Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 350

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А И” ХХК 

Хариуцагч: АМГТГКХ-ийн дарга  

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн “А И” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

“А И” ХХК-ийн NE-******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, 

“А И” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын “Х*******” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг “Х*******” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №******* дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын  тосны газраас ирүүлсэн 7/4351 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар буюу Аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг мэдэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт бичгээр хүсэлт тавин 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хариу хүлээн авсны үндсэн дээр Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68 тоот болон 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналуудыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар тухайн компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлсэн болохыг мэдсэн. 

Бид 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүрдүүлбэр хангах 14 хоногийн хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тогтоосон. Гэвч бид Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч хариугаа 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө гаргаж авч чадаагүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 5840 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. 

Манай компани 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/6636 тоот албан бичгээр манай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. 

Иймд манай компани дор дурдсан үндэслэлээр АМГТГКХ-ийн даргын 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй. ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн засаг даргаас саналыг авахаар явуулсан.

Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26- ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан "... хариу ..."-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Дорнод аймгийн Засаг дарга М.Б Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Дорнод аймгийн Засаг дарга М.Бгийн “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Худаг усны цэг олонтой, 22 өрхийн өвөлжөө, хаваржаа, газрын тосны хайгуулын “Э” ХХК-ийн БХГ-ийн талбайтай давхцаж байна. Иймд Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт гэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.1-д “Бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужирт мараа бүхий газар” гэсэн байна. 

Бэлчээр уст цэг гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дах хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн усны сан, газрын тосны хайгуулын газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт байхгүй. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 68 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар нөөцөд авсан газарт хамаарахгүй байгаа тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй.

Мөн Гурванзагал сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоол, Гурванзагал сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний 07 тоот тогтоол буюу “санал” нь Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой байхад худаг, малын хашаа байрладаг, газрын тосны “Эн Пи Ай” ХХК-ийн талбайтай давхцаж байгаа зэрэг үндэслэлийг дурдаж татгалзсан нь мөн л дээрх Улсын Дээд шүүхийн тогтоолыг зөрчиж байна. Ийнхүү Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68 тоот санал болон 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 тоот санал нь үндэслэлгүй “дэмжихгүй” санал байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “Дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр. ...төслийг боловсруулан...” гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл, хууль, хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд Шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байхад Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс нь татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр хэсгийн 4.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх үлдэгдлийн төслийг боловсруулж, хяналтын хуудаст тэмдэглэгээ хийж, өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Мөн түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор Кадастрын хэлтэс ямар нэгэн шийдвэр гаргах ёстой байсан. Бид хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлөө 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байдаг ба Дорнод аймгийн Засаг дарга нь татгалзсан саналаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1/5013 тоот албан бичгээр явуулсан байдаг. Гэтэл Кадастрын хэлтэс нь шийдвэрээ 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нь өргөдлийг шийдвэрлүүлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”. Гэж заасан нөхцөлийг хангасан, улмаар хариуг ирэхээс өмнө буюу хүлээн авснаас хойш 3 хоногт шийдвэр гаргах ёстой байхад Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус байна. Мөн Кадастрын хэлтэс нь шийдвэрээ 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь мөн хууль бус байна. Мөн уг Кадастрын хэлтсийн 338 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дүгээр зүйлийг дурдсан байдаг. Уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгах тухай өргөдөл, гомдол гаргагчид “мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Гэтэл уг шийдвэрийг 1 жил 8 сарын дараа гаргасан байгаа нь хууль бус байна.  

Иймд “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн “А И” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “А И” ХХК-ийн NE-******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү. 

“А И” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын “Х*******” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож өгнө үү” гэв. 

Хариуцагч АМГТГКХ-ийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Улсын их хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан. 

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нэхэмжлэгч компани Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг Х******* нэртэй 4195.87 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган кадастрын өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгүүлсэн байна. 

Кадастрын  хэлтсээс өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Дорнод аймгийн Засаг даргад 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6/8715 тоотоор мөн нэхэмжлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15/12/02 тоотоор гаргасан хүсэлтийн дагуу дахин 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6/79 тоот мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.  

Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/5013, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/512 тоотоор NE-******* тоот өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай саналыг тус тус ирүүлсэн байна. Саналын үндэслэлд Чойбалсан сумын ИТХТ-ийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаар тогтоол, Гурванзагал сумын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр хуралдааны 01 дүгээр тогтоолоор тус тус дэмжихгүй мөн тус талбай нь худаг усны цэг олонтой, 22 өрхийн өвөлжөө хаваржааны эзэмшил газар, газрын тосны хайгуулын “Эн Пй Ай” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээтэй талбайтай, давхцалтай, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дах заалтуудтай зөрчилдөж байгаа тухай үндэслэлийг ирүүлсэн.

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна.

Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд хийж Өдрийн сонины 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0005 дугаарт олон нийтэд мэдээлэн хүргэжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 338 дүгээр шийдвэрээр NE-******* дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй 

Иймд “А И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн “А И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 

АМГТГКХ-ийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн өргөдлийн бүртгэлийн NE-******* дүгээрт бүртгэгдсэн “А И” ХХК-ийн өргөдлийн дагуу Дорнод аймгийн Гурванзагал сумын “Х*******” нэртэй 4195.87 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “А И” ХХК-иас “...Дорнод аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүчингүй болгосон. Нэгэнт Засаг даргын санал гаргах хугацаагаа хэтрүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч “А И” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын “Х*******” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдэн тус хэлтэс нь дээрх өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасан шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн өргөдөл хүссэн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар санал авах мэдэгдлийг Дорнод аймгийн Засаг даргад 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6/8715, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6/79 албан бичгээр тус тус хүргүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “...тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх...”-ээр, 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь ... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”  гэснийг үндэслэн  Дорнод аймгийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны 1/5013, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/512 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтуудыг тус тус  үндэслэн “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх” эрхийнхээ хүрээнд хүсэлтэд дурдсан талбайд 22 өрхийн 8853 толгой мал, 14 худаг, 22 малын хашаа байрладаг бөгөөд “Х*******” гэх газар нь тусгай хэрэгцээний газар болох газрын тосны “Э” ХХК-ийн 18 дугаар талбайтай давхцаж байгаа тул дээрх нэр бүхий газарт хайгуулын, судалгааны ажил явуулахыг “дэмжихгүй” саналаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн байна.

Хариуцагч уг албан бичигт дурдсан “дэмжихгүй” саналыг үндэслэн “А И” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрлэсэн шийдвэр нь хуульд нийцсэн үндэслэл бүхий болсон байна.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү хэрэг маргааны үйл баримттай хамаарал бүхий “А И” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн Дорнод аймгийн Гурванзагал сумын “Х*******” нэртэй 4195.87 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй “ гэх Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны 68, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 тоот саналуудыг дээрх аймгийн харьяаллын захиргааны хэргийн шүүх хянан үзээд “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”, 30 дугаар зүйлийн 30.1.13-д “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”; Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”  гэх хуулийн заалттай нийцээгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “аймаг, нийслэлийн Засаг дарга нь “дэмжсэн” хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах”-аар хуульчилсан байх бөгөөд харин Засаг даргаас “дэмжээгүй” хариу өгсөн бол “тусгай зөвшөөрөл олгох”-оор буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт / шийдвэр/ гаргахыг дээрх хуулиар зохицуулаагүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр: “А И” ХХК-ийн NE-******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Ашигт малтмалын тухай хуульд төрийн захиргааны байгууллага нь Засаг даргын саналыг хүлээн авснаас хойш ямар хугацаанд тусгай зөвшөөрөл олгох, эс олгох талаар шийдвэр гаргахыг тусгайлан заагаагүй байх бөгөөд Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.3-д “...хууль зүйн үндэслэлтэй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн төсөл боловсруулан, даргын гаргасан шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх”, 4.5-д “... “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр,...нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл  гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө...”-ээр журамласан байна. 

   Хэдийгээр хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг хүлээн авсан атлаа дээрх журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй буруутай байх боловч “А И” ХХК-иас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байна гэж дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, улмаар хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгч “А И” ХХК-ийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн, “тусгай зөвшөөрөл олгох”-оос татгалзаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч “А И” ХХК-ийн NE-******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Гурав: “А И” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын “Х*******” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх”-ээр гаргасан болно. 

Энэ тохиолдолд захиргааны эрх зүйн харилцаа байгаа болон байхгүй фактыг тогтоолгох шаардлагыг агуулдаг боловч зөвхөн нэхэмжлэгчийн  тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагад түүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл “Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа”-тай  холбоотой хуулийн зохицуулалт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонтой холбогдуулан цаашид өргөдөл гаргасан этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагаа гэх хуулийн ойлголт үгүй болсон ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгт дурьсан үндэслэлүүдээр хариуцагч АМГТГКХ-ийн даргаас өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн “А И” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын “Х*******” нэртэй 4195.87 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй талаар дүгнэсэн тул  нэхэмжлэгчийг “Х*******” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “А И” ХХК-ийн АМГТГКХ-ийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн “А И” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “А И” ХХК-ийн NE-******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “А И” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал сумын “Х*******” нэртэй 4195.87 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “А И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА