Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 26

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал          

Прокурор                                        А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                И.Атарбямба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, хохирогч Э.Б-ын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 17180001780109 тоот, 1 хавтастай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Боржигон овогт Ц-ийн Б-, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэснийг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ц.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Хар морьтын хөтөл” гэх газарт орон нутгийн зам дээр **-** ДАР улсын дугаартай “Хьюндай Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг зөрчиж, улсын дугааргүй “Ямаха” загварын мотоциклыг мөргөж Э.Б-, М.М- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 31 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольсон 30 хоногийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 3 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор тус тус заажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг ялыг 30 хоногийн хорих ялаар солисон.

Болгоомжгүй хөнгөн хэргийг харгалзан ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой байсан. Ц.Б- ажил хийдэг тул торгох ял тэр даруйдаа биелэгдэх байсанг харгалзан 31 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгох ялыг хэвээр үлдээж өгнө үү. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих заалт байгааг онцлон анхаарна уу. Ц.Б- торгуулийн ялыг биелүүлэхгүй байх нөхцөл байхгүй байгаа бөгөөд хорих ялын сар нь цөөн (бага) бол ажил төрлөөсөө халагдахгүй, ажилгүйчүүдийн эгнээнд орчихгүй, банкны 30.0 сая төгрөгний зээлээ төлж амьдрал ахуйгаа авч явахад чухал хэрэгтэй байгаа юм.     

Ц.Б- 2016.04.05-ны 97 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэгдсэн байдаг. Эрүүгийн хуулийн 7.1-р зүйлийн 6-д «Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх... хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ» гэсэнг харгалзан Ц.Б- тэнсэгдсэн хугацаанд ажил төрөлд орж “Болдтөмөр Ерөө гол”-ын уурхайд операторчноор ажиллаж амжилт гаргаж байсан.

Ажлаасаа харих замдаа болгоомжгүй үйлдэл хийсэн, үүнд хохирогч талын буруутай ажиллагаа, тэд замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байдаг нөхцөл байдлыг анхааран үзэж Ц.Б-ийн хянан харгалзах 2 сарын үлдсэн хүгацааг дээрх хуулийн заалтанд хамааруулж өгөхийг хүсье” гэжээ.

“...Хохирогч Э.Б-, М.М- нар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Хохирогчдын баримтгүй гомдол болох эмчийн хэлсэн, бичсэн зүйлсийг үргэлжлүүлэх боломжгүй байж эс зөвшөөрч, уулзаагүй. Гомдолд хохирогч талын буруутай ажиллагаа гэсэн байна. Хохирогчдын өгсөн мэдүүлэгт өөрийн буруу болохыг уншиж танилцан гарын үсэг зурсан. Хохирогчид бэлэн байсан боловч хайхрамжгүйн улмаас шүүх хуралдаанд гарган үзүүүлээгүй баримт нотолгоог дахин авч үзнэ үү” гэжээ.

Хохирогч Э.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Түүний сүүлийн гэмт хэрэг үйлдсэн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хар морьтын хөтөл гэх газар орон нутгийн зам дээр өглөө гэгээ орсон байхад миний унаж явсан мотоциклийн араас шүүгдэгч Ц.Б- нь тээврийн хэрэгсэл жолооодож явахдаа араас ирж мөргөснөөс ухаан балартаж эмнэлэгт ухаан орсон.

Хэрэв тэр чигтээ ухаан сэргэлгүй амь насаа алдсан бол, хүнд хохирол учирсан бол яана гэж айж түгшиж тэр өдрөөс хойш сэтгэл санааны хувьд хүнд байдалд орж маш их гомдол тээж байна. Шүүгдэгч өөрөө автомашин дотор агаар орчны ямар ч саадгүй нөхцөлд мотоциклтой хүмүүсийг араас ирж мөргөж хохирогч бидний эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэл бий болгосон нь болгоомжгүй үйлдлийн улмаас гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Шүүгдэгч Ц.Б- нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж 2 жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзсан хөнгөн ял шийтгүүлж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хувь хүний ухамсрыг өөртөө бий болгоогүй, үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй өөртөө дүгнэлт хийгээгүйн улмаас дахин гэмт хэрэг үйлдсэн байна гэж ойлгож байна. Иймд түүнд ял шийтгэл ногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Давж заалдах гомдлоо дэижиж байна... Ц.Б- нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэтэл хохирогч нар хавтаст хэргийн материалд хохирлын талаарх баримтаа дахин гаргаж өгөөгүй байж хохиролтой гээд байгаа нь хууль бус учраас уг хохирлыг гаргаж өгөх боломжгүй байна. Иймд хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан ялыг тус тусд нь эдлүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Ц.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Хар морьтын хөтөл” гэх газарт орон нутгийн зам дээр 2832 ДАР улсын дугаартай “Хьюндай Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж, мотоцикль жолоодож явсан Э.Б-, түүний ард сууж зорчиж явсан М.М- нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Аймгийн Прокурорын газраас дээрх үйл баримтыг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольсон 30 хоногийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн хэрэг нь хохирогч нар болон гэрч З.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн ослын талаарх дүгнэлт, тээврийн хэрэгсэл, мотоцикльд техникийн үзлэг хийсэн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн № 27, 28 дугаартай дүгнэлтүүд, хохирогч нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн № 918, 919 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт цугларсан бусад баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бус, дордуулсан хуулийг буцаан хэрэглэж ял шийтгэсэн байна.

Шүүгдэгч Ц.Б-ийг урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон байх ба шүүгдэгч нь энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдэж анхан шатны шүүхээр гэм буруугаа хэлэлцүүлжээ.   

Анхан шатны шүүх хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Ц.Б-д ял буруу оногдуулсан байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял оногдууллаа гэхэд шүүгдэгч Ц.Б-ийн сүүлд шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солиход 30 хоногийн хугацаагаар хорих ял болох ба үүн дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 2 жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэвэл 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэхээр түүний эрх зүйн байдал дордох тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялын заримыг буюу хуульд заасан хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ялыг сэргээж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас сэргээсэн 6 сарын хугацаагаар хорих ял хоёрыг тус тусад нь эдлүүлж шийдвэрлэх нь шүүгдэгч Ц.Б-д илүү ашигтай, эрх зүйн байдал нь дээрдэхээр байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д түүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлуудыг харгалзан хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулсан байх тул хохирогчийн ...шүүгдэгчид хөнгөн ял шийтгэсэн... гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг :

“3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар урд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэнээс эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг сэргээж биечлэн эдлүүлсүгэй” гэж,  

 “4.2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын дараа 41 гэсэн заалт нэмж:

“41.2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дээрх 6 сарын хорих ялаас тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-д анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ