Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/163

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбат,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч М холбогдох эрүүгийн 2034001640160 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Ч М/ /, 1970 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн цэнгэлдэхийн манаач ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 08-19 тоотод оршин суух хаягтай, урьд 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих, 1994 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт 3 жил хорих, 2002 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 239.3 дугаар хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.М нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг 07-12 тоотод иргэн Ц.Нямдоржийн толгойн тус газар гурилын элдүүр модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/хх-06 тал/, хохирогч Ц.Нямдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-08-10 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №87 дугаар дүгнэлт/хх-14-15 тал/, хохирлын баримтууд/хх-26 тал/, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ/хх-29 тал/, Ч.Мгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30 тал/, Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт/хх-48 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.М нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг 07-12 тоотод иргэн Ц.Нямдоржийн толгойн тус газар гурилын элдүүр модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

хохирогч Ц.Нямдоржийн мэдүүлсэн: “...Манайх Төв аймгийн Зуунмод суманд эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэртээ сар шинийн бууз хийх гээд тэгсэн гурилын элдүүр дутаад тэгээд би гэрээс гараад найз Чулуунбямбынд очоод гэрт нь орсон чинь М, Чулуунбямба болон бусдыг нь танихгүй хүмүүс цуг архи согтууруулах ундаа уугаад сууж байсан юм тэгээд би гэрийн эхнэрээс гурилын элдүүрээ өгчих гээд тэгсэн эхнэр нь Амараа гурилын элдүүр аваад надад өгөх гэсэн тэгтэл М надад өгч байсан гурилын элдүүрийг Амараагаас булааж аваад элдүүр модоор намайг үгийн зөрүүгүй цохиж зодож биед гэмтэл учруулсан юм. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

шүүгдэгч Ч.Мгийн гэрчээр мэдүүлсэн: “Би Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багт 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хажуу айл Чулуунбямбынд байж байхад Ц.Нямдорж орж ирээд бууз хийх гэсэн юм элдүүрээ өгчих гэсэн тэгэхээр нь би хоол хийх гэж байна өгөхгүй гэсэн тэгсэн Чулуунбямбын эхнэрээс элдүүр аваад гараад явсан тэгэхээр нь би араас нь гэрээс гараад хашааны үүдэнд чи элдүүр аваад явчих юм би хоол хийх гэж байхад гэсэн чинь Нямдорж намайг элдүүрээр цохих гэхээр нь би элдүүрийг нь булааж аваад элдүүрээр нь Нямдоржийг цохиж зодож биед нь гэмтэл учруулсан юм” гэх мэдүүлэг /хх-11 хуудас/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №87 дугаартай “ 1.3.Ц.Нямдоржийн биед дээд уруулын дотор салст шарх, толгойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-14-15 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Ч.М нь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг 07-12 тоотод 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.Нямдоржийн толгойн тус газар гурилын элдүүр модоор цохиж биед Ц.Нямдоржийн биед дээд уруулын дотор салст шарх, толгойд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг

Шүүгдэгч Ч.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ч.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.Нямдорж нь 130000 төгрөгийг нэхэмжилж хавтаст хэрэгт хохирлын баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч Ч.М-ээс 130000 төгрөгийг гаргуулан  хохирогч Ц.Нямдоржид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурилын модон элдүүр 1 ширхэгийг устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Б овогт Ч М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-г 250/хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан 250/хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

          5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.М-ээс 130000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Нямдоржид олгосугай.

 

          7.Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурилын модон элдүүр 1 ширхэгийг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ