Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар  2021/ШЦТ/214

 

 

 

 

 

 

2020         02           09                                     2021/ШЦТ/214

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Ш.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Чод холбогдох 2006 00000 2787 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 46 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цэргийн хотхоны 1-17 тоотод түр оршин суух, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Дундговь аймгийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Т овогт Шын Ч /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ш.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1-19 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Дэлгэрнасантай маргалдан зэвсэг болох хутгаар зүүн шанаа хэсгийг нь зүсэж биед нь зүүн шанаанд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дэлгэрнасангийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхонд Чинбаагийн гэрт Чинбаа, манай урд айлын хөрш залуу бид гурав 1 шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж ууцгаагаад байж байсан. Манай урд айлын хөрш залуу сонгино дуусчихсан байсан болохоор сонгино авахаар дэлгүүр гарсан. Би төмс арилгаад сууж байсан чинь Чинбаа над руу дөхөж ирээд гартаа барьж байсан хутгыг зүүн шанаа хэсэгт тулгаад чи намайг ал гээд байсан. Тэгээд би Гомбоогийн гэр лүү яваад ортол Гомбоогийн эхнэр нь миний хацарнаас гарч байсан цусыг боож өгсөн. Миний зүүн талын шанаа хэсэг жижиг зүсэгдсэн байна.Надад гомдол санал байхгүй. Тухайн үед Чинбаа би хоёр байсан...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11718 дугаартай:

“Ц.Дэлгэрнасангийн биед зүүн шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.27-28/,

Шүүгдэгч Ш.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би одоо он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр би өглөө гэрээсээ гараад явж байсан чинь манай тэнд байдаг нэг танил залуу таараад бид 2 нэг шил архи хувааж уусан. Тэгсэн чинь манай үүдийг хажуу айлын залуу хашаагаа сунгаад юм барьж байсан.Тэгэхээр нь би очоод та нар ингэж болохгүй манай хашааны хаалгыг бөглөөд машин орж болохгүй хэцүү гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хашаа барьж байсан залуу намайг дуудаад надад нэрмэл архи өгсөн. Тэгсэн чинь хохирогч болох Дээгий эхнэртэйгээ ирээд эхнэр нь тэр хашаа сунгасан залуутай хэрэлдээд байсан. Тэгээд Дээгий эхнэрээсээ тамхины мөнгө аваад бид 2 мөнгөө нийлүүлээд нэг шил архи аваад хувааж уусан. Тэгээд Дээгий бид 2 нөгөө хашаа янзалж байсан залуугийн ажилд нь тусалсан чинь тэр залуу Дээгий бид 2 тамхи бас нэг шил 0,750 граммын Хараа архи авч өгсөн. Тэгээд Дээгий бид 2 тэр архийг аваад манай гэрт орсон. Тэгээд бид 2 манай гэрт ороод хоол хийж идэхээр болсон. Тэгэнгээ бас бид 2 нөгөө архиа хуваагаад уусан. Тэр үед Дээгий төмс арилгаад сууж байсан. Би мах хэрчсэн байсан юм. Тэгээд би сүүлдээ нэлээн согтчихсон байна лээ. Тэгээд бид 2 муудалцаад байх шиг байсан. Харин согтуу байсан болохоор би яг юунаас муудалцах болсноо сайн санахгүй байна. Тэгээд би нэг мэдсэн чинь унтчихсан байна лээ. Тэгээд би унтаж байгаад сэрсэн чинь Дээгий байхгүй бас тэр арилгаж байсан төмсөнд хутгаа зоочхоод манайхаас явчихсан байна лээ. Ширээний тэр хавиар жоохон цус болчихсон бас миний цамцны ханцуйны зүүн хэсгийн үзүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би тэр хавийн цусыг арчиж цэвэрлэчхээд хоол хийж идчихээд унтах гэж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тэгээд цагдаа нар намайг авч яваад би Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэхэд ирж хоносон. ...Уулзаагүй байж байгаад маргааш нь уулзсан чинь тэрний зүүн талынх нь хацар дээр нь зүсэгдсэн шарх байсан. Тухайн үед манай хашаанд түрээсэлж байсан Гомбосүрэн гэх айлын эхнэр нь надад сүүлд хэлсэн юм. Тэр үед Дээгий бид 2 муудалцаад би тэрний хацрыг нь хутгаа зүссэн юм байна лээ. Тэгээд Дээгий манай гэрээс гараад тэр айлд ороод тэдний эхнэр нь тэрний хацрын зүсэгдсэн шархыг нь боож янзалж өгсөн гэж байсан. Би тэр үед л Дээгийгийн хацрыг хутгаар зүссэн гэдгээ мэдсэн. ..Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Дэлгэрнасантай сүүлд нь уулзаж уучлалт гуйсан. Согтуу байхдаа ийм зүйл хийсэн нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх.43-44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ш.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1-19 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Дэлгэрнасантай маргалдан зэвсэг болох хутгаар зүүн шанаа хэсгийг нь зүсэж биед нь зүүн шанаанд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Чыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ш.Чын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Ц.Дэлгэрнасан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ш.Чод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ш.Чын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ш.Чод эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Ш.Чод оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ш.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Т овогт Шын Чыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чод 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,  ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.Чод сануулсугай.

          4. Ш.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Дэлгэрнасан нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Чод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

        ШҮҮГЧ                        Н.БААСАНБАТ