Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0460/з |
Дугаар | 342 |
Огноо | 2016-11-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 342
“ЭДКС” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, С.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, гуравдагч этгээд Ц.Давгадорж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Базарсад нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 364 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 488 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “ЭДКС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.4, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 12 дугаар зүйлийн 12.6.3-т заасныг баримтлан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилга /эскиз зураг хувилбар-2/-ын зургийг баталж зөвшөөрсөн Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн үйлдэл, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар оруулсан өөрчлөлт, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Ц.Дагвадоржийн 4 давхар үйлчилгээний барилгын эх загвар зургийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий “ЭДКС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 488 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй. Иргэн Ц.Дагвадорж нь 2012 оны зунаас 215 м.кв эзэмшил газраасаа хэтрүүлэн 259 м.кв газарт барилга барьж эхэлсэн. Харин архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус гарсан байдаг.
Энэ нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн барилга угсралтын ажлыг зогсоох тухай 02-07-81/1413 тоот албан шаардлага, 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай албан шаардлагаар тогтоогддог боловч давж заалдах шатны шүүх үнэлж дүгнэсэнгүй.
Нийслэлийн засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот захирамжаар иргэн Ц.Дагвадоржид Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 215 м.кв газрыг 5-н жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсгийг үндэслэсэн, өөрөөр хэлбэл барилга байгууламж барих эрх олгогдоогүй зөвхөн газар эзэмших эрхтэй байсан.
Гэтэл хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт заасныг зөрчин Нийслэлийн засаг даргын барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гараагүй байхад иргэн Ц.Дагвадоржид 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бусаар батлан өгсөн. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн засаг дарга, эзэмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай захирамж гаргадаг.
Хариуцагч НЕТГ-аас “ЭДКС” ХХК-д барилга барих захирамж, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн байна гэх 8/1077 тоот албан тоот өгсөн нь үүнийг нотолж байхад давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор тодруулж чадсангүй гэж үзэж байна.
2. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай 3/10 тоот тогтоолын дөрөвдүгээр зүйлд:
Газар эзэмших, ашиглах эрх болон барилга байгууламж барих тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлтийг дараах тохиолдолд нийслэлийн хот байгуулалт, газрын харилцаа болон холбогдох бусад байгууллагууд зохих зөвшөөрөл олгохгүй байх, зураг төсөл, техникийн баримт бичгийг батлахгүй байхыг үүрэг болгосугай гэжээ.
Өөрөөр хэлбэл архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөлгүй барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр угсралтын ажлаа эхлүүлж хоёр давхар хүргэсэн иргэн Ц.Дагвадоржийн барилгад маргаж буй актуудыг олгох ёсгүй байсан.
Иргэн Ц,Дагвадоржийн 18,0 х 14.4 м хэмжээтэй зоорьтой 10 давхар барилгын газар шороо, суурь, 5, 10 давхрын хэв хашмалын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 207/2013 тоот зөвшөөрлийг 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгоод, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүчингүй болгосон байдаг.
Гаргасан зөрчил дутагдлаа арилгаагүй, барилгын норм ба дүрэм зөрчигдсөн хэвээр байхад 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 18.0 х 10.0 м хэмжээтэй зоорьтой 4 давхар барилгын газар шороо, суурь, 1, 4 давхрын хэв хашмальш ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 521/2013 тоот зөвшөөрлийг дахин олгосон нь хууль бус болно.
Хариуцагч НЕТГ-аас “ЭДКС” ХХК-д НИТХ-ын 2012 оны 3/10 тоот тогтоолын 4.5 дугаар зүйлд заасанчлан орчны оршин суугчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвшилцөн санал хүсэлтийг бичгээр авч дээрх зөрчлүүдийг арилгах хүртэл барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг өгөхгүй тухай албан ёсоор иргэн Ц.Дагвадоржид мэдэгдсэн болно гэх 8/1077 дугаар албан тоот өгсөн. Гэтэл иргэн Ц.Дагвадорж нь орчны оршин суугчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвшилцөн тэдний санал хүсэлтийг өнөөдрийг хүртэл аваагүй байгаа.
3. Маргаж буй барилга, түүний зүүн талд байрлах цахилгааны дэд өртөө нь сууриараа 2.9 м., консолиороо 1,2 м зайтай баригдсан, батлагдсан зургаараа ч тийм байгаа. Энэхүү дэд өртөө нь 6 кв-ын цахилгаан дамжуулдаг, “ЭДКС” ХХК уг дэд өртөөнөөс цахилгаан авдаг талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Холбогдох хууль тогтоомж, нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна.
Онцгой байдлын улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 20/31 тоот дүгнэлтээр: “ЭДКС” ХХК-ийн барилга нь гал тэсвэршилтийн III зэрэгт хамаарна. Энэ тохиолдолд заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын Тайлбар гэсний 3-т: “гадна ханандаа цонхгүй барилгын гал тусгаарлах хамгаалалтын зайг гал тэсвэршилтийн III-IV зэрэгтэй барилгаас бусад барилгад 20 хувь хүртэл бууруулахыг зөвшөөрнө гэснийг үндэслэн барилга хоорондын зайг 8 м-ээс багасган төлөвлөж болохгүй гэсэн үг.
4. Хоёр шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгг заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй”.
Маргаж буй барилга нь павилон байсан гэх 66 м.кв газар дээр баригдсан тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, "ЭДКС" ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргах шаардлага ч байхгүй. Нөгөө талаас павилон байсан, түүнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иргэн П.Дагвадорж 2003-2005 онд 66 м.кв газар ашиглах эрхтэй байсан гэдэг, харин гуравдагч этгээд Цэвэлмаагийн Дагвадорж 2012 онд 215 м.кв эзэмшил газрынхаа 180 м.кв газарт барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, өөрөөр хэлбэл хоёр шатны шүүх бодит үнэнд нийцэхгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй зүйлийг байгаа мэтээр үнэлж дүгнэсэн.
5. Гуравдагч этгээд Ц.Дагвадорж нь маргаж буй газрыг анх 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 тоот захирамжаар эзэмших ашиглах эрхтэй болсон гэж ярьж бичдэг боловч, энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддоггүй.
Иргэн П.Дагвадоржийн 66 м.кв газар ашиглах эрх 2005 онд дууссан байхад, түүнд 2012 онд хэмжээг нь томсгон 215 м.кв газар эзэмшүүлэхдээ энэ хоёрыг нэг хүн мэтээр бичиг баримт бүрдүүлснийг хоёр шатны шүүх бодитой үнэлж дүгнэсэнгүй.
Барилгажих талбайн схем зурагт: нэхэмжлэгч "ЭДКС" ХХК-ийн өмчлөлийн хими цэвэрлгээний барилгыг Т үсгээр тэмдэглээд ямар нэг тайлбар бичээгүй, объект байхгүй юм шиг харагдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл зурган дээрээс маргаж буй газар дээр барилга, байгууламж барихтай холбоотой зөвшөөрөл олгох, зураг төсөл техникийн баримт бичиг батлахад "ЭДКС" ХХК-ийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг харагдуулахгүй байх зорилготой зурагдсан.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу хариуцагч тал суурин болон хээрийн судалгаа хийх ёстой байсан боловч, энэхүү үүргээ биелүүлээгүй, суурин судалгаагаар кадастрын нэгдсэн бүртгэл дээрээс “ЭДКС” ХХК-ийн өмчлөлийн барилгыг шууд харах боломжтой.
6. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5758 тоот шүүгчийн захирамж гарсан. Энэхүү захирамжаар “2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг маргаж буй захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн”.
Гэтэл хариуцагчийн зүгээс иргэн Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар нэмэлт өөрчлөлт оруулан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны актад хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан.
Мөн хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь иргэн Ц.Дагвадоржийн 4 давхар үйлчилгээний барилгын эх загвар зургийг "Марс констракшн" ХХК 2014 онд боловсруулсныг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаж буй барилгын зургийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлснээс хойш баталсан гэх хариуцагчийн үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “ЭДКС” ХХК нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан иргэн Ц.Дагвадоржийн үйлчилгээний барилгын зургийг /эскиз зураг хувилбар-2/ баталж зөвшөөрсөн үйлдэл, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/832 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, архитехтур төлөвлөлтийн даалгаврыг консольтой байхаар оруулсан өөрчлөлт, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн барилгын эх загварыг баталсан үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “барилгын норм, дүрэм болон дулаан, эрчим хүчний хамгаалалтын шугам зөрчиж, барилга барих зөвшөөрөл олгосон” гэх үндэслэлээр маргажээ.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр захирамжаар Ц.Дагвадоржид 215 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн, уг газар дээрээ гуравдагч этгээд нь 180 мкв талбайтай, 4 давхар барилга барихаар зөвшөөрөл авсан, мөн барилга нь 3 давхраас уртын дагуу 1.8 метр, өргөний дагуу 2 тийш тус бүр 1.8 метр консольтой байхаар төлөвлөсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Гэвч гуравдагч этгээдийн барих барилгаас шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал дараах байдлаар тогтоогдсонгүй.
Барилгын тухай хуулийн /2008 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар барилга байгууламж нь зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй байх шаардлагыг хангах ёстой.
Нэхэмжлэгчийн барилга болон гуравдагч этгээдийн барих барилга хоорондын зай 3 метр, гуравдагч этгээдийн барих барилга болон дэд станцын хоорондын зай мөн 3 метр болох нь шинжээчийн дүгнэлт, маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн барилга нь хиллэсэн хэсгээрээ аль аль нь цонхгүй, нэхэмжлэгч талтай хиллэсэн хэсгээр гуравдагч этгээдийн барилга нь консольгүй байх ба 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилт /БНбД 30-01-04/-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралт, 1-д зааснаар барилга хоорондын хана нь цонхгүй, хаалгагүй бөгөөд тус тусын барилгад галын машин гурван талаар нь орж гарах бололцоотой” гэж дүгнэсэн байх тул “барилга хоорондын зай” зөрчилгүй гэж үзлээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7/1082 дугаар албан бичгээр Урт цагаан төвийн хойно байрлах үйлдвэр, хоршоолол ХТП154 дэд станц нь цахилгаан дамжуулах кабель шугамаар тэжээгддэг, хамгаалалтын зурвасын хэмжээ шугамнаас хоёр тийш 2 метр болохыг тодорхойлсон байх бөгөөд маргаан бүхий барилга, дэд станцын хоорондын зай 3 метр байгаа нь хуулийн шаардлагыг хангасан байна.
Ийм учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулаагүй, орц гарц хаагаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал зөв болжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гомдлын тухайд:
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11/2503 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж байсан, мөн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 11/245 дугаар албан бичгээр Барилга хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Даваажавыг 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 11/3470 дугаар албан бичгээр хуулийн хэлтсийн мэргэжилтэн А.Алтанцэцэг нарыг тус тус томилж байсан, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 01/24 дүгээр албан бичгээр Л.Даваажавыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байсан зэргээс үзэхэд “хэргийн жинхэнэ хариуцагч болох Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй” тухай гомдол үндэслэлгүй.
“Хэргийн 3 дугаар хавтас,123 дугаар талд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221 дүгээр тогтоол авагдсан байгаа нь ямар захирамжид гомдол гаргасан болох, мөн гаргасан гомдол нь хэргийн материалд байдаггүй” тухай гомдлын хувьд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор иргэн Х.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт “Ц.Дагвадоржид эзэмшүүлэхээр олгосон 215 мкв газрын байршлын асуудлыг Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцсэнийг хууль бус болохыг тогтоож, байршил шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хянан хэлэлцсэн буюу өөр нэхэмжлэгчтэй, өөр нэхэмжлэлийн шаардлагатай тусдаа өөр хэргийн баримт байгаа нь энэхүү хэрэгт хамааралгүй байна.
Түүнчлэн “нөлөөллийн мэдүүлэг авагдсан байгаа ч хэргийн оролцогч нараар гарын үсэг зуруулаагүй, энэхүү маргаан нь орчны төлөвлөлттэй холбоотой асуудал яригдаж байхад тухайн баримтууд нь хэрэгт авагдаагүй” тухай гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд нөлөөлөх ач холбогдолгүй юм.
Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газар эзэмшүүлэх захирамж гаргах ба нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж хууль зөрчөөгүй болохыг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болно.
Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 364 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/488 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ