Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ

шүүгдэгч Б.Б

шүүгдэгч Б.У, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас

Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Б.Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903013090009 дугаартай, 3 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны .. дугаар сарын ..-нд ... аймагт төрсөн, ...., ... настай, тусгай дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл ...; хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар гудамж, ... тоотод оршин суух, ялгүй, ....1 дугаарын регистртэй, Б овогт Б Б

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, ..., .... настай, тусгай дунд боловсролтой, .... мэргэжилтэй, ам бүл ..; .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, .... гудамж, .... тоотод оршин суух, ялгүй, ..... дугаарын регистртэй, Ж. овогт Б.ы У

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Бо, Б.У  нарыг бүлэглэн, 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 23:00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депогийн хашаанд Улаанбаатар-Эрээн чиглэлд аялахаар зэхэлт хийж байсан суудлын 34 дүгээр галт тэрэгний 520 дугаар вагонд 412 нэр төрлийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогдуулж яллажээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлсэн. Тиймээс дахин мэдүүлэхгүй. Энэ хэргээс болж ажлаасаа халагдсан байгаа. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөн адил мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргээс болж ажилгүй болсон. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох энэ хэргийг тус шүүх 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн 2020/ШЗ/445 дугаартай захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Шүүгчийн уг захирамжид прокурор эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ДШМ/481 дугаартай магадлалаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

 

Харин тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1325 дугаартай захирамжаар “Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааснаас хойших хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгчийн захирамжийн заалт бүрэн биелэгдсэн гэхэд учир дутагдалтай” гэж хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэнд прокурорын эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1031 дугаартай магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг яллагдагч нарын өмгөөлөгч эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байх боловч Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаартай захирамжаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр анхан шатны шүүхэд буцаасан байгааг дурдах нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон үндэслэлээ “... анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж зааснаар анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүх хуралдаанд шаардлагатай оролцогчийг оролцогчдыг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд энэ хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч Ундрахын Мөнхзоригт “… би Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депод суурин харуул хийдэг. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэсэн. Зорчигчийн вагон депогийн баруун урд талд байрлах Хүйтний постод үүрэг гүйцэтгэж байтал Копын урд талын зэхэлтийн замаар жижиг тэрэг орохоор нь уг автомашиныг шалгах гээд очтол 40, 41 дүгээр замын голд 67-17 УБО улсын дугаартай, Хонда Инсайд маркийн бараан өнгийн автомашин өөдөөс явж байхаар нь зогсоогоод шалгатал жолоо барьж явсан эмэгтэй “хоол цай өгчхөөд гарч байна, бичиг баримт байхгүй” гэж хэлсэн. “Хоол цай оруулж өгөхөд олон орж гардаг юм уу” гэхэд, “1 шуудай мах оруулж өгсөн” гэж хэлэхээр нь 40 дүгээр зам дээр байрлах Улаанбаатар-Эрээн чиглэлийн 23 дугаар цувааны 520 дугаар вагонд орж шалгахад үйлчлэгчийн ажлын өрөөнд улаан өнгийн 1 шуудайтай судрууд байсан. Цааш нь вагоныг үргэлжлүүлэн шалгатал үйлчлэгчийн амралтын өрөөнд 3 шуудай, 1 тортой судрууд байсан” /1 хх-н 25/ гэж,

гэрч Болортуяагийн Бадрал “… 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед манай ээж Болортуяа өөрийнхөө ... дугаарын утсаар миний утас руу залгаад чиний утас руу мессежээр нэг утасны дугаар явуулсан байгаа, тэр дугаар руу холбогдож байгаад юмыг нь зөөлцөөд өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд өөрийн утасны мессеж хэсэг рүү ороход ээж над руу “99747138” дугаарын утас явуулсан байсан. Би тэр утас руу нь 15 цаг 30 минутын үед залгасан чинь нэг эрэгтэй хүн авсан бөгөөд “сая намайг ээж тань руу яриад нэг юм зөөлцөөд өг гэж хэлсэн, та хаана байгаа вэ” гэж асуухад, тухайн хүн намайг “чи орой 18 цагийн үед Тэнгис кинотеатрын ар талын байрны тэнд хүрээд ир” гэж хэлээд өөр юм ярилгүй утсаа салгасан. Тэгээд би оройн 18 цаг 30 минутын үед Тэнгис кинотеатрын ар талд байдаг байрнуудын тэнд очиж өнөөх дугаар руу залгасан чинь өнөөх хүн “цэцэрлэгтэй 2 шар өндөр байр байгаа тэнд хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд би тэр байрны гадаа нь машинтайгаа явж очоод өнөө хүн гараад ирсэн. Тэр хүн миний машинд суугаад “хоёулаа Гандангийн зүүн хаалганы тэнд очиж айлаас юм авна" гэж хэлсэн. Надад хэн гэдэг айлаас юу авах гэж байгаа огт хэлээгүй, би ч асуугаагүй. Гандангийн зүүн хаалган дээр очоод ертөнцийн зүгээр зүүн зүгт 100 метр газар яваад хүнсний дэлгүүрийн цаад талд зогсоод өнөөх хүн “чи машиндаа сууж байгаарай, би ороод юмнуудаа аваад гараад ирье” гэж хэлээд гарч яваад хашаа байшинтай айл руу орсон. Хэсэг хугацааны дараа өнөөх ах тэр айлаас гарч ирээд миний машины арын суудал дээр улаан өнгийн 4 шуудайтай эд зүйл хийгээд урд талын суудал дээр өөрөө суугаад “одоо буцаад Тэнгис рүү явна” гэж хэлсэн. Бид хоёр Тэнгис дээр ирэхэд “манайх руу оръё, нэг хайрцагтай юм байгаа тэрийг авчих” гэж хэлсэн” /1 хх-н 29-30/ гэж,

гэрч Вандангомбын Шугарсүрэн “... манай Гандангийн зүүн талын хэсэгт байдаг бурхан, шашны эд зүйл зардаг ТҮЦ-д 2019 оны 7-8 дугаар сарын үед байхаа Мандал гэх хүн нэг залуугийн хамт орж ирсэн. Би тэр Мандал гэх Өвөр монгол хүнтэй анх танилцаж байсан. Сүүлд 10 дугаар сарын сүүлчээр санагдаж байна, Мандал гэх залуу манай утас руу залгаад “зарах судар байна уу” гэхээр нь би “байна” гэж хэлсэн. Тэр өдрөө орой нь манай гэрт ирээд өнөөх судруудыг үзэж хараад явсан. Би тэр хүнд 1 судрыг 170.000 төгрөгөөр бодоод нийт 64 судрыг 10.950.000 төгрөгөөр өгсөн” /1 хх-н 37-38/ гэж,

гэрч Лхаасүрэнгийн Төгсжаргал “... ажилд гарах өдөр буюу 3 дахь өдөр ажлаа аваад 5 дахь өдөр явдаг. Энэ хугацаанд зэхэлт хийдэг. Зэхэлт гэдэг нь өдрийн цагаар галт тэрэгний цэвэрлэгээ үйлчилгээ, цай бэлтгэх, нүүрс бэлтгэх зэрэг ажиллагааг хэлдэг. Тухайн сард гүйцэтгэх цагаас шалтгаалж 2 үйлчлэгч хонож, ээлжилж цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг. Жижүүртэй зогсолт гэдэг нь галт тэргийг хүлээн авч ажилд гарах хүртэл манаж хонох буюу хуваарийн дагуу ажиллахыг хэлнэ. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12-13 цагийн хооронд 33 дугаартай ирсэн галт тэргийг хүлээн авсан. Буцаад 2019 оны 11 дүгээр сарын 15-ны 20:45 цагаас 34 дүгээр галт тэргээр хөдлөх хуваарьтай байсан. 2019 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд өдрийн цагаар Уранчимэг зэхэлт хийж, шөнийн цагаар жижүүрлэж 24 цагаар галт тэргийг манаж хоносон” /2 хх-н 8-10/ гэж,

шинжээч Батаагийн Хүрэлцоож “... шинжилгээнд ирүүлсэн эд зүйлсийн элэгдэлд орсон байдал, материал, арга ажиллагаа болон XYIII-XX зууны үед бүтээгдсэн ижил төстэй эд зүйлстэй харьцуулан, мөн өөрийн өмнө харж, үзэж, шалгаж байсан судар, номтой харьцуулан өөрийн мэдлэгийг хүрээнд түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарна гэж үзэн дүгнэлт гаргасан” /2 хх-н 201-202/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүдээс гадна хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-н 3-11/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх-н 46-142/, Соёлын өвийн Үндэсний төвийн шинжээчийн 350 дугаартай дүгнэлт /2 хх-н 163-197/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн Шинжээчийн дүгнэлт /2 хх-н 217-223/ болон бичгийн бусад баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн Шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийн эд зүйл болох 412 нэр төрөл /тооны/ эд зүйлсийг /судар, бурхан/-ыг “... түүх, соёлын үнэт болон хосгүй үнэт дурсгалт зүйлд хамаарахгүй” гэж дүгнэжээ.

 

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг дэх гэмт хэргийн шинжийг “... үнэт, хосгүй үнэт ...” гэж тусгайлан хүндрүүлж хуульчлаагүй байх бөгөөд уг зүйл хэсгийн үндсэн шинжид “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн”-ээр гэмт хэрэг төгсөхийг шаардаж, улмаар энэ гэмт хэргийг Эдийн засгийн гэмт хэргийн бүлэгт хамааруулсан байна.

 

Өөрөөр хэлбэл бараа, эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь уг гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд бүрэлдэхүүний объект нь улсын эдийн засгийн аюулгүй байдал юм. Харин шүүгдэгч *******,******* нарын улсын хилээр гаргахын завдсан 412 нэр төрөл /тооны/ эд зүйлс буюу судар, бурхан зэрэг нь гэмт хэргийн халдлагын зүйлд хамаарна.

 

Галт тэргэнд дээр дурдсан эд зүйлсийг оруулсан тухайн үеийн нөхцөл байдал нь “... улсын хилээр нэвтрүүлэх” гэмт хэргийн шинжтэй гэж үзэхэд эргэлзээтэй мэт боловч Монгол Улсаас БНХАУ руу зорчих галт тэргэнд “зэхэлт” хийж байгаа Улаанбаатар Төмөр замын Суудлын вагон депогийн үйлчлэгч-шүүгдэгч*******, түүний дэмжлэгтэйгээр судар, эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх гээд байгаа мөн Улаанбаатар Төмөр замын Суудлын вагон депогийн ажилтан (үйлчлэгч)-шүүгдэгч ******* нарын хэн аль нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект болох үндэслэлтэй.

Учир нь, “зэхэлт хийнэ” гэдэг нь галт тэргийг аялалд гарахыг бэлтгэх буюу тухайн галт тэрэг хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцож Монгол Улсын хилээр нэвтрэхээр бэлтгэгдэж байсан талаар гэрчүүдийн мэдүүлэгт тусгагджээ.

 

Иймд Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх энэ гэмт хэргийн бүрдэл бүрэн хангагдсан гэж шүүх дүгнээд:

шүүгдэгч *******г бүлэглэж, “соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч*******ийг бүлэглэж, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн диспозицийг “Энэ гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, ... улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол ...” гэж тодорхойлсон байх буюу “түүх, ...” гэсэн үгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байдаг.

 

Прокурорын яллах дүгнэлтээс үзвэл шүүгдэгч *******,******* нарыг “... түүх, соёлын дурсгалт зүйлийг ...” гэж яллаж байгаа нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулах тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг журамласан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Уранчимэг, ******* нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн ялын санкц “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчлагдсан байх бөгөөд шүүгдэгч *******,******* нарын хувийн байдал /тэдгээрийн ар гэрийн байдал, бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа/, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзэв.

 

Гэхдээ гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго зэргийг нь харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын хэмжээг ялгамжтай тогтоож, харин шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байдлыг харгалзан 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******,******* нар цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 412 нэр төрөл /тооны/ соёлын дурсгалт зүйл болох судар, бурхан, шашны холбогдолтой эд зүйлс, 2 ширхэг ердийн судар зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг тухайн байгууллагад даалгав.

 

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн, 67-17 УБО улсын дугаартай, Хонда Инсайд маркийн автомашиныг прокурорын тогтоолоор битүүмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.

Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байгаа нь хуулийн дээрх заалтын “... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” заалтад хамааралгүй тул Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн 0232689 дугаартай гэрчилгээг шүүгдэгч *******д олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Бийн Бг бүлэглэж, “соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,

Ж овогт Бны Уийг бүлэглэж, “соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. *******,******* нар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

 

4. *******,******* нар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. *******,******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Соёлын Өвийн Үндэсний төвд хадгалагдаж байгаа гэх эд мөрийн баримтаар хураагдсан “412 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлс болох судар, бурхан, шашны холбогдолтой эд зүйлс, 2 ширхэг ердийн судар”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгцээний дагуу зохих байгууллагад шижлүүлэхийг тухайн байгууллагад даалгасугай.

 

7. Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн 0232689 дугаартай гэрчилгээг шүүгдэгч *******д олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******,******* нарын тус бүрийн урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ