Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

    

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Д овогт Э-ийн М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005033301743 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ... бүрэн дунд сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ....... аймгийн ... сум ... дүгээр баг ... -... тоотод оршин суух бүртгэлтэй, ......... дүүргийн .. дүгээр хороо ...-ны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Э-ийн М-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.М- нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Винсвэй нэртэй баарны гадна хохирогч Б.Б-гийн нүүр хэсэгт гараараа цохиж зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шарх, зөөлөн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч   Э.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Б-гийн “... Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Винсвэй нэртэй доошоо буудаг бааранд орсон. Тэгээд тэр бааранд ороод бид нар 10 ширхэг Сэнгүр нэртэй пиво авсан боловч хүний нэг, нэг шилийг уугаад үлдсэн пивыг баарнаас гарахдаа уутанд хийгээд хаясан. Тэр бааранд бид нарын орсон гол зорилго нь бүжиглэх байсан юм. Тэгээд бид нар тэр баарнаас 04 цагийн үед гараад гэр гэртээ харих гээд ярилцаад байж байтал манай найз Уянгаагийн гар цүнхийг тухайн үед танихгүй сүүлд цагдаа дээр ирээд М- гэдгийг нь мэдсэн залуу араас нь татаад авчихсан. Тэр үед бид нар явах тухай ярьсан чинь Уянгаа энэ залуу миний гар цүнхийг авчихаад өгөхгүй байна гэхээр нь бид нар тэр М- гэх залуугаас Уянгаагийн гар цүнхийг авах гээд байж байтал М- гэх залуу бид нарыг хэл амаараа доромжилж эхэлсэн. Тэр үед манай найз Баярзаяа уурлаад “чи яахаар эмэгтэй хүнийг тэгж хэлдэг юм” гээд М- гэх залуугийн зүүн хацар орчим нь баруун гараараа нэг удаа алгадсан. Тэр үед М- гэх залуу маш хурдан болоод өнгөрсөн болохоор аль гараараа гэдгийг мэдэхгүй байна. Нэг удаа миний зүүн нүд орчим цохисон. Тэгж цохиулснаас болж миний зүүн нүд хаагдаад нүднээс цус гараад эхэлсэн.

... Би өөрт учирсан гэмтлийн улмаас гарсан зардлыг нэхэмжилмээр байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Гэрч Б.У-ын “... Тэгээд бүжиглэж байхад нэг танихгүй залуу над руу ирээд хажууд ойрхон байгаад байхаар нь би түлхэж холдуулсан. Тэгээд надтай юм яриад байсан. Би “ганцаараа баймаар байна” гэсэн. Тэгээд баар хаах гээд хувцсаа аваад гарсан. Миний цүнх гарнаас мултрахад уг танихгүй залуу манай найз нарыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би “болиоч” гээд эргэхэд Болортуяагийн нүүр хэсэгт уг залуу гараараа цохисон. Тэгэхэд Болортуяагийн зүүн нүд нь улайгаад, хавдаад, язарсан байсан. Тэгээд цагдаад дуудаад Болортуяагийн нөхрийг нь дуудаад нөхөр нь ирээд Гэмтлийн эмнэлэг авч явсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 13-15 дугаар хуудас/

“... миний үүрч явсан үүргэвч мөрнөөс мултраад унасан. Тэр үед би цүнхээ авах гэсэн чинь нөгөө бааранд надтай танилцмаар байна гээд байсан залуу миний газар унасан цүнхийг барьчихсан байхаар нь авах гэтэл надад өгөхгүй байсан. Тэр үед би “найзыгаа хүлээж байна, цүнхийг маань өгчих” гэсэн чинь тэр залуу “чи найзуудыгаа явуулаад надтай хамт явчих” гэхээр нь би “үгүй” гэж хэлээд байж байтал манай найз Болортуяа, Баярзаяа нар ирээд тэр залуугаас миний цүнхийг авах гээд зууралдаж байхад би “за за түр хүлээгээрэй”” гээд тэд нараас бага зэрэг холдсон. Тэр үед миний ард Болортуяа, Баярзаяа нар нөгөө танихгүй залуутай маргаад чанга дуугаар яриад байх шиг байсан бөгөөд ямар ч байсан тэр залуу янхан, манхан” гээд байх шиг байсан. Тэр үед би Замбагыг дуудсан боловч Замбага гар утсаар яриад сонсохгүй байхаар нь буцаад Болортуяа, Баярзаяа, нөгөө танихгүй залуу нар дээр очин эвтэйхэн ярьж байгаад цүнхээ авсан. Тэгж байх хооронд Баярзаяа тэр залууг нэг алгадсан шиг байгаа юм. Тэгээд би тэр залуугаас цүнхээ аваад байж байхад тэр залуу зүгээр миний баруун гар талд, Баярзаяа миний урд талд урдаас хараад, Болортуяа харин зүүн гар талд нөгөө танихгүй залуу руу хараад зогсож байтал нөгөө залуу гэнэт нэг гараараа хүн цохих гээд савсан. Тэр үед би “хүүе чи хэнтэй зодолдох гээд байгаа юм, чамайг тойроод дандаа эмэгтэй хүн зогсож байгаа биз дээ” гэж хэлээд Болортуяаг харсан чинь Болортуяагийн зүүн нүдний дээд талаас цус гараад хавдсан байдалтай болсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч Г.З-ын “... Тэгээд эргээд харахад манай найз уг баарнаас гарч ирсэн байсан. Найз нар дээрээ очиход манай найз Болортуяагийн зүүн нүд хавдаж цус гарч байсан. Тэгээд хажууд нь байсан намхан нуруутай шар царайтай залуу байсан. Би гарнаас нь бариад яаж байгаа юм бэ гэхэд уг залуу “миний буруу” гэж байсан.

... Тэгээд ямар шалтгааны улмаас цохисныг нь сайн мэдэхгүй байна. Болортуяагийн зүүн нүд хавдаж язарсан байсан. Өөр гэмтэл шархтай хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Гэрч Б.Б-гийн “... Тэгээд гарч байхад тухайн баарны үүдэнд манай найз Уянгын цүнхийг нэг үл таних цайвар өнгийн хойд талдаа улаан оруулгатай куртиктэй залуу булаасан. Тэгэхээр нь тухайн залуугаас Уянга, Болор бид гурав цүнхээ авах гээд булаацалдаад байж байтал тэр залуу намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд тухайн залуугийн нүүрэн тус газар баруун хацарт нь алгадчихаад тухайн залуугаас холдож зай авах үед өөдөөс тухайн залуугийн гар ороод ирсэн. Тэгээд би Болороо руу харахад манай найзын зүүн нүднээс цус гоожсон байсан.

... Булаах гэсэн үгүйг нь мэдэхгүй байна. Манай найзыг хоргоосон гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13038 дугаартай:

“1.Б.Б-гийн биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 35-36 дугаар хуудас/

 

Э.М-ийн яллагдагчаар өгсөн “... Миний хувьд өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би хохирогч Болортуяагийн биед учруулсан гэмтлийн улмаас гарсан зардлаас одоогийн байдлаар 1.000.000 төгрөгийг өгч барагдуулсан. Одоо үлдэгдэл 1.200.000 төгрөгийг удахгүй гаргаж өгөхөөр ярилцаад байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-67 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан дээрх хохирогч Б.Б-, гэрч Б.У-а, Г.З-а, Б.Б- нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч Э.М-ийн мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр шүүгдэгч Э.М- нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Винсвэй нэртэй баарны гадна хохирогч Б.Б-гийн нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Э.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Э.М-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.М- нь бусдын биед халдаж гэмтэл учруулах үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Б.Б- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “ ... мөрдөн шалгах явцад 2.250.000 төгрөг, шүүхийн шатанд 500.000 төгрөг нийт 2.750.000 төгрөг хүлээн авлаа. Иймд миний зүгээс М-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцохгүй ба гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байна” гэсэн байх тул шүүгдэгч Э.М-эс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Э-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М-ийг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.М- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ