Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 1057

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Шүүгдэгч: Х.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Х.Б-д холбогдох эрүүгийн 1905049581485 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, ... настай, эрэгтэй, Дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл хоёр, эхийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод түр оршин суух /РД: /

Урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 сарын 28-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ж овогт Х.Б.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Х.Б-нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын өртөөний хойд талын авто зам дээр Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч С.Ц-ын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 дугаар зүйлийн в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно” гэж заасны дагуу хориглосон газарт байрлуулсан авто машинаа зогсоолд байрлуулахыг шаардаж албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан мөрлөж газарт бөгсөн биеэр нь унагаж, босож ирэхэд нь дахин түлхэж унаган хүч хэрэглэж, хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Б-г хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.Б-нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Улаанбаатар төмөр замын төв вокзалын орчим зам дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч С.Ц-ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Хохирогч С.Ц-ы Төмөр замын цагдаагийн хэлтсийн газарт гаргасан “...жолооч Б- гэгчийг 10.000 төгрөгөөр торгоход уг жолооч уурлаж өөдөөс хэл амаар доромжилж 2 удаа хавсарч унагаж дээрээс өшиглөх гэж дайрсан...” гэх өргөдөл /хх-ийн 13 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг 07 цаг 55 минут 03 секундээс эхлэн үзэхэд Улаанбаатар өртөөний хойд талын гарц болон баруунаас зүүн чиглэсэн авто замын хэсэг харагдаж байх бөгөөд 07 цаг 55 минут 56 секундэд уг гарцны баруун буланд гэрэл цацруулагчтай ногоон хантааз өмссөн баруун гартаа гэрлэн дохиур барьсан цагдаагийн албан хаагч, зүүн талаас бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гарч ирж гэрэл ойлгогч хантаазтай хүний хойд талаар нь тойрч баруун гар талд нь гарч ирэн 07 цаг 56 минут 04 секундэд зүүн талаараа мөрлөж унагаж 07 цаг 56 минут 11 секундэд бөгсөн биеэрээ газарт унасан цагдаагийн албан хаагч босож ирэхэд 07 цаг 56 минут 13 секундэд дахин түлхэж унаган хажууд нь алхаж очиж буй бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 20-21 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23, 25-26 тал/,

Хохирогч С.Ц-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 07 цаг 30 минутаас хойш Баянгол дүүргийн 2 дугаар хороо Улаанбаатар төмөр замын төв вокзалын орчим зам дээр үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд төмөр замын вокзал дээрээс халтууранд явдаг 3 иргэний машин автобусны буудал дээр зогсож байсан. Энэ нь өөрөө Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зуйлийн 7.37-д заасан зөрчил байгаа юм. Ингээд уг гурван тээврийн хэрэгслийн жолоочийг дуудан торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд тэр гурван хүн дунд Б- буюу надтай маргаан үүсгэсэн залуу байсан. Ингээд торгосны дараа машинаа зориулалтын зогсоолд байрлуулах талаар сануулсан. Б-н нөгөө хоёр жолооч нь машинаа холдуулсан, харин Б- машинаа холдуулалгүй цаана байсан цайны газар уруу орчихсон. Би түүнийг эргээд гараад ирэх байх гээд 10 орчим минут хүлээсэн боловч гарч ирээгүй. Би түүний араас нь цайны газарт орсон бөгөөд Б- хоол идээд хөзөр тоглоод сууж байсан. Б-д би автобусны буудал дээр байрлуулсан машинаа холдуулахыг шаардсан боловч Б- миний шаардлагыг үл тоосон бөгөөд “10 жилийн хугацаанд таксинд явж байна, чам шиг ийм цагдаа хараагүй, чамаас бусадтай нь хэл амаа ололцоод болдог юм, пизда минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь “чи цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэж байгаа бол тээврийн хэрэгслийг чинь ачлага дуудаж ачуулна гээд гарах гэтэл Б- намайг заамдаж аваад “чи наад хувцсаа тайлчих, эр хүн шиг үзье” гэх зэргээр дайрч эхэлсэн. ...Б- миний хажуугаар өнгөрөхдөө намайг мөрлөөд хавирч унагаасан, намайг газар унагаах үед миний халаасанд байсан гар утас эвдэрсэн бөгөөд дэлгэц нь хагарчихсан. Тэгээд намайг босоод ирэхэд Б- дахиад намайг хавираад унагаасан. Энэ үед автобусны буудал дээр байсан хүмүүс болиоч гэж шаардлага тавьж Б-н үйлдлийг таслан зогсоосон юм. ...Би шаардлага тавьсаар байгаад Б- машинаа холдуулсан бөгөөд машинаа өөр газар байрлуулаад эргэж ирэхдээ миний хажуугаар зөрөхдөө хавсраад намайг газар унагааж, өшиглөсөн. Шаардлага тавьж дууссаны дараа, миний шаардлага биелэгдсэний дараа Б- миний эрх чөлөөнд халдсан. Учирсан хохирол төлөгдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 144 тал /,

Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн ажилладаг газар болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо төмөр замын вокзалын зогсоолд үйл ажиллагаа явуулах Хийморь цайны газарт тогоочоор ажиллаж байхад хэдэн машины жолооч нар хоол идээд сууж байсан. Тэдэн дунд Б- хооллож байсан. Удалгүй зааланд хоол идэж байсан хүмүүс цагдаа ирлээ гээд гараад явсан. Гарахдаа идэж байсан хоол болон утсаа үлдээгээд гарчихсан байсан. Тэгээд удалгүй Б- эргээд ороод ирсэн бөгөөд хоолоо идээд сууж байхад нь гаднаас нэг замын цагдаа орж ирээд Б-тай маргалдаж эхэлсэн. Маргаан болж байхад цагдаа Б-г үүдний хувцасны төмөр шүүгээ рүү нэг удаа мөргүүлсэн. Тэгээд цагдаа Б- хоёр маргалдаад хоолны газрын эд зүйлийг эвдлэх гээд байхаар нь гар гар гээд хөөгөөд гаргасан. Тэгэхэд цагдаа бүсээ тайлаад ширээн дээр тавьсан байсан бөгөөд Б- гараад явсан. Харин цагдаа бүсээ бүслээд үлдсэн. Гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Хоолны газар хүмүүс хөзөр тоглож байсныг мэдэхгүй, уг нь манайхаар орж ирдэг жолооч нар өглөө орж ирээд л хоолоо идчихээд гараад явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 39, 146 тал/,

Гэрч Н.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ажлын байран дээрээ хоол хийгээд байж байхад зааланд үйлчлүүлж байсан хүмүүс шуугилдаад олуулаа машинаа гарга гэх зэргээр чанга чанга яриад байсан. Тэгэхэд зааланд манай хоолны газраар байнга орж үйлчлүүлдэг Б- байсан бөгөөд би хэрэгт дурлаад харахад Б- ах идэж байсан хоолоо үлдээгээд цайны газраас гарсан бөгөөд хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд хоолоо идэж байх шиг байсан. Тэгээд удалгүй түүний араас нэг замын цагдаа орж ирсэн бөгөөд чанга дуугаар “машинаа гарга гээд байхад яах гээд байгаа юм бэ?” гэж зандарсан. Тэгээд Б- ах тэр цагдаатай маргалдаад байх шиг байсан. Тэгээд нөгөө цагдаа чинь чи ямар овоо юм бэ? Үзчих үү гээд хувцсаа тайлж шидээд, одоо үзчих үү гээд дуугараад байсан. Хувцас тайлж байгаа нь чимээгээр нь сонсогдож байсан. Тэгээд би О-  эгчид хандаж наадуул чинь зодолдоод байгаа юм биш үү гээд О- аа эгчтэй хамт зааланд ороход нөгөө цагдаа нь Б-г түлхээд Б- аль талаараа гэдгийг нь одоо санахгүй байна ямар ч байсан баруун билүү зүүн аль нэг талаараа манай хоолны газрын үүдэнд байдаг төмөр шүүгээг мөргөсөн. Замын цагдаа нь станцаараа ачигч дуудсан бөгөөд тэр хоёр тэгээд гараад явсан. Манай хоолны газраас тэр хоёр явсны дараа юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40, 145 тал/,

Виннэр Вэй ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Kenwood маркийн станцыг үнэлсэн. ...114.677 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 47-49 тал/,

Виннэр Вэй ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “... I Phone X гар утсыг ...1.314.751 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 52-54 тал/

Хохирогч С.Ц-д хохирол хор уршигт тооцож 1.429.430 төлсөн талаарх Хаан банкны орлогын баримт /хх-ийн 94 тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/48 дугаартай тушаал /хх-ийн 69 тал/,

Төмөр зам дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн алба хаагчдын томилгоо ажил үүргийн хуваарь /хх-ийн 71 тал/,

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Итгэлцлийн гэрээ /хх-ийн 72-76 тал/,

Шүүгдэгч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед би таксинд явж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах олны нэрлэж заншсанаар вокзалын автобусны буудал дээр машинаа тавиад тус буудал дээр байдаг цайны газар ороод хоол идээд сууж байсан. Цагдаагийн шүгэлийн дуу гарахаар нь би цайны газраас гараад ирсэн замын цагдаа миний машины хажууд зогсож байсан. Миний машины бичиг баримтыг үзээд 10.000 төгрөгөөр торгосон. Би үлдсэн торгуулаа цайны ширээн дээр авсан хоол болон гар утсаа үлдээсэн болохоор буцаж нөгөө цайны газраа орсон. Тэгтэл нөгөө цагдаа араас орж ирээд “чи яагаад давраад байгаа юм бэ, машиныг чинь ачуулна” гэж над руу уурлаж бид хоёр тэр цайны газар дотор муудалцсан. Би тухайн цайны газраас гараад өөрийнхөө машиныг зогсоол дээр аваачиж тавьчихаад ирсэн. Нөгөө цагдаа чи машинаа хаана тавиад ирсэн, тэр машиныг би ачуулна гэхээр нь би чи сая намайг торгочихсон биз дээ би машинаа холдуулаад зогсоолд байрлуулчихлаа гэж хэлсэн. Бид хоёр дахин маргалдаад тэр цагдааг би хоёр удаа хавсарч унагаасан. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа зүйл заалттай холбоотой санал хүсэлт байхгүй. Би өөрт холбогдох хэрэгт С.Ц-д учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...Би хэргээ нэг мөр шийдүүлмээр байна. Цагдаа Цогтсайханы биед халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65, 147-148 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдож тогтоогджээ.    

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай төрсөн ах Х.Б-нь ах дүү нартаа их тустай, байнга тусалдаг. Архи тамхи татахгүй, ээжтэйгээ хоёулаа хамт амьдардаг. Ээж маань 88 настай хүн бий, ээжийн хараа муу сонсгол муутай, ах маань ээжийгээ асардаг. Бид нар хөдөө амьдарч ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/, гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дүү Х.Б-нь архи уухгүй, тамхи татахгүй, бусдад тусархуу, цөөн хэдэн найзтай, ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ээж нь 90 шахсан хүн бий, ээжийгээ асардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 79 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 80 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 81, 82  тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 83 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 84-91 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 92 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 120-123 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б-гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 37-38 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

 

Шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хохирол, хор уршиг учирснаас үл хамааран гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон, түүний эсрэг бие махбодийн, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, тавьсан шаардлагыг нь үл биелүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилсан.

Гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогч С.Ц- нь Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа зохицуулагч ажилтай, Баянгол дүүргийн 1 хороо, Улаанбаатар төмөр замын өртөөний хойд талын авто зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/48 дугаартай тушаал, цагдаагийн үнэмлэх, ажил үүргийн хуваарь, итгэлцлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

 

Иймд хохирогч С.Ц-ыг Төрийн албаны тухай хуулийн 6 зүйлийн 6.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан төрийн тусгай алба хаагч гэж үзэх бөгөөд тэрээр цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэх явцад нь шүүгдэгч Х.Б-нь биед халдсан байна.

 

Энэ нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч С.Ц-ы “...чи цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэж байгаа бол тээврийн хэрэгслийг чинь ачлага дуудаж ачуулна гээд гарах гэтэл Б- намайг заамдаж аваад “чи наад хувцсаа тайлчих, эр хүн шиг үзье” гэх зэргээр дайрч эхэлсэн. ...Б- миний хажуугаар өнгөрөхдөө намайг мөрлөөд хавирч унагаасан, намайг газар унагаах үед миний халаасанд байсан гар утас эвдэрсэн бөгөөд дэлгэц нь хагарчихсан. Тэгээд намайг босоод ирэхэд Б- дахиад намайг хавираад унагаасан...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Б-н хориглосон газарт байрлуулсан авто машинаа холдуулахыг шаардахад эсэргүүцэж, хохирогчийн биед халдсан дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор хохирогч С.Ц-ы станц, I Phone X загварын гар утас эвдэрч, хохирогчийн эд хөрөнгөд нийт 1.429.428 төгрөгийн хохирол учирсан болох нь Виннэр вэй ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “... станцийг үнэлсэн. ...114.677 төгрөг ...” гэх дүгнэлт, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “... I Phone X гар утсыг ...1.314.751 төгрөг ...” гэх дүгнэлтээр тус тус нотлогдсон.

Иймд Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж шүүгдэгч Х.Б-н үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Х.Б-г Хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б-нь хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч С.Ц-ы эд хөрөнгө болох станц, I Phone X загварын гар утас эвдэрсэн байх ба эд хөрөнгөд учирсан 1.429.428 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Х.Б-нь төлж барагдуулсан болох нь хавтас хэргийн 94 дэх талд авагдсан Хаан банкны орлогын баримтаар нотлогдсон.

Иймд шүүгдэгч Х.Б-гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б-хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангилалд хамаарах ба шүүгдэгч Х.Б-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон гэж дүгнэх үндэслэл болно.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж шүүх дүгнэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

            Харин шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тайлбарлаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтоож шийдвэрлэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ж овогт Х-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, шүүгдэгч Х.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Ц гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Б-д сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА