Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт М-ийн О-д холбогдох эрүүгийн 2005025441753 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт С дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух,

- урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Ж овогт М-ийн О /РД: 000000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.О нь согтуугаар 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” худалдааны төвийн харуулын постод Ю.Б-тэй маралдан зодолдохоор барилцаж авах үеэр салгах зорилгоор хажуу талаас нь оролцсон иргэн Б.Ш-ийг түлхэж унагаасны улмаас буцалж байсан халуун хоолон дээр унагааж түүний биеийн 17.5 хувьд түлэгдэлт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие “Таван толгой түлш” ХХК-д ачигчийн ажилд орсон. Ажил хийж гэр бүлээ авч явдаг…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Ш-ийн:

“...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Барс 2” зах дотор тэр хавийн тэнэмэл хүмүүстэй хамт архи ууж байгаад 18 цаг өнгөрч байхад “Барс 2” захын харуулын байранд явж очиход харуул Б, О нар архи уучихсан согтуу байсан. О, Б хоёр маргалдаад бие биеэ барьж аваад О нь Б-ийн нүүр хэсэгт зохих гэхээр нь би хажуугаас нь барьж аваад салгах гээд татсан чинь намайг түлхээд би хажуу талаараа буцалж байсан халуун тогоотой хоолон дээр уначихсан. Цээж хэвлий, нуруу, зүүн бугалга, гуя, баруун шилбэ хэсэг усанд түлэгдсэн. Эмнэлэгт үзүүлээгүй өөрөө эдгээх гэж хэд хоног үзсэн чинь мөд эдгэхгүй байхаар нь эгчээрээ өргөдөл гаргуулж өгсөн. Шархандаа болоод архи их уусан. Ингэж явж байгаад шархаа эдгээсэн...” гэсэн мэдүүлэг /хх 26-30/,

2. Гэрч Ю.Б-ын:

“...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед намайг харуулын постод байхад О согтуу хүрч ирсэн. О хоолоо эрт хийсэнгүй гээд томорсон бөгөөд бид хоёр хоорондоо маргалдаж барилцаж авсан. Гэтэл Ш хүрч ирээд О-ыг татаад болиоч гэтэл О Ш-ийг түлхээд унагаасан. Унахдаа халуун хоолон дээр унаад түлэгдчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 9097 дугаартай:

“...Б.Ш-ийн биед цээж, хэвлий, нуруу, зүүн бугалга, шуу, гуя, баруун шилбэнд биеийн нийт гадаргуугийн 17.5 хувийг хамарсан 3А зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 35-36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.О-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.О нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.О-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.О нь согтуугаар 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” худалдааны төвийн харуулын постод Ю.Б-той маралдан зодолдохоор барилцаж авах үеэр салгах зорилгоор хажуу талаас нь оролцсон иргэн Б.Ш-ийг түлхэж унагаасны улмаас буцалж байсан халуун хоолон дээр унагааж түүний биеийн 17.5 хувьд түлэгдэлт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Б.Ш-ийн мэдүүлэг,

-Гэрч Ю.Б-ын мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 9097 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд Б.Ш-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч М.О буцалж байсан халуун хоол руу түлхэж унагаж учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.О-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд шүүгдэгч М.О нь 150.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Б.Ш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч М.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгүүлж байсан байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч М.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн ажил эрхэлдэг буюу хувийн байдлыг харгалзан түүнд 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн бөгөөд шүүхийн дэг сахиулагч цагдаагийн байгууллагын ажилтан шалгах багажаар шүүгдэгч М.О-ын согтуурлын зэргийг тогтооход 0,96 хувьтай гарсан болох нь цагдаагийн байгууллагын ажилтны илтгэх хуудас, согтуурлын зэргийг тогтоосныг харуулсан гэрэл зураг зэргээр тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд яллагдагч, шүүгдэгчийн үүргийг заасан ба, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүрэгтэй гэж заасан ба, уг зүйлийн 2 дахь хэсэгт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бол түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно” гэж заасан.

Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 2.3.1-д “...яллагдагч, шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай биеэ авч яваа тохиолдолд согтуурлын зэрэг тогтоох багаж ашиглан шалгах, согтуурлын зэрэг нь 0.20-с их байгаа тохиолдолд шүүх хуралдаанд оруулахгүй” гэж зохицуулсан.

Иймд товлогдсон шүүх хуралдаанд шүүгдэгч М.О нь согтууруулах ундаа хэрэглэн, согтуу ирсэн, согтуу байгаа байдал нь шүүх хуралдааныг явуулах боломжгүй байдалд хүргэсэн тул уг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, хуульд заасан үүргээ зөрчсөн шүүгдэгч М.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шүүгдэгчид оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялаас 45.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч М.О-ын биечлэн эдлэх ялыг 555.000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч М.О-ын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005025441753 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч М.О 3 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж овогт М-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шүүгдэгчид оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаас 45.000 /дөчин таван мянган/ төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч М.О-ын биечлэн эдлэх ялыг 555 /таван зуун тавин таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 555.000 /таван зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан 555.000 /таван зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч М.О 3 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.ДАЛАЙХҮҮ