| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0143/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/160 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Э.Б, Г.Б, Ц.Ж нарын өмгөөлөгч Б.Энхтуяа,
шүүгдэгч Р.У-ын өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүгдэгч Э.Б, Г.Б, Р.У, Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ж, Г.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.У, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б нарт холбогдох 1934010480088 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Б овогт Б, Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг Цогт сумын Баян-Өндөр багт оршин суух хаягтай, одоо Төв аймаг Аргалант сум Хөшөөт 2 дугаар багт оршин суух, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэв.
Ж овогт Г Б, Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг Баянхангай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, барилгын туслахын ажил хийдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Төв аймаг Баянхангай сумын 2 дугаар баг Хөшөөт гэх газар оршин суух хаягтай, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо Толгойтын 17-8 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй гэв.
Д овогт Р.У, Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймаг Тайшир суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, дүү, эгч нарын хамт амьдардаг, Төв аймаг Баянхангай сумын 1 дүгээр баг Найрамдал 36 айлын 2 дугаар байр 2 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэв.
Ж овогт Ц.Ж, Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймаг Лүн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, аавын хамт амьдардаг, Төв аймаг Баянхангай сумын 2 дугаар баг Хөшөөт гэх газар оршин суух хаягтай, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо 17-8 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй гэв
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Р.У, Г.Б /үргэлжилсэн үйлдлээр/, Ц.Ж /үргэлжилсэн үйлдлээр/ нар нь бүлэглэн, мотоцикл болон тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1 дүгээр багийн нутаг “Самбартай хөтөл” гэх газраас иргэн Ц.Цогнэмэхийн олон тооны буюу 18 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, 19615100 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Б, Ц.Ж, Э.Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт-2 дугаар багийн нутаг “Сэртэн” гэх газарт өвөлжиж байгаа иргэн Г.Ичинхорлоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, бусдад 1960000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Р.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-10 тал/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-11-12 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/хх-13-14 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-15-17 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/хх-18-19 тал/, иргэний нэхэмжлэгч П.Ганбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-26-27 тал/, хохирогч Ц.Цогнэмэхээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-29-30 тал/, гэрч Д.Адъяатулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-33 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-46-47 тал/, эд зүйл баримт, бичиг түр хураан авсан тэмдэглэл/хх-48 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-49 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан “Есөн шижир” ХХК-ийн өмчлөлийн 3423 УБР улсын дугаартай “Honda insight” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-52-61 тал/, Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Монгол Улсын иргэн Ц.Цогнэмэхийн өмчлөлийн 18 толгой үхэрийн үнэлгээний тайлан/хх-68-84 тал/, Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Ц.Жийн эзэмшлийн улсын дугаар аваагүй Даюун маркийн мотоциклын үнэлгээний тайлан/хх-90-99 тал/, Р.Уын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-135 тал/, шүүгдэгч Г.Б, Р.У, Ц.Ж нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-147-197 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-204 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-205-206 тал/, хохирогч Г.Ичинхорлоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-208 тал/, гэрч Г.Болдсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-209-211 тал/, гэрч Б.Энхтөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-212-213 тал/, гэрч Ц.Пүрэвсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-214-216 тал/, Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Монгол Улсын иргэн Г.Ичинхорлоогийн өмчлөлийн 1 толгой адууны үнэлгээний тайлан/хх-227-238 тал/, Г.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-243 тал/, Ц.Жийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-244 тал/, Э.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1 дүгээр хавтас хх-245 тал, 2 дугаар хавтас хх-08 тал/, Э.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-2-р хавтас хх-12-16, 50-56 тал/, Ц.Жийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/2-р дугаар хавтас хх-18-25 тал/, хэргийн газрын гэрэл зураг/2-р хавтас хх-57-58 тал/, Г.Ичинхорлоогоос гаргаж өгсөн тодорхойлолт/2-р хавтас хх-70 тал/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Р.У, Г.Б /үргэлжилсэн үйлдлээр/, Ц.Ж /үргэлжилсэн үйлдлээр/ нар нь бүлэглэн, мотоцикл болон тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1 дүгээр багийн нутаг “Самбартай хөтөл” гэх газраас иргэн Ц.Цогнэмэхийн олон тооны буюу 18 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, 19615100 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Б, Ц.Ж, Э.Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт-2 дугаар багийн нутаг “Сэртэн” гэх газарт өвөлжиж байгаа иргэн Г.Ичинхорлоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, бусдад 1960000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Цогнэмэхийн: “ ... Би Төв аймгийн Аргалант сумын Аргалын Уул 1 дүгээр багийн иргэн бөгөөд Хар чулуут гэх газарт нутаглаж байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Самбартайн Хөтөл гэх газраас үхэрээ бэлчээрээс нь авахад 18 тооны дандаа сувай үхэрнүүд нь алга байхаар нь ойр орчимд хайж яваад 2 тооны үнээтэй нь таарсан юм. Тэгээд олдохгүй болохоор нь хулгайд алдагдлаа гэж үзэж сумын цагдаад хандаад байгаа юм. Манай үхэрүүд голцуу Харчулуут, Самбартайн хөтөл орчимд бэлчээрт байдаг юм. Би үхэрээ ер нь бол байнга хариулгатай байлгадаг. Энэ өдөр бол эхлээд тугалаа хотлуулаад дараа нь үхэрнүүд дээрээ ирж хурааж бүртгэхэд 18 тооны үхэр дутсан юм” гэх мэдүүлэг /хх-30 тал/,
Гэрч Д.Адъяатулгын: “ 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед Эмээлт захын мал, мах авдаг цэг дээр хоол хийгээд байж байтал гадаа манай ажлын хүмүүс мах аваад байж байсан ба нэг хар машин мах өгье гэсэн тэгэхээр нь би жолоочид нь хоол хийж өгөөд нөгөө залууг хоолоо идээд дуусахаар нь гарч махыг чинь харъя Мөөгий гээд ажлынхаа залууг дагуулаад гарсан ба Мөөгийг чи махыг нь хараад мөнгийг нь бодоод өгчих гэж хэлээд нөгөө мах өгнө гэсэн залуугийн махыг нь үзээд туранхайдуу мах байна 1 килограмыг нь 5500 төгрөгөөр худалдаж авъя гэж тохироод 190 килограмм махыг 5500 төгрөгөөр худалдаж аваад мах зарсан залууд 1045000 төгрөг өгөөд явуулсан. Жолооч нь ганцаараа орж ирээд ганцаараа махаа өгөөд явсан машин дотор хүн байсан эсэх талаар нь би мэдэхгүй байна. Хар өнгийн 34-23 УБР улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэл байсан” гэх мэдүүлэг /хх-33 тал/,
Шүүгдэгч Р.Уын гэрчээр мэдүүлсэн: “...Би явах гэтэл надтай Ц.Ж, Г.Б нар нь уулзъя гээд байхаар нь Г.Бийнх нь машинд орж суухад Ц.Ж надад ганц үхэр юм уу адуу хулгайлж махлах хэрэгтэй байна гэхээр нь би яах гэж байгаан гэж асуухад Ц.Ж надад би утсаа ломбарданд тавьчихсан харин Г.Б нь банкны зээлтэй мөнгө хэрэгтэй байна гээд байсан. Тэгэхээр нь би тэгээд махны бичгийг нь яах юм бэ гэхэд Ц.Ж би зохицуулна харин чи мотоцикльтойгоо яваад өг гэсэн. Тэгээд би мотоциклио унаад Ц.Ж, Г.Б нар Г.Бийн хар саарал өнгийн 34-23 УБР улсын дугаартай Honda insight маркын тээврийн хэрэгсэлтэй 16-17 цагийн хооронд хөдөлсөн. Тэгээд бид хэд Төв аймгийн Аргалант суманд ирж замаараа үхэр, мал хараад явж байтал Аргалант сумын урд талд байх давааны самбартай хөтөлийн доохон талд ойролцоогоор 20 орчим тооны үхэр байсныг Ц.Ж бид хоёр мотоцикльтой зүүн тийш нь тууш Г.Б нь машинтайгаа түрүүлээд урд явсан. Тэгээд Ц.Ж бид хоёр үхэрнүүдийг нь тууж явсаар байгаад Аргалант сум руу ордог төв замын даваан дээр байдаг овоотой төмөр хаалгыг өнгөрөөд доошоо уруудаж байтал тэнд нэг өвөлжөөний саравч харагдсан юм. Тэгээд тэр саравчинд хаших гээд очиход тэнд Г.Б ирээд зогсчихсон байсан. Тэгээд Ц.Ж, Г.Б бид гурав нийлж байгаад тухайн үхэрнүүдээ хашиж байгаад эхлээд тэр дундаас хамгийн том улаан халзан зүсмийн эр үхрийг барьж аваад саравчинд байсан цагаан өнгийн уяагаар оосорлож Ц.Ж, Г.Б хоёр урдаас нь чирээд би араас нь тууж саравчны зүүн талын тусгаарласан хэсэгт нь оруулж байгаад хананы багана модноос нь уяж Ц.Ж нугаслаж унагаасан. Тэгээд тэнд нь цусалж бид гурав нийлж арьсыг нь хуулж гэдсийг нь гаргаж тэнд орхиод толгой, шийр, арьсыг нь хойд талд нь байсан хаалгатай хэсэгт бид гурав зөөж оруулж орхиод махыг нь хаа, гуяар нь 4 хэсэгт хувааж Г.Бийн машинд нь ачиж Улаанбаатар хот руу таньдаг ах дээрээ аваачиж өгнө гээд машинтай Ц.Ж, Г.Б нар нь түрүүлээд явсан би араас нь мотоцикльтой дагасан. Тэгээд замдаа Цанын бааз дээр танихгүй айлын гадаа мотоциклио үлдээгээд Ц.Ж, Г.Б нарын машинд сууж яваад Эмээлтийн хамгийн наад талын махны ченжид махаа өгсөн. Махаа өгөхдөө бол намайг наад талд нь зайтай буулгаж үлдээгээд Ц.Ж, Г.Б нар нь машинтайгаа явж өгсөн. Одоо Улаанбаатар хот орж утсаа авна гээд надад 100000 төгрөг өгсөн. Ц.Ж, Г.Б бид гурав тухайн үхэрнүүдийг хашиж байгаад нэг үхрийг нь барьж аваад бусдыг нь Г.Б туугаад байгаа харагдсан хаана байгааг нь бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-31 тал/,
Хохирогч Г.Ичинхорлоогийн: “ ... 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө миний зүүн талын гуя нь дээрээ хөлгүй ширээ тамгатай чандмань тамгатай, буурал духтай хөх бор үрээгээ бэлчээр дээрээс алдсан. Би энэ тухайгаа 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Г.Болдсайханаас сонссон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би бол хайгаагүй. Манай дүү Болдсайхан Аргалант сумын Сэртэн гэдэг газар орчимоор хайж явж байгаад бор морины гэдэс доторыг нь олсон гэсэн. Тэгээд би Аргалант сумын хэсгийн төлөөлөгч Тулгад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-208 тал/,
Гэрч Г.Болдсайханы: “ ... 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд гэрийн урд талд адуугаа услаад орой болтол энэ хавиар байж байгаад шөнөдөө хойд талын өвсний талбай руу орсон байсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өглөөгүүр үүр цайж байхад босоод адуундаа явахад хойд өвсний талбай дотор манай адуу байж байхаар нь очиход Зээрд үрээ, Бор үрээ хоёр байхгүй байхаар нь ойр хавиар нь хайхад олдохгүй байсан. Тэгтэл гэрийн урд талын талбайн тэндээс Зээрд үрээ нь саахалт айлын хээр морьтой хамт нил хөлс болсон ирсэн. Тэгэхээр нь хамт явдаг бор үрээг нь хайгаад явтал манай гэрээс зүүн урд талд байрлах айлын саравчны дэрс нь дунд адууны гэдэс хаясан байхаар нь үзэхэд манай бор үрээний гэдэс байсан” гэх мэдүүлэг /хх-210 тал/,
Гэрч Б.Энхтөрийн: “... 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өглөөний 08 цагийн орчимд би адуугаа услах гээд гарахад манай адуу усан дээр ирчихсэн байсан. Тухайн үедээ адуугаа услаад анзаараагүй байтал зүүн талаас 2 адуу гарч ирээд араас нь мотоцикльтой саахалт айлын залуу ирээд энэ хээр морь танайх уу гэхээр нь харахад манай улаан хээр морь байсан. Тэгтэл унасан бололтой хөлстэй байсан” гэх мэдүүлэг/хх-213 тал/,
Гэрч Ц.Пүрэвсүрэнгийн: “... Нөхөр бид хоёртой хамт Ж цуг явсан. Хөдөө байсан найзын нэрийг нь мэдэхгүй. Тэр найзынд нь очоод байж байхад миний бие халуураад, бие өвдөөд би урд сандал дээр унтаж сэрээд явсан. Ж нь машин бариад хөдөө мал руу очсон байсан. Хөдөөний найзын мал байгаа юм, заралцаад өгөөч гэж байна” гэж Б надад хэлж байсан. Намайг унтаж байхад засмал зам дээр сэрээсэн. Тэгэхэд малын мах аччихсан явж байсан. Хаанаас ямар малын мах ачсан гэдгийг би мэдээгүй. Яг хаана гэдгийг нь мэдэхгүй, нэг газар махаа буулгаж өгсөн. Манай нөхөр мөнгийг нь авч байсан. Хэдэн төгрөг болсон гэдгийг нь мэдээгүй. Ж хөдөөгийн найз нь гэх залуугийн хамт мах худалдахын өмнөхөн машинаас буугаад үлдсэн. Буцаж тэр хоёрыг суулгаад би “хамаг бие өвдөөд байна” гээд Жөөр машинаа бариулсан” гэх мэдүүлэг /хх-214-215 тал/,
Шүүгдэгч Ц.Жийн: “ ... Б, Пүүжээ бид гурав Бийн автомашинтай Төв аймгийн Баянхангай сум руу явж байсан. Тэгээд бид гурав Эмээлт өнгөрөөд явж байтал Б миний утас руу залгаад Төв аймгийн Аргалантад хүрээд ирээч гэхээр нь бид гурав очсон. Тэгсэн чинь Б бид нарт “Би харин хүн зодчихсон юм мөнгөний хэрэг байна. Ээж ааваас нуугаад адуу зарчихъя гэж хэлсэн. Тэгээд бид нар Төв аймгийн Аргалант сумын Сэртэн гэх газар очиж тэнд байсан адуунуудаас Б нэг морь барьж аваад Б бүсээрээ ногтлоод бусад адуунуудыг хөөж өвөлжөөнд хашаад тэр дундаас бор зүсмийн морийг барьж аваад үлдсэн морийг нь хашаанаас гаргаад Б тэр бор морийг нугаслаж алаад би арьсийг нь өвчилцөж махыг нь эвдэлэхэд тусалсан. Тэгээд бид нар Бийн 34-23УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Улаанбаатар хотын Эмээлт гэдэг махны зах руу явсан. Тэгээд би замдаа унтаж явсан болохоор яг хаана зарсныг нь мэдэхгүй байна. Намайг сэрсэн чинь л буцаад Төв аймгийн Баянхангай сум руу явж байсан. Би Б, Б нарын хамт Төв аймгийн Аргалант сумын Сэртэн гэх газраас бор зүсмийн адуу хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-218 тал/,
Шүүгдэгч Г.Бийн: “ ... 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би Ж, Пүрэвсүрэн нарын хамт Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянхангай сум руу явж байсан. Тэгээд замд явж байтал Ж рүү Б гэдэг залуу залгаад дуудаад байсан. Тэгээд бид нарыг яваад очтол Б “аав, ээжид хэлэлгүйгээр нууцаар нэг аваад алж янзлаад зарчихъя, би хүн зодчихсон хохирлыг нь төлөх гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ж бид хоёр зөвшөөрөөд Төв аймгийн Аргалант сумын Сэртэн гэх газарт очоод тэнд бэлчсэн адууг өвөлжөөнд Ж бид гурав шахаж байгаад бор зүсмийн морь барьж аваад тэнд нь алж янзлаад махыг нь миний 34-23УБР улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэлд ачаад би өөрийнхөө машиныг бариад Улаанбаатар хотын Эмээлтийн цаад талд би ченжид 700000 төгрөгөнд өгсөн. Тэр мөнгөнөөсөө надад Б 100000 төгрөг өгөөд 30000 миний машинд бензин хийсэн. Бас бид нар хоолонд орсон. Жөд мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-219 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-10 тал/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-11-12 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-15-17 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-46-47 тал/, эд зүйл баримт, бичиг түр хураан авсан тэмдэглэл/хх-48 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-49 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Монгол Улсын иргэн Ц.Цогнэмэхийн өмчлөлийн 18 толгой үхэрийн үнэлгээний тайлан/хх-68-84 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-204 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-205-206 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Монгол Улсын иргэн Г.Ичинхорлоогийн өмчлөлийн 1 толгой адууны үнэлгээний тайлан/хх-227-238 тал/, хэргийн газрын гэрэл зураг/2-р хавтас хх-57-58 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.
Бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Р.У, Г.Б /үргэлжилсэн үйлдлээр/, Ц.Ж /үргэлжилсэн үйлдлээр/ нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1 дүгээр багийн нутаг “Самбартай хөтөл” гэх газраас иргэн Ц.Цогнэмэхийн олон тооны буюу 18 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, 19615100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг,
Шүүгдэгч Г.Б, Ц.Ж, Э.Б нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт-2 дугаар багийн нутаг “Сэртэн” гэх газарт өвөлжиж байгаа иргэн Г.Ичинхорлоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, бусдад 1960000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Г.Б, Ц.Ж, Э.Б, Р.У нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Р.У, Г.Б/үргэлжилсэн үйлдлээр/, Ц.Ж/үргэлжилсэн үйлдлээр/ нарын бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1 дүгээр багийн нутаг “Самбартай хөтөл” гэх газраас иргэн Ц.Цогнэмэхийн олон тооны буюу 18 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, 19615100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,
Г.Б, Ц.Ж, Э.Б нарын бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт-2 дугаар багийн нутаг “Сэртэн” гэх газарт өвөлжиж байгаа иргэн Г.Ичинхорлоогийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж, бусдад 1960000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч нар нь 2019 оны 11 сарын 06-07-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан хуулиар тодорхойлж, зүйчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан, шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй,
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан шаардлагыг хангасан байх тул улсын яллагч шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан
шүүгдэгч Г.Б, Р.У, Ц.Ж нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Э.Быг хөнгөн гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэлээ.
Хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Р.Уын цагдан хоригдсон 84 хоног, шүүгдэгч Э.Б, Г.Б, Ц.Ж нар нь 2 хоног тус тус цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хоногийг нь эдлэх ялд нь тус тус оруулан тооцвол зохино.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 34-23 УБР дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан талаар хууль ёсны эзэмшигч болох “Есөн шижир” ХХК нь мэдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 34-23 УБР дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 34-23 УБР дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, харин 34-23 УБР дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5984000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж,
Даюун маркийн мотоциклийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Б-ыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг,
Шүүгдэгч Д овогт Р.У-ыг машин механизм ашиглан, бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг,
Шүүгдэгч Ж овогт Ц.Ж, Ж овогт Г.Б нарыг машин механизм ашиглан, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Г.Б, Д овогт Р.У, Ж овогт Ц.Ж нарыг тус бүр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б, Р.У, Ц.Ж нарт оногдуулсан 1 /нэг/ жил / 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.У-ын цагдан хоригдсон 84 хоног, шүүгдэгч Э.Б, Г.Б, Ц.Ж нарын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Даюун маркийн мотоциклийг улсын орлогод оруулж,
Хонда Инсайт маркийн 34-23 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5984000 төгрөгийг шүүгдэгч Р.У, Г.Б, Ц.Ж, Э.Б нараас хувь тэнцүүлэн буюу тус тус 1496000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б-од авсан хувийн баталгаа гаргах тухай, шүүгдэгч Р.У, Г.Б, Ц.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ