Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 46

 

К.Хайролд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар магадлалтай, 201604000036 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч К.Хайрол, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шыбарайгыр жүзик овогт Күлмесханы Хайрол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч К.Хайролыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар К.Хайролыг 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Хайрол, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Я.Сьезд нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч К.Хайролын өмгөөлөгч Я.Сьезд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.2.1-т заасныг ноцтой зөрчсөн. Өмгөөлөгчийн хувьд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хэрэгт ач холбогдол бүхий гүүр, дэлгүүр, авто замын уулзваруудын камерын бичлэгүүдийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч мөрдөн байцаагч Ш.Ержан хүлээн авахаас татгалзсан. Эдгээр дүрс бичлэгүүдийг хэрэгт бэхжүүлж авснаар хэрэг болох цаг хугацаанд хохирогч хаана очсон, ямар үйлдэл гаргасан, хэнтэй явсан, чухам тэр шөнө юу болсон бэ гэдэг нь нарийн тогтоогдох ёстой байсан. Мөрдөн байцаагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байсан тул прокурорт уг гомдлоо гаргаж прокурор хүсэлтийг хангасан боловч мөрдөн байцаагч мөн л “хүсэлтэд дурдсан 8 байршлын хяналтын камерын бичлэг бүгд устгагдсан байна, сэргээх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Ингээд цаг хугацаа алдагдсаны улмаас хэргийн нөхцөл байдалд чухал ач холбогдол бүхий бичлэг устсан. Өмгөөлөгчийн хувьд “хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч гэх Е.Есилжайыхын өвчний түүхийн зарим хэсгийг хуулбарлан авах тухай” хүсэлт гаргасныг хангаагүй учраас прокурорт гомдол гаргахад хүсэлтийг хангахаас татгалзсан, мөн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 9 үндэслэл бүхий хүсэлт гаргасан боловч гүйцэд судлалгүйгээр тухайн өдрөө мөн л хүсэлтийг хангахаас татгалзах тогтоол гаргасан. Ингээд аймгийн прокурорт хүсэлт гаргаж, түүний шийдвэрийг эс зөвшөөрч Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баян-Өлгий аймгийн шүүх эмнэлгийн эмчийн болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр шүүгдэгч К.Хайролын биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон. Энэхүү гэмтлийг хохирогч гэх Е.Есилжайых учруулсан боловч мөрдөн байцаагч, прокурор асуудлыг нэг талыг барьж шалгасны улмаас К.Хайролын биед хөнгөн гэмтэл учруулсан хүнийг эрүүгийн хариуцлагад татаагүй. Хэргийн 2 дугаар хавтасны 480-500 дугаар тал, 3 дугаар хавтасны 501-521 дүгээр талд авагдсан нийт 40 орчим хуудас нотлох баримтуудын эх хувь нь байхгүй зөвхөн хуулбарууд авагдсан тул хуулийн хүчин төгөлдөр нотлох баримтын шаардлагыг хангахгүй. Е.Есилжайых “өөрөө газарт унасан” талаар түүний цагдаагийн газарт гаргасан гомдол, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, эхнэр Р.Алмагүл, гэрч К.Хайрат, К.Халел нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Эд мөрийн баримтаар хурааж авсан Цагдаагийн газрын К-27 гэсэн хяналтын камерын бичлэг хуульд зааснаар бэхжүүлж авсан нотлох баримт эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл уг бичлэгийг ямар байрлалаас, ямар техник хэрэгслээр бэхжүүлж авсан, эвлүүлсэн буюу зохиосон эсэх, эсхүл хуулж авсан эсэхийг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоох, тухайн эд мөрийн баримтаар бэхжүүлэн авсан дүрс бичлэгт хэн, ямар төрлийн төгс үйлдэл хийсэн болох, Есилжайых ямар үйлдэл хийсэн, нүднээс нь цус гарсан эсэх, нүдээ ямар нэг юмаар дарж байсан эсэх нь нарийвчлан тодорхой харагдах ёстой юм. Анхан шатны шүүх хуралдааны үед эд мөрийн баримт шинжлэх үед К-27 камерт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 02 цаг 26 минутаас 02 цаг 34 минут хүртэл гэсэн цифр, тоо байхгүй байсан нь эргэлзээ төрүүлж байна. Гэрч Х.Хумырбекээс 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр алчуур хурааж авч тогтоол үйлдсэн боловч алчуурыг хурааж авснаас хойш 2 сарын дараа эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан, камерын бичлэгийг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр буюу мөн л 2 сарын дараа эд мөрийн баримтаар тооцсон, Е.Есилжайыхын цагаан өнгийн куртикыг 5 дугаар сарын 3-ны өдөр хурааж авсан зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2, 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1, 138 дугаар зүйлийн 138.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Гэрч Х.Хумырбек, Х.Хосылбек, Ш.Бауыржан нар нь Е.Есилжайыхын шууд удирдлагын дор, түүнээс хараат ажилладаг хүмүүс тул тэдний мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэх үндэслэл муутай. Яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг 36,638,803 төгрөгөөр тогтоосон боловч энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.4.3-т заасан “яллах дүгнэлтийн хавсралтад иргэний нэхэмжлэл, үүнийг хангах талаар авсан арга хэмжээг заана” гэснийг зөрчсөн. 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн №2048 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчтөн илгээх хуудас, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31-т зааснаар нэг нүд бүрэн хараагүй болсон нь хөдөлмөрийн чадварыг тогтмол 65 хувь сарниулах хүнд гэмтэл болно” гэж дурджээ. Шинжээч эмч Б.Ариунзулаас мөрдөн байцаагчийн тогтоолоор 5 асуулт асуусан боловч 2,3 дахь асуултуудад хариулт өгч чадаагүй. Шинжээч эмч Ц.Ганболд, Н.Туяа, Ш.Цэцэгмаа нарын гаргасан 477 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Е.Есилжайыхын баруун нүдэнд учирсан гэмтлийн оношийг бичээгүй, шинжээч Б.Ариунзулын дүгнэлт нь үндэслэлтэй гэж ерөнхий байдлаар дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3, 162 дугаар зүйлийн 162.3-т заасныг зөрчиж байна. Анхан шатны шүүх Улаанбаатар хотод оршин суух шинжээч Ц.Ганболдыг онлайнаар шүүх хуралдаанд оруулсан боловч хамт дүгнэлт гаргасан шинжээч Н.Туяа, Ш.Цэцэгмаа нарыг байцаагаагүй нь нэг талыг барьсан шийдвэр гарах үндэслэл болсон. Е.Есилжайыхын биед учирсан гэмтлийн талаар давтан бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай. Учир нь Е.Есилжайыхын биед учирсан гэмтлийн зэргийг шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоосон боловч шинжээчийн дүгнэлтэд нарийн мэргэжлийн эмч нарын тавьсан үндсэн оношийг бүрэн тусгагдаагүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл Е.Есилжайыхын биед учирсан гэх хүнд гэмтэл буюу баруун нүдний хөндийн нэвтэрсэн гэмтэл нь чухам гадны ямар хүчин зүйлийн улмаас үүссэн болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй дахин хөдөлбөргүй тогтоох ёстой. Е.Есилжайыхын баруун нүдэнд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үзэхэд тэрээр хэрвээ бусдад зодуулж цохиулсан, эсхүл өшиглүүлсэн байвал, өөрөөр хэлбэл хатуу мохоо зүйлээр түүний биед гэмтэл үүссэн байвал нүд нь бүхэлдээ цус харван, их хэмжээгээр хавдаж, дээд ба доод зовхинд, нүүр, хацарт ямар нэгэн шарх, хавдар, цус хуралтууд заавал үүссэн байх ёстой. Гэтэл Е.Есилжайыхын биед тийм гэмтлүүд тогтоогдоогүй учраас дээрх нүдний хөндий рүү нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нөлөөгөөр үүссэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Е.Есилжайыхын нүдэнд үүссэн гэмтэл нь нүдний хүүхэн хараанд маш бага хэмжээтэй цэг үүсгэн нүдний хөндийд нэвтэрч торлог давхарга хүртэл дараалан нэвтэрсэн байгаа нь өвчний түүхэнд бичигдсэн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон. Нүдний болорыг нүдний хараа бүхий хүмүүст хийдэг мөртлөө Е.Есилжайыхын баруун нүдэнд ямар шалтгаанаар болор хийх болсныг тодруулах шаардлага ч бий. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 320 дугаар зүйлийн 320.1, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.1.2-т заасныг зөрчиж үндэслэл муутай шийтгэх тогтоол, магадлал гаргасан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч К.Хайролын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүх К.Хайролд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй бөгөөд 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасан хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаалгүй орхигдуулж мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу явуулсан байхад хэт нэг талыг барьж шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хохирогчийг анх үзсэн эмч Жанбот, гэрч Рина нараас мэдүүлэг аваагүй. Хохирогч Е.Есилжайыхын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээч эмч Б.Ариунзулын дүгнэлт, бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн мэдүүлэгтэй эрс зөрүүтэй, хохирогчийн өвчний түүхийн оноштой зөрүүтэй байгаа нь шүүхийн шинжилгээний албаны тухай хуулийн ноцтой зөрчил болж байна. Бүрэлдэхүүнтэй гаргасан гэмтлийн зэрэг болон хөдөлмөрийн чадвар алдалтын талаар гаргасан шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн гаргаж өгсөн баримтуудтай тохирохгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтэд үндэслэлтэй гарсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо нарийн мэргэжлийн эмч оролцуулаагүй. Хохирогчийн баруун нүдний хөндий нэвтэрсэн гэмтэл нь гадны ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийвчлан шалгаж хөдөлбөргүй тогтоох шаардлагатай. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэргийн газрын үзлэгийг бодит байдалд нийцүүлэн хийгээгүй, хохирогчийн болон шүүгдэгчийн явсан маршрут, цаг хугацааг шалгаж тогтоогоогүй, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Шийтгэх тогтоолд гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байгаа нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн, давж заалдах шатны шүүх энэ алдааг анхааралгүй орхигдуулж хуулийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Хохирогч цагдаагийн газарт гаргасан гомдол болон эмнэлэгт анх хандах үедээ “өөрөө унаад гэмтсэн” гэж мэдүүлсэн байдаг. Хэргийн гол нотлох баримт болох К-27 камерын бичлэг нь хуульд зааснаар бэхжүүлж авсан нотлох баримт мөн эсэх нь эргэлзээтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч К.Хайрол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Баян-Өлгий аймгийн урьдчилан хорих байранд хоригдож байхад бие маань байнга өвдөж, улмаар аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хүнд хагалгаанд орж, одоог хүртэл бие маань сайжраагүй байна. Эрүүгийн хэрэгт холбогдсон цагаас хойш сэтгэл санааны хүнд дарамтад орж, ажилгүй эхнэр, бага насны 3 хүүхэд маань үлдэж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирол болох 36,777,703 төгрөгийг хохирогчид 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр бүрэн төлсөн. Одоо хохирогч Е.Есилжайыхт өгөх ямар нэгэн өр төлбөргүй, хохирогч нь манай ээжийн талын хамаатан садан, миний найз нөхөд учраас гомдол саналгүй гэсэн. Иймд надад оногдуулсан ял болон ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар хөнгөрүүлэн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... К.Хайрол нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч К.Хайрол нь 2016 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Береке”, “Сыргалы” дэлгүүрийн урд талын гурван замын уулзвар орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Е.Есилжайыхтай маргалдан, улмаар түүнийг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн талаар “...гаргасан хүсэлтийг хангаагүй, хэрэг болсноос 2 сарын дараа эд мөрийн баримтыг хурааж авсан, хохирогчийн биед учирсан гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт эргэлзэж байна, хэт нэг талыг барьж хэргийг шалган шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй ...” гэх зэргээр гомдол гаргасан боловч эдгээр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил болж, шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч К.Хайролын биед учирсан хөнгөн гэмтлийн талаар ажиллагаа хийгдэж, уг гэмтэлд хоёр удаа шинжээчийн дүгнэлт гаргуулж, Е.Есилжайыхыг сэжигтэн, яллагдагчаар тооцож байцаасан байдал нь “хэргийг хэт нэг талыг барьж шалгасан” гэх өмгөөлөгч нарын гомдлыг үгүйсгэх үндэслэл болж байна.

Өмгөөлөгч Э.Ганбат нь Д.Эрдэнэчимэг өмгөөлөгчтэй хамтран гомдол гаргасан гэх боловч түүнийг хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулах тухай шүүгдэгчийн хүсэлт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагдаагүй тул түүний гомдлыг хэлэлцээгүй болно.

Шүүх К.Хайролын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул оногдуулсан ял, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гээд хохирол төлсөн баримтыг хавсарган ирүүлжээ.

К.Хайролын анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг бүрэн төлж барагдуулж, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх зааснаар К.Хайролыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хайролд оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Хайролын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ