтай хүүхэд. Ер нь бол хүнтэй муудалцаад хэрүүл зодоон хийгээд байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, Б.Б ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, Ирээдүй цогцолборын 11ж ангийн сурагч болохыг тодорхойлсон сургуулийн тодорхойлолт /хх-ийн 44 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 46-47 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 48 тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 49 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч Б.Б ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 19-24, 25-26 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Ч.Т-гийн биед “зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл учирсан болох нь хэргийн 31-32 дахь талд авагдсан 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 9533 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч Ч.Т , гэрч Б.Э , насанд хүрээгүй гэрч Э.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон өсвөр насны шүүгдэгч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн №9533 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б  нь хохирогч Ч.Т г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б ий 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрэн хорооллын сагсны талбай орчим хохирогч Ч.Т гийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон шууд санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогчийн биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Б ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Улсын яллагчтай ял тохиролцсон гэж, улсын яллагч “...өсвөр насны шүүгдэгч Б.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн байр суурьтай оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Т гийн биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 9533 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Тэрээр хавтас хэргийн 19-21 дэх талд “...293.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 293.000 төгрөгийг манай ээж Бадамцэцэгийн данс руу шилжүүлсэн...” гэж мэдүүлжээ. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн нотлох баримтаар өгсөн Ц.А ын Хаан банкны дансны хуулгаар давхар нотлогдож байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б ээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч Ч.Т  “...дахин эмнэлэгт үзүүлж, зургаа авхуулмаар байна... гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цаашид гарах зардлыг баримтыг үндэслэн төлнө гэдгээ илэрхийлж байна. Иймд хохирогч Ч.Т  нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй юм.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-д нийцнэ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрч, ялын төрөл хэмжээний саналаа үйлдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын яллагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Б д мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б д гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг гаргаж, уг саналаа өсвөр насны шүүгдэгч Б.Б , түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрчээ.

 

Улсын яллагчийн дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх талуудын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд өсвөр насны шүүгдэгч Б.Б д хуулинд заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн биелэлтэд нь хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч Ц.А д хариуцуулав. 

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б  нь тэнсэж хянан хүмүүжүүлэхээр заасан 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүйг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч Б.Б д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 18.1, 18.2, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Б-д мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч Ц.А-д тус тус даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Т-д 293.000 /хоёр зуун ерэн гурван мянга/-н төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцож нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ч.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА