Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Г-ын Г-д холбогдох эрүүгийн 2005000001685 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2 хүүхэд, эхийн хамт Б дүүргийн 00 дүгээр хороо, 00 байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Г-ын Г /РД:00000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 52г байрны 38 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй хохирогч Х.Ш-ийн толгой, гар, хөлөн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд дух, баруун шанаа, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогч Х.Ш-ийн:

“...Ингэж байгаад 14 цагийн үед босох санаатай байж байтал гаднаас манай авга ах Г, эхнэр Х-ын хамт хүнсний зүйл барьчихсан орж ирсэн. Тэгээд гэрээ цэвэрлээгүй байсан чинь авга ах надад гэр орон цэвэрлэсэнгүй гэсэн. Тэгэхээр нь би ямар нэгэн зүйл дугараагүй. Тэгсэн чинь ах надад шөнө унтахгүй, өдөр унтлаа гэж загнасан, учир нь би тухайн өдрийн 3 цаг болж байхад унтаагүй байж байхад ах гаднаас орж ирсэн юм. Тэгээд би ахад шөнө унтсан шүү дээ гэж хэлчхээд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй байхад Г ах над руу чи муу яахаараа үгэнд ордоггүй юм гээд намайг угаалтуурын өмнө явган сууж байсан чинь миний баруун хөлийн гуяан тус газар нэг удаа өшиглөж жийж унагасан. Тэгэхээр нь би босож ирсэн чинь миний нүүрэн тус газар зүүн хацар руу алгадсан. Тэгээд би авга ахад надад битгий гар хүр гэж хэлсэн тэгэхэд надад яахаараа чамд гар хүрч болдоггүй юм, яачхаад байгаа юм гэхээр нь би зүгээр надад битгий гар хүр, та нарыг биедээ хүргэмээргүй байна гэж уурласан. Тэгээд би том өрөө рүү очиход бид хоёр том өрөөнд байрлах ширээний наана цаана орсон байхад авга ах Г над руу явган модон ширээг жийж зүүн хөлийн шилбэ гэмтсэн. Тэгэхээр нь би ширээг холдуулаад цонхны тавцан руу авга ах Г-өөс холдох гээд очиход миний өөдөөс ирээд намайг загнаад байхаар нь би та нарт бүгдэд нь дургүй гэхэд миний нүүрэн тус газар, зүүн хацар луу нэг удаа алгадаж миний толгой цонхтой хавсрагдаад цохигдсон, тэгээд дахин миний баруун хацар луу алгадсан. Тэгэхэд нь миний хамраас цус гарч доошоо буйдан руу унасан. Тэгээд чи очих газартай бол тэр газраа очоорой, хонож өнжиж явахаар бол тэр аавдаа хэлээд яв гэсэн. Тэр үед нь би өөрийн төрсөн эцгийг тэр чинь миний аав биш гэж хэлсэн чинь Г ах миний зүүн хацар луу буюу нүүрэн тус газар нэг удаа алгадсан. Тэгээд намайг дахин зүүн хацар луу 2 удаа алгадаж, баруун хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхэд нь миний хамраас цус гарч доошоо буйдан руу унасан, тэгээд би Г ахаас айгаад болъё гэж хэлэхэд Г ах миний хоолойноос хоёр удаа боож намайг ална гэж сүрдүүлсэн. Тэгээд би орноос босоход миний баруун гуя руу нэг удаа, зүүн гуя руу нэг удаа нүүрэн тус газар хөлөөрөө жийсэн. Энэ үед түүний эхнэр Хонгорзул жижиг өрөөнөөс гарч ирээд салгасан. Тэгээд ах намайг нойл орж хамраа цэвэрлэ гэсэн. Би нойл ороод хамраа цэвэрлэж байхад араас орж ирээд миний зүүн гарын булчин руу цохисон. Тэгээд дахиж надад хүрээгүй. Би гэрээ цэвэрлэж дуусчхаад өрөөндөө ороод 108 руу залгаж цагдаагийнхан ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 9-11/,

2. Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Уг гэмтлийг би учруулсан гар болон хөлөөрөө өшиглөж цохисон. Яагаад ийм үйлдэл гаргасан юм бэ гэхээр би өмнө нь Х.Ш-тэй хамт амьдарч байхдаа ямар нэгэн зүйлд нь огт оролцож байгаагүй. Үгэнд орохгүй байна. Оройтож байна гэх мэтээр ээж хэлээд л загнаад байдаг байсан. Мөн төрсөн эгчийнхээ нөхөртэй нь уулзаж яваад орой гэртээ ирэх болсон. Ах зах байхгүй, үг хэлээд ойшоосон байдалтай байдаг. Шөнө унтаад үүрээр сэрэхээр орондоо байхгүй хаалга нээлттэй орхиод гэрээс гараад явсан байдаг. Энэ бүхнийг хараад, сонсоод үнэхээр тэссэнгүй тэр өдөр үгэнд орохгүй байна гэж загнан зодсон юм...” гэсэн мэдүүлэг /хх 72/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12008 дугаартай: 

“...Х.Ш-ийн биед дух, баруун шанаа, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Г-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн насанд хүрээгүй хохирогч Х.Ш-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Гөд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 52г байрны 38 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй хохирогч Х.Шийн толгой, гар, хөлөн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд дух, баруун шанаа, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Х.Ш-ийн “...Г ах над руу чи муу яахаараа үгэнд ордоггүй юм гээд ...миний баруун хөлийн гуяан тус газар өшиглөж жийж унагасан, ...Миний нүүрэн тус газар зүүн хацар руу алгадсан. Тэгээд би авга ахад надад битгий гар хүр гэж хэлсэн тэгэхэд надад яахаараа чамд гар хүрч болдоггүй юм, яачхаад байгаа юм гэхээр нь би зүгээр надад битгий гар хүр, та нарыг биедээ хүргэмээргүй байна гэж уурласан. ...Г ах над руу явган модон ширээг жийж зүүн хөлийн шилбэ гэмтсэн. ...Миний нүүрэн тус газар, зүүн хацар луу нэг удаа алгадаж миний толгой цонхтой хавсрагдаад цохигдсон, тэгээд дахин миний баруун хацар луу алгадсан. Тэгэхэд нь миний хамраас цус гарч доошоо буйдан руу унасан, ...Миний хоолойноос хоёр удаа боож намайг ална гэж сүрдүүлсэн. Тэгээд би орноос босоход миний баруун гуя руу нэг удаа, зүүн гуя руу нэг удаа нүүрэн тус газар хөлөөрөө жийсэн...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х-ын “...Би тухайн үед нь байгаагүй, дараан нь Г-өөс сонсоход өглөө ажилдаа гарахдаа Ш-ийг сэрээгээд гарсан бөгөөд өдөр нь орж ирэхэд гэрээ цэвэрлээгүй байхаар нь гэрээ цэвэрлэхгүй яасан юм бэ гэсэн чинь өөдөөс нь хэрэлдсэн гэсэн тэгэхээр нь чи ер нь шөнө орой унтахгүй, гадуур хононо гээд хэд цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12008 дугаартай “...Х.Ш-ийн биед дух, баруун шанаа, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.Г нь насанд хүрээгүй хохирогч Х.Ш-ийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Г.Г нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Г, насанд хүрээгүй хохирогч Х.Ш нар хамт нэг гэрт амьдардаг байсан нь тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Ш-ийн биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Х.Ш түүний хууль ёсны төлөөлөгч Т.Х нар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Г.Гийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005000001685 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Могноохон овогт Галбадрахын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй..

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Г-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ