| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0170/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/154 |
| Огноо | 2020-04-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О С-т холбогдох эрүүгийн 2034001450090 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Ирээдүйн ган зам ХХК”-д оператор ажилтай, ам бүл 5, ээж, аав, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг 3 дугаар хороо Замчин 8-55 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Б овогт О.С гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.С-ийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн “Улаан худаг” гэх газарт байсан 28-12 УН дугаартай ковш маркийн авто тээврийн хэрэгслээс багаж, эд анги зэрэг зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1540000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эрдэнэ-Очироос авлагатай байсан. Надаас зугтаад утсаа авахгүй 2, 3 сар алга болчихоор нь юмыг нь авчихсан юм гэв” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл/хх-04 хуудас/, Төв аймаг Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Улаан худаг гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Хананшишгэнд” ХХК-ийн тээврийн хэрэгслийн эд анги 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хулгайд алдсан хэргийн газрын фото зураг/хх-07 хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-08 хуудас/, хураан авсан эд зүйлсийг гэрэл зураг/хх-09-10 хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-11 хуудас/, хохирогч Д.Эрдэнэ-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13-14, 31 тал/, гэрч Т.Ариунжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/хх-20 хуудас/, О.Сийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-23 хуудас/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 90-26 УНР улсын дугаартай Allion маркын тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан/хх-35-42 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.С нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн “Улаан худаг” гэх газарт байсан 28-12 УН дугаартай ковш маркийн авто тээврийн хэрэгслээс багаж, эд анги зэрэг зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 1540000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны үед
хохирогч Д.Эрдэнэ-Очирын мэдүүлсэн: “...Би хувиараа уул уурхайн техник хэрэгсэл ажиллуулдаг. “Хананшишгэнд” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хийж XGMA маркийн 28-12 УН дугаарын ковуш маркийн авто машиныг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өглөө манай оператор уурхай дээр очоод ажлаа хийх гэтэл ковуш нь асаагүй болохоор нь аккумлятороо үзтэл 2 ширхэг аккумлятор нь байхгүй, цүнхтэй багаж, гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл нь алга болсон байсан. Тэгээд надад хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
гэрч Т.Ариунжаргалын мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэртээ хоолоо идчихээд гадаа гарахад ковуш барьдаг байсан жолооч С гэх залуу ирцэн ковушаа цэвэрлээд байж байсан. Бид 2 юм ярьж байгаад би гэртээ ороод ирсэн. Тэгээд өнөөдөр ковушаа асаах гээд дартал 2 ширхэг аккумлятор нь алга болчихсон байсан. Эхнэртэйгээ явж байсан. Саарал өнгийн алион маркийн машинтай явж байсан” гэх мэдүүлэг /хх-15 тал/, шүүгдэгч О.Сийн гэрчээр мэдүүлсэн Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүрэгт гэртээ байж байгаад өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг жоншны компани орж хөнжил пүүгээгээ авах гээд өөрийн эзэмшлийн алион маркийн 90-26 УНР дугаарын тээврийн хэрэгсэлтэй ганцаараа яваад очоод цуг ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаад тэгээд хөнжил пүүгээгээ байхгүй болохоор нь ковш нь дээрээ очоод 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг шар өнгийн лед гэрэл, цүнхтэй багажийг нь аваад явсан. Тухайн ковшны эзэн Эрдэнэ-Очир гэх хүн миний 10 хоног ажилласан цалин болох 550000 төгрөгийг өгөхгүй байхаар нь би цалингийнхаа оронд барьцаалаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-16 хуудас/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/хх-20 хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл/хх-04 хуудас/, Төв аймаг Эрдэнэ сумын Тамган 5 дугаар баг Улаан худаг гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Хананшишгэнд” ХХК-ийн тээврийн хэрэгслийн эд анги 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хулгайд алдсан хэргийн газрын фото зураг/хх-07 хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-08 хуудас/, хураан авсан эд зүйлсийн гэрэл зураг/хх-09-10 хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-11 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч О.С нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5 дугаар багийн “Улаан худаг” гэх газарт байсан 28-12 УН дугаартай ковш маркийн авто тээврийн хэрэгслээс багаж, эд анги зэрэг зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Эрдэнэ-Очирт 1540000 төгрөгийн хохирлыг учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч О.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О.Сийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч О.С нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж нууцаар, хууль бусаар 28-12 УН дугаартай ковш маркийн авто тээврийн хэрэгслийн багаж, эд анги/11540000 төгрөгийн үнэ бүхий/ зэрэг зүйлсийг хохирогчид буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзаж түүнд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт О.С-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-т нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч О.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ