Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0581

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                Б.Л-н нэхэмжлэлтэй

                                     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Б.Л,

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/412 дугаартай тушаалыг хүчингүй болгох”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 349 дүгээр,

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

 

Хэргийн индекс: 128/2022/0114/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаар шийдвэрийг шийдвэрийн 1 дэх заалтаар: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 17 дугаар зүйлийн 17.1.7, 19 дүгээр зүйлийн 19.1.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасныг тус тус баримтлан иргэн Б.Л гээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/412 дугаартай тушаалыг хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 126/ШШ2022/0392 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Б.Л гээс гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 сарын 14-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 126/ШШ2022/0392 дугаартай шийдвэр нь дараахь байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж, нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

2.1. Анхан шатны шүүхээс шийдвэрийг танилцуулахдаа хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч-н 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 3459 дүгээр дүгнэлтийг эс зөвшөөрч маргаагүй тул уг дүгнэлтийг үндэслэж, сахилгын шийтгэл ногдуулсан тул улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 сарын 14 ний өдрийн Б/412 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэж тайлбарласан. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрт бүрэн гүйцэт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэснийг харуулж байна. Учир нь хяналтын улсын байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-18.7.4-т заасан бүрэн эрхийг эдлэх боловч уг бүрэн эрхэд сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрх олгогдоогүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих эрх олгогдоогүй. Улсын байцаагчийн уг санал нь анхнаасаа илт хууль бус бөгөөд захиргааны актын шинжийг агуулахгүй, хууль бус саналыг үндэслэж тушаал гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь 2021 оны 09 сарын 14-ний өдрийн Б/412 дугаар тушаалын үр дагаварыг хариуцах үүрэгтэй юм. Иймээс Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д Нэхэмжлэгчийн зүгээс дээрх улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх бөгөөд уг дүгнэлт хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж узэж байна.

2.2. УБЕГ-ын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2020.01.17-ны өдрийн 222 дугаар дүгнэлтээр 1. Хувийн хэргийн 9011377033 дугаарт бүртгэлтэй Э.С.Ж.ТХХК-ийн улсын бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах, 2. Э.С.Ж.ТХХК-ийн ТУЗ-ийг бүртгэсэн, уг ТУЗ-с гүйцэтгэх захирал Т.А.Тыг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор тус тус дүгнэсэн байдаг. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 128/ШЗ2020/3915 дугаар захирамжаар УБЕГ ын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2020.01.17-ны өдрийн 222 дугаар дүгнэлтийн биелэлтийг уг захиргааны хэрэг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн болно. Шүүгчийн захирамжийн агуулгаас үзвэл 1. Э.С.Ж.ТХХК-ийн улсын бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах болон 2. Э.С.Ж.ТХХК-ийн ТУЗ-ийг бүртгэсэн, уг ТУЗ-с гүйцэтгэх захирал Т.А.Тыг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгох-оор шийдвэрлэснийг тус тус түдгэлзүүлсэн байх ба хоёр бүртгэл үгүй төлөвтэй байх шаардлага үүссэн. Шүүгчийн захирамж албан ёсоор ирсэн байхад үүнийг мэдээллийн санд бүртгэхгүйгээс болж, дараагийн бүртгэл хийгдэсэн тохиолдолд гарах үр дагаварыг улсын бүртгэлийн байгууллага хариуцна. Гэтэл байгууллагын эрх ашгийг хамгаалж, шүүхийн шийдвэр биелүүлэх арга хэмжээ авсны төлөө сахилгын шийтгэл хүлээх ёсгүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт шуугчийн захирамжийн биелүүлэх, түүнийг мэдээллийн санд бүртгэх арга, аргачлал байхгүй болно. Мэдээллийн сангийн бүртгэлийн программ хангамжийн боломжид тааруулж, шүүхийн шийдвэр биелүүлэх арга хэмжээ авсан. Гэтэл шүүх уг нөхцөл байдалд огт дүгнэлт хийхгүйгээр Б.Л-г 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15:28 цагт Э.С.Ж.Т ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэл хэсэгт А.Отгонболд идэвхтэй төлөвтэй бүртгэлтэй байсныг идэвхгүй төлөвт бүртгэлтэй болгосон нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн нь илт үндэслэлгүй. Шүүгчийн захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байхад үүнийг хэрхэн биелүүлсэн тохиолдолд "зөв байх" ёстой талаар хариуцагч болон анхан шатны шүүх тайлбарлаж чадахгүй байгаа ба нэхэмжлэгч Б.Лг буруу бүртгэл хийсэн гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Б.Л нь 2 бүртгэл үгүй төлөвтэй байх шаардлага үүссэн талаар нэхэмжлэлдээ хангалттай тайлбарласан ба үүнийг няцаасан тайлбар, хууль зүйн дүгнэлт шүүхийн шийдвэрт байхгүй байна. 2022 оны 04 сарын 20-ны өдөр 12 цаг 20 минутад улсын бүртгэлийн ерөнхий газрын ers.gasr.mn үзлэг хийж, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр бүртгэлийг түдэүүлсэн, актын биелэлтийг түдгэлзүүлснийг тэмдэглэх хэсэгт байхгүй болох нь тогтоогдсон. Хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл боломжоор хангахгүйгээр албан хаагчийг буруутгаж, сахилгын шийтгэл когдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т албан тушаалд тавигдах шаардлага болон ажиллах нөхцөл, албан тушаалын чиг уураг, эрх хэмжээг тогтоосон албан тушаалын тодорхойлолттой тухайн албан тушаалд томилогдмогц албан ёсоор танилцах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй: 43.2.6-д ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх гэж тус тус заасныг зорчиж байна.

2.3. Нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн ба шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагаа нь хууль зөрчсөн эсхүл дутуу биелүүлсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл болон албадан гүйцэтгэх ажиллагааны ямар нэгэн шийдвэрээр тогтоогдсон байх ёстой. Хяналтын улсын ахлах байцаагч Ж. Ч-н 2021 оны 06 дугаар сарын 21 ний өдрийн 3459 дүгээр дүгнэлтийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж, тушаалын үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу үүргээ биелүүлснийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.5-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

2.4. Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа уйл ажиллагааг бүртгэл гэж тодорхойлж, нэхэмжлэгчийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10-т "улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх" гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаа байсан талаар дурьдаж, шүүх хуралдаанд мэтгэлцсэн боловч энэ талаар огт дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж заасныг зөрчиж байна. Эцэст нь дүгнэхэд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 126/ШШ2022/0392 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хун заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн, цаашид улсын бүртгэлийн байгууллага нь захиргааны хэргийн шүүхийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авахгүй, цахим мэдээллийн санд бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүсгэхээр байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/412 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 17 дугаар зүйлийн 17.1.7, 19 дүгээр зүйлийн 19.4.10-д заасныг үндэслэн, улсын ахлах бүртгэгч Б.Л нь хуулиар хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй хандаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд эрх мэдлээ ашиглан улсын бүртгэлд өөрчлөх төлөв оруулсан болох нь хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3459 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон тул 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, “... Б.Л нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжид Э.С.Ж.Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гүйцэтгэх удирдлагын мэдээллийн хэсэгт ямар нэгэн өөрчлөлт хийх талаар дурдаагүй байхад ... өөрчлөлт оруулах төлөв оруулсан нь ... “хараат бус үнэн зөв хөтлөх үүргээ зөрчсөн байна” гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... маргаан бүхий тушаалын үндэслэл болсон дүгнэлтийг гаргасан хяналтын улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулах санал гаргах бүрэн эрх олгогдоогүй, илт хууль бус байхад анхан шатны шүүх уг дүгнэлтийг хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэж, уг дүгнэлтийг тушаалын үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй ...” гэжээ.

4.1.Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3459 дүгээр дүгнэлтээр Э.С.Ж.Т ХХК-ийн бүртгэлд хяналт шалгалт хийж, 2 дахь заалтаар “... улсын бүртгэлийн хууль, журам зөрчсөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Л-д сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газарт хүргүүлэх” гэж дурджээ.

4.2. Гэвч хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа уг саналыг хэрэгжүүлж гараагүй, харин улсын ахлах бүртгэгч Б.Л-н тухайн хуулийн этгээдийн цахим сангийн мэдээллийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд шүүгчийн захирамжийн агуулгаас зөрүүтэй өөрчлөлт оруулсан нь уг дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул илт үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэн гарсан тушаал нь хууль бус гэх гомдлыг хангах үндэслэлгүй. 

5. Мөн давж заалдах гомдолд “... нэхэмжлэгч нь актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжийг биелүүлж, тухайн бүртгэлд өөрчлөлт оруулсан, шүүх энэ асуудалд огт дүгнэлт өгөөгүй, уг захирамжийг хэрхэн биелүүлбэл зөв байх ёстой талаар хангалттай тайлбарласан байхад няцаасан, хууль зүйн дүгнэлт хийлгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо” гэжээ.

5.1.Нэхэмжлэгч Б.Л нь уг хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаар Т.А.Т –г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 222 дугаар дүгнэлтийн биелэлтийг түдгэлзүүлсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 128/ШЗ2020/3915 дугаар захирамжийг үндэслэн, тус хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд “идэвхтэй” төлөвт байсан А.О-н бүртгэлийг “идэвхгүй” болгож бүртгэсэн нь уг шүүгчийн захирамжийн агуулгад нийцээгүй байна.

   Учир нь тухайн шүүгчийн захирамжаар хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын бүртгэлийн талаар эцэслэн шийдвэрлээгүй, тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтад байгаа мэдээллийг /А.Отгонболдтой холбоотой/ өөрчлөх талаар заагаагүй байна.

5.2. Б.Л-н уг үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: ... 19.4.5.энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх” гэж,  20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: ... 20.1.10.улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж тус тус заасанд нийцээгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д зааснаар “сануулах шийтгэл” ногдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. 

6. Давж заалдах гомдол болон нэхэмжлэгчийн тайлбарт “... цахим бүртгэлд уг захирамжийг бүртгэх боломж байхгүй, даргадаа танилцуулж, ярилцсаны үндсэн дээр бүртгэсэн ...” гэжээ.

6.1. Хуулийн этгээдийн цахим бүртгэлд энэ талаар “тэмдэглэл” хийх боломж байхгүй гэх шалтгаан нь дээрх хууль, журмын заалтыг хэрэгжүүлэхгүй байх, эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэрийн агуулгаас хэтрүүлж бүртгэл хийх үндэслэл болохгүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.11-д улсын бүртгэгч нь “өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах”-аар заасан байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

6.2.Харин уг нөхцөл байдал нь нэхэмжлэгч Б.Л-г санаатайгаар уг үйлдлийг хийгээгүйг илэрхийлэх, хуулийн этгээдийн цахим бүртгэлийг боловсронгуй болгох талаарх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байх тул зөрчлийн шинж байдалд тохирсон шийтгэл ногдуулахад харгалзан үзэх үндэслэлд хамаарах бөгөөд “... сануулах” сахилгын шийтгэл ногдуулснаас үзвэл хариуцагч нь уг нөхцөл байдлыг харгалзаж үзсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт байхгүй хуулийн заалт  “... 19.1.4” гэж техникийн шинжтэй тооны алдаа гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д  зааснаар тухайн шийдвэрийг гаргасан шүүгч нь залруулга хийх нь зүйтэйг тэмдэглэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Л-н өмгөөлөгч Б.Ж-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ